Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 119

 

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг суулган улсын яллагч С.Ариунаа, шүүгдэгч Д.Сүхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овогт Даржаагийн Сүхбаатарт холбогдох эрүүгийн 1721000270027 дугаартай хэргийг 2016 оны 8 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1967 оны 5 сарын 27-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 7-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 10 сарын 16-ны өдрийн 136 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлсэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1999 оны 12 сарын 27-ны өдрийн 218 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 5 сарын 09-ний өдрийн 28 тоот захирамжаар 4 сар 26 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2001 оны 10 сарын 09-ний өдрийн 177 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 2002 оны 7 сарын 04-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 7 сарын 28-ны өдрийн 2/58 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 12 сарын 05-ны өдрийн 274 тоот шүүгчийн захирамжаар ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан ба Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 3 сарын 14-ний өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжаар Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 12 сарын 05-ны өдрийн 274 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгож эдлээгүй үлдсэн 9 сар 02 хоногийн ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж, 2007 оны 10 сарын 21-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, /РД:ЖЮ67052717/, Хатагин овогт Даржаагийн Сүхбаатар,

Шүүгдэгч Д.Сүхбаатар нь 2017 оны 7 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0132 дугаар ангийн баруун талд С.Батсүхийг зодож бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Сүхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч С.Батсүх мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 7 сарын 05-ны өдөр Хэрлэн сумын 9 дүгээр баг 1 дүгээр сургуулийн урд талаас такси барьж ...Хэрлэн сумын 3 дугаар баг Хилийн цэргийн 0132 дугаар ангийн баруун талын дэлгүүрийн тэнд зогссон. Таксины мөнгө 1500 төгрөг гарсан бөгөөд надад 1000 төгрөг л байсан. Би урьд нь тэр таксины жолоочтой 2-3 удаа таарч үйлчлүүлж байсан бөгөөд тэр байдлыг бодоод 1000 төгрөг л байна гэсэн чинь юу ч дуугаралгүй миний толгой, нүүр рүү 2-3 удаа цохиод миний гарт байсан мөнгө, гар утас зэргийг булааж авсан. Тэгээд намайг түлхэж буулгаад хөдлөөд явсан. Хөдөлж яваад над дээр буцаж ирээд машинаасаа бууж ирээд дахин намайг цохиж зодсон. Мөн өмсөж явсан хувцасыг тайлаад дээр минь гарч хоолой шахаж боосон. Би арай гэж түүнээс мултарч зугтахад араас машинтайгаа хөөгөөд байсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул уг хэргийг гайгүй талаас нь шийдэж өгнө үү. Би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 12-13/

-Шүүгдэгч Д.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Д.Сүхбаатар нь 2017 оны 7 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0132 дугаар ангийн баруун талд хохирогч С.Батсүхтэй маргалдаж гараараа цохисны улмаас түүний зүүн нүдэнд цус хуралт, хүзүү, нуруу, баруун бугалганд зулгаралт, баруун, зүүн тавхайн 1-р хуруунд зүсэгдсэн шарх зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Сүхбаатарын мөрдөн байцаалтад  өгсөн“ ...Би тэр залууг анх барьж авах үедээ 2 удаа гараараа цохиж зодож гэмтэл учруулсандаа маш их харамсаж гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/, “хохирогч С.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний толгой, нүүр рүү 2-3 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 7 сарын 24-ний өдрийн 410 тоот дүгнэлтэд: "1.С.Батсүхийн биед зүүн нүдэнд цус хуралт, хүзүү, нуруу, баруун бугалганд зулгаралт, баруун, зүүн тавхайн 1-р хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй” /хх-ийн 23/ гэсэн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Сүхбаатарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Д.Сүхбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 7 сарын 24-ний өдрийн 410 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Сүхбаатар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн туснай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 241 /хоёр зуун дөчин нэг/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.      

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс АН9932899, АН7148083 серийн дугаартай 2 ширхэг 10000 төгрөгийн дэвсгэртийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 8 сарын 21-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, түүнд буцаан олгох нь зүйтэй байна.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Хатагин овогт Даржаагийн Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Даржаагийн Сүхбаатарыг хоёр зуун дөчин нэгэн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.       

               

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сүхбаатар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Болор-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Д.Сүхбаатарын эзэмшлээс АН9932899, АН7148083 серийн дугаартай 2 ширхэг 10000 төгрөгийн дэвсгэртийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 8 сарын 21-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЮ67052717 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг түүнд буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Сүхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР