Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/910

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Эрүүгийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунжаргал,

улсын яллагч Ж.Энхбат /цахим/,

шүүгдэгч Ц.Ө /танхим/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй цахимаар явуулсан хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Ө-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн ************ дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц.Ө (регистрийн дугаар ************) 20** оны 02 дугаар сарын **-ний өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “**********” ХХКомпанид лифтчин ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ************** тоотод оршин суудаг (Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, *********тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Хэргийн товч агуулга: Ц.Ө нь 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Аса Циркийн хажууд дуудлагаар ирсэн жолооч Г.М-г үл ялих зүйлээр шалтаглан маргалдан түлхэн унагах, нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: 

- Улсын яллагчаас “2025 оны 10-р сарын 08-ны өдрийн *** дугаар яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан (хавтаст хэргийн 9, 20-21, 27-29, 32 дугаар хуудас)”

- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ц.Ө нь 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Аса Циркийн хажууд дуудлагаар ирсэн жолооч Г.М-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түлхэн унагаах, нүүрэн тус газар цохих зэргээр эрүүл мэндэд нь уруулд шарх, зүүн дээд 2 дугаар шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),

- Цагдаагийн байгууллагын Шуурхай удирдлагын дуудлагын 102 дугаарын утсанд ******** дугаарын утсаар 2025 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 00 цаг 07 минутад ирүүлсэн “...Би хүнд зодуулсан юм..." гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч Г.М-ийн "...Сүхбаатар дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт байрлах Циркийн зүүн талд тухайн дуудлага өгсөн хүндээр очоод "сайн байна уу” гээд уулзтал "миний машин хойно байгаа” гээд мөрөн дээр гараа тавиад татаж чангаахаар нь "чи ингэж болохгүй” гэж хэлэхэд "би чиний мөрөн дээр гараа тавьж чангаахаар яадаг юм" гэхээр нь "чи болохгүй шүү дээ, чи намайг танихгүй, би чамайг танихгүй, чи зүгээр миний машин хойно байгаа гэж хэлж болдоггүй юм уу" гэтэл "чи ямар сүртэй писда вэ" гэж хараагаад "чиний мөрөн дээр гараа тавихаар яадаг юм, улны амьдралтай писда минь, чи миний машиныг харах юм бол бараг шээс чинь гоожно, үхэх юм байна л даа" гээд цагдаагийн тэмдэгтэй хар өнгийн гэр харуулаад "чи амжихгүй шүү" гэж хэлсэн. Цагдаа юм бол ингэж хүн дээрэлхэж болдог юм уу гэтэл миний машин руу явъя гээд дагуулаад алтан жолооны зүүн талд явж байхад 1 метр орчим өндөртэй довжооноос 2 удаа түлхэж унагаасан. Тэгээд маргалдаад алтан жолооны зогсоол дээр очоод машинаа зааж өгөхгүй мэдэн будилаад зогсож байхад миний уруул руу гар утсаараа цохисон. Тэр иргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний зүүн дээд уруул сэтэрсэн, зүүн гар, нуруу хөндүүртэй байна. Би өндөр довжоон дээрээс түлхүүлээд унахад гараараа, нуруугаараа тулаад унасан, дээд шүд хөдөлсөн байна. Би тухайн залууд гар хүрсэн юм байхгүй..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ЕГО725/***** дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр "...Г.М-ий биед уруулд шарх, зүүн дээд 2 дугаар шүдний эмтрэл, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, шүүгдэгч Ц.Ө өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, шүүгдэгч Ц.Ө нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч Г.М-ийн биед хөнгөн хохирол учруулжээ.

Иймд шүүгдэгч Ц.Ө-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.М Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шаардлагагүй, Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, Хохирол болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 14 дүгээр тал) өгсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Ө нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” хүсэлт гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах” дүгнэлтийг шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч, маргаж мэтгэлцээгүй” оролцсон болно.

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарчимд нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх шалган тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд батлах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг түүнд сануулж, шүүгдэгч Ц.Ө-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн ************ дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Ө нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 7, 8 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-т 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ө-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

4 Эрүүгийн ************ дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Ө-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Б.БЯМБААБААТАР