Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2023/00225

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2023/00225

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2023/00033/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, Найрамдал талбайд байрлах, утас: 70******, 94******, 26***** регистрийн дугаартай, ХААН банк ХХК-ийн Дархан салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 205 дугаар байр, ** тоотод оршин суух, утас: 93******, КЮ91****** регистрийн дугаартай, Х овогт У.Ч,

Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 205 дугаар байр, ** тоотод оршин суух, утас: 99******, КЮ63****** регистрийн дугаартай, Х овогт Б.У,

Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, Төмөр зам 14 дүгээр байр, ** тоотод оршин суух, утас: 99******, КЮ93****** регистрийн дугаартай, Х овогт У.Ш нарт холбогдох,

2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/2019******** тоот гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 10,312,268.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А,

Хариуцагч У.Ч, Б.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ихэрмөрөн,

(Хариуцагч У.Шд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өөрийг нь байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв).

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн Дархан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Зээлдэгч У.Ч, хамтран үүрэг гүйцэтгэгч У.Ш, Б.У нар нь ХААН банкнаас 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 11,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн. Мөн цар тахал гарсантай холбоотой ажил зогссон учраас зээл төлөх боломжгүй гэсэн учраас Засгийн газрын тогтоол, Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль зэрэг хууль тогтоомжоор 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 2 удаа зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг нэмэлт гэрээгээр зээлийн гэрээний хугацааг сунгаж хөнгөлөлт үзүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа одоогоор дуусаагүй. 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үүргийн гүйцэтгэл дуусах ёстой. Хариуцагч нар нь зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу тогтмол төлөхгүй, хуваарийг удаа дараа зөрчсөн тул зээлийн гэрээг цуцалж, 10,312,268.23 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагч У.Ч нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хаан банк ХХК-аас 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 11,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Тухайн үед Дундговь аймгийн Гурван цагаан сумын Г********* компанид экскаваторчнаар ажиллаж байсан. Зээлээ эхлээд төлж байсан. 2019 оны сүүлээр цар тахал гарсан. Манай компани хятадын хөрөнгө оруулалттай компани учраас хил хаагдаж ажил зогссон учраас зээлийг эргэн төлж чадаагүй. Одоо 05 дугаар сард ажил эхлэхээр зээлээ төлж эхэлнэ. Дархан-уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1 жил 6 сарын хугацаатай хорих ял авч, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр суллагдсан. 2022 онд өөр газар ажиллаж байсан боловч цалин хөлсөө бүрэн авч чадаагүй учир зээлээ эргэн төлж чадаагүй. Би өөрөө зээлээ төлж барагдуулна. Хамтран зээлдэгчээр У.Ш байсан. Намайг хорих ял авсны дараа хамтран зээлдэгчээр аав Б.Уыг нэмсэн. Манай дүү У.Ш жирэмсэн, одоогоор оюутан. Аав ажлынхаа хажуугаар давхар байрны зээлийг төлж барагдуулдаг. Иймд би зээлийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Б.У нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Б.У нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хаан банк ХХК-ийн Дархан салбартай өөрийн хүү У.Чын байгуулсан ЗГ/2019******** тоот цалингийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/2019********-2 тоот зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Тус гэрээнд гарын үсэг зурхаас өмнө У.Чад зээл хэдий нь олгогдсон байсан бөгөөд миний хувьд тус зээлээс нэг ч төгрөг аваагүй. Миний бие 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан ЗГ/2019******** тоот цалингийн зээлийн гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ/2019********-1 тоот гэрээнд гарын үсэг зураагүй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг.

Иймд Хаан банк ХХК нь надад нэг ч төгрөг шилжүүлээгүй ба тухайн зээл нь миний дансанд шилжин ороогүй, би тухайн зээлээс нэг ч төгрөг авч ашиглаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Хаан банк ХХК болон бид хоёрын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй. Учир нь би нэг ч төгрөг аваагүй учраас зээлийг эргүүлэн төлөх үүрэг хүлээхгүй.

Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд цалингийн зээл олгоход хамтран зээлдэгчид үүрэг хүлээлгэх тухай зохицуулалт байхгүй байна.

Хүү У.Ч нь Ковид-19 цар тахлын улмаас зээлээ хугацаандаа төлж чадаагүй. Гэтэл намайг Хаан банк ХХК-аас дуудаж 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/2019********-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээн дээр гарын үсэг зурснаас биш ямар нэгэн зээлийн мөнгө төгрөг авсан зүйл мөн л байхгүй.

Иймд нэхэмжлэгч ХААН банк ХХК болон хариуцагч Б.У нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн эрх зүйн харилцаа үүсээгүй бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын Б.Ут холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч У.Ш нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие У.Ш нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хаан банк ХХК-ийн Дархан салбартай өөрийн ах У.Чын байгуулсан 11,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлсэн ЗГ/2019******** тоот цалингийн зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан. Миний хувьд өөрийн тухайн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг сурсан хэдий ч Хаан банк ХХК-аас 11,000,000 төгрөгийн зээлийг бүгдийг нь У.Чын данс руу шилжүүлсэн.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан байдаг.

Иймд Хаан банк ХХК нь надад нэг ч төгрөг шилжүүлээгүй ба тухайн зээл нь миний дансанд шилжин ороогүй, би тухайн зээлээс нэг ч төгрөг авч ашиглаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар ХААН банк болон бид хоёрын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй. Учир нь би нэг ч төгрөг аваагүй учраас зээлийн эргүүлэн төлөх үүрэг хүлээхгүй.

Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд цалингийн зээл олгоход хамтран зээлдэгчид үүрэг хүлээлгэх тухай зохицуулалт байхгүй байна.

Ах У.Ч нь Ковид-19 цар тахлын улмаас зээлээ хугацаандаа төлж чадаагүй. Гэтэл намайг ХААН банкнаас дуудаж 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ/2019********-1 тоот, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/2019********-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүд дээр тухай тус тус намайг гарын үсэг зурснаас биш ямар нэгэн зээлийн мөнгө төгрөг авсан зүйл мөн л байхгүй.

Иймд нэхэмжлэгч ХААН БАНК ХХК болон хариуцагч У.Ш нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн эрх зүйн харилцаа үүсээгүй бөгөө хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын У.Шд холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар итгэмжлэл /хавтаст хэргийн 3, 15-16, 43 дахь тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 4 дэх тал/, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/2019******** тоот Зээлийн гэрээ /хавтаст хэргийн 5-6 дахь тал/, зээл буцаан төлөх хуваарь /хавтаст хэргийн 7 дахь тал/, 2019 оны 10 дугаар сарын 29-ний БГ/2019******** дугаартай Барьцааны гэрээ /хавтаст хэргийн 8-9 дэх тал/, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/2019********-2 Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /хавтаст хэргийн 10-11 дэх тал/, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ/2019********-1 Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 14 дэх тал/, зээлийн бүртгэлийн карт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, зээлийн дансны хуулга /хавтаст хэргийн 19 дэх тал/, Зээлийн төлөх тухай мэдэгдлүүд /хавтаст хэргийн 20-23 дахь тал/ зэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Дархан салбар нь хариуцагч У.Ч, У.Ш, Б.У нарт холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/2019******** гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 10,312,268.23 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч У.Ч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч У.Ш, Б.У нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

3. Хэрэгт авагдсан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №ЗГ/2019******** дугаартай зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ/2019********-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/2019********-2 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ зэрэг нотолгооны хэрэгслүүдээр Хаан банк ХХК-ийн Дархан салбар нь зээлдэгч У.Ч, У.Ш нартай зээлийн гэрээ байгуулж 11,000,000 төгрөгийг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалин барьцаалж олгосон байх ба талууд 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаагаар сунгасан, улмаар 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гаргасан У.Ш, Б.У нарын хүсэлтээр дахин 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний хугацааг 51 сар болгон өөрчилж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр У.Ш, Б.У нартай нэмэлт гэрээ байгуулсан байна. /хавтаст хэргийн 5-13 дахь тал/

4. Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг хариуцагч У.Чын ХААН банкин дахь дансанд гэрээний дагуу шилжүүлсэн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эргээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

5. Хариуцагч нь зээлийн төлбөрт 6,665,597.76 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй болно.

6. Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхөөр үүрэг хүлээсэн боловч гэрээгээ зөрчсөн тул удаа дараа үүргээ биелүүлэх мэдэгдлийг өгч байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. /хавтаст хэргийн 20-23 дахь тал/

Иймд нэхэмжлэгч тал нь зээлдэгч нарын хүсэлтээр удаа дараа зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгаж байсан боловч гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй тул талуудын хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №ЗГ/2019******** дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нь зүйтэй.

7. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэжээ.

8. Хариуцагч У.Ш, Б.У нар нь зээлийн төлбөрийн үүргийг зөвшөөрөхгүй, зээл аваагүй гэж маргаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр банкны өмнө адил үүрэг хүлээхээр тохиролцсон, өөрөөр хэлбэл зээлийг хувааж төлөхөөр гэрээндээ заагаагүйгээс нэхэмжлэгч нь хэнээс нь ч төлбөрийг шаардах эрхтэй тул хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасан үүргээ хариуцагч нар биелүүлээгүй байх тул мөн хуулийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж зааснаар үндсэн зээлийн төлбөр 8,151,485.23 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,046,844.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 113,938.45 төгрөг, нийт 10,312,268.23 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн Дархан салбар, хариуцагч У.Ч, У.Ш нарын хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №ЗГ/2019******** дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Б.Ч, У.Ш, Б.У нараас 10,312,268.23 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн Дархан салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179,946 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нараас 179,946 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА