Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 1071

 

 

 

 

 

 

 

 

 

У.Ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/01029 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: У.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Эт холбогдох,

 

Гэрээнээс татгалзаж, 7 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: У.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Мядагбадам

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч У.Н нь гар утасны засвар үйлчилгээ хийх зорилгоор Г.Эаас гар утас засахад зориулагдсан тоног төхөөрөмж болох /rebailling machine/-г 5 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, “М” ББСБ-аас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг 6 сарын хугацаатай, жилийн 60 хувийн хүүтэй зээлж Г.Эт 5 000 000 төгрөгийг өгсөн.

Уг тоног төхөөрөмж 60x80 харьцаатай нилээн овор хэмжээ ихтэй эд зүйл байсан бөгөөд гар утас засварын түрээсийн байр олдоогүй учир Г.Этай хийсэн наймаагаа буцаахаар тохиролцсон.

Г.Э төхөөрөмжийн үнэ болох 5 000 000 төгрөгийг буцаан өгнө гэсээр жил гаруй хугацаа өнгөрсөн. Г.Э нь У.Нд мөнгийг буцаан өгнө гэж удаа дараа хэлж, улмаар У.Ны өмнөөс “М” ББСБ-д хоёр удаа зээлийн төлбөрийг төлж байсан. Мөн Г.Э төхөөрөмжийн үнийг буцаан төлөхөө гэрчилж, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулан гарын үсэг зурсан.

Г.Э мөнгийг буцаан төлөхгүйн улмаас У.Н нь банк бус санхүүгийн 2 500 000 төгрөгийн илүү төлөлт хийсэн. Иймд Г.Эаас төхөөрөмжийн үнэ 5 000 000 төгрөг, зээлийн хүүд илүү төлөлт хийсэн 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: У.Н нь гар утасны засварын үйл ажиллагаа эрхэлнэ гэж 2017 оны 11 сард Г.Эаас rebailling machine гар утас засварын тоног төхөөрөмжийг 5 000 000 төгрөгөөр худалдан авсан ба тухайн үед тоног төхөөрөмжийг авч явсан бөгөөд 2 сар гарангийн дараа гар утасны засвар үйлчилгээ явуулах тохиромжтой ажлын байр олдохгүй байна, танай энд түр тавьчихъя гэж хэлээд орхиж явсан.

У.Н нь эд зүйлийг худалдан авснаас хойш гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах санал хүсэлт гаргаж байгаагүй.

Г.Э тэдний өмнөөс банк бус санхүүгийн байгууллагад зээл төлж байгаагаагүй. Нэхэмжлэгчийн тал 2018 оны 08 сарын 03-ны өдөр Г.Эыг төхөөрөмжийн үнэ 5 000 000 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрч гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. Хэрэгт байгаа хоёр өөр гэрээний нэг нь буюу эх хувьтай байгаа гэрээг бид зөвшөөрч байгаа. Нэмэлт нөхцөл оруулсан гэрээний эх хувь байхгүй.

Талуудын хооронд үүссэн харилцаа нь хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах харилцаа бөгөөд хэлцлийн үндсэн дээр явагдсан. Иймд хэлцэл хуулийн дагуу цуцлагдаагүй, татгалзаагүй бол өөрийнхөө гэрээгээр хүлээсэн үүргээ буцаан шаардах эрх үүсэхгүй юм.

Худалдах, худалдан авах хэлцлийн дагуу уг тоног төхөөрөмжийг авч яваад ажлын байртай болтлоо энд тавьчихъя гээд орхин явсныг гэрч болон бусад баримтаар нотлогдоно.  Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Б.Эрдэнэбаяраас гэрээнээс татгалзаж, 7 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн У.Ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч У.Ны тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134 950 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

             Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрээнээс татгалзах санал гаргаснаа нотолж чадаагүй гэж үзсэн байна. 2018 оны 08 сарын 03-нд нотариатч Н.Т  дээр очиж талууд тохирсны үндсэн дээр 2018 оны 09 сарын 01-ний дотор мөнгийг буцаан өгөхөөр тохиролцсон. Тоног төхөөрөмжийг анхнаасаа шилжүүлж аваагүй, гэрээгээ нотариатаар хуулбар үнэн гэсэн баримтыг бүрдүүлж шүүхэд өгсөн байтал тайлбараа нотлоогүй гэж буруу дүгнэсэн. Хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт болох Нотариатын байгууллагын тайлбарыг хуульд заасан журмын дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Г.Э эд зүйлийн үнийг төлөх зорилгоор зээлсэн мөнгөний эргэн төлөлтийг 2 удаа хийсэн тухай тайлбараа нотлоогүй гэж үзсэн байна. “М ББСБ” ХХК-аас 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. 2018 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн зээлийн гэрээний сунгалт хийсэн. Энэ сунгалтын хугацаанд 3 удаа У.Ны 5034 тоот данснаас, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 500  тоот данснаас, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 508  тоот данснаас төлөлт хийснийг “М ББСБ” ХХК-аас ирсэн албан тоот нотолно.

Мөн чатаар Г.Э, У.Ны хаягаар холбогдоод ахаа мөнгөө яасан бэ гэхэд ах нь мөнгөө өгсөн гэж хэлсэн байдаг. "М ББСБ" ХХК-д Эрдэнэбаяр мөнгөө төлсөн талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөхөд шүүх нотлох баримтаар аваагүй. Г.Э багажаа анхнаасаа хүлээлгэн өгөөгүй мөнгөө буцаан өгөхөө талууд тохиролцсон байхад шүүх ажлын байр олдохгүй гээд татгалзаж болохгүй гэж буруу дүгнэдэг.

Мөн анхан шатны шүүх гэрч Ч.Бат-эрдэнийн мэдүүлэг, CD-нд бичигдсэн Г.Эын 5 000 000 төгрөгийг өгөх талаар хэлсэн үг нь сонсогдож байхад сонсогдохгүй байна гэж үнэлж дүгнээгүй. Нотлох баримтуудыг бүх талаас нь үнэн зөв үнэлээгүй хэт 1 талыг барьсан шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч У.Н нь хариуцагч Г.Эт холбогдуулан 7 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

У.Н,  Г.Э нар нь 2017 оны 11  дүгээр сард худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдагч Г.Э нь гар утас засахад зориулагдсан тоног төхөөрөмж болох /rebailling machine/-г  5 000 000 төгрөгөөр У.Нд худалдах, худалдан авагч нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 8, 54/

 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв болжээ.

            Дээрх гэрээний дагуу худалдаж байгаа эд зүйл биет байдлаараа Г.Эын ажлын байранд байгаа, У.Н нь Г.Эт гэрээний үнэ болох 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар маргаагүй.

            У.Н, Г.Э нар нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “мөнгө хүлээлцсэн хэлцэл” нэртэй гэрээ байгуулж худалдан авагч 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрээнээс татгалзсаныг, худалдагч Г.Э хүлээн зөвшөөрч гэрээний дагуу шилжүүлэн авсан 5 000 000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор буцаан төлөхөөр тохиролцсон байна. Уг тохиролцоог нотариат гэрчилсэн, Г.Э нь гарын үсэг зурсан тул хүсэл зоригоо илэрхийлсэн гэж дүгнэнэ. /хх 55/

Хариуцагч Г.Э нь дээрх нөхцөл тохирсон гэрээг хийгээгүй, нотариатын дэвтэрт бичилт хийгдээгүй гэж маргадаг боловч уг татгалзлалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар  няцаагаагүй байна.

Иймд хариуцагч Г.Э нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсан үр дагавар болох гэрээний дагуу гар утас засварын тоног төхөөрөмжийн үнэд авсан 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгч У.Нд буцаан төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч У.Н нь  гар утас засварын тоног төхөөрөмжийн үнэд төлсөн 5 000 000 төгрөгийг “М ББСБ” ХХК-аас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зээл авч төлсөн, дээрх зээлийн гэрээний дагуу хүүгийн төлбөрт төлсөн 2 500 000 төгрөгийг Г.Эаас гаргуулахаар шаардаж, уг шаардлагын үндэслэлээ Г.Э нь тухайн зээлийн эргэн төлөлтөөс 2 удаагийн төлөлт буюу 5007 , 508  тоот харилцан данснаас тус тус хийсэн гэж тайлбарлан, баримтаар “М ББСБ” ХХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг хэрэгт хавсаргасан боловч тухайн төлөлт хийсэн дансны эзэмшигч хэн болох нь юуны зориулалтаар хийсэн эсэх нь тодорхой бус байгаа тохиолдолд дээрх тайлбар болон баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж шууд дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.          

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/01029 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Эаас 5 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “56 дугаар зүйлийн 56.1” гэсний ард “56.2” гэж нэмж, “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Г.Эаас 94 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Нд олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.ИЧИНХОРЛОО

                                                          

                              ШҮҮГЧИД                                        Т.ТУЯА

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА