Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 132/ШШ2023/00212

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г*******ын Б******* -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б*******ын Г******* -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,990,000 /гурван сая есөн зуун ерэн мянга/ төгрөг гаргуулах тухай132/2023/00161/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Б******* нь хариуцагч Б.Г*******д холбогдуулан 3,990,000 /гурван сая есөн зуун ерэн мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие 2020 оны 12 сарын 22-ны өдөр барьцаат зээлийн гэрээний дагуу ******* БУЛ улсын дугаар бүхий хариуцагчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг барьцаалж,  6,000,000 төгрөгийг хариуцагч Б.Гын Хаан банкны 5******* дугаартай данс руу шилжүүлсэн. Сар бүрийн 22-ны өдөр хүү төлж 2021 оны 6 сарын 22-ны өдөр дуусгавар болох байсан ч гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй. Удаа дараа хөөцөлдөж ... чамайг хохиролгүй болгоно гэсэн аман гэрээ хийсэн ч эцэст нь үндсэн мөнгийг өгнө гэж өөрийн дураар шийдсэн. Энэ 3 жилд мөнгөний үнэ цэнэ дор хаяж 50 хувиар буурсан. Өөрөөр хэлбэл миний мөнгө 12,000,000 төгрөгтэй тэнцэх өртөгтэй болсон. Үнэндээ 12,000,000 төгрөг нэхэмжилмээр байвч хуульд захирагдаж нэхэмжлэлээ бичлээ. 2022 оны 11 сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 9 сарын 6-ны өдөр 4,000,000 төгрөг төлсөн. Иймд зээлийн гэрээ болон аман тохиролцоонд үндэслэн 3,990,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С*******д 2020 онд мөнгө зээлүүлээд 2022 оны 11 дүгээр сард мөнгөө авч дуусгасан. Мөнгөө өгч дуусгахад нь хүүний мөнгө гэж хэдэн төгрөг өг гэж хэлсэн. Тэгтэл өгнө гэж хэлчихээд алга болсон. Тэгээд зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан байгаа. Алданги 2,993,000 төгрөг, үндсэн мөнгө 1,000,000 төгрөг нийт 3,990,000 төгрөгийг нэхэмжилж байна.

 3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие С.С******* нь Б*******ээс 6,000,000 төгрөг зээлэхээр болж, 2020 оны 12 сарын 22-ны өдөр Г.Б*******тай гэрээ хийж сарын 8 хувийн хүүтэй 6,000,000 төгрөг зээлсэн. 2021 оны 01 сарын 22-ны өдрөөс 480,000 төгрөгийн хүүг сар болгон өгч 2021 оны 9 сарын 22-ны өдрийг хүртэл хүү төлсөн байдаг. 4,000,000 төгрөгийг би өөрөө авч 2,000,000 төгрөгийг найздаа авч өгсөн. 9 сард 480,000 төгрөг төлөхөөс 60,000 төгрөгийг дутуу өгсөн. Үүнээс хойш 1 жил хүү өгч чадаагүй улс оронд Ковид гэх өвчин гарч бизнес болон санхүүд хямрал гарч төлөх чадваргүй болсон гэхдээ байнга уулзаж үнэнээ хэлдэг байсан. 2022 оны 9 сард үндсэн мөнгө болох 4,000,000 төгрөгийг Б*******ийн дансанд хийсэн бас найз маань 2,000,000 төгрөгийг 2022 оны 11 сард бүрэн барагдуулж дуусгасан. Ингээд нийт үндсэн 6,000,000 төгрөгийн хүү болох 9 сарын хүү 4,320,000 төгрөг төлсөн. Дээрээс нь үндсэн мөнгө 6,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Би энэ мөнгийг төлөх гэж өөрийн байраа зарж одоо түрээсийн байранд амьдарч байгаа. Хүний мөнгө авсан тул хохиролгүй болгоно гэж боломж гарвал ганц 2 сарын хүү өгнө гэж Б*******тэй амаар тохиролцсон. ...хүүний асуудлаас чөлөөлж өгч үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв.

4.Нэхэмжлэгч талаас дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-2020 оны 12 сарын 02-ны өдрийн дугаартай зээл болон барьцааны гэрээний хуулбар /хэргийн 3-5, 37-38-р хуудас/,

-Г.Б*******гийн Хаан банкин дахь дугаартай дансны 2020 оны 12 сарын 22-ны өдрийн депозит дансны хуулга /хэргийн 6-р хуудас/,

-2020 оны 12 сарын 22-ны өдрийн дугаартай итгэмжлэлийн хуулбар /хэргийн 36-р хуудас/

 5.Хариуцагч талаас дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-С.Сын Хаан банкин дахь дугаартай дансны 2022 оны 9 сарын 01-ний өдрөөс 10 сарын 01-ний өдөр хүртэл, 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 10 сарын 01-ний өдөр хүртэл хугацааны депозит дансны хуулга /хэргийн 42-65-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч Б.Г*******ас барьцаат зээлийн гэрээний дагуу 3,990,000 төгрөгийг гаргуулна гэв.

3.Хариуцагч үндсэн зээл болон хүүг төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлсон.

 Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 4.2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Г*******ын Б*******, Б*******ын Г******* нарын хооронд сарын 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай 6,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан байна. Мөн өдөр Г*******ын Б*******, Б*******ын Г******* нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ******* БУЛ улсын дугаар бүхий Б.Гын өмчлөлийн ачааны авто машиныг барьцаалсан байна.

 

5.Г*******ын Б*******, Б*******ын Г******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу Г*******ын Б******* нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар Б.Г*******ас зээлийн үндсэн төлбөр гэрээнд заасан хүү, алдангийг нэхэмжлэх эрхтэй.

 

Мөн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлсэнээр зээлийн гэрээ байгуулагдсан тооцогдох бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б*******гийн Хаан банкны дугаартай данснаас 5******* дугаартай Б.Гын данс руу 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

 

6.Зохигч Г*******ын Б*******, Б*******ын Г******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

7.Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С******* нь зээлийн гэрээгээр тохирсон хүүг 2021 оны 9 дүгээр сарыг хүртэл сар бүр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******ийн дансанд төлж байсан бөгөөд үндсэн төлбөр 6,000,000 төгрөг  /2022 оны  9 сард 4,000,000 төгрөг, 2022 оны 11 сард 2,000,000 төгрөг/-ийг төлж дуусгасан гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндсэн мөнгөнөөс 1,000,000 төгрөг дутуу төлсөн, мөн алданги 2,990,000 төгрөгийг хариуцагчаас авна гэж маргаж байна.

 

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С******* нь дугаартай данснаас дугаартай Г.Б*******ийн дансанд С******* хүү гэсэн гүйлгээний утгаар нийт 2,235,000 төгрөг, үндсэн зээл 4,000,000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

Мөн 2022 оны 11 дүгээр сард С******* гэсэн гүйлгээний утгаар нэг сая төгрөгөөр хоёр удаа нийт 2,000,000 төгрөг дугаартай Г.Б*******ийн дансанд орсон талаар зохигч маргаагүй.

 

9.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна. 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэжээ. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно. Өөрөөр хэлбэл тухайн хэлцлийг буюу гэрээг хийсэн гадаад илрэлийг бий болгох зорилгоор хэлцэл хийхийг дүр үзүүлж хийсэн хэлцэл гэнэ.

 

10.Нэхэмжлэгч Г.Б*******, хариуцагч Б.Г******* нар нь зээлийн гэрээ байгуулсан боловч Б.Г*******, С.С******* нарт зээлүүлсэн 6,000,000 төгрөг нь Г.Батуяагийн мөнгө биш харин дүү Г.Б*******ийн мөнгө байсан бөгөөд Б******* нь өөрийн биеэр хариуцагчтай гэрээ байгуулах боломжгүй байсан тул дүү Г.Б*******гаар зээлийн гэрээ байгуулуулсан болох нь дараах нотлох баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

-       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн: миний бие өөрөө С.С*******той зээлийн гэрээ байгуулах боломжгүй байсан тул Б*******г би гэрээ хийгээд өг гэж гуйсан болохоор миний өмнөөс очиж, зээлийн гэрээг Б.Г*******тай хийсэн /шүүх хуралдааны тэмдэглэлийн *-р хуудас/

-       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 6,000,000 төгрөгийг Б*******гаас биш Б*******ээс зээлсэн гэх тайлбар

-       дугаартай Г*******ын Б*******ийн дансанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С******* нь 4,000,000 төгрөгийн үндсэн зээл,  зээлийн хүүг төлж байсан тухай С.С*******, Б.Г******* нарын дугаартай дансны хуулга /хх-ийн *-р хуудас/,

-       2022 оны 11 дүгээр сард С*******о гэсэн нэрээр 2,000,000 төгрөг орж ирсэн 1,000,000 төгрөгийг барааны мөнгөнд бодож авсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар.

 

11.Г.Б*******ээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С******* нь мөнгө зээлэх санал тавьсныг Г.Б******* хүлээн зөвшөөрсөн. Г.Б******* нь С.С*******той зээлийн гэрээг байгуулах боломжгүй байсан тул өөрийн эгч Г.Б*******г С.С*******той гэрээ хийлгэхээр болсон боловч 6,000,000 төгрөгт барьцаалах авто машин С.Сийн нөхөр Б.Гын нэр дээр бүртгэлтэй байсан тул Г.Б******* нь Б.Г*******тай зээлийн гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү тайлбарыг үгүйсгээгүй болно. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

12.Зээлийн гэрээ байгуулсан Г.Б*******, Б.Г******* нар зээлийн гэрээний зүйл болох  6,000,000 төгрөгийг Г.Б*******ийн мөнгө гэдгийг мэдэж байсан мөн зээлдүүлэгч нь Б******* бөгөөд зээлийн төлбөр, хүүг Г.Б*******т төлж байсан зэргээс дүгнэхэд  Г.Б******* нь Б.Г******* нар нь дүр үзүүлсэн хэлцлийг хийсэн байна. Өөрөөр хэлбэл Г.Б*******, С.С******* нарын хооронд 6,000,000 төгрөгийн сарын 8 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулагдсан боловч энэхүү гэрээг хуульд нийцүүлэх, илүү баталгаатай болгох үүднээс Г.Б******* нь Б.Гатулгатай зээлийн гэрээг байгуулж, зээлийн гэрээ хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгосон байна.

Мөн Г.Б******* нь Б.Г*******д 6,000,000 төгрөг зээлэх хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй. Харин Г.Б*******, С.С******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байсан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбараар  тогтоогдож байна.

 

13.Нэхэмжлэгч Г.Б*******, хариуцагч Б.Г******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан дугаартай зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж шүүх дүгнэлээ.

 

14.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

Гэвч нэхэмжлэгч Г.Б******* нь хариуцагч Б.Г*******д 6,000,000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С******* нь 6,000,000 төгрөг болон 6,000,000 төгрөгийн хүүг төлсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбараар тогтоогдож байна.

 

15.Иймд дээрх үндэслэл тогтоогдож байх тул хариуцагчаас 3,990,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 77,350 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хариуцагч Б.Г*******ас 3,990,000 /гурван сая есөн зуун ерэн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Б*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,350 /далан долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.ХИШИГДЭЛГЭР