Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/366

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо, 

   Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

   Шүүгдэгч А.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-т холбогдох эрүүгийн 2538000000312 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А.Б-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б- нь нь Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг ... гэх газарт байх өөрийн гэртээ 2025 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө “хөгшин зөнөг уйллаа” гэж үл ялих зүйлээр шалтаглан унтаж байсан 6 нас 10 сартай бага насны хүүхэд болох С.П-ын нүүрэн тус газарт нь алгадаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538000000312 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч А.Б- нь Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг ... гэх газарт байх өөрийн гэртээ 2025 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө “хөгшин зөнөг уйллаа” гэж үл ялих зүйлээр шалтаглан унтаж байсан 6 нас 10 сартай бага насны хүүхэд болох С.П-ын нүүрэн тус газарт нь алгадаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б-ын өгсөн: “...Би жаахан охиноо зодсондоо үнэхээр их харамсаж байна. Цаашид охинтойгоо хамт амьдарч гэр бүлийн хүчирхийлэл дахин үйлдэхгүй гэдгээ хэлье. Аавын үүргээ гүйцэтгэж хамт амьдрахаар шийдсэн байгаа…” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 онд А.Б- гэдэг хүнтэй гэр бүл болж гэрлэлтээ батлуулан хамт ... сумын ... багт мал маллан амьдарч байгаа ба бид хоёр гэр болохдоо би дагавар нэг хүүхэдтэй гэр бүл болоод бид хоёр дундаас 1 хүүхэд гарсан 1 настай хүүхэд байгаа. Миний дагавар охин болох С.П- маань өвөө, эмээ дээрээ байдаг ба над дээр хааяа нэг очдог юм. С.П- охин минь 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хичээл тарсан гээд манайд ирсэн байсан. Нэг хоноод хоёр дахь хоног буюу 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө гэртээ гэр бүлээрээ унтаж байсан. Тэгсэн С.П- шөнө унтаж байгаад хальт уйлагнасан чанга уйлаагүй. Тэгсэн манай нөхөр “өдий том болсон хөгшин зөнөг чинь уйллаа” гээд нүүрэн тус газар нь 3 удаа цохисон. Тэгэхээр нь босоод харсан хүүхдийн хамраас нь цус гоожсон уйлж байсан. Тэгэхээр нь би хүүхдийнхээ хамрын цусыг угааж цэвэрлээд өөрийнхөө хажууд авч унтуулсан. Тэгэхэд миний охин С.П-ын нүд нь хавдаж хөхөрсөн уруул нь хавдсан байсан. Тухайн үед би босоод охиноо уйлаад байхаар нь авсан. Манай нөхөр миний баруун нүдэн тус газар нэг удаа гараар цохиж “хоноцын шээсээ аваад зайл” гэж хэлсэн. ...Би охиноо болон өөрийгөө зодуулсандаа гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,

Насанд хүрээгүй хохирогч С.П-ын өгсөн: “...Би хичээлээ тараад ээж дээрээ очиж 2 хоносон. Би хөгшин аав, хөгшин ээжтэйгээ байдаг. Манай аав намайг шөнө унтаж байхад “Хөгшин зөнөг уйллаа” гэж миний нүд рүү цохисон, ам руу цохисон. Миний хамрын цус гоожсон. Тэгээд би уйлж байсан. Ээж намайг авч нүүр угааж өгөөд намайг хажуудаа унтуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Б-н 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 273 дугаартай: “...Т.С-гийн биед баруун доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Т.С-гийн биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Б-н 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 272 дугаартай: “...С.П-ын биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. С.П-ын биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хохирлын хөнгөн зэрэг тогтоогдов. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 тал/,

Мөрдөгчийн нас тоолсон: “...С.П- нь 20.. оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 6 нас, 10 сартай байна” гэх тэмдэглэл /хх-ийн 37 тал/,

Насанд хүрээгүй хохирогч С.П-ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 36 тал/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 38-50 тал/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 51-69 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

Шүүгдэгч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө би эхнэр болон өөрийн төрсөн охин Н- болон дагавар охин С.П- нарын хамт унтаж байх үед С.П- охин маань шөнө уйлагнаад байхаар нь нүүр рүү нь хоёр удаа нойроо харамласандаа гараараа алгадчихсан харин манай бага охин сэрчих гээд байсан юм. Би өөрийнхөө хийсэн хэргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С-, насанд хүрээгүй хохирогч С.П- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Б-н 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 272 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн нас тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч С.П-ын төрсний гэрчилгээний хуулбар, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч А.Б- нь Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг ... гэх газарт байх өөрийн гэртээ 2025 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө “хөгшин зөнөг уйллаа” гэж үл ялих зүйлээр шалтаглан унтаж байсан 6 нас 10 сартай бага насны хүүхэд болох С.П-ын нүүрэн тус газарт нь алгадаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч С.П-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч А.Б-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч А.Б-ын үйлдэл идэвхтэй, насанд хүрээгүй хохирогч С.П-ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч А.Б-ын насанд хүрээгүй хохирогч С.П-ын эрүүл мэндэд нь халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “...хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, мөн зүйл, хэсгийн 2.8-д заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд насанд хүрээгүй хохирогч С.П-ын хууль ёсны төлөөлөгч Т.С- нь төлбөр нэхэмжлээгүй, хохиролтой холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй, шүүгдэгч А.Б- нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан зардал болох 126,060 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /хх-ийн 83 тал/-аар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 87-90 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч А.Б- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч А.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч А.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...Шүүгдэгч А.Б-т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж, шүүгдэгч А.Б- нь хэрэг хариуцах чадвартай урьд ял шийтгэлгүй анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөрдөн байцаалтын шатанд болон гэм буруугийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж зорчих эрх хязгаарлах ялыг оршин суух газар нутаг болох ... сумын хилийн дээсээр тогтоох” саналыг харгалзан шүүгдэгч А.Б-ыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаагаар төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Эрүүгийн 2538000000312 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон    

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ыг 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч А.Б-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч А.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.ЭРДЭНЭ-ОЧИР