Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 135/ШШ2023/00009

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 135/ШШ2023/00009

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/01955/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Орхон сум, ******* дүгээр баг, ******* ** дүгээр хэсэг, ** тоотод оршин суух, утас: 99******, ТЛ78****** регистрийн дугаартай, Ш овогт С.З,

Дархан-Уул аймаг, Орхон сум, ******* дүгээр баг, ******* ** дүгээр хэсэг, ** тоотод оршин суух, утас: 99******, ТЛ95****** регистрийн дугаартай, Б овогт Г.Ц,

Дархан-Уул аймаг, Орхон сум, ******* 1 дүгээр баг, ******* ** дүгээр хэсэг, ** тоотод оршин суух, утас: 99******, МУ73****** регистрийн дугаартай, Б овогт М.Гнарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө багт оршин байгаа, утас: 89******, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох,

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

(Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.З-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв).

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.З, М.Г, Г.Ц нар нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3*** дугаартай шүүгчийн захирамжаар С.З, Г.Ц, М.Г нараас 77,030,000 төгрөгийг гаргуулж Б**** З**** ББСБ-д олгож шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа билээ. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар Г.Ц-ын нэр дээрх Ү-2004******, Э-2004****** дугаартай Дархан-Уул аймаг, Орхон сум, ******* 1 дүгээр баг, 20 айлын гудамж, ** тоотод байрлах 1,120 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай хүнсний ногооны зоорины барилга болох үл хөдлөх хөрөнгийг 5,490 м.кв талбайтай газрын хамт төлбөрт хураахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү үл хөдлөх хөрөнгийг 675,490,000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар мэдэгдсэн.

Тухайн үл хөдлөх хөрөнгийг ийнхүү үнэлж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү үл хөдлөх хөрөнгө нь 1000 тонны багтаамж бүхий хүнсний ногооны зоорь бөгөөд дэргэдээ хүнсний ногоо бэлтгэх даршлах тоног төхөөрөмж бүхий агуулах, автомашины гарааш, цех гэх цогц үйлчилгээтэй барилга бөгөөд нийт талбайн хэмжээ бодитоор 1,600 м.кв гаруй хэмжээ бүхий үл хөдлөх хөрөнгө юм. Гэтэл ийм өндөр үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг 675,490,000 төгрөг гэж харьцангуй бага үнэлгээгээр үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гомдол гаргагч нар Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2*** дугаартай шүүгчийн захирамж, 2** дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3*** дугаартай шүүгчийн захирамжаар С.З, Г.Ц, М.Г нараас 77,030,000 төгрөгийг гаргуулж Б**** З**** ББСБ-д олгож шийдвэрлэсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар Г.Ц-ын нэр дээрх Ү-2004****** дугаартай Дархан-Уул аймаг Орхон сум 1-р баг ******* 20 айлын гудамж ** тоотод байрлах 1120 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай хүнсний ногооны зоорины барилга болох үл хөдлөх хөрөнгийг 1512 м.кв талбайтай гэж үнэлсэн. Шинжээчийн дүгнэлт нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх ёстой. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.5-т зааснаар шинжээч нь тусгай мэдлэгийн хүрээнд хөрөнгийг бодитой үнэлэх шаардлагатай. Мөн хуулийн 17.1-Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна гэж заасан байдаг. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ, үнэлгээг буруу тусгасан байна. Үнэлэх ёсгүй хөрөнгийг үнэлсэн гэж үзэж байна. Өмгөөлөгчийн дүгнэлтийн хувьд шинжээчийн дүгнэлт нь үл хөдлөх эд хөрөнгийн талбай зөрүүтэй бичигдсэн нь хууль бус талаар нэмж хэлж байгаа. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3*** дугаартай шүүгчийн захирамжаар М.Г, С.З, Г.Ц нараас 77,030,000 төгрөгийг гаргуулж Б**** з**** ББСБ-нд олгохоор шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч М.Г, С.З, Г.Ц нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Орхон сум, ******* 1 дүгээр баг, 20 айлын гудамж, ** тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2004****** дугаартай 1,120 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай хүнсний ногооны зоорины барилга, эзэмших эрхийн Э-2004****** дугаартай 5,490 м.кв талбайтай худалдаа нийтийн үйлчилгээний төв, цогцолборын эзэмшлийн газрын хамт 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 22070***/09 дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулахад талууд үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10/** тоот тогтоолоор Капитал зууч" ХХК-ийг шинжээчээр томилсон.

Капитал зууч ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрын зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 675,490,000 төгрөгөөр тогтоосон талаар 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/2008 дугаар албан бичгээр төлбөр авагч Б**** з*** ББСБ-д, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/2007 дугаар албан бичгээр төлбөр төлөгч М.Г, С.З, Г.Ц нарт тус тус мэдэгдсэн.

Хөрөнгийн үнэлгээний Капитал зууч ХХК нь эд хөрөнгийн байршил, чанар байдал, үр ашиг элэгдэл зэргийг тооцон, өртгийн хандлага болон зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байна.

Төлбөр төлөгч М.Г, С.З, Г.Ц нар нь гаргасан нэхэмжлэлдээ барьцаа хөрөнгөнд хийгдсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй одоогийн ханшаас доогуур байна гэх тайлбар гаргасан боловч холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална" гэж заасан, шинжээч нь хуульд зааснаар дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/2007 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 2 дахь тал/, Капитал зууч ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2022/** Үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 3 дахь тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3*** дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 4 дэх тал/, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 22070***/05 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хавтаст хэргийн 5 дахь тал/, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 299/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хавтаст хэргийн 6 дахь тал/, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 299/03 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас /хавтаст хэргийн 7 дахь тал/, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 22070***/08 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хавтаст хэргийн 8 дахь тал/, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 299/02 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хавтаст хэргийн 9 дэх тал/, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 22070***/07 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас /хавтаст хэргийн 10 дахь тал/, эрхийн улсын бүртгэлийн Ү-2004****** дугаарт бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000674*** дугаартай гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 11 дэх тал/, Дархан-Уул аймаг, Орхон сум, 1 дүгээр баг, 20-н айлын гудамж, ** тоот хаягтай нэгж талбарын 4503003*** дугаартай кадастрын зургийн хуулбар /хавтаст хэргийн 12 дахь тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 13 дахь тал/, М.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 14 дэх тал/ зэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариу тайлбартай холбогдуулан нотлох баримтаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2** дугаартай гүйцэтгэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 31 дэх тал/, 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2*** дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 32 дахь тал/, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3*** дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 33 дахь тал/, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 299/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 34 дэх тал/, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 299/02 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 35 дахь тал/, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 299/03 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 36 дахь тал/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 37, 41, 46 дахь тал/, 22070***/09 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 38 дахь тал/, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 22070***/10 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 39 дэх тал/, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 22020***/11 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 40 дэх тал/, Б**** з*** ББСБ-аас Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид явуулсан 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 290 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 42 дахь тал/, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10/17 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 43 дахь тал/, шинжээчийн эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 44-45 дахь тал/, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/2007, 01/2008 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 47-48 дахь тал/, шийдвэр гүйцэтгэлийн 022070*** дугаартай хувийн хэрэг дахь Капитал зууч ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2022/21 дугаартай Үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 69-77 дахь тал/ зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.З, М.Г, Г.Ц нар нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3*** дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар өргөдөл гаргагч Б*** з*** ББСБ нь уригдсан тал С.Зл, М.Г, Г.Ц нарт холбогдуулан 82,382,185 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлт гаргасан байх ба талууд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад тохиролцож, уригдсан тал С.З, М.Г, Г.Ц нар нь зээлийн төлбөрийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 6,382,185 төгрөгийг төлж, үлдэгдэл 76,000,000 төгрөгийг сар бүр 15,200,000 төгрөгөөр 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 5 удаагийн давтамжтайгаар тус тус Хаан банкны 5109****** тоот дансанд төлж дуусгах, хэрвээ төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-2004****** улсын бүртгэлийн дугаар бүхий Дархан-Уул аймаг, Орхон сум, ******* 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг, 20 айл гудамж, ** тоот хаягтай 1,120 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулттай хүнсний ногооны зоорины барилга, Э-2004****** улсын бүртгэлийн дугаар бүхий Дархан-Уул аймаг, Орхон сум, ******* 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг, 20 айл гудамж, ** тоот хаягтай 5,490 м.кв талбайтай худалдаа нийтийн үйлчилгээний төв, цогцолборын эзэмшлийн газрын хамт үүргийн гүйцэтгэл хангуулахаар эвлэрчээ. /хавтаст хэргийн 33 дахь тал/

Дээрх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг Б**** з**** ББСБ гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2467 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 299 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байна. /хавтаст хэргийн 31-33 дугаар тал/

3. Хэрэгт авагдсан 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 22070***/05 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 299/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл зэрэг баримтуудаар хариуцагч нь шүүхийн шийдвэрт тусгагдсан барьцаа хөрөнгө болох Ү-2004****** улсын бүртгэлийн дугаар бүхий Дархан-Уул аймаг, Орхон сум, ******* 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг 20 айл гудамж, ** тоот хаягтай 1,120 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай хүнсний ногооны зоорины барилга, Э-2004****** улсын бүртгэлийн дугаар бүхий Дархан-Уул аймаг, Орхон сум, ******* 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг, 20 айл гудамж, ** тоот хаягтай 5,490 м.кв талбайтай худалдаа нийтийн үйлчилгээний төв, цогцолборын эзэмшлийн газрын хамт хурааж, битүүмжилсэн байна. /хавтаст хэргийн 5-10 дахь тал/

Дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна, 54.2.Шийдвэр гүйцэтгэгч хураан авсан эд зүйлийн төрөл, шинж байдал, тоо, ширхгийг тусгасан жагсаалт үйлдэнэ, 54.3.Жагсаалтыг эд зүйл, баримт бичгээ хураалгасан, эсхүл ажиллагаанд байлцсан хүний гарын үсгээр баталгаажуулна, 54.4.Хураан авах ажиллагаанд ...эзэмшигчийг оролцуулна гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

4.Төлбөр авагч Б**** з**** ББСБ-ын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 290 дугаартай албан бичгээр ирүүлсэн үнийн саналд барьцаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар борлуулах үнийн саналыг 125,000,000 төгрөг гэж ирүүлснийг төлбөр төлөгч зөвшөөрөөгүй үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10/** дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээг Капитал зууч ХХК-аар тогтоолгохоор шинжээч томилжээ. /хавтаст хэргийн 42-46 дахь тал/

5. Капитал зууч ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Орхон сум, ******* 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг, 20 айл гудамж, ** тоот хаягтай 1,120 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулттай хүнсний ногооны зоорины барилга, Э-2004****** улсын бүртгэлийн дугаар бүхий Дархан-Уул аймаг, Орхон сум, ******* 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг, 20 айл гудамж, ** тоот хаягтай 5,490 м.кв талбайтай худалдаа нийтийн үйлчилгээний төв, цогцолборын эзэмшлийн газрын хамт өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг 675,490,000 төгрөгөөр тогтоож ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 68-77 дахь тал/

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үндэслэл болсон тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3*** дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжид барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Орхон сум, ******* 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг, 20 айл гудамж, ** тоот хаягт байрлалтай, үйлдвэрлэлийн зориулттай хүнсний ногооны зоорийн барилгын талбайн хэмжээг 1,120 м.кв гэж дурдсан байх ба шинжээчийн дүгнэлтээр уг барилгын талбайн хэмжээг бодит хэмжилтээр 1,512 м.кв болох талаар дурдаж үнэлгээ тогтоож ирүүлсэн байна.

7. Хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн талбайн хэмжээтэй зөрүүтэй, бодит хэмжилтээр илүү байгаа хэдий ч энэ нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талуудын эрх ашгийг хөндөөгүй байхаас гадна, шүүхийн шийдвэрт дурдагдаагүй үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн байдал тогтоогдохгүй байх тул уг дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

8. Шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч С.З, М.Г, Г.Ц нарт 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдэл хүргүүлснийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч тус шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-д Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

9. Гомдол гаргагч нь энэхүү үл хөдлөх хөрөнгө нь 1000 тонны багтаамж бүхий хүнсний ногооны зоорь бөгөөд дэргэдээ хүнсний ногоо бэлтгэх, даршлах тоног төхөөрөмж бүхий агуулах, автомашины гараж, цех гэх цогц үйлчилгээтэй барилга бөгөөд нийт талбайн хэмжээ бодитоор 1,600 м.кв гаруй хэмжээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө, гэтэл ийм өндөр үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 675,490,000 төгрөгөөр харьцангуй бага үнэлгээгээр үнэлж байгааг зөвшөөрөхгүй гэж гомдолдоо дурдсан боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ цэнээс хэтэрхий доогуур үнэлэгдэж байгааг ямар баримтыг үндэслэж, жишиж байгаа талаар, адил төстэй үл хөдлөх хөрөнгүүд илүү үнээр зарагдаж байгааг нотлосон баримт ирүүлээгүй нотлох баримтыг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлэх, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

10. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцох тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангаж, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШЗ2022/0**** дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч хэргийн материалтай танилцах үндэслэлээр шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 135/ШЗ2023/0**** дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, хурлын товыг талуудад мэдэгдсэн боловч товлогдсон шүүх хуралдаанд гомдол гаргагч талаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гомдол гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан Капитал зууч ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргагч С.З, М.Г, Г.Ц нарын гаргасан гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУЯА