Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2023/00165

 

 

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2023/00165

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/02015/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* байр, **** тоотод байрлах, утас: 99******, 99******, 68***** регистрийн дугаартай, Э******** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, Ухаа хошуу 2 дугаар гудамж, ** тоотод оршин суух, утас: 88******, ЕС90****** регистрийн дугаартай, Х овогт Н.Ад холбогдох,

3,305,999.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, П.М /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

(Хариуцагч Н.Ад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв).

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э******** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, П.М нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Э******** ХХК нь иргэн Н овогтой Атай 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр БЗГ22/0*** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 2,749,900 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар олгосон. Гэвч Н.А нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлээ төлөөгүй, 160 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 2,749,900 төгрөг, хуримтлагдсан хүү 547,418.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,680.63 төгрөг, нийт 3,305,999.34 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Н.А зээл авснаас хойш нэг ч удаа төлөлт хийгдээгүй зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Н.А нь телевизор худалдаж авахдаа манай байгууллагаас зээл авсан гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар итгэмжлэл /хавтаст хэргийн 2 дахь тал, зээл төлөлтийн дансны хуулга /хавтаст хэргийн 3 дахь тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 4-5 дахь тал/, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн БЗГ20/0*** дугаартай Барьцаат зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 6-7 дахь тал/, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 8 дахь тал/, Н.Агийн иргэний үнэмлэх, хур системийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 9-10 дахь тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 11 дэх тал/ зэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э******** ХХК нь хариуцагч Н.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,305,999.34 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Э******** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, П.М нар нь хариуцагч Н.А нь телевизор худалдаж авах зориулалтаар манай байгууллагаас 2,749,900 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан боловч нэг ч удаа зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 2,749,900 төгрөг, хуримтлагдсан хүү 547,418.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,680.63 төгрөг, нийт 3,305,999.34 төгрөгийг хариуцагч Н.Агаас гаргуулж өгнө үү гэх тайлбарыг гаргасан байна.

Талууд телевизорын төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр, сарын 3.5 хувийн хүү төлөхөөр, 624 сарын хугацаатай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлэээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч Н.Ад 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан, хэргийн материалтай танилцуулан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарласан байна. /хавтаст хэргийн 18-21 дэх тал/

Гэвч шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч нь хариу тайлбар ирүүлээгүй тул шүүх хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11:00 цагт товлож шүүх хуралдааны товыг түүний 88****** утас болон оршин суугаа хаягаар гибрид шуудангаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М-гийн хүсэлтээр шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 09:30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, хариуцагчид шүүх хуралдааны товыг түүний 88****** дугаараар мэдэгджээ.

Гэтэл хариуцагч Н.А нь дахин шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 77.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар гаргаж өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэжээ.

Иймд хариуцагч нь дээрх хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Н.Агаас 3,305,999.34 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э******** ХХК-нд олгосугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,845.98 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 67,845.98 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.АЛТАНТУЯА