| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2025/0181/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/185 |
| Огноо | 2025-10-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/185
2025 10 28 2025/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, AGEDA нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2504001510204 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Саранзаяа
Улсын яллагч Б.Баттуяа
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Л.Ганганбарс
Шүүгдэгч AGEDA-ийн өмгөөлөгч Д.Цолмон
Шүүгдэгч *******, ........ нар оролцов.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ******* оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, ******* (РД:*******)
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, ******* улсад төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн баяжуулалтын мэргэжилтэй, Багануур дүүргийн 3 дугаар хороо, “.....” ХХК-нд орчуулагч, жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, СN9006067EXDE, паспортны номер .......... дугаартай, ........
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2025 оны 4 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 1 хохирогч AGEDA-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэрэг үйлдлээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн нүдний эвэрлэгт шарх, цус хуралт, баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ...... нь согтуурсан үедээ буюу 2025 оны 4 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 1 хохирогч *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гараараа цохих зэрэг үйлдлээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун хацарт зулгаралт, эрүүний хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...4 дүгээр сарын 12-ны үүрээр эхэлсэн асуудал. ... намайг үүрээр “архи авчирч өг, намайг хүргэж өг” гэж дуудаж эхэлсэн. Тэр буудалд бид хоёр таарамжгүй харилцааны үүднээс .... эхэлж баруун гараараа цохисон. Намайг унаад босож ирэхэд зүүн гараараа дахиад цохисон. Тухайн үед би өөрийгөө хамгаалах үүднээс ноцолдож, зодолдсон асуудал байдаг. Цохиж зодсон гэдгийг биеэ хамгаалахаар ноцолдох байдлаар нүүр хэсэгт нь ямар нэгэн байдлаар гэмтэл учруулсан байж магадгүй. Санаатайгаар цохисон, гэмтээх гэсэн бодол агуулж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч ...-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2025 оны 4 дүгээр сарын 12-ны орой 5 цагийн үед намайг үйлдвэрийн гаднаас ирж авсан. Золзаяа нь манай захирлын төрсөн дүү гээд би хүндэлж явдаг. 13 гэр зочид буудал гээд зоогийн газар байсан. Золзаяа намайг машинтайгаа ирж аваад 13 зочид буудал руу орсон. Буудал руу ороод уучихсан байсан болохоор төмрийн маргаанаас болж уурласан. Намайг сандал дээр сууж байхад өшиглөсөн. Хойно байсан орны банз хугартал нь намайг дэвссэн байсан. Тухайн үед миний дээрээс дэвсэж байхад би ухаан алдаад хөдлөх ч тэнхэлгүй байсан. Гадаа байсан хүмүүс “хүн аллаа шүү дээ” гээд цагдаа дуудсан. Цагдаа ирж байх үед би орноосоо ч босож чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч ...-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ******* над руу залгаад уулзахаар болоод ажлын гадаа буюу үйлдвэрийн гадаа ирээд намайг авсан. ...гэр буудалд оройны 17 цагийн үед орсон байхаа. Тэнд гэрт хоёулаа юмаа яриад архи уусан. ...Золзаяагийн дуу нь чангараад “хужаа, мужаа” гээд намайг доромжилсон. Тэгж байхдаа намайг томроод байна гэж хэлээд ******* миний гэдэс рүү хөлөөрөө өшиглөсөн. Би гэрийн хойморын орон дээр унасан. Өшиглүүлснээс хойш хэсэг хугацаанд ухаан муужирсан. Тэгээд сэргээд гэдсээ бариад хажуу талаараа хараад хэвтсэн. Гэдэс нилээн өвдсөн байсан болохоор гэдсээ бариад хэвтэж байхад ******* дээрээс гар хөлөөрөө миний бие рүү цохиод өшиглөөд байсан. ...эргэж орж ирээд миний хэвтэж байсан орон дээр гараад дээрээс хөлөөрөө нуруу хагалгаатай тохой руу өшиглөөд байсан. Толгой руу цохиж байсан. Ер нь тэр 30 минут хэртэй намайг зодсон гэж бодож байна. ...тухайн үед орны банз мод хугарсан байсан. ...тухайн үед үүдэн хоёр шүд хөдөлсөн. Янгинаж өвдөөд байсан зүүн талын нүдний зовхи бага зэргийн хөхрөөд дотор нь цус хурчихсан байсан. Зүүн талын гарын тохойны оёдол задраад хавдчихсан байсан. Толгой энэ тэндгүй хавдаад олон тооны овгорууд болчихсон байсан. ...гомдолтой байна, сэтгэл санааны хохирлоо төлүүлнэ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19-20-р хуудас),
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед “...... нь “нодлингоос хойш миний ажилд садаа болох гээд байгаа төмрөөс нэрээ татаж ав” гэж хэлээд уурлаад босож ирээд баруун талаас зүүн шанаанд баруун гараараа 2 удаа цохисон. Би тэр үед босоод ирэхэд гартаа асаагуур барьсан байсан уу эсвэл хумсаараа маажсан уу мэдэхгүй дахиад зүүн гараараа баруун шанаа руу 1 удаа цохисон. Тэгэхээр нь би биеэ хамгаалахын тулд барьж аваад ноцолдож эхэлсэн. Тэр дундуур хэд хэдэн удаа гараараа биед халдсан, хөлөөрөө өшиглөсөн, тийрсэн зүйлүүд байгаа. ...миний биед зүүн гараараа баруун шанаанд 2 удаа цохих үед арагшаа ор луу унах үедээ орны модон толгойг толгойн ар хэсгээрээ мөргөж унасан юм шиг байна лээ толгойн ар дагз хэсэг хавдсан, хөндүүртэй байсан, баруун шанаанд зулгарсан шархтай, зүүн талд эрүүний доод хэсэгт хөхрөлт үүссэн байсан. Үүнийг Агеда гараараа цохиж гэмтэл учруулсан ...гомдолтой байна, сэтгэл санааны хохирлоо төлүүлнэ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас),
Гэрч “......-тай уулзахад зүүн талын нүдний дотор цус хуралттай, зүүн талын тохойноос цус гараад хатсан байдалтай, куртик нь урагдаад нил шороо болчихсон, хүний куртик өмссөн байдалтай, толгойны дагз, орой хэсэгт булдруу үүсчихсэн байсан. Гэдэс орчим өвдөөд байна ажлынхаа газрын ахад зодуулсан гэж хэлээд уйлаад байсан. Шүд нь хөдлөөд байна гэж байсан. ...өөр гэмтэл шарх байгаагүй. ...ах Золзаяад зодуулсан гэж хэлсэн. ...надад юунаас болж маргалдсан талаараа хэлээгүй. Архи уугаад сууж байхад нэг мэдэхэд Золоо гэдэг хүн дээр нь гараад толгой руу өшиглөсөн, толгой тархи руу цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас),
Гэрч “...Гэр хүрээн дээр *******, нартай явж байхад үдээс хойш 14-15 цагийн үед AGEDA нь Батзориг гэх хүнтэй хамт ирээд Золзаяатай юм яриад байсан өчигдөр жоохон муухай юм болсон байна энэ тэр гээд яриад байсан. Би тэр хоёртой тул яриагүй. ...*******гийн баруун талын шанааны орчимд зулгарсан шарх харагдаж байсан. Өөр гэмтэл байсан эсэхийг анзаараагүй. Урд өдөр нь AGEDA бид хоёр муудалцаад гэмтсэн гэж ярьж байсан. AGEDA гэх хүний эрүүл мэндэд ямар хохиролтой байсныг мэдэхгүй байна. Би хараагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-р хуудас),
Монгол улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ЕГ0725/6204 дугаартай шинжээчийн “...-гийн биед зүүн нүдний эвэрлэгт шарх, цус хуралт, баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн тохойд халдварлагдсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан зүүн нүдний эвэрлэгт шарх, цус хуралт, баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, зүүн тохойд халдварлагдсан шарх, цус хуралт гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 60-62-р хуудас),
Монгол улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ЕГ0525/931 дугаартай шинжээчийн “Шинжээч эмч Э.Баасанжавын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ ЕГ0725/6204 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Үзүүлэгч AGEDA-гийн дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүснэ. Учирсан зүүн нүдний эвэрлэгт шарх, цус хуралт, баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд буюу 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн тохойд халдварлагдсан шарх, цус хуралт гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Зүүн нүдний эвэрлэгт шарх, цус хуралт, баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтлүүдийг шинжээч эмч Э.Баасанжав 2025.04.29-ний өдөр хүний биед хийсэн үзлэгээр болон 2025.04.28-ны Enjoydent шүдний эмнэлгийн хэсэг газрын үзлэгийг үндэслэн тогтоов...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 67-69-р хуудас),
Монгол улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ЕГ0825/1676 дугаартай шинжээчийн “...-н сэтгэцэд 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 74-76-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Багануур дүүргийн шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 150 дугаартай шинжээчийн “*******гийн биед тархины доргилт, баруун хацарт зулгаралт, эрүүний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх тархины доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 45-46-р хуудас),
Монгол улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ЕГ0525/930 дугаартай шинжээчийн “Урьд гаргасан 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 150 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Тархи доргилт, эрүүнд цус хуралт, баруун хацрын зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үүссэн байх боломжтой. Тархи доргилт, эрүүнд цус хуралт, баруун хацрын зулгаралт гэмтлийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний үзлэг хэсэг болон 2025 оны 4 дүгээр сарын 14-ний гэмтлийн эмч Э.Од-Эрдэнийн үзлэг, 2025 оны 4 дүгээр сарын 14-ний Топаз эмнэлгийн эмч Б.Мөнхбат нарын үзлэгт үндэслэж тогтоосон байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 52-54-р хуудас),
Монгол улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ЕГ0825/1677 дугаартай шинжээчийн “Тухайн гэмт хэргийн улмаас *******гийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас),
Цагдаагийн албан хаагчийн “...13 буудалд 2 хүн зодолдоод байна гэх дуудлагын дагуу очиж шалгахад Содномцэрэн овогтой Золзаяа гэгч нь AGEDA гэх иргэний биед халдсныг таслан зогсоож хариуцсан эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгч ажиллав...” гэсэн илтгэх хуудас (хх-ийн 213-р хуудас)
Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх:
1. Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах,
2. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн, ...” гэсэн шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 144, 152-155-р хуудас)
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 71 дугаартай тогтоол “...2025.03.11-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсонд тооцов...” гэжээ. (хх-ийн 136)
*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүний болзол шалгуурыг хангахгүй тухай тодорхойлолт, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-н 128-135 дугаар хуудас)
... жолоочийн үнэмлэх, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Месес компанийн тодорхойлолт, байнгын оршин суугчийн бүртгэлийн гэрчилгээ (хх-н 161-173-р хуудас) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох талаар
Улсын яллагчаас “…Шүүгдэгч шүүгдэгч *******, ... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Хохирогч *******гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд 620.000 төгрөгийн баримт ирүүлсэн мөн сэтгэл санааны хохирол нэгдүгээр зэргээр тогтоогдсон. Хохирогч ... биед хөнгөн хохирол учирсан бөгөөд 689.932 төгрөгийн хохирлын баримт ирүүлсэн, сэтгэл санааны хохирол нэгдүгээр зэргээр тогтоогдсон. Хохирогч *******гийн эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан зардал болох 60.000 төгрөгийг шүүгдэгч AGEDA нь төлж барагдуулсан. Иймд шүүгдэгч *******гаас AGEDA баримтаар учирсан хохирол 689.932 төгрөгийг, мөн сэтгэл санааны хохирол нэгдүгээр зэргээр тогтоогдсон төлбөрийг гаргуулах, шүүгдэгч ...-с *******гийн эрүүл мэндэд учирсан хохирол баримтаар 620.000 төгрөг, сэтгэл санааны хохирол нэгдүгээр зэргээр тогтоогдсон тул тус тус төлбөрийг гаргуулах санал гаргаж байна…” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Л.Ганганбарс “...*******гийн хувьд прокурорын яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч энэ байр суурийг дэмжиж оролцож байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдлүүд байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж байгаа. Ийм учраас Золзаяа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй” гэж байгаа. Мөн “аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ” гэж байгаа. Энэ хуульд заасан тодорхойлолтуудаар яг довтлоод ирсэн үед нь өөдөөс нь хариу үйлдэл үзүүлж байгаа нь аргагүй хамгаалалтын шинжийг агуулж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял халдаах үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Хэрэв дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэсэн ч гэсэн үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл байна гэсэн хоёр хууль зүйн үндэслэл гаргаж дүгнэлт хийж байна. Ийм учраас *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч ...-ийн өмгөөлөгч Д.Цолмон “...Хавтаст хэрэгт байгаа баримтуудыг харахад хуульч хүний үүднээс хараад үзэхэд хоёулаа муудалцаж, хэн алиныхаа биед гэмтэл учруулсан зүйл харагдаад байна. Золзаяагийн өмгөөлөгчийн үг үндэслэл муутай, нотлох баримтуудыг буруу дүгнээд байгаадаа биш, үйлчлүүлэгч өөрөө гэм буруу хүлээн зөвшөөрөхгүй байхад өмгөөлөгч нар миний үйлчлүүлэгчийн буруу гээд зогсох нь зохисгүй байдаг. Золзаяа нь Агедаг зодчихжээ, яагаад гэхээр Золзаяа нь би өөрөө 2-3 удаа цохичихсон гэдэг мэдүүлэг байгаа. Гэм буруугийн хувьд шүүх шийднэ биз дээ. Яагаад гэхээр ...бол Золзаяагийн тархи доргичихсон байна, миний буруу гэж байсан боловч шүүх хуралдааны уур амьсгалаар бол Золзаяа өөрийгөө илт өмөөрөх байдалтай байгаа учраас хувь хүнийх нь инстинкт дээр ажиллаад энэ хүн өөрийгөө буруугүй гээд байхад Агедад ч гэсэн өөрийгөө өмөөрөх инстинкт төрж л байгаа байгаа шүү дээ. Агедагийн хувьд буруу эсэхийг шүүх шийднэ биз дээ. Золзаяагийн хувьд аргагүй хамгаалалт биш. Хохирлын асуудлаар хэн алинд нь ижил хэмжээний хохирол учирсан. Агедагийн хувьд эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлсөн...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч ******* “...... санаандгүй байдлаар хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна....“ гэсэн дүгнэлт
Шүүгдэгч ... “...Санаандгүй байдлаар Золзаяад гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******, ... нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан ба хохирогч нарын биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэлүүд нь тодорхойлогджээ.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлүүдэд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдэлүүдийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2025 оны 4 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 1 хохирогч ...-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэрэг үйлдлээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн нүдний эвэрлэгт шарх, цус хуралт, баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий хохирол санаатай учруулсан болох нь,
Шүүгдэгч ... нь согтуурсан үедээ буюу 2025 оны 4 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 1 хохирогч *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гараараа цохих зэрэг үйлдлээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун хацарт зулгаралт, эрүүний хэсэгт цус хуралт бүхий хохирол санаатай учруулсан болох нь тус тус шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдлийн улмаас хохирогч *******д учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******гийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 150 дугаартай дүгнэлтээр,
Дээрхи үйлдлийн улмаас хохирогч AGEDA-д учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…...-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1 дэх хэсэгт зааснаар хохиролын хөнгөн зэрэг гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 6204 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******, ... нар нь өөрсдийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь тэдний бие биеэ зодож гэмтэл учруулсан үйлдэлүүдээр нь тус тус тогтоогдсон.
Шүүгдэгч *******, ... нарын үйлдэлүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгч нарын түргэн уур бухимдал, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******, ... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч нараас гаргасан “...санаандгүй гэмтэл учруулсан...” гэсэн агуулга бүхий дүгнэлт болон шүүгдэгч *******гийн өмгөөлөгчөөс гаргасан “...*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял халдаах үндэслэлгүй байна. ...үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл байна. Ийм учраас *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий дүгнэлт нь дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар няцаагдаж байх тул шүүгдэгч нар болон өмгөөлөгчийн дүгнэлтийг хангах үндэслэлгүй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”,
Мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар сэтгэцийн эмгэгийн нэгдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор заасан.
Шинжээчийн №1676 дугаартай дүгнэлтээр “...2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас ...-н сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” гэсэн байх бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 3.168.000 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулах, мөн хэрэгт авагдсан баримтаар *******гаас эрүүл мэндийн хохирол хор уршигт 689.932 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч AGEDA-д олгох үндэслэлтэй гэж дүгнэсэн.
Шинжээчийн №1677 дугаартай дүгнэлтээр “...тухайн гэмт хэргийн улмаас *******гийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” гэсэн байх бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 3.168.000 төгрөгийг шүүгдэгч AGEDA-аас гаргуулах, мөн хэрэгт авагдсан баримтаар AGEDA-аас эрүүл мэндийн хохирол хор уршигт 620.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч *******д олгох үндэслэлтэй гэж дүгнэсэн.
Шүүгдэгч AGEDA нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 60.000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас хохирол төлбөрийн талаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг завсарлуулах хугацаанд шүүгдэгч нар харилцан хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй гэж тохиролцжээ. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч ...-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн нэг ширхэг хар өнгийн флаш дискийг хэрэгт хавсарган үлдээх саналтай байна. Шүүгдэгч *******д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгч ...-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгуулах саналтай байна...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарс “...Сая хоёр тал уулзаж хэлэлцээд шүүхээс тогтоосон сэтгэл санааны хохирол яг адилхан байгаа учраас хэн хэндээ төлөх төлбөргүй болчихлоо, тэрийг төлснөөр тооцъё, эмчилгээний зардалд гарсан хохирол 689.932 төгрөг, 620.000 төгрөг гээд 69.932 төгрөгийн зөрүүг гарч байгаа хэдий ч хэн алинаасаа хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй, шүүхээс тогтоосон төлбөрүүд хэн алинтай нь дүйцэж байгаа учраас хоёр тал тохиролцоонд хүрсэн гэдгийг хэлмээр байна. Шийтгэлийн хувьд торгуулийн доод хэмжээгээр оногдуулж өгөөч ээ гэсэн хүсэлтийг гаргаж байна...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмон “...хохирлын талаар Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлсөн. Хохирогч Золзаяа нь гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн. Агеда мөн адил Золзаяагаас гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн. ... хувьд байнгын тогтвортой ажил эрхэлдэг учраас нийтэд тустай ажил хийлгэх боломжгүй, эрх хязгаарлах ялын тухайд гадаад улсын иргэн. Иймд торгох ял нь илүү оновчтой байна. Торгох ялыг төлөх боломжтой. Хуульд заасан доод хэмжээ буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулийн ял оногдуулах санал хүсэлтийг гаргаж байна...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч *******гаас ”...Шүүх шийдвэрээ гаргасан шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа. Өөрийн өмгөөлөгчтэйгөө байр суурь нэг байна...“ гэсэн
Шүүгдэгч AGEDA “...2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр болсон үйл явдалд санаандгүй байдлаар Золзаяад хохирол учруулсанд уучилаарай. Өөрийн өмгөөлөгчтэй байр суурь ижил байна...” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. ******* нь ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай зэрэг хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч ...-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. AGEDA нь “” ХХК-нд орчуулагч, жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай, орлого олох боломжтой зэрэг хувийн байдал тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******, шүүгдэгч ... нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй, тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, уг ялыг биелүүлээгүй бол торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******, ... нарт мэдэгдэх нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, ...-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт хураагдаж ирүүлсэн 1 ширхэг флашийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, шүүгдэгч ... нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, шүүгдэгч ... нарт таван зуун (500) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган (500.000) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******, ... нарт мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* шүүгдэгч ... нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ... нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 60.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан 100900020080 дугаартай данс/-т төлсөн болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, AGEDA-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураан ирүүлсэн 1 ширхэг флашийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. *******, .. нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ