Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/04

 

Д.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Д.Т,

нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.           

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Т-т холбогдох эрүүгийн 2030002460303 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2021 оны  01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 19... онд Сүхбаатар аймгийн С суманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ...., хүүгийн хамт, Сүхбаатар аймгийн С сумын .... дугаар баг “ШБ” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Т. /РД:............./

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Т нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны орой 18
цагийн үед Сүхбаатар аймгийн БУ сумын .... дүгээр баг “Х” дэлгүүрийн гадаа хохирогч Г.Б-г хавсарч унагаасны улмаас түүний эрүүл мэндэд  баруун шилбэ шаант ясны доод гуравны нэг хэсгийн ташуу зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан
гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор  Г.Лхагвасүрэн  түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор:  Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Т-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг энэ хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Д.Т-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Д.Т-т оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн эмчилгээний зардалд  200000 төгрөг төлсөн, 1400000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд хохирогч Г.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй  болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх нь шүүгдэгч Г.Т-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг мөн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт:  “шүүгдэгч Д.Т-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно” гэж дүгнэсэн атлаа гэм буруугийн субьектив тал буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн санаатай хэлбэр шүүгдэгч Д.Т-т байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй,  түүний гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоогоогүй байна гэж үзэж, зүйлчлэл өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Улсын Дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 53 дугаар тогтоолд: “... уг гэмт хэргийн объектив талын шинжийг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, гэрээ буюу хэлцлийн дагуу үүрэг хүлээсэн этгээд хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, гэрээ буюу хэлцлийн дагуу үүрэг хүлээсэн этгээд хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бусад тохиолдолд хүний биед хүндэвтэр хохирол учруулсан нь гэмт хэрэгт тооцогдохгүй. Зөвхөн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж хэт ерөнхий дүгнэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх”-ийг хориглосон хууль ёсны зарчмыг зөрчихөд хүргэнэ...” гэж тайлбарласан байна. Хэргийн нөхцөлөөс үзэхэд хохирогч Г.Б нь шүүгдэгч Д.Т-г  өөрийг нь таших үйлдэл хийж унагаах боломжтой гэдгийг урьдчилан мэдээгүй, таамаглах нөхцөл байдалд үйлдэгдээгүй болох нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн болохыг илтгэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгч Д.Т-т холбогдох эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

          Шүүгдэгч Д.Т нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед Сүхбаатар аймгийн БУ сумын ..... дүгээр баг “Х” дэлгүүрийн гадаа хохирогч Г.Б-г хавсарч унагаасны улмаас түүний эрүүл мэндэд баруун шилбэ шаант ясны доод гуравны нэг хэсгийн ташуу зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

          Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн яллагдагч Д.Т-н “Миний бие 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн үед “Х” дэлгүүрийн гадаа очсон чинь Б хэдэн хүнтэй хамт байхаар нь дуудаж уулзаж, мэндлээд гар бариад хавсарсан чинь бөгсөөрөө саваад унасан. Зүгээр үү гэж асуухад: Миний хөл эвгүй байна гэсэн. Баруун хөл нь дотогш эргэсэн байхаар нь гадагш эргүүлсэн. Тэгээд явж болохоор байна уу гэж асуухад болно гэхээр нь мотоцикл дээрээ сундлаад авч яваад “М” хөшөөний урд талд үлдээгээд явсан. Би бага зэрэг архи уусан байсан. Бид хоёр маргалдаагүй, тэнд байсан хүмүүсээс ганцааранг нь авч явах гээд тоглоод хавсарсан.” гэх мэдүүлэг /хх 29-30/,

          хохирогч Г.Б-н “Миний бие 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн үед “Х” дэлгүүрийн гадаа Н-тай тааралдаад яриад зогсож байх үед Төрөө мотоциклтой ирэхээр нь би очиж, мэнд ус мэдэлцээд буцаад хамт байсан хүмүүс рүүгээ очих гээд эргэх үед араас хөлөөрөө хавираад унагаасан чинь миний баруун хөл шилбээрээ хугарсан. Тэр үед Төрөө: Зүгээр үү? гээд хугараад эргэчихсэн хөлийг минь эргүүлэхээр нь “Гэрт хүргээд өгнө үү” гэсэн. Н, С хоёр намайг өргөөд Төрөөгийн мотоциклын ард суулгасан. Гэр лүүгээ явж байтал “М” хөшөөний урд өндөр дээр зогсоод: “Энд буучих, удахгүй хүрээд ирье” гэж яваад эргэж ирэхгүй болохоор нь нэг танихгүй хүүхдийг гар утсаар нь эхнэр лүүгээ залгуулсан. Манай эхнэр намайг ирж авсан.” гэх мэдүүлэг /хх 13-14/,

          гэрч М.О-н “2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн орчим танихгүй дугаараас: “Эгчээ Х гэх хүн М хөшөөний энд хөл нь хугарсан байдалтай байна.” гэхээр нь очиж, нөхрөө аймгийн нэгдсэн эмнэлэг рүү аваачихад хөл нь хугарсан байна гэсэн. Намайг очиход манай нөхөр жаахан халамцуу байсан. Би нөхрөөсөө юу болсон талаар асуухад: Төрөө гэх залуу намайг ташаад унагасан гэж ярьсан.” гэх мэдүүлэг /хх 15/,

          шинжээчийн “Г.Б-н биед баруун шилбэ шаант ясны доод 1/3 хэсгийн ташуу зөрүүтэй хугарал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 18-19/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Т нь хохирогч Г.Б-тай уулзаж, мэндлээд хамт явж байсан хүмүүс рүүгээ буцаж очих гээд эргэх үед нь араас нь хөлөөрөө хавсарч унагааж, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж, үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрт хамааруулахаар байна.

          Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Д.Т-н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцож, ял шийтгэснийг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзлээ.

          Тодруулбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, энэ зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж тус тус зааснаар аливаа гэмт хэргийн ойлголт, шинж нь тусгай ангид заасан хэм хэмжээний хүрээнээс хэтрэх ёсгүй юм. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглосон хууль ёсны зарчимд нийцэхгүй байна.  

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодод удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж, хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан бол” гэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийн объектив талын шинжийг хуульчлан тодорхойлсон. Энэ зүйлд зааснаас бусад болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болно.   

          Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2 болон 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор У.Золжаргалын эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Тт холбогдох, 2030002460303 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Шүүгдэгч Д.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                       О.БААТАРСҮХ   

 

                                                                                    Д.БАЙГАЛМАА