| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2023/00334/И |
| Дугаар | 135/ШШ2023/00358 |
| Огноо | 2023-03-22 |
| Маргааны төрөл | Төлбөр төлөгчийн цалин хөлс, түүнийтэй адилтгах бусад орлогоос төлбөр гаргуулсан маргаан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 135/ШШ2023/00358
| 2023 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 135/ШШ2023/00358 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2023/00334/и
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 8 дугаар баг, ******* 12 дугаар байрны 38 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* РД: *******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* баг, ******* хотхон 49-804 тоотод оршин суух, овогт /РД: /-д холбогдох,
Хүүхдийн сургалтын төлбөрийн тал хувь болох 4,752,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.*******,
Хариуцагч П.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч П.д холбогдуулан 4,752,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
миний бие П.тай 2006 онд гэрлэлтээ батлууж байсан. Бидний дундаас 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр охин , 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр охин А. нар төрсөн. Бид 2014 онд гэрлэлтээ цуцлуулж, бага охин А.д эцгээс нь тэтгэлэг тогтоолгох шийдвэр гарсан. Хоёр охин над дээр байдаг, хоёулаа хувийн сургуульд сурдаг. Би хоёр охиноо мэдлэг боловсролтой, зан төлөвшилтэй, ирээдүйд улс эх орондоо хэрэгтэй хүн болох мөн өөрсдийгөө хүний гар харалгүй авч явж чаддаг болгохын тулд 2 охиноо хувийн сургуульд оруулж сургаж байгаа. Би өөрөө салъя гэсэн учраас том охиныхоо төлбөр мөнгийг өөрөө хариуцаж явдаг. Харин бага охин А.гийн 2020 онд төлсөн төлбөр 2,000,000 төгрөг, 2021 онд 2,100,000 төгрөг, 2022-2023 оны хичээлийн жилийн төлбөрт 5,404,500 төгрөг, нийт 9,504,500 төгрөг төлсөн.
П. нь салснаас хойш буюу 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хүүхдийн тэтгэлгээ өгөөгүй явж байгаад сүүлийн 2 жилийн хугацаанд нөхөж төлж дуусгасан. Энэ хугацаанд ямар нэгэн торгууль алданги тооцоогүй. Хилийн хориг тавиулж байж өнгөрсөн жил төлж дуусгасан. Тийм учраас Хүүхдийн эрхийн тухай хуульд эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом шаардлагатай зүйлсээр хангах үүрэгтэй гэж заасан байгаа. Үүнд дурдсанаар би ипотекийн зээлээр хоёр хүүхдэдээ эрүүл саруул тайван орчинд амьдруулж байгаа. Энэ тал дээр П.гаас ямар нэгэн төлбөр шаардаагүй, шаардах ч үгүй. Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж заасан. 2014 оноос хойш өнгөрсөн жил 2 охинтойгоо уулзсан байгаа. Тийм учраас хүүхдүүд энэ эрхээ эдэлж чадахгүй байгаа. Нэг хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувийг гаргуулахаар Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулах гэж заасан. Мөн нэмж хэлэхэд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасан. Эдгээр эрхийн дагуу хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувь гаргуулах нь хуулийн дагуу байгаа учраас энэ үүргийг нь П.д хариуцуулж А. ******* сургуулийн 6-р ангид сурдаг. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс элсэж орсон. Өмнө нь 3, 4-р ангидаа ******* сумын 19-р сургуульд /төлбөртэй/ сурч байсан. Энэ 3 жилийн сургалтын төлбөр 19-р сургуулийн төлбөр 4,100,000 төгрөг, энэ жилийн ******* сургуулийн төлбөр 5,404,500 төгрөг байгаа. Энэ хоёр төлбөрийн нийлбэрийн 50 хувь болох 4,752,250 төгрөгийг эцэг П.гаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
2. Хариуцагч П. нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие П. нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр овогтой *******гаас гэрлэлтээ цуцлуулсан болно. Охин А.д тэтгэлэг тогтоосон. Одоо миний бие бүдүүн гэдэсний тайралттай групп тогтоолгосон, хөдөлмөрийн чадвар 70 хувь алдсан. Төлбөрийн чадвар байхгүй, найзынхаа барилга дээр ажиллаж байгаад өмнөх төлбөрийг төлсөн. Шүүхийн шийдвэрээр бид хоёр салсан. Одоо би нэг хүүхэдтэй улсын сургуульд сургаж байгаа. Төлбөртэй сургуульд явах шаардлага байхгүй гэж бодож байна. Бүхэл бүтэн улсын төлбөргүй сургууль байхад заавал төлбөртэй хувийн сургуульд сургаж байгааг ойлгохгүй байна. Ямар ч байсан бие гайгүй болж ажил төрөл хийж хүүхдийн тэтгэлгийг төлсөн. Өөр ярих зүйл байхгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс охин А.гийн №, Г- дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээ, ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаартай тодорхойлол, ******* аймаг дахь ерөнхий боловсролын *******- сургуулийн БСБ 2023 он 02 дугаар сарын 07-ны өдрийн 018 дугаартай тодорхойлолт, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5813 дугаартай шийдвэрийн хуулбар, охин А.гийн № дугаартай сурагчийн хувийн хэрэг зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
4. Хариуцагчаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр зэргийг гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.*******гийн П.д холбогдуулан гаргасан хүүхдийн сургалтын төлбөрийн тал хувь болох 4,752,250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Бид 2014 оны 12 сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулах, охин А.д эцгээс нь хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгосон. Би охидоо мэдлэг боловсролтой ирээдүйд улс эх орондоо хэрэгтэй хүн болон өөрсдийгөө хүний гар харалгүй авч чаддаг болгохын тулд охидоо хувийн сургуульд оруулж, том охиныхоо төлбөрийг би өөрөө 100 хувь хариуцдаг, харин бага охин А.гийн 2020 онд төлсөн төлбөр 2,000,000 төгрөг, 2021 онд 2,100,000 төгрөг, 2022-2023 оны хичээлийн жилийн төлбөрт 5,404,500 төгрөг, нийт 9,504,500 төгрөг төлсөн бөгөөд энэ сургалтын төлбөрийн 50 хувийг эцэг нь төлөх үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч П. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Шүүхийн шийдвэрийн дагуу охин А.д тэтгэлэг төлдөг. Одоо миний бие бүдүүн гэдэсний тайралттай, хөдөлмөрийн чадвар 70 хувь алдсан, мөн өөр хүнтэй гэр бүл болоод 2 хүүхэдтэй болсон, төлбөрийн чадвар байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг болно.
4. Талуудын тайлбараар Г.*******, П. нар нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 сарын 01-ний өдрийн өдрийн 5813 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, 2011 оны 10 сарын 21-ний өдөр төрсөн охин А.г эх Г.*******гийн асрамжид үлдээж, эцэг П.гаас сар бүр тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн дээр дурдсан шийдвэр нь нотлох баримтын шаардлага хангаагүй боловч талууд энэ талаар маргаангүй, зөвшөөрдөг болно.
5. Нэхэмжлэгч Г.******* нь охин А.гийн сургалтын төлбөрт ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын 19 дүгээр сургуульд 2020, 2021 оны 2 хичээлийн жилийн сургалтын төлбөрт нийт 4,100,000 төгрөг, ******* аймаг дахь ерөнхий боловсролын ******* эмпати сургуульд 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 4,200,000 төгрөг, өдрийн хоолны төлбөрт 1,204,500 төгрөг, нийт 5,404,500 төгрөг тус тус төлсөн болох нь түүний тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан сургуулиудын албан бичгээр тогтоогдож байна.
Мөн ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын 19 дүгээр сургуульд 2020, 2021 оны 2 хичээлийн жилийн хугацаанд суралцаж байсан болох нь хэрэгт авагдсан суралцагчийн дугаартай хувийн хэргээр тогтоогдож байна.
6. Хариуцагч П. нь дээрх сургалтын төлбөрийн 50 хувийг төлөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ төлбөрийн чадваргүй, хөдөлмөрийн чадвар 70 хувь алдсан гэж тайлбарлаж байгаа боловч шүүх хуралдаан дээр эх хувиар нь гаргаж өгсөн хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр уг шийдвэрийн хүчинтэй хугацаа нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгаа бөгөөд цааш сунгагдсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Хариуцагчаас энэ талаар тодруулахад сунгуулахаар баримт бичгүүдээ холбогдох байгууллагад нь өгсөн, одоог хүртэл хариу нь гараагүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь энэхүү тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзнэ.
7. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар нэхэмжлэл гаргаж болохоор заасан байна.
Дээрх хуульд заасан "Онцгой нөхцөл байдал тохиолдсон гэдгийг тэжээн тэтгүүлэгч нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т заасан хүнд нөхцөлд байгаа, түүнчлэн Хүүхдийн болон насанд хүрэгсдийн асрах байгууллага, мөн Халамжийн газруудын асрамжинд байгаа, эсхүл нэн ядуугаас гадна өрхийн нэг хүнд оногдох орлого нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс бага байгаа зэрэг бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсныг ойлгохын зэрэгцээ ердийн боловч тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь хөрөнгө, мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж, тэтгэлгийн хэмжээгээр хангагдах боломжгүй байх нөхцлийг нэгэн адил хамааруулж ойлгодог.
8. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар охин А. нь хувийн төлбөртэй сургуульд суралцдаг бөгөөд түүний сургалтын төлбөрт нэхэмжлэгч Г.******* нь нийт 9,504,500 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна. Иймд энэхүү хүүхдэд зориулагдан гарсан зардлын тал хувийг эцэг П.гаар төлүүлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Энэ нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, 10.1.8-д зааснаар хүүхдийг хөгжиж, төлөвшихэд нь дэмжин туслах нь эцэг эхийн үүрэг бөгөөд мөн хуулийн 10.2-д зааснаар эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д: хүүхэд бага, суурь, бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй гэж заасан хэдий ч хувийн өмчийн сургуульд үнэ төлбөртэй суралцаж байгаа нь түүний эцэг, эхийн сонголтын асуудал, нөгөө талаас төлбөртэй сургуульд суралцуулах шаардлагагүй гэж үзэж гарсан зардлыг 100 хувь эхэд хариуцуулах нь Гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх зарчимд нийцэхгүй юм.
Нөгөө талаас хариуцагч төлбөрийн чадваргүй гэж тайлбарлаж байгаа нь дээрх хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзсэн болно.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 90,986 төгрөг урьдчилан төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс төлсөн үнийн дүн болох 90,986 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 90,986 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан хариуцагч П.гаас 4,752,250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,986 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.гаас улсын тэмдэгтийн хураамжид 90,986 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ