| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/0055/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/61 |
| Огноо | 2025-11-13 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.Д |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/61
2025 11 13 2025/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймгийн Б сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Д.Д
Шүүгдэгч Р.С нарыг оролцуулан Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор С.Г-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Р.-н С-д холбогдох эрүүгийн 254... дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19.. оны 0.. дугаар сарын ..-ны өдөр С аймгийн А суманд төрсөн, 69 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, мэргэжлээс шалтгаалах өвчний 60 хувийн группт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Ж-ын 404 тоотод оршин суух, Монгол Улсын “Онц тээвэрчин” цол тэмдгээр шагнагдаж байсан,
урьд Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, ялаас чөлөөлөгдөж байсан, Б овогт Р.-н С. /РД:............/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.С нь Х аймгийн Б сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ЗШ/93 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 09 дүгээр сарын 14-ний орой Х аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Жаргалантын гудамжинд 0000 ХЭН улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.С “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Эрүүгийн 254... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:
1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-5 дугаар хуудас/
2.Гэрч М.М-ын “...Би 2025 оны 09 сарын 14-ний өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл оройн 20 цагийн үед цагдаагийн байгууллагын шуурхай жижүүрийн утсанд дуудлага ирж согтуу хүн осол хийсэн байна гэж хэлсэн. Дуудлага мэдээллээр очоод шалгатал С гэх хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэрэлтүүлгийн шон мөргөсөн байдалтай байсан. Тухайн үед шаардлага тавьсан согтуу нь илт мэдэгдэж байсан. Хэлтсийн байршилд ирж согтуурлын зэрэг хэмжих багажаар хэмжих гэтэл шалгуулахаас зайлсхийсэн. Машиныг нь хэлтсийн байршилд авчрах гэж очиход өгөхгүй гэх мэтээр эсэргүүцсэн …” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15 дугаар хуудас/
3.Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЗ/93 дугаартай шийтгэвэр
4.Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 19-22 дугаар хуудас/
5.Иргэний нэхэмжлэгч БОНТҮГ-ын дарга Э.Э-ын “...Би 2025 оны 09 сарын 14-ний орой тухайн болсон зүйлийг мэдсэн. Р.С гэх хүн 1 шон мөргөөд унагаасан байсан. Би очиж харахад машинтайгаа мөргөчихсөн зогсож байсан. Маргааш нь цагдаагаас явууллаа гэж хэлээд ирсэн. Бид 2 хоорондоо ярилцаад өөрөө засаад өгчих хэвийн ажиллагаанд оруулаад өг гэхэд за гэж хэлсэн. Одоогоор гэрлийн шон болон кабелийн 400,000 төгрөгийг төлсөн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Р.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Р.С нь Х аймгийн Б сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ЗШ/93 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 09 дүгээр сарын 14-ний орой Х аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Жаргалантын гудамжинд 0000 ХЭН улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу уг гэмт хэргийг үйлдэхэд ямар нэг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Р.С нь жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, улмаар Жаргалант 4 дүгээр багт байрлах гэрлийн шон мөргөсөн үйл баримт тогтоогдсон, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх ба нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Р.С-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх иргэний үүргээ биелүүлдэггүй, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас Х аймгийн Б сумын БОНТҮГ-т эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Р.С нь Жаргалант 4 дүгээр багт байрлах гэрлийн шонг засварлаж хэвийн болгохоор тухайн байгууллагын дарга Э.Э-тэй тохиролцож, 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг төлсөн болох нь иргэний нэхэмжлэгч Э.Э-ын мэдүүлэг, БОНТҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 117 дугаартай албан бичиг /хх-ийн 33, 37-р хуу/ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч байгууллага нь гомдолгүй тухайгаа албан бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Р.С нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч Р.Сд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Р.С-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.
Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч Р.С нь 69 настай, мэргэжлээс шалтгаалах өвчний 60 хувийн группт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Монгол Улсын “Онц тээвэрчин” цол тэмдгээр шагнагдаж байсан, урьд 1 удаа ял шийтгүүлж, ялаас чөлөөлөгдөж байсан гэх хувийн байдал тогтоогдсон.
Шүүгдэгч Р.С нь 69 настай, үе мөчний өвчнөөр мэргэжлээс шалтгаалах өвчний Б-3 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон тухай Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-ийн 45-р тал/, түүний “Группийн мөнгө сард 994,000 төгрөг байдаг боловч малчны зээлд бүгд татагдаад гар дээр мөнгө ирдэггүй...” гэх мэдүүлэг зэргийг үндэслэн түүнд торгох ял оногдуулах боломжгүй байна.
Мөн шүүгдэгч Р.С нь 19.. онд төрсөн, 69 настай бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “нийтэд тустай ажил хийлгэх ялыг ...жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй.” гэж заасан байх тул түүнд хууль заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, ялаас чөлөөлөгдөж байсан зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Р.С-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.С нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух газраас буюу Х аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Х аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Р.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлав.
Шүүгдэгч Р.С нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Р.-н С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Р.-н С-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Сд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух газраас буюу Х аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Х аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Р.С нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Р.Сд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ