Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 135/ШШ2023/00399

 

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 135/ШШ2023/00399

******* аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2023/00322/и

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* ******* сум, 1 дүгээр баг, ******* 4 дүгээр байрны 46 тоотод оршин суух, ******* овогт ******* *******, /РД: *******/-ын, нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* ******* суманд байрлах, ******* ******* ТӨХК /РД: /-д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ихэрмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.******* нь *******ы ******* ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Л.******* нь ******* ******* ТӨХК-д 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эдийн засагчаар анх ажилд орсон бөгөөд 9 жил 4 сар энэ ажлыг хийж байх хугацаандаа ямар нэгэн хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Харин 2015.12.11-ний өдөр ******* ******* ТӨХК-ийн өргөмжлөлөөр, 2019.08.23-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хорооны Хүндэт жуух бичиг-ээр, 2019.11.11-ний өдөр Мон******* улсын Сангийн яамны Хүндэт жуух бичиг-ээр, 2021.12.23-ны өдөр ******* аймгийн Засаг даргын Жуух бичиг-ээр тус тус шагнагдаж байсан.

Сүүлийн үед буюу Гүйцэтгэх захирал Б. нь өөрийн хуулийн хүн мөртөө илт хууль бус тушаал гаргаж Солонгос улсад ажиллаж, амьдардаг хүнийг ажилд авч цалин хөлс олгож байсан бөгөөд энэ асуудлыг Авлигатай тэнцэх газар шалгаж эхлэхэд намайг мэдээлэл өгсөн гэж буруутгасан, мөн бусад ажилчдын цалин нэмж миний цалинг бууруулах зэргээр илт ялгамжтай хандсан. Компани 400 сая төгрөгийн алдагдалтай ажилладаг талаар гадагш мэдээлэл дамжуулсан чи Ардчилсан намын үед ажилд орсон чи Ардчиллын хүн учир чи энэ бүгдийг дамжуулж байгаа зэргээр ор үндэслэлгүйгээр зөвхөн намайг л буруутгах болсон.

Гүйцэтгэх захирал Б. нь нярваар ажиллаж байсан, нягтлан бодогч мэргэжил эзэмших битгий хэл ямар ч дээд сургууль төгсөөгүй Э.ийг борлуулалтын нягтлан бодогчоор авч ажиллуулсан. Би Э.т олон удаа тооцооны орлого зарлагын гүйлгээ хийх талаар зааж зааварчилсан боловч энэ хүн нь санхүүгийн наад захын мэдлэггүй, 4 аргын тоо мэддэггүйн улмаас ажлаа хийж шаардлага тавихаар би энэ ажлыг хийж чадахгүй, чи өөрөө хий, би захирлын хүн гэх зэргээр намайг хэл амаар доромжилж над руу бичиг цаасаа шидэж миний нүүр лүү шүлсээрээ нулимсан.

Шүлсээ миний нүүр луу нулимсан Э.ийн үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан мөртлөө түүний энэ үйлдлийг дахин давтагдуулахгүй гэж таслан зогсоосон намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Компани дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.11 дэх, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.5, 13.7.10 дах заалтуудыг тус тус үндэслэн Сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж Гүйцэтгэх захирлын тушаалаар эдийн засагч Л.******* надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон цуцалсанд миний бие маш их гомдолтой, мөн хүлээн зөвшөөрөхгүй байна.

Яагаад гэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заажээ.

Энэ хуулийн заалтад Сахилгын ноцтой зөрчил гэсэн үг үсэг алга байна. Харин хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж байна.

Эдийн засагч Л.******* гүйцэтгэх захирал Б. нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд сахилгын ноцтой зөрчил гаргавал хөдөлмөрийн гэрээг цуцална гэсэн заалт байхгүй. Юуг сахилгын ноцтой зөрчил гэж үзэх талаар тохирч гарын үсэг зурсан зүйл байхгүй.

Мөн эдийн засагч Л.******* миний хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №Б/21 тушаал нь үг үсгийн илэрхий алдаатай, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн заалтад байхгүй үг үсэгтэй учир тушаал дээр гарын үсэг зурсан гүйцэтгэх захирал Б. нь Хөдөлмөрийн тухай хуулийн наад захын мэдлэггүйг харуулж байна.

******* ******* ТӨХК-д Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус байнгын ажиллагаатай комисс байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан шууд шүүхэд хандаж байгаа тул нэхэмжлэгч Л.******* намайг ******* ******* ТӨХК-ийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар оролцож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.7.10 дахь хэсгийг барьж яриад байна. Олон нийтийн арга хэмжээний үеэр бусдыг доромжилсон танхайрсан, бусдын эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн гэж байна. Хариуцагч компанийн ёс зүйн зөвлөл нь хуралдаад 2023 оны 02 дугар сарын 09-ний өдөр ёс зүйн зөвлөлөөс ажлын байран дээр бусдын эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн, танхайрсан гэж дүгнэлт гаргасан байдаг. Дараагийн заалтаараа борлуулалтын менежер Э. нь бусдыг доромжилж ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэсэн байдаг. Хоёр ажилтнаа хоёулаа буруутай гэж үзсэн атлаа Э.т ямар ч арга хэмжээ аваагүй байдаг. Тэгээд Л.*******ийг ажлаас нь халсан. Танхайрсан, бусдын эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэсэн гээд байна. Миний ойлгож байгаагаар цагдаагийн байгууллагаар шалгуулах ёстой. Тиймдээ ч цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Цагдаагийн байгууллага шалгаад, прокурор хянаад, шүүх шийдвэр гаргана. Тэгсэн энэ асуудлыг ******* ******* ТӨХК нь өөрсдөө шалгаад, өөрсдөө хянаад, өөрсдөө тогтоосон байдаг. Л.*******ийг буруутай гэж үзээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мон******* Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт ... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан. Энэ заалтыг Дулаан ******* ТӨХК зөрчөөд байна. Хөдөлмөрийн гэрээний яг аль заалтыг зөрчөөд байна вэ. 8.3 дахь заалт гэж ерөнхийд нь яриад байна. Яг аль заалтыг нь зөрчсөн гэдэг нь тодорхойгүй байна. Иймд зөрчил гаргаагүй, шүүх эцэслэн шийдвэрлээгүй, гомдол гаргасан байгаа тул нэхэмжлэл үндэслэлтэй.

Иймд ******* ******* ТӨХК-ийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2,111,323.09 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргахын зэрэгцээ, бодит нөхцөл байдалд нийцэхгүй, маш олон үндэслэлгүй худал зүйл бичсэн нь түүнийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасандаа гэмшиж ухаараагүйг илэрхийлж байх тул харамсаж байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо хуульд заасан тодорхой үндэслэл, журмыг баримтлах үүрэгтэй тул ******* ******* ТӨХК нь дараах байдлаар хууль журмын процессын дагуу Л.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Үүнд:

Л.******* нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тухайн компанийн борлуулалтын мэргэжилтэн Э.тэй маргалдаж, хэл амаар доромжилж, цаас шидэж, үсдэж, үсийг нь туг тугаар нь унагааж бусдын эрүүл мэндэд нь халдсан. Ажлын байран дээр танхайрсан үйлдлийг гаргасан. Түүний ийм үйлдэл гаргасныг диспетчер Ж., горим тооцооны инжене М. нар харсан, мөн Л.*******ийг Э.ийг үсдээд дарсан байхад тооцооны нягтлан бодогч Л.Мөнхтуяа Л.*******ийг болиулан өөрийн өрөөндөө оруулсан байдаг. Энэ хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан асуудлыг 2023 оны 02 сарын 09-ний өдөр ******* ******* ТӨХК-ийн ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Л.*******ийг ажлын байранд бусдыг доромжилсон, эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн зөрчил гаргасныг тогтоон хөдөлмөрийн дотоод журмын дагуу арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.

Ёс зүйн хорооны дүгнэлт, Э., Л.*******, Ж., М. нарын тайлбараар Л.******* нь бусдыг доромжилсон, танхайрсан, бусдын эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн нь тогтоогдсон тул түүнтэй 2022 оны 01 сарн 31-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг /гэрээ/ цуцлах нөхцөл бүрдсэн.

Хөдөлмөрийн гэрээний 8.3-д Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ноцтой зөрчлийг гаргасан болон энэхүү гэрээний 4.4, 6.2.3, 6.3.4, 6.4.9, 6.5.5, 6.6.5 дахь заалтуудад заасан үндэслэлээр энэхүү гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцална гэж заасан.

Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.5.10-д ажлын байр хувцас солих өрөө, хооллох танхим, захиргаа, аж ахуйн байр, үйлдвэрийн бүс, ажилдаа ирэх, буцах үедээ ажилнуудын автобус унаанд, олон нийтийн арга хэмжээний үеэр бусдыг доромжилсон, танхайрсан, бусдын эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн гэж зааж, тухайн зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбоотойгоор гүйцэтгэх захирлын 2022 оны 04 сарын 29-ний өдрийн А/12 дугаар тушаалаар Хөдөлмөрийн дотоод журамыг шинэчлэн баталсан бөгөөд энэхүү шинэчлэн баталсан Хөдөлмөрийн дотоод журамд хуучин Хөдөлмөрийн дотоод журмын 10.5.10 дахь заалтын дугаарлалтыг 13.7.10 дугаар зүйл болгон өөрчилсөн.

Л.*******ийн гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчил нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.3-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил мөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, 123.2.5 дахь хэсгийг үндэслэн ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирал 2023 оны 02 сарын 10-ны өдрийн Б/21 дугаартай тушаалаар Л.*******ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэхүү тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд бүрэн нийцэж байгаа бөгөөд ажил олгогч нь ноцтой зөрчил гаргасан ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цуцлах бүрэн эрхтэй билээ.

Нэхэмжлэгч Л.******* нь нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ би олон шагналаар шагнагдаж байсан тухайгаа болон гүйцэтгэх захирлын бүрэн эрхийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан Б. гэсэн хувь хүн рүү чиглэсэн, үндэслэлгүй худал зүйл бичжээ. Эндээс дүгнэхэд, нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа үндэслэлгүйг илэрхийлсэн байна. Учир нь нэхэмжлэгч нь шүүхэд ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б. гэж хүн бол маш муу хүн, дээр нь өөрт нь үсээ туг тугаар зулгаалуулсан Э. гэж ажилтан Б. захирлын хүн болохоор хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцалсан гэж ойлгуулах гэсэн ядмаг, ёс зүйгүй хандлага гаргажээ.

Мон******* Улсын болон олон улсын хэмжээнд төрийн ч бай, хувийн хэвшлийн байгууллагад нэг ажилтан нь нөгөө ажилтанаа ажил хэргийн үл ойл*******цсон шалтгаанаар өрөөнд нь орж үсдэн дарж, үсийг нь туг тугаар авч хаясан танхай балмад хэрцгий үйдлийг байдаг л энгийн хөдөлмөрийн сахилын зөрчил гэж үзэхгүй нь тодорхой, Тийм учраас ******* ******* ТӨХК хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамдаа хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Түүнчлэн Л.*******ийн гаргасан балмад хэрцгий үйлдэл бол ноцтой сахилгын зөрчил мөн эсэх дээр ямар ч маргаан санал зөрөлдөөн байхгүй бөгөөд 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж ирсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох гэсэн бүтэн зохицуулалтын агуулгаар ч илэрхийлэгдэнэ.

...Энэ зөрчлийг өөгшүүлэх юм бол ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хууль байгаад ямар ч хэрэг байхгүй. Тийм учраас ажил олгогчийн шийдвэр хуулийн дагуу гарсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч талаас шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгч байх шиг байна. Нэхэмжлэгч өөрөө энэ зөрчлийг гаргаснаа давхар баталж өгч байна. Энэ зөрчлийг гаргасан уу, үгүй юу гэдэгт маргах зүйл байхгүй байна гэв

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар ******* аймгийн ******* ******* сум ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/21 дугаартай ******* *******ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал /хх-ийн 4/, Мон******* Улсын Сангийн яамны Жуух бичиг /хх-ийн 5/, Эрчим хүчний зохицуулах хорооны Хүндэт жуух /хх-ийн 6/, ******* аймгийн Засаг даргын Жуух бичиг /хх-ийн 7/, Үйлдвэрчний эвлэлийн холбооны Хүндэт өргөмжлөл /хх-ийн 8/, 2022 оны 11, 12 сар, 2023 оны 1 сарын цалингийн тооцооны хуудас /хх-ийн 9-11/, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 2023/ЗШ/138 дугаартай шийтгэвэр /хх-ийн 87-88/, ******* аймгийн эргүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн захирамж, хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэж танилцуулсан тухай баримт №11, ******* аймгийн эргүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тов /хх-ийн 89-91/, Л.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 92-97/, Л.*******ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 98-99/, Л.*******ийн ажилгүй байсан хугацааны цалингийн тооцоолол /хх-ийн 100/ зэргийг шүүхэд гарган өгсөн байна.

6. Хариуцагч талаас ******* ******* ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт гаргах тухай /хх-ийн 26/, ******* ******* ТӨХК-д тайлбар /хх-ийн 27/, диспетчир Ж. болон М. нарын тодорхойлолт /хх-ийн 28-29/, ******* аймгийн ******* ******* сум ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 05 сарын 02-ны өдрийн Б/78 дугаартай Л.*******ийг эдийн засагчаар авч ажиллуулах тухай тушаал /хх-ийн 30/, Э.ийн ******* ******* ТӨХК-ийн захиргаанд гаргасан өргөдөл /хх-ийн 31/, үсны зураг /хх-ийн 32/, толгойн орой хэсгийн зураг /хх-ийн 33/, үсний зураг /хх-ийн 34/, ******* аймгийн ******* ******* сум ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 сарын 29-ний өдрийн А/12 дугаартай Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаал /хх-ийн 35/, ******* ******* ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 36-51/, ******* аймгийн ******* ******* сум ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 сарын 31-нийн өдрийн А/5 дугаартай тушаал Хөдөлмөрийн дотоож журмыг шинэчлэн батлах тухай тушаал, хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 66-79/, ******* аймгийн ******* ******* сум ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б. болон Л.******* нарын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 80-82/, ******* ******* ТӨХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 83/ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч ******* ******* ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шүүхэд ******* ******* ТӨХК-ийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан 2023 оны 02 сарын 10-ны өдрөөс 2023 оны 03 сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 32 хоногоор тооцож, нийт 2,111,323.9 төгрөгийн цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар шаардлага гаргасан болно.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн үндэслэлээ ...Эдийн засагч Л.******* болон гүйцэтгэх захирал Б. нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд сахилгын ноцтой зөрчил гаргавал хөдөлмөрийн гэрээг цуцална гэсэн заалт байхгүй. Юуг сахилгын ноцтой зөрчил гэж үзэх талаар тохирч гарын үсэг зурсан зүйл байхгүй. ...Мөн Л.*******ийн нүүр лүү нулимсан Э.ийн үндсэн цалингаас 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан мөртлөө түүний энэ үйлдлийг дахин давтагдуулахгүй гэж таслан зогсоосон Л.*******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажлаас халсан нь үндэслэлгүй. Ажлын байран дээр бусдын эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн, танхайрсан зөрчил гаргасан гэж байгаа боловч үүнийг эрх бүхий байгууллага тогтоогоогүй байхад гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй... гэж тайлбарлаж байна.

4. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ ...Л.******* нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тухайн компанийн борлуулалтын мэргэжилтэн Э.тэй маргалдаж, хэл амаар доромжилж, цаас шидэж, үсдэж, үсийг нь туг тугаар нь унагааж бусдын эрүүл мэндэд нь халдсан. Ажлын байран дээр танхайрсан үйлдлийг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан процессын ажиллагааг бүхэлд нь хийж, Л.*******ээс зөрчлийн талаар тайлбар авч, байгууллагын ёс зүйн зөвлөлөөр хэлэлцээд энэ асуудлыг тогтоосон. Энэхүү үйлдлийг хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд ноцтой зөрчил гэж заасан тул энэхүү үндэслэлээр гарсан ажил олгогчийн шийдвэр хуульд нийцсэн.. гэж маргадаг болно.

5. Л.******* нь ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 сарын 10-ны өдрийн Б/21 дугаартай ******* *******ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг эс зөвшөөрч шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т ажилтан нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийн талаарх гомдлыг шууд шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй байна.

6. Л.******* нь ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 05 сарын 02-ны өдрийн Б/78 дугаартай тушаалаар тус компанийн санхүү борлуулалтын хэлтсийн эдийн засагчаар томилогдон ажиллаж байгаад 2023 оны 02 сарын 10-ны өдрийн Б/21 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгджээ. /хх-ийн 4, 30 дугаар хуудас/

7. Дээр дурдсан нэхэмжлэгч Л.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.5, 13.7.10 дахь заалтуудыг тус тус үндэслэн, 2023 оны 02 сарын 07-ны өдөр сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж 2023 оны 02 сарын 10-ны өдрөөр тасалбар болгон, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т: ажилтан ... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заажээ.

Тушаалын үндэслэл болсон тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 сарын 29-ний өдрийн А/12 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан ******* ******* ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 13.7.10-д: ажлын байр, хувцас солих өрөө, хооллох танхим, захиргаа, аж ахуйн байр, үйлдвэрийн бүс, ажилдаа ирэх буцах үедээ ажилтнуудын автобус унаанд, олон нийтийн арга хэмжээний үеэр бусдыг доромжилсон, танхайрсан, бусдын эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заасан байна. /хх-ийн 35-51 дүгээр хуудас/

8. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр ...Шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн 2022 оны 01 сарын 31-ний өдөр Л.*******тэй Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан бөгөөд энэ үед 2019 оны А/5 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам хүчинтэй үйлчилж байсан тул хөдөлмөрийн гэрээний 8.3-т энэхүү хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ноцтой зөрчлийг гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Тухайн байгууллага Хөдөлмөрийн дотоод журмаа 2022 оны 04 сарын 29-ний өдөр шинэчлэн баталсан бөгөөд энэхүү журмын 13.7.10 дахь заалт, 2019 онд батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын 10.5.10-д заасантай адил зохицуулалттай бөгөөд дугаарлалтын л өөрчлөлт орсон, түүнээс тухайн зөрчлийг ноцтой зөрчилд тооцдог гэдгийг Л.******* мэдэж байгаа гэж тайлбарладаг болно.

9. Хэрэгт авагдсан ******* ******* ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 02 сарын 09-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтээр Эдийн засагч Л.******* нь ажлын байранд бусдыг доромжилсон, танхайрсан, бусдын эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, Ажилтнуудын ёс зүйн дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.1.5-д заасан бусадтай /удирдлага, ажилтан, үйлчлүүлэгч, түнш гэх мэт/ хүндэтгэлтэй, соёлтой харилцаж, үлгэр дууриалал үзүүлж, анхаарал халамж тавина гэсэн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргасан гэж дүгнээд Хөдөлмөрийн дотоод журмын дагуу арга хэмжээ авахыг зөвлөж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 26 дугаар хуудас/

Мөн нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр нотлох баримтаар гаргаж өгсөн ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 2023/ЗШ/138 дугаартай Шийтгэл оногдуулах тухай шийтгэвэрээр Л.*******, Э. нарыг Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.5, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан зөрчил үйлдсэнд тооцож, Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Л.*******, Э. нарт Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.5 дахь хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл тус тус оногдуулсан бөгөөд тус шийтгэвэрт Л.******* давж заалдах гомдол гаргасныг ******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 04 сарын 05-ны өдрийн 10 цаг 30 минутад товлосон болох нь хэрэгт авагдсан Ерөнхий шүүгчийн захирамж, хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэж танилцуулсан тухай баримтаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 87-91 дүгээр хуудас/

10. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Л.******* нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн болох нь тогтоогдож байгаа боловч энэхүү зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар Хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах үндэслэл болох ноцтой зөрчилд хамааруулан заасан эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл Л.*******тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг баримтлаагүй байна.

Хэрэгт Л.*******тэй байгуулсан 2022 оны 01 сарын 31-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ авагдсан бөгөөд энэхүү гэрээний 8.3-т хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг заажээ.

Үүнд Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ноцтой зөрчлийг гаргасан үндэслэлээр энэхүү гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байна.

******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 сарын 29-ний өдрийн А/12 дугаартай тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах дуусгавар болох бусад үндэслэлүүдийг заасан боловч ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар тусгайлан заасан заалт байхгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг байгуулах үед 2019 онд батлагдсан хөдөлмөрийн дотоод журам үйлчилж байсан тул уг журмын холбогдох заалтыг хөдөлмөрийн гэрээнд заасан гэж тайлбарлаж байгаа боловч 2019 оны А/5 дугаар тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журам 2022 оны 04 сарын 29-ний өдрийн гүйцэтгэх захирлын А/12 дугаартай тушаалаар хүчингүй болсон байна.

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах үндэслэл болох ноцтой зөрчлийг тусгайлан заахаар заасан боловч хариуцагч байгууллага болон Л.******* нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийг тусгайлан заагаагүй байхад Л.*******ийн гаргасан дээрх үйлдлийг ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлгүй юм.

Нөгөө талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 онд батлагдсан дотоод журмын 13.7.10-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү зөрчлийн талаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заагаагүй, өөрчлөлт оруулаагүй байхад шүүх хүчингүй болсон дотоод журмын заалтыг шинээр батлагдсан журмын заалттай ижил агуулгатай боловч дугаарлалт өөр гэх байдлаар тайлбарлах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 сарын 10-ны өдрийн Б/21 дугаартай ******* *******ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал хууль зүйн үндэслэлгүй байна дүгнэж байгаа тул Л.*******ийг тус компанийн Санхүү борлуулалтын хэлтсийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцож, хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь дээрх олговрын хэмжээг шүүх хуралдаан дээр тодруулж, 2.111.323,9 төгрөгийн шаардлага гаргасан болно.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06 -ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын  2.3.5-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцохоор байна.

Нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг 2023 оны 03 сарын 29-ны өдрийн байдлаар ирүүлсэн бөгөөд ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх бүтэн цалин бодогдсон 2022 оны 11, 12, 2023 оны 01 дүгээр саруудын дунджаар тооцоход, 1 сарын дундаж цалин хөлс 1,405,350 төгрөг байна. Нэг өдрийн цалинг тооцоход 66,921 төгрөг байх бөгөөд ажилгүй байсан 30 хоногоор үржүүлэхэд 2,007,630 төгрөг болж байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,007,630 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Л.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 103,693 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

12. Л.*******ийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнгээс тооцож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 47,072 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар Л.*******ийг ******* ******* ТӨХК-ийн Санхүү борлуулалтын хэлтсийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 2,007,630 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.*******т олгож, үлдэх хэсэг болох 103,690 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Л.******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 47,072 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор ******* аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ