Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2023/00108

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2023/00108

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/01912/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, шүүгч Т.Жавхлантөгс, М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, Г******** төвийн 306 тоотод байрлах, утас: 99******, 99******, 26***** регистрийн дугаартай, Г********* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, 2 дугаар баг, Шийр гудамж, хөдөө тоотод оршин суух, утас: 99******, ОЛ88****** регистрийн дугаартай, Х овогт Т.Эд холбогдох,

Тариалангийн хохирол 40,733,035 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Иргэдийн төлөөлөгч О.М,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С,

Хариуцагч Т.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г********* ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Г********* ХХК нь 2022 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг 2 дугаар багийн У*****д 520, 176 га тус тус газар улаан буудай тариалсан. Тариан талбайг тусгайлан харуул манаач гарган ажилладаг. Гэвч тариалалтын явц боловсорч хураах шатандаа орсон үед иргэн Т.Э нь удаа дараа адуугаа тариан талбайд оруулан тариа идүүлэх, тариа налуулах зэргээр их хэмжээний хохирол учруулсан. Иймд хуулийн дагуу Хонгор сумын ЗДТГазраас гаргасан комиссын дүгнэлтийн дагуу тогтоосон 40,733,035 төгрөгийн хохирлыг иргэн Т.Эгээс гаргуулж өгнө үү. Дархан-Уул аймгийн Хонгор сумын У****** гэх талбайд 2022 оны 9 дүгээр сарын 08-нд адуу орлоо гэсэн мэдээллийг манай манаач надад өгсөн. Г******** ХХК-ийн 1131 га газар будаа, тариа тарьсан. Би тухайн өдөр очиход н.Нэргүй гэдэг хүн ирсэн байсан. н.Н-гээс хэн хэний адуу орсон байна гэж асуухад манайх, Т.Э, н.Э, н.Х гэх айлын адуу гэж надад хэлсэн. Би утсыг нь аваад утсаар дэс дараалан бүгдийг нь дуудаж уулзаад адууны тамга тэмдэг, тоог авсан. Т.Эгээс танайх хэдэн адуу байна гэхэд 9 адуу байна гэж хэлсэн. Маргааш нь би Хонгор сумын Засаг даргад хүсэлтээ гаргаад захирамжаар комисс гаргаад хэмжилтээ хийлгэсэн. Хэмжилтээ хийлгэхэд нийт 144,000,000 төгрөгийн хохирол гарснаас 4 айлын малын тоондоо хуваагаад Т.Эгийнх 40,733,035 төгрөгийн хохирол учруулсан. Энэ хүн өөрөө надтай ирж уулзаад талбайд бэлчсэн, хашигдсан байгаа зургийг харж үзсэн. Багийн Засаг дарга н.А гэж хүн хэмжилт хийхэд бүх хүмүүстэй холбогдоход завгүй, хадлан тариаландаа явсан гээд ирээгүй бөгөөд хоёр хүн нь хэмжилт хийхэд ирсэн. /зураг үзүүлэв/ н.Х, н.Э хоёр ирсэн, н.Н, Т.Э хоёр ирээгүй багийн дарга нь утсаар яриад шийдсэн байгаа. Даргын хэлснээр 5,000,000 төгрөгийг хасна. Адуу орсон тухайн талбай дээр ургац хурааж авч чадаагүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Тухайн үйл баримт нь тодорхой байхгүй байгаа нь ойлгомжтой байна. Гэхдээ боломжийнхоо хүрээнд тодорхой хэмжээнд нотоллоо гэж үзэж байна. 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын тамгын газрын ажлын хэсгийн дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтийн эхний хэсэг дээр малын эздийг байлцуулж байгаад гаргасан гэж бичсэн. Тарианы талбай дээр нийт 144,000,000 төгрөгийн хохирол учирсан байна гэдэг асуудал ярьж байна. 32 адуу ороод 1300 кг будааг нэг шөнийн дотор идээд гарсан юм шиг яриад байна. Гэрчийн мэдүүлэг дээр байгаа тэр тариаг налуулаад хураах боломжгүй болгосон. Бүх газрыг 32 адуу идчихлээ гэдэг агуулга биш, хураах боломжгүй нөхцөл байдалд орсон буюу компаниа өөрөө хураах боломжгүй байдалд орсноороо ийм хэмжээний хохирол учирсан. 4 айлын 32 тооны адууг бодоод үзэхээр нэг адуу 4,500-аад төгрөгийг хохирол учирсан байх боломжтой. 40,733,035 төгрөгийн хохирол учруулсан байна гэдэг албан ёсны дүгнэлт нь тодорхой байна. Хариуцагч тал эхний тайлбараа хэлэхдээ манай адуу буруу талдаа олом тамгатай гэсэн гэтэл зураг гараад ирэхээр манайх зөв талдаа болоод явчихлаа, асуулт, хариултын явцад адуучин хүний хувьд танайх биш юм бол хэнийх юм гэж асуухаар би мэдэхгүй гээд хариулахгүй байна. давхар саран тамгатай адуу хэнийх вэ гэхээр би мэдэхгүй гэж байна. Манайх ийм тамгатай гэдгээ нотолж чадсангүй. Манай зүгээс тухайн өдөр орсон адууг зургийг нь авч баталгаажуулсан. Манай зуслан тариан талбайгаас 10-аад км-н зайд байдаг гэж. Энэ хонь талбайд орсон асуудал биш, адуу орсон асуудал. Адуу нь 50 км радиустай бэлчдэг,10 км нь зүгээр адууны бэлчээр өвөлжөө талдаа манай адуу бэлчдэг гэж хэлсэн. Ийм байдлаар хариуцагч тал татгалзаад байгаа боловч манай тамга ийм байдаг юмаа гээд тамгаа бариад ирсэн ч болно. Нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байна. Адуу ороогүй биш орсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтээр нөхөн төлөх асуудал яригдана. Хохирогч этгээд хашаалаагүй гэх асуудлыг яриад байна, гэм буруугийн асуудлаар хувь тогтоож шийдвэрлэх боломжтой, энэ асуудлыг эвлэрлийн журмаар шийдье гэж ярьсан. Тэгэхээр аль аль талдаа хариуцлага алдсан. Манай мал хариулгатай, гэр бүлийн малчинтай гээд яриад байгаа боловч нотлохгүй байна. Гэрчүүд нь захирлынхаа эсрэг мэдүүлэг өгнө гэж байхгүй, цагийн бүртгэл гэж байхгүй гэж байна амьдралд ийм юм байдаггүй. Харин ннэ хүмүүст хууль сануулсан. Нэр ус солигдсон асуудал байна гэж яригдахаар Эгийн адуу орсон гэдгийг нотолж байна гэж үзэх боломжтой гэдэг талаас нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжтой. Хариуцагчийн өмгөөлөгч үгийг нь зааж өгөөд хөтөлж асуугаад, тэрийгээ заавал нотлох гээд байгаа юм уу гэж. Тийм асуудал байгаа бол эхлээд цагдаагийн байгууллагад шалгуулаад тогтоолгосны дараа энэ асуудлыг ярина уу гэхээс биш өөрийнхөө санаагаар ийм байдал гаргаж байгаа нь боломжгүй гэж хэлмээр байна. Ямар ч байсан талбай руу адуу орсон байна. гэрчүүд мэдүүлээд Т.Эгийн адуу мөн байсныг нотолж байна. Хөхөө гэж бичүүлсэн гэхээр уулзаагүй гээд өөрөө хэлсэн учраас энэ хүнд тийм нэр үлдсэн байгаа. Энэ бүх байдлаар баримтгүй, би мэдэхгүй байна, манай адуу бишээ гэж байгаа нь манай зүгээс гаргаж өгсөн баримтыг үгүйсгэж байгаа нь нотлох боломжгүй гэж үзэж байна. Бид Монгол хүмүүс ш дээ. Адууг сайн мэднэ. Адуу урт хөлтэй амьтан, явган хойноос нь хөөгөөд ч гүйцэхгүй ш дээ. Шинжээчийн дүгнэлт болон гэрчийн мэдүүлгээс тогтоогдож байна. Хувь тэнцүүлэх байдлаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж өгөөч ээ гэж хүсэж байна гэв.

Хариуцагч Т.Э нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манайх А****** гэх газарт зусдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надтай уулзсан, утсаар ярьсан, адуугаа аваад явсан гэж ярьж байна. Би энэ эгчтэй өнөөдөр царайгаа харалцсан. Та хүнийг ингэж гүтгэж болохгүй. Манайх 100 гаруй толгой адуутай, гэр бүлийн малчинтай. У***** гэх газарт манай адуу ороогүй. Гэрэл зургийг харсан. Тамга нь манай адууны тамгатай таарахгүй байна. Манай адуу энэ зурагт байхгүй байна. Өөр хэлэх юм алга, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, Намайг харсан бол энэ хүн намайг таних ёстой гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.О нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Дүгнэлт нь хууль бус байна гэж үзэж байна. 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 79 дугаартай Засаг даргын захирамжаар комисс томилогдсон. Малчин, мал бүхий иргэдийн 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд бэлчээрийг зуны хуваарьт шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай энэ бол мал бүхий иргэд, малчдыг нүүлгэх комисс томилогдсон байна гэж үзэж байна. Дараа нь хохирол тооцох аргачлал дээр 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 79 тоот захирамжаар томилогдсон ажлыг хэсэг гээд бичсэн байгаа. Гэтэл яг энэ комиссоос нь өөр комисс ажлын хэсгийн дарга нь сумын Засаг даргын орлогч гэсэн байтал энэ хүн нь байхгүй байх жишээтэй хууль бус бүрэлдэхүүнтэй гэж үзэж болохоор байна. Аргачлал нь өөрөө буруу гарсан. 2018 оны хадгаламжийн хүүг тооцсон байгаа гэтэл 2022 онд хүү нь 8 болоод сарын хүү 0.6 хувь болгож буурсан. Малын эзнийг байлцуулсан гээд бичсэн байгаа гэтэл эдний талаас ирсэн тайлбар дээр 2 хүн очсон гэж хэлсэн. Тэр 2 айлын малын үнэлгээ, дүгнэлт гарсан юм биш үү, Т.Э байсан байх, мөн байх гэсэн эргэлзээтэй хариу өгч байна. Дүгнэлтээр нотолж байна гээд байх юм гэтэл энэ дүгнэлтээр Т.Эгийнх гээд хэчнээн адуу орсон нь байхгүй, харагдахгүй байна, идсэн юм уу яасан юм 2-уулаа тус тусдаа гарч үнэлгээ гарах ёстой. Гэрчээрээ өөрсдөө нотолсон гэж хэлж байна. Гэрч нар нь Эрдэнэсайханы адуу гэж хэлдэг, Э гэдэг айлын мал орсон уу гэдэг хөтөлсөн тодорхой асуулт дээр асуухад тиймээ гэж хариулсан. Хэдэн мал гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой биш байна. Компани бол үүргээ биелүүлээгүй 120 га гэдэг бол маш том газар байгаа ямар ч хашаагүй, тогтмол манаачгүй, 14 хоногтоо эргэдэг байсан гэж тэр хугацааныхаа юмыг яагаад тооцоогүй юм. 4 айлын 32 адуунд тооцоход нэг адуунд хэчнээн төгрөг болж байгаа гэдэг нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Өөр бусад адуу ороогүй, хохирлын хэмжээ гарлаа гэхэд 32 адуу идсэн гэдэг ийм нөхцөл байдал байхгүй байна. Яг хэдэн адуу орсон гэсэн юм алга. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байна, өөрсдөө нэхэмжлэлээ нотолж чадахгүй байна. Нотолж чадахгүй байхад хариуцагч тал заавал хариу тайлбар гаргаад нотлох шаардлагагүй. Эд нар малтай зөндөө ажилтай хүмүүс, үнэхээр энд буруутай болоод ирсэн ч юм уу буруугүй ч гэсэн цаг заваа гаргаад ирсэн. Анх надад итгэмжлэл өгсөн байсан. Үнэхээр энэ хүн ирсэн юм бол танд ирсэн нь үнэн гэсэн гарын үсэг зуруулсан, малыг нь хүлээлгэж өгсөн, малыг нь таниулсан гэх ямар ч нотлох баримт байхгүй байна. Өөрсдийнхөө хариуцлагагүй, ойлгомжгүй, тодорхойгүй магадлалаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй. Буруу гуя дээрээ дарагдсан гэж хэлээд байна. Сая бас хажуугаас хэлсэн. Тэр зурагт авагдсан адуу чинь буруу гуя дээрээ дарагдсан байна ш дээ гэдэг юмыг хэлсэн гэсэн дүгнэлтээр хэлж байна. Ахиад дүгнэлт дээр хэлэхэд тариалангийн талбай дээр мал тэжээвэр амьтан орсны улмаас тариалан эрхлэгчид учирсан хохирлыг тооцох аргачлал гэж байдаг. Энэ аргачлалын дагуу буюу 3.7-д ажлын хэсэг нь дүгнэлтээ гаргаснаас хойш 3 өдөрт багтаан талуудад танилцуулна гэсэн байтал Т.Эд танилцуулсан гэсэн баримт нь байхгүй, байсан гэсэн баримт байхгүй. Тухайн тариалангийн талбайд хэний адуу орсныг тогтоох боломжгүй, нийтдээ танайд учирсан хохирол энэ юм байна шүү. 4 хүндээ хуваагаад байгаа юм уу. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байна гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 2 дахь тал/, Дархан-Уул аймгийн Хонгор сумын ЗДТГазраас тариалангийн хохирол тогтоох ажлын хэсгийн дүгнэлт /хавсралт 3 дахь тал/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 4 дэх тал/, гэрэл зураг /хавтаст хэргийн 31-34 дэх тал/, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 79 дугаартай Хууль тогтоомжийг хэрэгжүүлж, таримал хамгаалах, тариалангийн талбайд учруулсан хохирлын үнэлгээг тогтоох, ургац хураалтыг зохион байгуулах ажлын хэсэг томилох тухай захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 67-68 дахь тал/ зэргийг,

Хариуцагч нь хариу тайлбартайгаа холбогдуулан нотлох баримтаар Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А-** дугаартай албан бичиг /хавсралт 59-61 дэх тал/, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн багийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 6/25, 6/26, 6/27, 6/28, 6/29 дугаартай албан бичгүүд /хавсралт 62-66 дахь тал/ зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр Б.Г, О.Т, Э.Э нарт хууль сануулж авсан мэдүүлэг /хавтаст хэргийн 44-49 дэх тал/-ийг шүүх нотлох баримтаар бүрдүүллээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г********* ХХК нь хариуцагч Т.Эд холбогдуулан тариалангийн талбайд учруулсан гэм хорын хохирол 40,733,035 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...манай компани Дархан-Уул аймгийн Хонгор сумын У******** гэх газар тариалсан улаан буудайн талбайд 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр адуу орсон талаар мэдээ ирсэн. Уг адуунуудаас өөрийн хашааны багтаамжаар адууг хашихад 4 айлын адуу орсон байсан. Манай компани 1130 га талбайд улаан буудай тарьсан. Би тухайн үед очиход н.Нэргүй гэдэг хүн ирсэн байсан. Хэн хэний адуу орсон байна гэхэд манайх, Т.Э, н.Э, н.Х нарынх байна гэсэн. Би утсыг нь аваад дэс дараалан бүгдийг нь дуудаж уулзсан. Энэ хүн портер машинтай ирээд манай 9 адуу мөн гэдгээ хэлсэн. Маргааш нь би Хонгор сумын Засаг даргад хүсэлтээ гаргаад захирамжаар комисс гаргаж хэмжилт хийсэн. Нийт 144,000,000 төгрөгийн хохирол учирсныг 4 айлд хуваагаад Т.Эгээс 40,733,035 төгрөг нэхэмжилж байна. Хэрэв 5,000,000 төгрөг төлнө гэвэл эвлэрч болно гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч Т.Э нь татгалзлын үндэслэлийг ...манайх Хонгор сумын А************ гэдэг газар уг талбайгаас 10 гаруй километрийн зайтай зусдаг, манай мал тийшээ очдоггүй, 2 малчин ээлжээр хариулдаг, хашаанд орсон адуу манай адуу биш энд аагтай буйлт олмон тамгатай адуунууд байна, манайх зүүн гуяндаа тамгатай олмон тамгатай тул манай адуу биш гэж тайлбарлав.

4. Нэхэмжлэгч Г********* ХХК-нд 2006 оны 6 дугаар сарын 13-ны өдөр олгосон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр уг компани нь Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Газрын нэгдмэл санд бүртгэгдсэн тариалангийн газрыг газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу тариалангийн зориулалтаар гэрээ (цаашид "гэрээ" гэх)-ний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд бөгөөд 2022 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг 2 дугаар багийн нутаг У********* гэх газар 1130 га газар улаан буудай тариалсан байна.

5. Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Хонгор сумын ЗДТГазраас тариалангийн хохирол тогтоох ажлын хэсгийн дүгнэлт, гэрч Б.Г, О.Т, Э.Э нарт хууль сануулан авсан мэдүүлэг зэрэг нотолгооны хэрэгслүүдээр Г********* ХХК-ийн улаан буудай тариалсан тариан талбайд 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч Т.Э нарын нэр бүхий иргэдийн адуу орж тариа унагаж, гишгэж, талхалж налуулсны улмаас 120,8 га талбайгаас ургац хураах боломжгүй болгож хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

6. Г********* ХХК нь энэ тухай орон нутгийн удирдлагад мэдэгдсэний дагуу 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ** тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ажлын хэсгийн бүрэлдэхүүн тариаланч болон малын эзнийг байлцуулан У*********н тариалангийн талбайд ирж хэмжилт хийж, хохирлын үнэлгээ тогтоосон бөгөөд тэрхүү үнэлгээгээр мал орж идсэн талбай 120,8 га, тухайн 1 га-гийн ургац 1300 кг, тухайн тарималын нэг кг-ын зах зээлийн дундаж үнэ 880 төгрөг, банкны хадгаламжийн сарын дундаж хүү 1.2 хувь, хугацаа 90-120 хоног гэж тооцон нийт 144,828,569 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоожээ. /хавтаст хэргийн 3 дугаар тал/

 7. Ажлын хэсэг учирсан хохирлыг тооцохдоо Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яамны сайд нарын 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А-136/А155/А-210 дугаар хамтарсан тушаалаар баталсан Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирол тооцох аргачлал-ын дагуу тооцсон байна.

8. Хариуцагч нь манай адуу хариулгатай, хашаанд орсон адуу манай адуу биш манайх зүүн гуяндаа тамгатай олмон тамгатай гэж маргаж байгаа боловч энэ байдлыг нотлож чадаагүй ба малаа байнгын хариулга маллагаанд байлгахыг малчид, мал бүхий иргэдэд үүрэг болгосон Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ** дугаартай захирамжийг зөрчсөн байна.

9. Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ** дугаартай захирамжаар томилогдсон ажлын хэсгээс өөр бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан гэж маргаж байгаа боловч уг актын талаар Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж зааснаар гомдол гаргасан эсэх нь тодорхойгүй байна.

Иймд хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т заасан нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл / эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэжээ.

Иймд нэхэмжлэгч нь дээрх хуульд зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, хариуцагч Т.Э нь гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй байна.

11. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж, 514 дүгээр зүйлийн 514.1-д Гэм хор учирах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэжээ.

12. Хэрэгт авагдсан гэрч О.Т, Б.Г, Э.Э нарт хууль сануулан авсан мэдүүлэгт Г********* ХХК-д операторчоор ажилладаг, У гэх газарт байрлах тариалангийн талбайд түр харуулаар ажиллаж байсан гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...манайх ойр орчим газарт ээлжээр харуул хийдэг, хол З, Б, Ж-д байнгын харуул байдаг, У гэх газар сараар, 13 хоногоор ээлжээр аль бололцоотой үедээ ажилладаг, манайх бүх тариалангийн газраа хашаалсан, хил хаалттайгаас болоод Уд тарьсан тариан талбайгаа хашаалаагүй, талбайд орсон адууг өөрийнхөө бололцоогоор хашааныхаа хэмжээгээр хашсан гэсэн тайлбар зэргээс уг газарт байнгын харуул хамгаалалт байдаггүйгээс гадна уг газарт байрлалтай талбайгаа хашаалаагүй зэрэг нь тариалангийн талбайгаа хашаажуулах, байнгын харуул хамгаалалттай болгох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ** дугаартай захирамжыг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгчийн дээрхи үүргээ биелүүлээгүйн улмаас адуу хашаанд орж улмаар хохирол учирах нөхцөл байдал бүрдсэн байх тул уг учирсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд 90 хувьд нь нэхэмжлэгч буруутай үлдэх 10 хувьд хариуцагч буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

13. Хэдийгээр шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4-т зааснаар гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах үүргийн дагуу ...Г********* ХХК-ийн 120 га талбайд 32 адуу талхалсан гэдэгт итгэлгүй байна, Т.Эгийн адуу гэдэг нь нотлогдохгүй байна гэж дүгнэлт гаргасан боловч шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд уг гэм хорын хохирол гарахад нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь буруутай байна гэж дүгнэж, хохирлын хэмжээг хариуцуулан шийдвэрлэлээ.

Иймд хариуцагч Т.Эгээс 4,073,303 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г********* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 36,659,732 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус зааснаар хариуцагч Т.Эгээс 4,073,303 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г********* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 36,659,732 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 361,615 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Эгээс 80,122 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА

ШҮҮГЧИД Т.ЖАВХЛАНТӨГС

М.ОЮУНЦЭЦЭГ