2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/218

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Б.Манлайбаатар,

шинжээч Ц.*******,

хохирогч Б.*******,

хохирогчийн өмгөөлөгч Б.Ганбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Базардорж,

шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Манлайбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт гийн *******од холбогдох эрүүгийн 2407003450148 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, *******, , хамт дүүрэг, , , од оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,   

овогт гийн ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.******* нь Төв аймгийн сумын нутаг дэвсгэр гэх газарт 1.4 га газрыг өөрийн өмчлөл эзэмшлийн газар мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч Б.*******ийг төөрөгдөлд оруулан тус газрыг 30,000,000 төгрөгөөр зарж газрын төлбөрт 2023 оны 10 дугаар сард улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг 4,000,000 төгрөгөөр, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ниссан Ванетта маркийн тээврийн хэрэгслийг 12,000,000 төгрөгөөр тус тус бодож дүүргийн , Б.*******ийн гэрээс дээрх тээврийн хэрэгслүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, Б.*******т нийт 16,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Базардорж “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн, хохирогчийн өмгөөлөгч Б.Ганбаатар “хохирогчийн эрх ашгийг хамгаалж, хохирол төлбөрийг төлүүлэх” гэсэн байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 10 дугаар сард дүү ******* ахыг надтай танилцуулсан. Ванетта маркийн машиныг бага дүүгийн засварын газар луу ******* ах очиж янзлуулаад авчруулсан. Надтай танилцаад ахын дүүд өвөлжөө, хаваржааны газар байгаа гэсэн, ахад нь газар хэрэгтэй байна, хоёр машиныг чи сонгож ав, газраар наймаа хийж болох уу гэхээр нь би гэрчилгээ нь арай гараагүй нэг газар байгаа, өвөлжөөний энэ хоёр газрын аль нэгийг нь хар гээд үзүүлсэн. Гэрчилгээ гараагүй газрыг энийг чинь л авъя гээд бид хоёр хоорондоо тохиролцсон. Эхлээд Портер машин өгөөд дараа нь 12 дугаар сард Ванетта гээд машиныг давхар өгсөн. 15 сая төгрөг ч гэсэн хасагдаж байг гээд өгсөн, дараа нь 5 дугаар сард над руу залгаад энэ машинуудаа нэрийг нь шилжүүлэхгүй бол надад зээл болохгүй байна гэж хэлээд шилжүүлчих гэж орж ирсэн. Би Ванетта машиныг 7 сая төгрөгт зарж, Портер машин надад үлдсэн. 2024 оны 7 дугаар сард газрын бичиг баримт гараагүй байна гэж өөртэй нь уулзахад Портер машиныг авчирч ир гэсэн. Портер машиныг буцааж авсан, өөрт нь байгаа. ******* ах одоо болохоор 16,000,000 төгрөг авна гээд байгаа, би газраа 9 саяар үнэлсэн, Ванетта машиныхаа оронд өгье гэхэд үгүй би газар авахгүй гээд байсан. Чи портер л авахгүй бол газар авахгүй гэсэн. Ванетта машиныг 12 сая төгрөгтөө тооцоод Портер өгөөд газраа өг гэсэн. Бид хоёр тохироогүй. Сүүлд Старекс машин, газраа өгье тэгээд хоёулаа тохиръё гэхэд тохиролцоогүй. Өөрт нь байгаа Портерийг эвдэрхий портер өгчихсөн гээд байгаа” гэв.

 

Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие холбогдох эд хөрөнгөө нэхэмжилж байна, ******* нь илт худлаа ярьж байна. Хоёр машиныхаа үнийг нэхэмжилж байна, би зохицъё гэж зөндөө гуйсан. 5 сая төгрөгөөр портер өгч авалцъя гэсэн. Дараа нь бид хоёр маш олон удаа уулзсан. Энэ хүн над руу нэг удаа ч залгаагүй. Энэ хэрэг 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаад хаагдсан. Би прокурор дээр ирж мэдээд *******той Таньюукийн зам дээр уулзсан. Хоёулаа тэрсэлдээд яах вэ гэсэн чинь та явдаг замаараа яв, би ч хэлдэг үгээ хэлнэ гэсэн. Би энэ хүнийг зөндөө гуйсан, 5 сая төгрөгөө болъё, 12 сая төгрөгийнхөө хоёрыг болъё, 7 саяд бодож авъя гэсэн, энэ хүн зөвшөөрсөн. Нотариат дээр хоёр удаа очиход энэ хүн ирээгүй. Сүүлдээ үнэлүүлсэн, 50 сая төгрөгөөс 30 гаруй сая төгрөгийн зөрүүг нь өгчих гэж надад хэлсэн. Урьдчилсан хэлэлцүүлгээс хойш бид хоёр хоёр удаа уулзсан. Эхний удаа уулзахдаа *******од “чиний газрыг би авахгүй, худалдах, худалдан авах гэрээ дээрээ тодорхой хугацаагаар газрыг худалдахгүйгээр гэрээ хийчхэж болдог юм байна” гэж ярьсан. Тэгээд дараа нь маргааш нь ярихад өмгөөлөгч үгүй гэсэн гэж хэлсэн. Дараа нь газраа үнэлүүлэхэд “та 5,000,000 төгрөгөөр авъя гэсэн газрыг 9,000,000 төгрөгөөр үнэлчихлээ одоо яах уу, яамаар байна” гэсэн, тэгэхээр нь чи ирээд уулзаадах гээд бид хоёр уулзсан. Тэгээд би “энэ газрыг чинь 8 сая төгрөгт бодож авъя” гэхэд ******* зөвшөөрсөн. Маргааш нь нотариат дээр уулзъя гээд уулзсан боловч “өмгөөлөгч 13 сая төгрөг болчиход болох юм байна гэсэн, тэр мөнгөнөөс хасуулна” гэж хэлсэн. Бид хоёр уг нь өмнө ярихдаа портер аваад очъё, тэгээд үлдсэн мөнгөө өгснөөр тохироод шүүх хуралд оръё гэж ярилцсан боловч болоогүй. Би энэ хүнтэй тохирох гэж зөндөө үзсэн” гэв.

 

Шинжээч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Ганзоригоос шинжээч томилуулах тухай тогтоолыг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр аваад 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн байдаг. Тус шинжээч томилуулах тухай тогтоол дээр Ниссан Ванетта маркийн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэсэн он, Монгол улсад орж ирсэн он зэргийг заасан, шинж чанар байдлыг заасан нарийн тодорхойлолтгүй ирсэн. Хавсралтаар тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг хамт ирүүлсэн. Тус тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр бичигдсэн улсын номер дугаараар хайхад хайлт гарч ирэхгүй байсан. Гэрчилгээ дээр бичигдсэн арлын дугаараар хайлт хийхэд Хөвсгөл аймгийн 80-93 улсын дугаартай, цагаан өнгөтэй, үйлдвэрлэсэн он 2004, 2024 оны 01 дүгээр сарын 05-нд үзлэгээр орсон, үзлэг оношилгоонд тэнцсэн, 2021 онд орж ирсэн автомашин байсан. Тогтоолд тус тээврийн хэрэгслийн үнэлгээ, зах зээлийн үнэлгээг хавсаргасан байдаг. Тус тээврийн хэрэгслийг үзэж харж танилцаж дүгнэлт гаргах шаардлагатай байна гэдэг талаар мөрдөгчид хүсэлтээ тавьсан. Энэ тээврийн хэрэгсэл нь цаашаа 2 дамжиж зарагдаж борлуулагдсан байгаа тул үзүүлж харуулж танилцуулах боломжгүй байна гэдэг тайлбарыг өгсөн. Миний зүгээс шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа үзэж харж танилцах боломжгүй талаар нь дурдаад тухайн тээврийн хэрэгсэлтэй ижил үзүүлэлт бүхий өмч хөрөнгийн зах зээлийн дундаж үнэлгээг гаргаж, хуульд заасан даалгасан хугацаанд хүргэж ажилласан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээний олон улсын стандартын консулаас бэлтгэн гаргасан стандартын хүрээнд зах зээлийн хандлагаар нийтэд арилжаалагддаг зах зээлийн жишиг хандлагаар үнэлж тус үнэлгээний дүгнэлтийн тайлан хийж бэлтгэсэн байдаг. Үйлдвэрлэсэн нь 2004 он, Монгол Улсад орж ирсэн 2021 онтой ижил он, үйлдвэр марк сери бүхий тухайн үнэлэгдэж байх үнэлгээний орон зай, цаг хугацаа, зах зээл дээрх нээлттэй арилжаалагдсан мэдээллийг судалж хамгийн боломжит зах зээлийн доод үнэлгээ, хамгийн зах зээлийн боломжит дээд үнэлгээ хоёрыг тохируулж авч сонгосон. Үүнийхээ хүрээнд автомашины үйлдвэрлэсэн он, Монгол Улсад орж ирсэн онтой холбогдох тохируулгуудыг хийж үнэлэхэд тухайн автомашины үнэлгээг зах зээлийн дундаж үнэлгээ 12,035,625 төгрөгөөр тогтоогдоод тэр талаараа шинжээчийн дүгнэлтэд тусгаж ажилласан. Үнэлэгдэж байгаа үнэлгээ он цаг нь мөрдөгчөөс даалгасан хугацаа нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар зах зээлийн ханшийг тодорхойлсон. Үүний дагуу дүгнэлтээ гаргасан” гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Л.******* нь Төв аймгийн сумын нутаг дэвсгэр гэх газарт 1.4 га газрыг өөрийн өмчлөл эзэмшлийн газар мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч Б.*******ийг төөрөгдөлд оруулан тус газрыг 30,000,000 төгрөгөөр зарж газрын төлбөрт 2023 оны 10 дугаар сард улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг 4,000,000 төгрөгөөр, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ниссан Ванетта маркийн тээврийн хэрэгслийг 12,000,000 төгрөгөөр тус тус бодож дүүргийн , Б.*******ийн гэрээс дээрх тээврийн хэрэгслүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, Б.*******т нийт 16,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Иргэн Б.*******аас дүүргийн цагдаагийн хэлтэст 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр бичгээр гаргасан гомдол (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

 

  • Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.******* гэх хүн анх 2023 оны 11 дүгээр сард Аржанчивланд надад зарах гэж байгаа газраа үзүүлэх үедээ... “Энэ миний газар байгаа юм, энэ газраас танд 0.7 га хэмжээтэй 4 айлын газар таслаж өгье. Та миний таслаж өгсөн газрыг 10,000,000 төгрөгөөр худалдан ав” гэж хэлсэн. Тэр үед би Л.*******оос газрын гэрчилгээ хаана байгаа талаар асуухад гэрчилгээ нь удахгүй гарна, 7 хоногийн дараа гарчихна гэсэн. Ямар ч асуудал байхгүй гэж надад хэлэхээр нь би газрын бичиг баримтыг нь очиж харъя гэж хэлсэн чинь “та очоод хэрэггүй, таныг очих юм бол газраа зарах гэж байна гээд бичиг баримт гаргаж өгөхгүй байж магадгүй” гэж хэлсэн ба мөн энэ газар дээр нэмээд би 4 айлын газар авах хүсэлт давхар өгчихсөн байгаа бүгдээрээ гарах гэж байгаа, би кадастрын зураг энэ тэрийг нь бүгдийг нь гаргачихсан гэж надад хэлсэн. Би энэ үгэнд нь итгэж Л.*******той наймаа хийсэн. Гэтэл уг газар нь анхнаасаа Л.*******ын эзэмшил, өмчлөлийн газар биш байсан ба өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр надад итгэл үнэмшил төрүүлж, бусдын эзэмшлийн газрыг надад үзүүлж, газар дээр баригдсан байсан гэрийг өөрийн гэр гэж хэлж бодит байдлыг нуух замаар хуурч мэхлэн миний Ниссан Ванетта маркийн тээврийн хэрэгслийг надаас шилжүүлэн авч бусдад худалдсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

 

  • Гэрч Л. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сард гэж санаж байна, руу мосттой машин авахаар очоод “” авто техникийн захаар явж байхад Ниссан Ванетта маркийн машин таараад авахаар болсон. 30 гаран насны гэмээр машины ченж болов уу гэхээр залуу байсан. Би машинаа 11 саяыг дансаар шилжүүлж гэрээ хийгээд машинаа авсан. Машин худалдаж авсан залууг танихгүй. Худалдаж авах тухайн үед ын дугаартай байсан. Хэд гэсэн дугаартай байсныг нь санахгүй байна. Би машинаа худалдаж аваад Хөвсгөл аймагт ирээд өөрийн нэр дээр шилжүүлж шинэ дугаар авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

 

  • Төв аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07/62 дугаартай албан бичгээр газар эзэмших тухай хүсэлт, Төв аймгийн сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/591 дугаартай захирамж (хавтаст хэргийн 76-79 дэх тал),

 

  • 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Б.*******аас Д.Баянбадрахад Ниссан Ванеттамаркийн тээврийн хэрэгслийг худалдах, арилжих талаар эрх олгосон итгэмжлэлийн хуулбар (хавтаст хэргийн 87 дахь тал),

 

  • Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн НД-25-137 дугаартай шинжээчийн дүгэлт, Ниссан Ванетта маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ (хавтаст хэргийн 50-56 дахь тал),

 

  • Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 49376 дугаартай Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 42-45 дахь тал),

 

  • Шүүгдэгч Л.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Тухайн үед 2023 оны 11 сарын дундуур ******* гэж хүнтэй өөрийн төрсөн дүү болох оор дамжуулж танилцсан. Тухайн үед ******* ах миний 94111752 дугаартай утас руу залгаж “дүүгээс чинь дугаарыг чинь авсан юм, мал бэлчээх зарах газар байгаа юу” гэж асуухад нь би “гэрчилгээ нь байхгүй, кадастраа хийлгэсэн газар байгаа” гэж хэлсэн. Ингээд бид хоёр утсаар ярьсан өдрийнхөө маргааш нь уулзсан бөгөөд ******* ах газрыг чинь харъя гэхээр нь би дагуулаад Төв аймгийн сум 1-р баг Аржанчивлан гэх газарт байх 4 айлын газрыг үзүүлсэн. Тухайн газарт би 2022 онд кадастрын зураг хийлгэсэн байсан. Тэгээд ******* ах дээрх газрыг 30,000,000 төгрөгөөр надаас худалдан авахаар тохиролцож, бартерт нь Портер ачааны машин 4,000,000 төгрөгөөр, Ниссан Ванетта гэх тээврийн хэрэгслийг 12,000,000 төгрөгөөр бодож, салхин сэнс, гар утас, станц зэрэг эд зүйлийг нэмж бүгдийг нь нийлүүлээд 20,000,000 төгрөгт бодож, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг гэрчилгээ гарах үед надад өгөхөөр тохиролцож, би дээрх эд зүйлсийг ******* ахаас гэрт нь байх үедээ буюу дүүргийн , од байх үедээ авсан. Тухайн үедээ Портер машин болон утасны дугаарын нэрийг шилжүүлээгүй, харин Ниссан Ванетта маркийн тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлэх итгэмжлэх хийлгэж авсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг 7,000,000 төгрөгөөр техникийн зах дээр очиж машины ченжид зарсан. Үүнээс хойш газрын гэрчилгээг хөөцөлдөхөд тухайн газар нь өөр хүний эзэмшилд бүртгэгдсэн байсан тул гэрчилгээг гаргаж өгч чадаагүй. Тэгээд ******* ахад портер машин, утасны дугаар, салхин сэнс зэргийг буцааж өгсөн. Харин гэрийн хана, гар станц 2 ширхэг, гар утас зэрэг зүйлүүд одоо болтол надад байгаа тул буцааж өгч болно. Үүнээс хойш 2024 оны 12 дугаар сард гэж санаж байна. Би ******* ахад сүүний чиглэлийн буган халиун үхэр өгсөн. Энэ үхрийг 1,500,000 төгрөгөөр бодож, гар утасны дугаарын тал төлбөрт бодож өгсөн юм. Тухайн үед дугаарыг 2,500,000 төгрөгөөр бодож авсан тул үүний тал төлбөрт үхрийг бодож өгсөн. Энэ үхрийг буцааж авч чадаагүй ******* ахад байгаа. Үхрийг тохиролцож ******* ахад өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 123-124 дэх тал) зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд хуульд заасан аргаар буюу хуурч мэхлэх, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, эсхүл урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэргээр бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхтэй үйлдэл байдаг.

 

            Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх ба гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авахдаа тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулсан байдаг.

 

            Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.******* нь 2023 оны 10 дугаар сард Төв аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах Аржанчивлан гэх газарт 2.3 га газрын кадастрын зураг хийлгэж, газрын албанд өгсөн, удахгүй гэрчилгээ нь гарч өөрийн өмчлөл, эзэмшлийн газар болох гэж байгаа гэж итгүүлэн, уг газраас 1,.4 га газрыг хохирогч Б.*******т 30 сая төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 2023 оны 10 дугаар сард түүний эзэмшилд байсан улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг 4,000,000 төгрөгт, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ниссан Ванетта маркийн тээврийн хэрэгслийг 12,000,000 төгрөгт тус тус тохиролцон дээрх хоёр тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авсан байна.

 

            Гэвч шүүгдэгч Л.*******ын худалдан борлуулахаар тохиролцсон 1.4 га газар нь бусдын өмчлөл, эзэмшилд шилжсэн газар байсан байх ба шүүгдэгч Л.******* нь 2023 оны 10 дугаар сарын байдлаар газрын албанд газар эзэмших талаар хүсэлт гаргаагүй, харин 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өвөлжөөний зориулалтаар 700 м2 газар эзэмших хүсэлтийг хохирогч Б.*******тай тохиролцсоноос хойш нэг жилийн дараа гаргасан болох нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан бичгээр тогтоогдож байна.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хуралдаанд “шүүгдэгч Л.*******ыг зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна, харин бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, Л.******* нь хохирогч Б.*******т газрын гэрчилгээ гараагүй байгаа талаар хэлж байсан, иймд бодит байдлыг нуугаагүй” гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь өөрийн эзэмшилд шилжих боломжгүй, бусдын нэр дээр газар эзэмших гэрчилгээ гарсан газрыг өөрийн эзэмшилд шилжих гэж байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, мөн газрын албанд газар эзэмших хүсэлт өгөөгүй атал 2.3 га газар эзэмших хүсэлтээ өгсөн гэж хохирогчид ойлгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд залилсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ талаар дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

            Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Б.******* нь Ниссан Ванетта маркийн тээврийн хэрэгслийн үнэ 12,035,625 төгрөг, маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4,000,000 төгрөг, тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэсэн зардал 277,600 төгрөг, Л.*******ын маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж байхдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийг төлсөн 110,000 төгрөг буюу нийт 16,422,225 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

 

            Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас Ниссан Ванетта маркийн тээврийн хэрэгслийн үнэ бүхий 12,035,625 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, харин маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь 2024 оны 08 дугаар сард маркийн тээврийн хэрэгслийг хохирогч Б.*******т буцааж аваачиж өгсөн, уг тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлээгүй, одоо ч Б.*******ийн өмчлөлд буюу түүний нэр дээр байгаа” гэж маргасан.

 

            Харин шүүх хуралдаанд хохирогч Б.******* нь “ маркийн тээврийн хэрэгслийг Л.******* нь эзэмшиж, ашиглаж байхдаа гадна болон дотор талд нь маш их эвдрэл, хохирол учруулсан, анх байсан байдалд сэргээх боломжгүй болгосон, намайг дээд шатны прокурорт гомдол гаргах үед асуудал үүслээ гээд маркийн тээврийн хэрэгслийг намайг байхгүйд авчирч тавьчхаад явсан байсан, үүнээс хойш би уг тээврийн хэрэгслийг ашиглаагүй, өөртөө дахиж шинээр маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан, үүнийг Л.******* мэдэж байгаа” гэж маргасан.

 

            Хохирогч Б.******* нь маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх боловч шүүгдэгч Л.******* нь 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 08 дугаар хүртэл уг тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж байсан, хохирогч Б.*******аас улсын бүртгэлд нэр шилжүүлж өгөх талаар шаардлага тавихад банкин дээр асуудалтай гэх хувийн шалтгааны улмаас нэр шилжүүлэхээс татгалзаж байсан, хохирогч Б.******* нь уг тээврийн хэрэгслийг ашиглаж бараа материал зөөлгөхдөө шүүгдэгч Л.*******од хөлс төлдөг байсан байх ба харин шүүгдэгч нь 10 сарын хугацаанд ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр уг тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж байсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлж байсан талаарх баримтуудаар тогтоогдож байна.

 

            Иймд шүүхээс хохирогч нь 2023 оны 10 дугаар сараас хойш уг тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаагүй, маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл нь ердийн элэгдэл, хорогдлоос илүү эвдрэл, гэмтэлтэй байх тул заавал хөрөнгийн үнэлгээ тогтоох шаардлагагүйгээр хохирогч, шүүгдэгч нарын тохиролцсон хэмжээгээр буюу 4,000,000 төгрөгөөр тооцож хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Харин шүүгдэгч Л.******* нь маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг хохирогч Б.*******аас шаардах эрхтэй бөгөөд уг асуудлыг энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэх үндэслэлгүй.

 

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******оос 16,422,225 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******т олгохоор шийдвэрлэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Л.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Базардорж “шүүгдэгч Л.******* нь хөнгөн гэмт хэрэгт анх удаа холбогдсон, ганц бие эцэг, гурван хүүхэдтэйгээ хамт амьдардаг, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт,

Хохирогчийн өмгөөлөгч “эрүүгийн хариуцлагатай холбоотой тусгайлсан саналгүй” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

           

            Шүүгдэгч Л.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Л.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (1.4 га газрыг өөрийн эзэмшилд шилжих гэж байгаа зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нууж, бусдын эд хөрөнгийг авч залилсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (гэмт хэргийн улмаас нийт 16,422,225 төгрөгийн хохирол учирсан), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, *******, ар гэрийн байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын  найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ыг 420 (дөрвөн зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь шүүхээс оногдуулсан 420 (дөрвөн зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

              4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.*******оос 16,422,225 (арван зургаан сая дөрвөн зуун хорин хоёр мянга хоёр зуун хорин тав) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.*******т олгосугай. 

 

              5. Шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ