Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2023/02504

 

 

 

 

 

 

 

 

                            2023        05          19

            101/ШШ2023/02504

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Т /рд:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  “Б” ХХК /рд:/-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Л, хариуцагчийн төлөөлөгч У.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.             Нэхэмжлэгч Г.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Т.Л нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох “Б” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Иргэн Г.Т миний бие 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд “Б” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан юм. Миний бие “Б” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, “Б” ХХК-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”, ажил олгогчтой байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ" болон “Ажлын байрны тодорхойлолт”-оор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан юм. Гэтэл ажилтан Г.Т намайг “Б” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн “Гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөх тухай” 01 дугаартай Тогтоолоор Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн хууль бус үндэслэлээр ажлаас халсан юм. Ажлаас халсан Тогтоолын үндэслэл болсон Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас тогтоол гаргах бөгөөд түүнд төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын дарга гарын үсэг зурна" гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 65.4-д “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 80 дугаар зүйлд зааснаас гадна дараах үндэслэлээр ажил олгогч санаачлан цуцалж болно: 65.4.1 хөдөлмөрийн гэрээг дүгнэхэд ажилтан гэрээнд заасан ажил үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр хангалтгүй биелүүлсэн” гэж тус тус заажээ. Бодит байдал дээр ажил олгогч “Б” ХХК ажилтан Г.Т надтай Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 65 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй бөгөөд миний хийж гүйцэтгэсэн ажлыг харилцан дүгнээгүй болно. Иймд дээр дурдсан “Б” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн “Гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөх тухай” 01 дугаартай Тогтоолыг ажилтан миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр гэж үзэж байна. “Б” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Д.Т 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр ажилтан Г.Т намайг ажлаас халахдаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох тухай Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг огт баримтлаагүй байна. Энэ нь Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 тоот тогтоолын 15 дугаар зүйлд: “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтална. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр, тушаал. тогтоол, захирамж гаргана” гэж тайлбарласныг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Мөн түүнчлэн ажил олгогч болон ажилтны хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан тушаал, шийдвэр гаргах ёстой билээ. Гэтэл ажил олгогч “Б” ХХК, ажилтан Г.Т намайг ажлаас халахдаа “гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэснээс өөр үндэслэл дурдаагүй байна. Ажилтан Г.Т намайг буруутгаж, ажлаас халах болсон үндэслэлээ дээр дурдсан Тушаалдаа огт тодорхой бичээгүй байх тул яг ямар үндэслэлээр ажлаас халагдаж байгаа учраа өнөөдөр хүртэл ойлгохгүй байна. Миний “Б” ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисс болон Багануур дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдлуудыг тус тус шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн тул ийнхүү шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан болно. Иймд ажилтан Г.Т миний бие өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасны дагуу тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргав. Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

1а. Нэхэмжлэгч нь 2021.2.5-2023.1.30 хүртэл гүйцэтгэх захирлаар ажилласан. Сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаж байсан. Гэтэл ТУЗ-н тогтоолоор гэрээний үүрэг хангалтгүй биелүүлсэн гэж халсан. Бодит байдалд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан онцгой нөхцөлөөр гэрээ байгуулаагүй. Хийсэн ажилд дүгнэлт өгөөгүй. Иймд ажлаас халсан тогтоол нь хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Дээд шүүхийн тайлбарт зааснаар халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлаагүй. Мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан байх ёстой. Гэтэл гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн гэснээс өөр зүйл дурдаагүй. Иймд өмнөх ажил албан тушаалд томилж, олговор гаргуулж, шимтгэл төлж, нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. Хариуцагч нь хангалттай ажилласан гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй гэв.

 

2.             Хариуцагчийн төлөөлөгч У.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Б миний бие нь 2023 оны 04-р сарын 24-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн “Шүүхэд дуудан ирүүлэх” мэдэгдэх хуудсыг хүлээн авсан бөгөөд үүний дагуу иргэн Г.Тын нэхэмжлэлийг 2023 оны 04-р сарын 28-ны өдөр гардан авсан. Энэхүү нэхэмжлэлд дараах тайлбарыг хийж байна. Үүнд: “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилж, чөлөөлөх асуудал нь компанийн дүрмээрээ тухайн компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн эрхэд /дүрмийн 9.5-д/ хамаардаг учир миний бие нь Г.Тыг ажлаас чөлөөлөөгүй болно.

2а. Шүүхийн мэдэгдэх хуудсыг 4 сарын 24-нд аваад 28-нд ирж тайлбар өгсөн. Улмаар 5 сарын 23-нд албан тоотоор тайлбар өгсөн. Ингэхдээ компанийн дүрмийн 9.5-д зааснаар гүйцэтгэх захирлыг томилох чөлөөлөх эсэх нь ТУЗ-н эрх юм. Би дараа нь томилогдсон захирал юм. Иймд өмнөх захирлыг чөлөөлсөн нь надад хамааралгүй. Гүйцэтгэх захирлыг томилох нь миний эрх биш. НД-г төлсөн байгаа юм. Ажилгүй байсан хугацааны нөхөн олговор нь надад хамааралгүй юм. Гүйцэтгэх захирлын ажлыг дүгнэх асуудал нь ТУЗ-д хамаарна гэв.

 

3.             Нэхэмжлэгчээс шүүхэд: “Б” ХХК-ийн ТУЗ-н 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоол /хх5/, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоол /хх6/, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1/201 дүгээр тодорхойлолт /хх7/, Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 164 дүгээр тодорхойлолт /хх8/, “Б” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 08 дугаар албан тоот /хх9/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх10/-г нотлох баримтаар ирүүлсэн.

3а. Хариуцагчаас “Б” ХХК-ийн дүрмийн хуулбар /хх26-29/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр Г.Тыг өмнө эрхэлж байсан “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 12,803,333.28 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэв.

 

2.             Нэхэмжлэгч Г.Т нь өмнө эрхэлж байсан “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.             Хариуцагч “Б” ХХК нь ажлаас чөлөөлөх шийдвэрийг бүрэн эрхийн хүрээнд ТУЗ гаргасан бөгөөд олговрын асуудалд хамааралгүй гэж маргасан.

 

4.             “Б” ХХК-ийн ТУЗ-н 2021 оны 02 дугаар сарын05-ны өдрийн 02 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Г.Тыг тус компанийн гүйцэтгэх захирлын ажил, албан тушаалд томилж, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /хх6, 5/

4а. Үүнээс үзэхэд зохигчдын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байжээ. Тодруулбал, хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарт хийгдсэн бичилтээс үзэхэд 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр У.Батсуурийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байх бөгөөд гүйцэтгэх захирлын ажил, албан тушаал нь байнгын ажлын байр тул Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар зохигчдын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх захирлын ажил, албан тушаал нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй тул хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ хийхийг хориглоно. /хх32/

Улмаар зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй тул зохигчдын маргааны зүйл нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах юм.

 

5.             Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлийн талаар зохицуулсан.

5а. Дээрх ажлаас чөлөөлсөн 1 дүгээр тогтоолоос үзэхэд дээрх хуулийн заалтыг баримтлаагүй байгаа нь тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болгосон байна.

5б. Тогтоолд хөлсөөр ажиллах гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх боловч энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу ирүүлээгүй. Нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлыг дүгнэж акт үйлдээгүй гэж маргаж байна.

Түүнчлэн дээрх үндэслэлээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулах боломжгүй.

 

6.             Хариуцагчийн төлөөлөгч нь гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх асуудал нь компанийн дүрэмд зааснаар ТУЗ-н эрх хэмжээний асуудал гэж маргаж байна.

6а. Компанийн тухай хуулийн 9 дүгээр бүлэгт зааснаар төлөөлөн удирдах зөвлөл гэдэг нь компанийн бүтцэд хамаарах бөгөөд хувьцаа эзэмшигчийн хурлаас бусад хугацаанд эрх барих байгууллага юм. Өөрөөр хэлбэл, компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь бие даасан байгууллага биш бөгөөд хууль зүйн хувьд бие даасан субъект болохгүй. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн ТУЗ-н шийдвэр компанид хамааралгүй гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй.

 

7.             “Б” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 08 дугаар албан тоотоор тус компанид хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байхгүй болох нь тогтоогдсон бөгөөд Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1/201 дүгээр тодорхойлолт, Багануур дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 164 дүгээр албан тоотоос үзэх хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна. Иймд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй.

 

8.             Нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, мөн оны 03 дугаар сарын 29-ны өдөр тус тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзсан байна. /хх11-12, 13-14/ Улмаар 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. /хх16/

8а. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь гурван талт хороонд хандаж гомдол гаргаж байсан болох нь дээрх 1/201 дүгээр тодорхойлолт, 164 дүгээр албан тоотоор тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

9.             Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл ажлаас чөлөөлөх тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, гаргасан гэх зөрчил нь тогтоогдоогүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгох нөхцөлийн талаар тохиролцоогүй байх тул нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан гүйцэтгэх захирлын ажил, албан тушаалд эгүүлэн томилох үндэслэлтэй.

 

10.          Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.

10а. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх 3 сарын хугацаанд сард 3,450,000 төгрөгийн цалин хөлс авч байсан болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх10/

Үүнээс сард ногдох ажлын өдрийг 22.5-р тооцвол өдөрт 153,333.33 төгрөгийн цалин хөлс авч байжээ. Ажилгүй байсан хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцвол 3 сар, 16 өдөр тул 3 сард 10,350,000 төгрөг, 16 өдөрт 2,453,333.28 төгрөг, нийт 12,803,333.28 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

11.          Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан нийгмийн даатгалын албан журмын даатгалд хамаарна. Мөн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоог гаргаж, төлөх үүрэг хүлээнэ.

Иймд олговорт холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нөхөн төлөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

Түүнчлэн хэдийгээр нийгмийн даатгалын дэвтэрт нь цахим хэлбэрт шилжсэн боловч нэхэмжлэгч нэгэнт энэ талаар шаардлага гаргасан тул олговор олгосны үр дагавар болох энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

12.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох шаардлагад 70,200 төгрөг, 12,803,333.28 төгрөгийн олговорт холбогдох 219,803.33 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалтай холбоотой шаардлагад 70,200 төгрөг, нийт 360,203.33 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.             Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Тыг хариуцагч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.             Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 3 дугаар зүйлийн 3.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 16.5-д зааснаар хариуцагч “Б” ХХК-с олговорт 12,803,333.28 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Тт олгож, хариуцагчид олговорт холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгасугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 360,203.33 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

4.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ГАНБОЛД