Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 147/ШШ2023/00087

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р баг, Төмөртэйн 405 тоот хаягт оршин суух, 1948 онд төрсөн, эрэгтэй, 75 настай, утасны дугаар:, Боржигон өндөрүүд овогт *******ын Нэргүйгийн

 

улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэний цагаатгалын нөхөх олговор 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 сарын 10-ны өдөр хүлээн авч 2023 оны 01 сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: *******,

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Батнасан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгасан нөхөх олговор 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* ******* нь миний төрсөн эцэг юм. Би 1948.01.25-ны өдөр хэлмэгдэгч *******ын ******* отгон хүү болж мэндэлсэн. Б.******* нь 1939 онд улс төрийн хэрэгт Дорнод аймаг дахь Дотоод явдлын яаманд баривчлагдсан. Түүнийг Улсын ерөнхий прокурорын 2020.01.22-ны өдрийн 4/44-р тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан.

Иймд ******* надад цагаатгалын нөхөх олговор 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Батнасан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгч ******* нь ******* *******ын төрсөн хүү болох нь тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 23-ны өдрийн 234 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна. ******* ******* гэх айл нь т 6 хүүхэдтэй байсан байна. Өнөөдөр нэхэмжлэгч *******гээс бусад нь нас барсан болох нь нас барсны лавлагаа, гэрч ******* мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. ******* нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүст олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй хүн мөн гэж үзэж байна. Хэлмэгдэгч Б.*******од хорих ял оногдуулаагүй болох нь прокурорын хэрэгсэхгүй болгосон тогтоол, Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа улс төрийн хилс хэрэгт холбогдож шийтгэгдсэн, таслан шийдвэрлэх тогтоолууд, Улсын бага хурлын тэргүүлэгчид, ардын сайд нарын зөвлөлийн хурлаар байгуулагдсан Онц бүрэн эрхт комиссын хурал, Дотоод явдлын яамны дэргэдэх тусгай комиссын зөвлөлийн хэрэг таслан шийдвэрлэх тогтоол, Тагнуулын ерөнхий газрын лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Б.*******ыг тухайн үед улс төрийн хилс хэрэгт баривчилж шалгаж байсан боловч ял, шийтгэл оноож байгаагүй юм байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно гэж зааснаар ******* нь 1.000.000 төгрөгийн нөхөх олговрыг авах боломжгүй буюу 500.000 төгрөгийн нөхөх олговрыг авах боломжтой гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, Зууны мэдээ сонины хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2022 оны 05 сарын 08-ны өдрийн 08/1518 тоот лавлагаа, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 4/44 тоот тогтоол, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 23-ны өдрийн 234 дүгээр шийдвэр, нас барсны бүртгэлийн лавлагаанууд зэрэг нотлох баримтуудыг шүүхэд өгсөн байна.

Шүүхээс гэрчээр Б.Түмэнжаргалыг асуусан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгалын нөхөх олговор 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухайхуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна гэж заасны дагуу дээрх хугацаанд нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

4. Нэхэмжлэгч *******ын Нэргүй нь хэлмэгдэгч ******* *******ын хүү мөн болох нь Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 23-ны өдрийн 234 дүгээр шийдвэр, хэлмэгдэгч Б.******* нь 6 хүүхэд төрүүлж өсгөсөн байх ба нэхэмжлэгч Нэргүйгээс бусад ах, эгч нар нь нас барсан болох нь Улсын бүртгэлийн нэгдсэн мэдээллийн сангийн 22112501011530, 22112501011532, 22112501011531 дугаар бүхий Д.*******, Д.*******, Д.******* нарын нас барсны бүртгэлийн лавлагаанууд, том ах Д.*******г нас барсан гэх гэрч Б.******* тайлбар, Лхамсүрэн нь бага насандаа айлд өргүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар зэргээр ******* нь нөхөх олговрыг авах эрхтэй хүн болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

5. Дорнод аймгийн Онгон сумын харьяат ******* ******* нь Дотоод явдлын яамны Дорнод аймаг дахь хэлтсээс 1939 оны 03 сарын 20-ны өдөр Шүүх цаазын бичгийн 43,44,45 дугаар зүйлээр ял төлөвлөгдсөн боловч таслан шийтгэсэн тогтоолгүй, Улсын ерөнхий прокурорын газрын 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 4/44 дүгээр тогтоолоор хэлмэгдсэнд тооцож цагаатгасан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2022 оны 05 сарын 08-ны өдрийн 08/1518 тоот лавлагаа, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 4/44 тоот тогтоол зэргээр нотлогдож байна.

 

6. Хэлмэгдэгч Б.******* нь улс төрийн хэрэгт баривчлагдан, мөрдөгдөн шалгагдсан боловч таслан шийтгэгдэгдэж, цаазаар авахуулах болон хорих ялаар шийтгэгдээгүй байх тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт ... бусад хэлмэгдэгчид 500000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно гэж заасны дагуу ******* нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан Н.*******ын нөхөх олговрыг авах эрхтэй болох нь дээр дурдсан баримтуудаар нотлогдож байх тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан Б.*******ын нөхөх олговор болох 500,000 төгрөгийг түүний хүү *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон өндөрүүд овогт *******ын Нэргүйд 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг нөхөн олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүйболгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА