2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2496

 

 

 

 

 

 

 

 

 

  2025         11          04                                    2025/ШЦТ/2496

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч *****, түүний өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** холбогдох эрүүгийн 2508000000438  тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ***** нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***** өрөөнд байхдаа хохирогч Г.Нямтулгаас айфоне 16 про макс загварын гар утсаар ахтайгаа ярьсныхаа дараа “ах ойрхон байна гэнэ, би гарчхаад ирье хэмээн хэлээд аваад буцааж өгөлгүй улмаар хохирогчид 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***** мэдүүлэхдээ: “...Би мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2, 3 дахь тал/,

 

Хохирогч Г.Нямтулгын:

“...2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” нэртэй зочид буудлын 205 өрөөнд дүү Өлзийдэлгэрийн хамт амарч байсан. ...Энэ үед үл таних 2 залуу хаалга цохиж виза карт байгаа эсэхийг асуусан бөгөөд татгалзсан ч тэр 2 залуу архинаас ганц татах хүсэлт тавиад бидэнтэй хамт үлдсэн архийг хуваан ууж дуусгасан. ...Удалгүй Өлзийдэлгэр тэдэнтэй хамт дэлгүүр гарч 0.75 литр “Хараа” гэх нэртэй архи авчран бид 4 хуваан ууж байтал Өлзийдэлгэр унтахаар хэвтсэн. ...Тэлмэн гэх залуу намайг 202 тоот өрөөнд орохыг санал болгож бид 3 тийшээ орсон. Тэнд архи ууж байхдаа Тэлмэн ахтайгаа ярья хэмээн надаас гар утсаа өгч байгаач хэмээн асуухад би гар утсаа өгсөн 88756460 гэх дугаар луу залгаад миний гар утсыг авч гараад дахин ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

 

Гэрч Б.Бямбадоржийн:

“...би 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, ХМК-ын эцэс дээр 7626 УАХ улсын дугаартай авто машинтайгаа зогсож байсан чинь зүс таних Тэлмэн гэх залуу үл таних нэг залуутай цуг ХМК-ын эцэс дээр ирээд та Од гэх зочид буудал руу хүргээд өг гээд би тэр хоёрыг хүргэж өгсөн. Тэгээд 08 цагийн орчим 86078917 дугаараас залгаад ирээд авчих гэсэн би очиж авч чадахгүй гэж хэлээд утсаа тасалсан. ...Миний мэдэж байгаагаар Тэлмэн Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, ХМК-ын эцэс орчим архи уудаг 96165089 дугаартай... миний ярьсан зүйл үнэн ....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

 

Гэрч Б.Ороохболдын:

“...Би он cap өдрийг нь сайн санахгүй байна. ...тухайн өдөр ганцаараа явж байгаад согтууруулах ундаа хэрэглэсний дараа Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Од зочид буудалд орж өрөө авсан. ...Ойролцоох дэлгүүрээс архи авах гэж явахдаа зүс таних Тэлмэнтэй таарч хамт “CU” орон архи аваад буудалдаа эргэж орсон. ...Архи ууж байх үед Тэлмэн гарч хажуу өрөө рүү орох үед би дагаж орсон. ...Тэнд үл таних эмэгтэй хүн байсан. ...Тэлмэн түүнээс гар утсаар чинь ярьж болох уу гээд хоёр удаа хүнтэй ярьж байгаад гар утсыг нь аваад явчихсан бөгөөд буцаж ирээгүй. ...би тухайн үед архи согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч өөрийн ухаантай байсан. ...тухайн үед Тэлмэн гэх хүн үл таних хүний гар утас аваад ярьж байгаад гарч яваад эргэж ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

“Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №25/006 дугаартай:

“...Г.Нямтулгын гар утсанд учирсан хохирол болох 4.200.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 14-16 дахь тал/,

 

Шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 24-53 дахь тал,

 

Шүүгдэгч *****гийн:

“...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...тухайн гар утсыг Хархорин зах дээр үл таних эрэгтэйд гар утсыг 160.000 төгрөгөөр зараад архи уучихсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ***** нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс 4.200.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ “...үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруу дээр маргахгүй, хохирогчид учирсан хохирол төлбөрийг ажил төрөл хийж төлнө гэдгээ илэрхийлсэн байгаа...” гэсэн дүгнэлтийг гаргасан тус тус гаргасан.   

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ***** нь:

2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ***** өрөөнд байхдаа хохирогч Г.Нямтулгаас айфоне 16 про макс загварын гар утсаар ахтайгаа ярьсныхаа дараа “ах ойрхон байна гэнэ, би гарчхаад ирье” хэмээн хэлээд аваад буцааж өгөлгүй улмаар хохирогчид 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан болох нь гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Г.Нямтулга, гэрч Б.Бямбадорж, Б.Ороохболд нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №25/006 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид нийт 4.200.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд хохирол төлбөр төлөөгүй байх тул шүүгдэгч *****ээс 4.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Нямтулгад  олгох зүйтэй гэж үзлээ. 

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогчийн хохирлоо авах эрхийг хангах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч эхнэрийнхээ ажилладаг компанид хамт ажилладаг ба ажлаа хийж байгаад хохирол төлбөрөө төлнө гэдгээ илэрхийлж байгаа, хэрэв хорих ял эдэлбэл хохирол төлөх боломж нь хангагдахгүй гэж үзэж байна. Хувийн байдлын хувьд гарын ур дүйтэй бусдын мал маллах, өөрийнхөө хэмжээнд орлого олох боломжтой, хувь хүн талаасаа болон гэр бүлээ гайгүй аваад явж байгаа, 2 хүүхэд эхнэрийн хамт амьдардаг зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой нөхцөл байдал байна. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Иймд шүүгдэгч *****г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2508000000438 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *****гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****г 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****ий энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон 43 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****гээс нийт 4.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч  Г.Нямтулгад олгосугай.  

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *****ий иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *****д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  түүний эдлэх ялыг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *****д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ