Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/84

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонжаргал,

Улсын яллагч М.Алтангэрэл,

Шүүгдэгч Ш.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Өт холбогдох 2524000000091 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ...............төрсөн, халх, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ......., ...................... хамт ................... багт оршин суух хаягтай, урьд .............., Ц овогт Шын Ө, регистрийн дугаар .................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Ө нь 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ..................... багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улсын дугааргүй ”Даюун” маркийн мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Ш.Ө нь 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн ............................ багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улсын дугааргүй ”Даюун” маркийн мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/,

- Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3-р хуудас/,

- Завхан аймгийн Цагдаагийн газрын цагдаа, зохицуулагч албан тушаалтай дэд ахлагч Б.Г Ш.Өийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Шын Ө 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 14 минутад Alcotest багаж ашиглан шалгахад 3.33 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/,

- Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Жолоочийн лавлагаа, мэдээлэл / хавтаст хэргийн 6-р хуудас/,

- Гэрч Б.Г “...Би Завхан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажил үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тухайн өдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 24-ний өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын замын байнгын постод 14 хоногийн хугацаатай шугаман эргүүл арга хэмжээний хүрээнд ажиллаж байсан. Ингээд 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн оройны 23 цагийн орчимд тухайн нутаг дэвсгэртээ үүрэг гүйцэтгэж байх хугацаанд улсын дугаар тодорхойгүй “Даюун” маркийн мотоцикл жолоодон  өөрийгөө Ө гэх эрэгтэйг зогсоож шалгахад тухайн эрэгтэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн бололтой байхаар нь саатуулж, согтолтын зэрэг тогтоох багаж ашиглаж, үлээлгэж үзэхэд 3,33 хувь гарсан. Тухайн иргэнийг регистрийн дугаараар шүүж үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болохыг мэдсэн. Үүрэгт ажлынхаа чиглэлийн дагуу дараагийн шатны албан хаагч буюу тухайн өдрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байсан мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Ж мэдэгдэж, согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл үйлдэж, материалыг өгсөн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15-р хуудас/,

-  Мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай “...Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн байна гэх магадалгаа / хавтаст хэргийн 23-24-р хуудас/,

- Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн .............. дугаартай шүүхийн шийтгэврээр Ш.Өт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 8-10-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, дээрх нотлох баримтууд нь хэрэгт ач холбогдолтой, хууль ёсны, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасан.

Дээрх хориглосон заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ дахин тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн…” гэмт хэргийн шинж болгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг тус зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тайлбарласан.

Шүүгдэгч Ш.Ө нь 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь эрх бүхий албан тушаалтны жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Ш.Өийн согтолтыг “Аlcоtest” багаж ашиглан шалгахад 3.33% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хавтаст хэргийн 4-5-р хуудас/ тогтоогдсон байна.

Мөн шүүгдэгч Ш.Ө нь 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн ............... дугаартай шийтгэврийн хуулбараар нотлогдож байх бөгөөд тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэдгээ мэдсээр байж 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Ш.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгч Ш.Өийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.Ө нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Ш.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй бөгөөд холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх эрх хасах ялыг хорих ял дээр оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч Ш.Өт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах 2 /хоёр/ жилийн нэмэгдэл ялын хугацааг түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

              Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, …ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар, хэлтэс хариуцан хөтөлнө” гэж заасан байх тул шүүгдэгч Ш.Өт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгах нь зүйтэй байна.

              Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Ц овогт Шын Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Ш.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ш.Өт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ө нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтайг тайлбарласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Ш.Өт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.ДОРЖБАЛ