| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2017/0113/Э |
| Дугаар | 118 |
| Огноо | 2017-09-07 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг суулган улсын яллагч Ц.Лхамсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, шинжээч Ц., , хохирогчийн төлөөлөгч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд онлайнаар нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 201611000001 дугаартай хэргийг 2017 оны 8 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1979 оны 02 сарын 15-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гааль-татварын мэргэжилтэн мэргэжилтэй, хэрэгт атагдахын өмнө “*******” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарт бүртгэл мэдээллийн ажилтан, мөнгөн хөрөнгийн няраваар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Хэрлэнгийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:............./, ******* овогт ******* .
Шүүгдэгч ******* нь “*******” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарт бүртгэл мэдээллийн ажилтан, мөнгөн хөрөнгийн няраваар ажиллаж байхдаа 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 12 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд байгууллагын орлогын мөнгийг хувийн харилцах дансанд тушаалгаж 12390682 төгрөгийг, мөн 31370025 төгрөгийн бараа материалыг хувьдаа завшиж, 5652210 төгрөгийг дур мэдэн бусдад зээлүүлэн завшиж, “*******” ХХК-д 49412917 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2014 оны 8 сарын 04-ний өдөр “*******” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарт бүртгэл мэдээллийн ажилтан, мөнгөн хөрөнгийн няраваар ажилд орсон. Би 2015 оны 8 сард өөрийн агуулахын бараагаа тоолсон. Тухайн үед 24 сая төгрөгийн бараа дутсан байсан. 2015 оны 7 сард Улсын баяр наадам болох үеэр ачаалал их байсан учир агуулахад байсан барааг ачуулах гэж хүмүүсээс их тусламж авч авсан. Урьд нь би агуулахад байгаа бараагаа өөрөө харилцагч нартаа тоолж өгдөг байсан. Тэр үед л өөрийн алдаанаасаа болоод бараа дутаачихлаа гэж ойлгоод 24 сая төгрөгийн хуурамч падаан бичиж шивсэн. Ингэснээр агуулахын бараа дутагдалгүй болсон. 2015 оны 9 сарын 16-ны өдөр тоологч агуулахын барааг тооллох үед агуулахын бараанаас ямар нэгэн барааг дутагдуулаагүй. 2015 оны 11 сард манай компани зээлээр бараа авсан харилцагч нартайгаа зээлээ тулгаж үзэх үед миний хуурамчаар бичсэн 24 сая төгрөгийн падаан ил гарч ирсэн. Тэгээд дахин агуулахын барааг тоолох үед 31 сая төгрөгийн бараа дутагдалтай гэсэн тооллогын дүн гарсан. Миний хувийн дансандаа авч байсан мөнгө бол байгууллагын бэлэн борлуулалтын орлого байсан юм. Би 2014 оны 8 сараас 2015 оны 12 сарын 08-ны өдөр хүртэл ажиллахдаа байгууллагын борлуулалтын мөнгөн дүнг нэг ч өдөр дутуу тушааж байгаагүй юм. Энэ тухай баримт хэрэгт хавсаргасан. Би шинжээч хандаж “хувийн харилцах дансныхаа хуулгыг нотлох баримтаар танд гаргаж өгч болох уу?” гэхэд “болно” гэсэн хариуг өгсөн. Тэгээд би өөрийн харилцах дансны хуулгаа өгсөн. Шинжээч “*******” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарын нягтлан “танайх орлогоо тодорхойлох ёстой” гэсэн шаардлага тавьсан. Тэгэхэд нягтлан “манай байгууллага нэгдсэн нэг данс ашигладаг. Тухайн дансанд бүх аймгийн орлого орж ирдэг учир зөвхөн Дорнод аймгийн орлогыг шүүх боломжгүй юм” гэсэн хариуг өгсөн байсан. Тэр үед шинжээч “боломжгүй байна гэж байхгүй, ямар ч байсан дансны хуулга хэрэгтэй” гэж хэлж байсан. Би ажил дээрээ нэг өдөр дансаа шүүх гэж очоод нягтлан бодогч хандан “надад нэг компютер гаргаад өгөөч. Би өөрөө дансаа шүүх гэсэн юм” гэхэд ямар нэгэн хариу хэлээгүй. Тэгээд би компани дээр нэг өдрийг хий дэмий сууж өнгөрүүлсэн. Маргааш өдөр нь би шинжээч дансаа шалгах боломж олгохгүй байгаа тухайгаа хэлэхэд “чи өөрөө л сайн асууж лавлах хэрэгтэй” гэсэн. Би 12390682 төгрөгийг хувьдаа ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин 31370025 төгрөгийн бараа материалыг хувьдаа завшиж, 5652210 төгрөгийг дур мэдэн бусдад зээлүүлэн завшсан гэдэгтээ санал нэгдэхгүй байна. Ийм их хэмжээний барааг би хаана нууж, хаана борлуулсан гэдэг нь тодорхойгүй байна. Хөдөө орон нутагт уг хэмжээний мөнгөн дүнтэй барааг худалдааны төлөөлөгч нарт мэдэгдэхгүйгээр борлуулах боломжгүй юм гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний бие “*******” ХХК-нд 2005 онд ажилд орсон. Улмаар 2007 оноос эхлэн “*******” ХХК-ийн Дорнод салбарыг хариуцан ажиллаж байна. 2014 оны 8 сард бүртгэл мэдээллийн ажилтан, мөнгөн хөрөнгийн няраваар ******* ажиллаж эхэлсэн. ийн гаргасан зөрчил 2015 оны 12 сарын 04-ний өдөр илэрсэн. Манай байгууллага 2 сард нэг удаа тооллого хийдэг. 2015 оны 07 сард хийх тооллогын үеэр манай нягтлангийн ар гэрт гачигдал гарсан учир хойшлогдсон. Нягтлан ажилдаа орох үед Дорнод салбарыг хариуцсан нягтлан солигдож хоёр нягтлан ажлаа хүлээж авах байдал удааширч улмаар 9 сард тооллого хийсэн. 2015 оны 05 сар болон 09 сарын тооллогоор ямар нэгэн зөрчил илрээгүй. Манай компани тухайн оны 12 сард харилцагч нараасаа авах ёстой авлагаа бүгдийг нь авч тооцоо нийлдэг юм. Тэр үед “Хэрлэн-Номин” бизнес төвийн нэр дээр 24 сая төгрөгийн авлага үүссэн байсан. Би “Хэрлэн-Номин-бизнес” төвийн Дорнод салбарын ерөнхий нягтлан, нярав хоёртой уулзахад ийн үйлдсэн падаан хуурамч болохыг нь мэдсэн. Тэгээд би агуулахын барааг ийг байлцуулж байгаад 2 удаа тоолсон. Тухайн үед маш их хэмжээний бараа, материалын зөрүү гарч байсан учир төвөөс тоологч ирж тоолсон. Ингээд дээрх мөнгөн дүнгийн бараа, материал дутаасан гэсэн гомдлыг цагдаад гаргасан. нь 2015 оны 07 сард нийлж агуулахын барааг тоолох үед 28 сая төгрөгийн бараа дутсан гэдэг. Тэгээд уг дутагдлыг дарахын тулд 24 сая төгрөгийн хуурамч падаан бичиж программд оруулсан байсан. Манай компани 2015 оны 01 сараас эхлэн нэгдсэн нэг данс ашиглахаа больж салбар бүр тусдаа данстай болсон. Уг дансыг тухайн салбарын нягтлан болон холбогдох ажилтнууд хянаад явах боломжтой юм. Би Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад ийн хийж байсан ажлыг ээлжийн амралттай хүмүүсээ амраах зорилгоор хийж үзэж байсан. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, байгууллагад учирсан хохирлыг гаргуулж өгнө үү” гэв.
Шинжээч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2014 оны 08 сараас компаний дансанд 893348090 төгрөг тушаагдах байснаас 88976865 төгрөгийг өөрийн харилцах данснаас компаний данс руу шилжүүлсэн байсан. 2015 онд 3440273055 төгрөгийг компаний дансанд шилжүүлэх байснаас 2549413127 төгрөгийг шилжүүлж, уг мөнгөний 741430682 төгрөг нь ийн харилцах дансаар дамжиж байгууллагын дансанд шилжүүлэгдсэн байсан. Үлдэгдэл 18042892 төгрөгийг байгууллагын дансанд шилжүүлэгдээгүй үлдсэн байсан. 2014 онд тооллогын зөрүү гараагүй. Харин 2015 оны 01 сард 975027644 төгрөгийн барааны үлдэгдэл байсан. Нэмж 3198633190 төгрөгийн бараа татан авалт хийсэн. Мөн 63539447 төгрөгийн баглаа татан авсан. Дээрх мөнгөн дүнгээс нийт 3440273055 төгрөгийн борлуулалт хийсэн. Үүнээс 2712330 төгрөгийн барааны хорогдол, 11578890 төгрөгийн бараа, 62090160 төгрөгийн баглааг тус тус буцаасан байсныг дээрх мөнгөн дүнгээс хасч тооцсон. Ингээд баримтаар байвал зохих үлдэгдэл нь 630090241 төгрөг байхаас 507861250 төгрөгийн бараа тооллогдсон. Үүнээс барааны хөнгөлөлтүүдийг хасаад нийт 31743386 төгрөгийг дутаасан байсан. Үүнээс төв компаний дансанд 300000 төгрөгийн барааны дутагдлыг төлсөн байсан. нь 2015 оны 08 сарын 01-ний өдрийн байдлаар 28187795 төгрөгийн төрөл бүрийн ундааг “Хэрлэн-Номин” бизнес төвийн нэр дээр хуурамч падаан бичсэн байсан. Дахин 2015 оны 9 сарын 16-ны өдөр “Хэрлэн-Номин” бизнес төвийн нэр дээр 24938625 төгрөгийн төрөл бүрийн ундааны падааныг хуурамчаар бичсэн байсан. ийн дансанд 2015 онд 741430682 төгрөгийг шилжүүлсэн байсан. Үүнээс компаний Дорнод салбарын дансанд 723254160 төгрөгийг тушаасан байсан. Менежер дансанд 802360 төгрөгийг өдрийн орлого хэлбэрээр тушаасан. 2015 оны 07 сард буцалтгүй тусламж хэлбэрээр 100000 төгрөг, 1500000 төгрөгийг, мөн 2015 оны 04 сарын 23-ны өдөр тоот дансанд 2600000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байсан. 2015 оны 04 сарын 24-ний өдөр гэдэг хүнээс орлого хэлбэрээр 2626000 төгрөг болгон авсан байсан. Уг мөнгөн дүн давхар орлого хэлбэрээр орж ирсэн байгаа учир хасч тооцсон. 2015 оны 08 сард хуурамч падаан бичиж байгууллагын мөнгө дутаасан гэдэг нь илэрсэн. Ихэвчлэн ундаа дутсан байсан. Шинжээч барааны дутагдлыг нэр төрлөөр нь бичсэн байсан. Салбарын дансанд шилжүүлэгдсэн мөнгө төв данс руу автоматаар шилжүүлэгддэг юм билээ. Би 24 сая төгрөгийн бараа, материал яагаад дутсан байна вэ? гэдэгт шалгалт хийсэн юм. Би хөнгөлөлтийн бараануудыг дүгнэлтээсээ хасаж тооцсон. Ер нь цэвэр борлуулалтыг тооцож, хөнгөлөлт урамшуулалтаа хасаж дүгнэлтээ гаргасан гэв.
Шинжээч Ц. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би ийн ажилд орсон үес ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацааны компаний дансан дахь бүх орлого зарлагыг нэг бүрчлэн хянасан. 2015 оны 06 сараас 2015 оны 12 сарын баримтаар 31 сая төгрөгийг дутаасан гэдэг нь нотлогдож байгаа юм. 2014 оноос 2015 оны 05 сар хүртэл нь 100000 төгрөгийн хооронд буюу бага хэмжээний бараа, материалын дутагдалтай явж байсан ба түүнийгээ нөхөөд явж байсан нь баримтаар харагддаг. Би программд шинжилгээ хийгээгүй. ийн орлого, зарлагын баримтанд тулгуурлаж дүгнэлтээ гаргасан. Ер нь эдийн засгийн шинжилгээнд программыг гол үндэслэлээ болгодоггүй. Миний гаргасан дүгнэлт шинжээчийн дүгнэлттэй дутагдлын хэмжээгээр ойролцоо очиж байгаа гэв.
Гэрч Г.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2015 оны 5 сарын 17-ны өдөр “*******” ХХК-ний Дорнод аймаг дахь салбарт ажлын томилолтоор очиж 3 хоногийн хугацаатай агуулахад байгаа бараа бүтээгдэхүүнийг тоолсон юм. Тэр үед ямар нэгэн зөрчил илрээгүй, тэр үед манай салбарын ажилтан ******* нь ажлаа зохих ёсоор нь хийж байна гэж үзсэн. Тэгээд дахин 2015 оны 12 сарын 08-ны өдөр очиж бараа бүтээгдэхүүнээ тоолоод шалгалт явуулсан чинь 31614595 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутсан. Тэгээд би Дорнод аймагт байдаг харилцагч нартай тооцоо нийлсэн чинь “Хэрлэн номин” бизнес төв нэртэй харилцагчийн нэр дээр 25293750 төгрөг дутсан учир “Хэрлэн номин” бизнес төв нэртэй харилцагчаас асуусан чинь манайх танайд ямар ч тооцоо байхгүй гэж хэлсэн. Тэр үед *******аас энэ талаар тодруулж асуухад ******* нь би агуулахаас бараа бүтээгдэхүүнийг ямар ч бүртгэлд оруулахгүйгээр шууд борлуулдаг тухайн харилцагчаас авах мөнгөө өөрийн Хаан банкны дансанд байршуулан авдаг байсан гэж хэлсэн. Тэгээд үлдэгдэлгүй харагдахын тулд “Хэрлэн номин” бизнес төв нэртэй харилцагчийн нэр дээр манайхаас бараа авсан мэтээр худал бүртгэл хөтлөн гаргадаг байснаа хүлээн зөвшөөрсөн. Тэгээд би Улаанбаатар хотод байдаг төв рүүгээ мэдэгдсэн.” гэх мэдүүлэг/хх-ийн 43/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2017 оны 5 сарын 09-ний өдрийн 090 тоот дүгнэлтэд: "...“*******” ХХК-ний Дорнод салбарын бүртгэл мэдээллийн ажилтан, мөнгөн хөрөнгийн нярав ******* нь бараа материалын борлуулалтын орлогоос 25293750 төгрөг, Дорнод салбарын 2015.12.08-ны өдрийн тооллогоор 31370025 төгрөгийн бараа материал дутагдсан буюу нийт 56663775 төгрөгийн дутагдал гаргасан байна. 2014 оны 8 сарын 11-ний өдөр байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг зөрчсөн байна...” гэжээ. /2-р хавтаст хэргийн 214-215/
Мэдээлэл аудит ХХК-ийн 2017 оны 3 сарын 25-ны өдрийн 03 тоот аудитын тайланд: “…2015 оны 12 сарын 10-ны өдрийн байдлаар 31743386 төгрөг 60 мөнгөний бараа бүтээгдэхүүнийг дутагдуулсан байна. ...“*******” ХХК-ний Дорнод салбарын бүртгэл мэдээллийн ажилтан, мөнгөн хөрөнгийн нярав Жаргалсайхан овогтой нь нийт 49786278 төгрөг 62 мөнгийг төлөх нь баримтаар нотлогдож байна...” гэжээ. /2-р хавтаст хэргийн 191-192/
-Хохирогчийн төлөөлөгч *******ын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 24-25/
-Шүүгдэгч *******ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 93-100/
-Гэрч байцаасан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 32-33/
- Шинжээч г байцаасан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 44/
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч ******* нь “*******” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарт бүртгэл мэдээллийн ажилтан, мөнгөн хөрөнгийн няраваар ажиллаж байхдаа 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 12 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд байгууллагын орлогын мөнгийг хувийн харилцах дансанд тушаалгаж 12390682 төгрөгийг, мөн 31370025 төгрөгийн бараа материалыг хувьдаа тус тус завшиж, “*******” ХХК-д нийт 43760707 /дөчин гурван сая долоон зуун жаран мянга долоон зуун долоо/ төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогчийн төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч Г.гийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, Мэдээлэл-Аудитын дүгнэлт, шинжээч Ц., Д, нарын мэдүүлэг, “*******” ХХК-ийн Дорнод салбарын 2015 оны 6-12 сарын материалын татан авалт, борлуулалт, үлдэгдлийн тайлан /1-р хавтас 58-67/, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтас 130-160/, “*******” ХХК-ийн Дорнод салбарын 2014 оны 8 сарын 01-нээс 2015 оны 12 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны бараа материалын татан авалтын тайлангийн нэгтгэл /2-р хавтас 216/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн бөгөөд энэ гэмт хэрэгтээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар яллагдагчаар татагдаж байцаагдаж байсан боловч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн тул энэ хуулийн үйлчлэлийн дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллагдагдагчаар татаж мөрдөн байцаалт явуулж шүүхэд ирүүлсэн нь түүний эрх зүйн байдал дээрдсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэсэн хоёр хэлбэрээр /үйлдлээр/ энэ гэмт хэргийг үйлдсэн байхаар гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжийг заасан байсан бол 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-д “үрэгдүүлэх” үйлдлийг гэмт хэргийн шинж болгон тусгаагүйгээс үзэхэд энэ үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон байхаар харагдаж байна. Энэ талаар ямар нэгэн албан ёсны тайлбар байхгүй байгаагаас гадна үрэгдүүлэх үйлдэл нь завших гэсэн гэмт хэргийн шинжид багтаж байгаа эсэх талаар Эрүүгийн хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарч байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “Тухайн үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргээс бусдад зээлдүүлэх хэлбэрээр үрэгдүүлсэн 5652210 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь үрэгдүүлэх гэдгийг гэмт этгээдэд итгэмжлэн өгсөн өмчлөгчийн эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр ашиглаж бусдад худалдах, бэлэглэх, үгүй хийх, шилжүүлэх гэх мэт хэлбэрээр үйлдсэн байхыг шаарддаг юм.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан саналдаа... шүүгдэгч ******* нь 31370025 төгрөгийн барааг яаж завшсан гэдгийг тогтоогоогүй, мөн түүний бусдад зээлдүүлсэн 5652210 төгрөгийг завшсан гэж яагаад үзээд байгааг ойлгохгүй байна. Иймд дээрх мөнгөн дүнтэй холбоотой гэмт хэрэг нь үрэгдүүлэлтийн шинжтэй байна. Хууль зүйн яамнаас гаргасан шинэ хуучин хуулийг харьцуулсан тайлбар дээр үрэгдүүлсэн хэрэг нь завших хэрэгт хамаарагдахгүй гэж заасан тул дээрх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх саналаас шүүгдэгчийн бусдад зээлдүүлсэн 5652210 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэсэн саналыг дээрх үндэслэлээр хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Харин 31370025 төгрөгийн барааг үрэгдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүх хуралдаанд оролцсон шинжээч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн байгууллагын орлогын 12390682 төгрөгийг өөрийнхөө хувийн дансанд шилжүүлж өөртөө завшиж хэрэглэсэн, мөн 31370025 төгрөгийн барааг хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг болон бусад шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь дээрх 31370025 төгрөгийг үрэгдүүлсэн биш завшсан гэж үзэх үндэслэлтэй байх тул өмгөөлөгчийн энэ талаар гаргасан саналыг хүлээн авах боломжгүй юм.
Иймд шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч *******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч ******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн хэрэг гэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д “ шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ...гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 2017 оны 3 сарын 21-ний өдөр төрсөн хүү гэдэг 6 сартай хүүхэдтэй болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шйитгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус шийтгэх тогтоолд дурдвал зохино.
Шүүгдэгч *******аас гэмт хэргийн шууд хохиролд нийт 43760707 төгрөгийг гаргуулан ******* ХХКомпанид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй байх тул түүний эзэмшлээс битүүмжилсэн 3 ширхэг хос буйдан, Самсунг маркийн 2 хаалгатай хөргөгч, 32 инчийн Шарп маркийн ЛСД зурагт, плитка зэрэг эд хөрөнгөэр хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй байх тул мөрдөн байцаагчийн 2016 оны 3 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж, тогтоол хүчин төгөлдөр болмогц бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох хэргээс орлогын 5652210 төгрөгийг завшсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч ******* ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т 2 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
6. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавихыг даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргахыг мэдэгдсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 43760707 төгрөгийг гаргуулан ******* ХХКомпанид олгосугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс 3 ширхэг хос буйдан, Самсунг маркийн 2 хаалгатай хөргөгч, 32 инчийн Шарп маркийн ЛСД зурагт, плитка зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, тогтоол хүчин төгөлдөр болмогц бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХБААТАР