2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2441

 

 

 

 

 

 

 

 

 

  2025         10           29                                     2025/ШЦТ/2441

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч Е.Хулан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Намуун,

шүүгдэгч ****** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** холбогдох эрүүгийн 2510000001297 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ****** нь 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ****** гэртээ насанд хүрээгүй охин ****** “орой гадуур тэнэх гэлээ” гэсэн шалтгааны улмаас түүнийг алгадах, морины ташуураар толгой, нуруу, хөл, гарны бугалга хэсэгт тус тус ташуурдах зэргээр зодож, эрүүл мэндэд нь зулай, дагз, зүүн мөр, дал, бугалга, өвдөг, өгзөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, манай охин 21, 22-той насанд хүрсэн залуутай уулзаад янз бүрийн харилцаа үүсгээд гэр орондоо ирэхгүй гадуур яваад байсан, эхлээд дуугүй байгаад байсан, тэгтэл зан ааш нь өөрчлөгдөөд дүү нараа барьж авч зодоод байсан, хамт ажиллаж байгаа гээд байгаа залуутай нь ярьсан гэтэл ажилд нь тийм хүн байхгүй гэсэн, би 5 охинтой, 4 дүүтэй байж хариуцлагагүй байна, янз бүрийн асуудалд орвол яах юм гээд ташуураар зодсон нь үнэн, гэр бүлийн буруу харилцаатай зүйл байхгүй, охин мэдүүлэг өгөхдөө 5-р ангид байхаас хойш зодож байсан гэсэн байна, энэ бол худлаа, хүүхэд маань хэрэг гарснаас хойш гайгүй  болсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Намуун мэдүүлэхдээ: “...Би 23-р хоронд хүүхэд гэр бүлийн хамгааллын ажилтан хийдэг. Тухайн өдөр дуудлага мэдээллээр 8-5-ны өглөө 8 цагаас дуудлага ирсэн гэрт нь очиход гэрт нь хохирогчийн ээж дүү нар байсан. Хамгаалах байранд охинтой ярилцсан. Охин прокурорын ярьсан зүйлийн талаар ярьсан. Эцэг, эхэд нь асуудал үүсэхэд хүчирхийллийн шинж чанартайгаар шийдэхгүй талаар эцэг, эхэд нь зөвлөгөө өгсөн. Цаашид төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Охин өсвөр насан дээрээ байгаа тул аавтайгаа үл ойлголцсон байсан. Одончимэгтэй 2 долоо хоногт уулзаж хяналт тавьдаг. Өмнөх шигээ ойр дотно ярьдаггүй ч гэсэн үүнээс хойш асуудал гараагүй гэж байсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр насанд хүрээгүй ****** биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-11 дэх тал/

 

Насанд хүрээгүй хохирогч ******:

“...2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагийн үед манай найз Анужингийн ах Нямкаа /Бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх/ нь над руу 90660202 дугаараас залгаад "Сансар явах юм уу хэдийн үед явахаар байна, замаараа Анужинг авчхаад чамайг цаашаа дөхүүлээд өгье” гэхээр нь оройхон явж магадгүй гэж хэлсэн, тэгээд Нямка ахтай ярьсан яриаг тодруулахад дуу Мөнчимэг, Одонтуяа сонсож байсан ба Одонтуяа аав Найманжинд хэлэхдээ "Чамайг санаад байна, уулзъя" гээд худлаа хэлсэн байсан тэрийг нь аав сонсчхоод "хэнтэйгээ явах гээд байгаа юм" гээд уурлаад миний нүүр рүү алгадаад намайг үсдэсэн бөгөөд гэрт байсан морины ташуураар толгой, нурууны зүүн дал хэсэгт, хөл, баруун, зүүн гарны бугалга хэсэгт тус тус ташуурдаж, эрүү рүү хөлөөрөө өшиглөөд ингэж амьдарч байхаар үхээд өгөөч гэхээр нь ээж Отгонжаргал бид хоёрыг салгаад холдохоор нь би унтлагын өрөөний цонхны жижиг хэсгээрээ даваад цонхны гадна талын цонхны тавцангийн ирмэг дээр гарсан ба манай ээж Отгонжаргал нь миний гараас бариад авсан. Тухайн үед аав Найманжин нь аавыгаа уучлаарай гэж хэлж байсан бөгөөд ээж намайг татсаар байсаар байгаад цонхны жижиг хэсгээр оруулсан, орж ирээд байж байсан чинь аав Найманжин бас л намайг үхэж гай болох гэж байна ш дээ писдаа чинь, байрны хүмүүсийн хажууд нүүр хийх газаргүй болгох гэж байна шд ээ, усан толгойтой тэнэг писда гэж хэлээд ээж Отгонжаргал нь намайг тэврээд сууж байсан бөгөөд удаач үгүй цагдаагийн алба хаагч нар ороод ирсэн. ...Би өмнө нь 2025 оны 06 юм уу 7 сард дүү Одонтуяа миний хувцсыг өмсөөд байхаар хоорондоо муудалцсан чинь аав Найманжинд Одонтуяа нь уйлаад намайг зодсон, үхнэ гээд гэрээсээ гарч явах гэж байна гэсэн чинь аав Найманжин наадхаа гаргахгүй байлгаж бай, гэрийн доор ирж байна, ална даа гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд Одонтуяа нь надад аав гэрийн доор ирж байна, одоо ч та үхсэн байхдаа гэж хэлэхээр нь би аав Намайжинд зодуулахаас айгаад би гэрээсээ гараад Гүмүда гардены дээвэр дээр гараад сууж байгаа бичлэгээ өөрийн фейсбүүкийн сторид оруулсан манай үеэл эгч Солонго намайг олж ирээд бид хоёр бууж байсан чинь цагдаагийн алба хаагч нар цагдаагийн газар ирээд тухайн үедээ мэдүүлэг тайлбар өгч байсан бөгөөд тухайн үед бол амиа хорлоё гэж бодоогүй. ...Би аав Найманжинтэй ихэвчлэн юм ярьдаггүй, орой гэртээ орж ирэхэд хальт таараад өөрийнхөө өрөөндөө ордог ба манай аав намайг 5-р ангиас хойш намайг цохиж, зоддог болсон ихэвчлэн ямар нэгэн юмаар цохидог, сүүлд 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зодсон харин ч намайг гайгүй хөнгөхөн ташуураар цохисон. Ерөнхийдөө аав Найманжинтэй тийм ч сайн харилцаатай биш бөгөөд фейсбүүкээр найзууд биш чат болон утсаар ярьж, мессеж бичдэггүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-20 дахь тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Н.Одонтуяагийн:

“...Яг хэзээ болсныг нь санахгүй байна /тодруулахад ойролцоогоор 7-8 хоногийн өмнө байх/ орой 17 цагийн үед манай эгч Одончимэг рүү нэг дугаар 2-3 удаа залгаад /хэд гэсэн дугаар байсныг харсан эсэх талаар асуухад харсан гэхдээ одоо мартсан байна гэж хэлэв/ байхаар эгч Одончимэгт утсыг нь оруулаад өгөхөд явна гээд нүүрээ будаад зогсож байсан, аниа утсаа авсан чинь том эрэгтэй хүн танилцаж болох уу гээд Одончимэг эгчээр тоглоод байсан ба нэг хүний нэр хэлээд орой сансар руу хүргүүлэх юм уу? яах юм гэхэд хүргүүлнэ шд 8 өнгөрөөгөөд гэрийн гадаа хүрээд ирэхгүй юу би гараад очъё гэж Одончимэг эгч хэлэхээр нь би болохгүй хүмүүстэй нийлээд байна гэж бодоод шууд очоод ээж Отгонжаргалд хэлсэн чинь би өөрөө сансар руу хүргээд өгье гээд өөр юм хэлээгүй болохоор нь аав Найманжинд очоод болсон зүйлийн талаар хэлэхэд за аав нь ойлголоо гэж хэлсэн тэгээд ээж намайг гараад талх аваад ир гэхээр нь би дэлгүүр орчхоод ороод ирсэн чинь аав Найманжин нь хэн чам руу залгаад байгаа юм, Сансар луу явахгүй шүү гээд Одончимэг эгчид уурлаад надаас үнэн яриад байгаа юм уу, худлаа яриад байгаа юм уу, аниа чинь үгүй гээд байна шдээ гэхээр нь би үнэн залгасан дугаарыг /залгасан гэх дугаарыг нь тодруулахад одоо санахгүй байна гэх/ цээжээр аавд хэлсэн чинь хэн 8 цагт ирж авах гээд байгаа юм гээд Одончимэг эгчээс уурлаад асуухад манай ажлын ах гэж хэлсэн бөгөөд ээж Отгонжаргал нь наад хэлээд байгаа дугаар руу залгаадах гээд залгасан чинь ажлын ах /нэрийн тодруулах мэдэхгүй байна гэх/ нь байна гэхэд аав Найманжин Одончимэгт дандаа яагаад худлаа ярьдаг юм, алхам бүртээ худлаа ярилаа, ээж, аавдаа үнэнээ хэлэхгүй бол өөр чи хэнд үнэнээ хэлэх юм гэсэн, тэгээд Одончимэг гэрээсээ хаалга саваад гараад явахаар нь аав Найманжин нь эгчийгээ олж ир гээд байхаар нь би гартал өөдөөс алхаад ирж байсан, тэгээд Одончимэг эгч орж ирээд орилоод намайг яах гэж төрүүлсэн юм, алаад өг, би үхмээр байна гэж зөндөө орилоод байсан ба наад хутгаараа намайг алаад өгөөч, үхмээр байна, чамаас болж ийм юм болж байгаа шдээ гээд над руу бас орилсон, тэгээд аав Найманжин уурлаад чи дүү нартаа буруу үлгэр дуурайлал үзүүлж байна, дүү нар чинь өөрөөсөө ах хүнтэй харьцвал яана, чи 4 охин дүүтэй айлын том охин шдээ" гэхэд Одончимэг намайг алаад өг, би үхмээр байна гээд дахин давтаад орилоод байхаар аав Найманжин нь ташуурын модоор бөгс рүү нь цохиж байсан ба ээж шууд аавыг барьж аваад буйдан дээр суулгасан чинь Одончимэг эгч жижиг өрөө рүү яваад орсон, Тэгээд хэсэг хугацааны манай дүү Мөнхчимэг аниа гээд орилоход ээж жижиг өрөө рүү гүйж ороод эгч Одончимэгийн гараас барьж аваад "Миний охин ороод ир, хоёулаа гадуур гаръя, амттай юм авч идье гэж хэлээд аавыг бас аргадаач гэхэд аавыгаа уучлаарай, эцэг хүн гэдэг чинь аавыгаа уучилж л таараа шдээ гэж хэлээд оруулж ирсэн. Тэгээд Одончимэг эгчийг оруулж ирээд ээж тэврээд уучлаарай гэж хэлээд аавыг чи ч гэсэн уучлалт гуйлдаа чамаас болж охин чинь үсрэх гэж байна шдээ гэж хэлэхэд аав Найманжин уучлаарай гээд бие биеэсээ уучлалт гуйгаад байсан бөгөөд намайг ээж өрөөндөө ор гэж хэлсэн. Удаач үгүй цагдаагийн алба хаагч нар орж ирээд эгчийг аваад явсан манай аав Найманжин нь өглөө гараад орой гэртээ ирдэг болохоор ихэвчлэн завгүй байдаг, хоорондоо хэрүүл маргаан хийдэггүй, хааяа эгч Одончимэгийг болохгүй зүйлийн талаар хэлж загнадаг.  Тэгэхдээ өмнө зодож байсан удаагүй..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/

 

Гэрч М.Отгонжаргалын:

“...Манай охин Одонтуяа нь Одончимэг эгчийн утас руу нэг эрэгтэй хүн залгаад “санаж байна уу?, Сансар руу эмээгийнх рүү явах юм уу, хүргээд өгөх үү?," гэхийг нь сонссон гээд надад хэлэхээр нөгөө залгаад байсан 90660202 дугаар руу залгаж асуухад ажлын газрын хүн байна гэж хэлсэн, хэдэн минутын дараа залгахад найз Анужингийн ах нь байна гэж надад хэлсэн, тэгээд удаагүй аав Найманжин уурлаад яагаад худлаа яриад байдаг юм бэ, өнөөдөр орой эмээгийнх рүү явахгүй шүү гэж хэлсэн чинь манай охин Одончимэг уурлаад яагаад та нар надад итгэдэггүй, ойлгодоггүй юм бэ гээд ширээгээ цохоод хаалгаа саваад гэрээс гарч явчхаад буцаж орж ирээд, Та нар надад итгэдэггүй биз дээ гээд аав Найманжинтэй маргалдахад аав нь Одончимэгийн нүүр рүү алгадаад, хөл хэсэгт нь модон ташуураар цохиж харагдсан, тэгээд тэр хоёрыг болиулахад манай охин Одончимэг жижиг өрөө рүү орсон, удаач үгүй Мөнхчимэг дүү нь эгч цонхон дээр гараад зогссон байна шдээ гэж хэлэхээр нь би гуйж очоод охин Одончимэгийн баруун талын булгалга хэсгээс бариад гараас татаад зогсож байхад манай нөхөр Найманжин нь аавыгаа уучлаарай гээд аргадаад цонхоороо өөрөө орж ирсэн. Өмнө нь манай охин Одончимэг нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны үеэр гэрээс гараад гэртээ 10 гаруй хоног ирж байгаагүй. Мөн манай охин Одончимэг нь 2025 оны 06 дугаар сард дүү Одонтуяатайгаа маргалдаад хажуу байрны дээвэр дээр гараад хөл унжуулаад суучихсан, амьдралаас залхаж байна гэсэн үг аястай пост оруулсан байсан бөгөөд тухай өдрийн орой цагдаагийн байгууллагаас надтай холбогдож байсан ба би Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирж мэдүүлэг өгч байсан. Миний хувьд охин Одончимэгтээ маш сайн анхаарал халамж тавьдаг бөгөөд байнга араас утсаар нь ярьж, найз нөхөдтэй нь уулздаг ч, сургуулийн ангийн багш, сургалтын менежер, нийгмийн ажилтай зэрэг хүмүүстэй байнга холбоотой охиныхоо талаар ярьдаг боловч охин минь сонин авир гаргах болсон ба өсвөр насны хүүхэд юм чинь гайгүй болчих байх гэж бодож байна. Сүүлийн 1 жилийн хугацаанд манай охин Одончимэг нь байнга намайг ойлгосонгүй, хайрладаггүй, та нартай хамт амьдармааргүй байна гэх мэтчилэн байнга ярьдаг болсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ЕГО725/10171 дугаартай:

“...****** биед зулай, дагз, зүүн мөр, дал, бугалга, өвдөг, өгзөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ****** нь өөрийн төрсөн охин болох хохирогч Н.Одончимэгтэй “орой гадуур тэнэх гэлээ” гэсэн шалтгааны улмаас түүнийг алгадах, морины ташуураар толгой, нуруу, хөл, гарны бугалга хэсэгт тус тус ташуурдах зэргээр зодож, эрүүл мэндэд нь зулай, дагз, зүүн мөр, дал, бугалга, өвдөг, өгзөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ****** нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ****** нь:

2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ****** гэртээ насанд хүрээгүй охин ****** “орой гадуур тэнэх гэлээ” гэсэн шалтгааны улмаас түүнийг алгадах, морины ташуураар толгой, нуруу, хөл, гарны бугалга хэсэгт тус тус ташуурдах зэргээр зодож, эрүүл мэндэд нь зулай, дагз, зүүн мөр, дал, бугалга, өвдөг, өгзөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч Н.Одончимэг, насанд хүрээгүй гэрч Н.Одонтуяа, гэрч М.Отгонжаргал нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр насанд хүрээгүй ****** биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ЕГО725/10171 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогч ****** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч ******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

  

Иймд шүүхээс шүүгдэгч ******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

Шүүгдэгч ******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2510000001297 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ****** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******г 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ****** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ