Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2023/00077/И |
Дугаар | 135/ШШ2023/00296 |
Огноо | 2023-03-09 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 135/ШШ2023/00296
2023 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 135/ШШ2023/00296 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2023/00077/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Монгол Ньюс тауэр оффис, 4 дүгээр давхар, *** тоотод байрлах, утас: 70******, 80******, 60***** регистрийн дугаартай, О********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 1а байр, ** тоотод оршин суух, утас: 80******, ТГ90****** регистрийн дугаартай, А овогт Б.Зод холбогдох,
11,780,944.58 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М /цахимаар/,
Хариуцагч Б.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ихэрмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О********** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.
Хариуцагч нь 2020 онд 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. 2009 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд Монгол Улсад орж ирсэн суудлыг авто машиныг барьцаалсан. Хариуцагч нь зээл авсан цагаасаа хойш нэг ч удаа төлөлт хийхгүй, удаа дараа график зөрчсөн. Холбогдох гээд холбогдож чаддаггүй байсан. 7 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөгийг хийсэн. Энэ мөнгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүд суутгасан. Иймд хариуцагчаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гээд нийт 11,780,944.58 төгрөгийг гаргуулахаар, төлбөрийг төлөхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Б.З нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Зээл авсан нь үнэн. Зээлийн гэрээний үлдсэн хугацаанд зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Машин хөдөө эвдэрсэн. Эвдэрсэн машинаар мөнгөө гаргаж ав гэдэг нь арай хүн чанаргүй болох гээд байна. Иймд машиныг заруулахгүй, мөнгөө хугацаанд нь төлөх хүсэлтэй байна. Зээлийн гэрээг хугацаанаас цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар итгэмжлэл /хавтаст хэргийн 4 дэх тал/, 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ-202203-1** дугаартай Зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 5-8 дахь тал/, 2022 оны 3 дугаар сарын 05-ны ФГ-202203-1** дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 9-11 дэх тал/, Б.Зын О********** ББСБ ХХК-д гаргасан хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 12 дахь тал/, харилцагчийн мэдээллийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 10 дахь тал/, зээлийн өргөдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 14-15 дахь тал/, харилцагчийг таньж мэдэх асуулгын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 16 дахь тал/, автомашины эвдрэл гэмтэлтэй хэсэг болон фото зургийг тэмдэглэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 17 дахь тал/, Б.Зын иргэний үнэмлэхийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 18, 23 дахь тал/, 0*** УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 19 дэх тал/, тээврийн хэрэгслийн даатгалын баталгааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 20-22 дахь тал/, 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 1*** дугаартай Худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 23 дахь тал/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 24 дэх тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 25 дахь тал/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 26-27 дахь тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/ зэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О********** ББСБ ХХК нь хариуцагч Б.Зод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,780,944.58 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох 0*** УБА улсын дугаартай, Toyota mark X Zio-AA10 маркийн тээврийн хэрэгслээр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2. Хариуцагч Б.З нь зээлийн гэрээний үүрэгт 11,780,944.58 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3. Хэрэгт авагдсан 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ-202203-1** дугаартай Зээлийн гэрээгээр О********** ББСБ ХХК, Б.З нар харилцан тохиролцож, 10,000,000 төгрөгийг, сарын 2.9 хувийн хүүтэйгээр, зээлдэгч нь гэрээнд заасан ерөнхий хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх ерөнхий болон хэсэгчлэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор, зээлийн гэрээний хугацаа 24 сар байхаар, автомашины лизингийн зориулалтаар олгосон байх ба уг гэрээ нь гэрээний талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан хүчин төгөлдөр хэлцэл байна. /хавтаст хэргийн 5-8 дахь тал/
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
5. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ФГ-202203-1** дугаартай гэрээг байгуулж Тоёота Марк Х Zio-АА10 маркийн, 0776 УБА маркийн суудлын автомашиныг 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр О********** ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ. /хавтаст хэргийн 9-11 дэх тал/
6. Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөгийн төлбөр төлсөн ба түүнээс хойш зээлийн төлбөр төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. /хавтаст хэргийн 24 дэх тал/
7. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэжээ.
Нэхэмжлэгч нь үүргээ гүйцэтгэхийг удаа дараа сануулж байсан талаар хариуцагч тайлбар гаргасан тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг шаардах эрхтэй байна.
8. Гэвч шүүх хуралдааны явцад хариуцагч Б.З нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 11,780,944.58 төгрөг гаргуулахыг зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
Дээрх хариуцагчийн тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн 11,780,944.58 төгрөг төлөх зөвшөөрлийг баталж, нэхэмжлэгч О********** ББСБ ХХК-ийн гаргасан зээлийн гэрээний үүрэгт 11,780,944.58 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
9. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг төрөл юм. Өөрөөр хэлбэл, зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хуульд заасан аргаас мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасан аргыг сонгож, мөн хуулийн 235.1-д заасны дагуу фидуцийн гэрээг байгуулсан ба Иргэний хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцүүлэн гэрээ байгуулсан.
10. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь үүрэг хүлээгч нь хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч нь үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.
Талууд зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэж гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч нь зээлийн үүргийг хангуулахаар гэрээний зүйл болсон автомашиныг бодитоор шилжүүлж авахгүйгээр, шүүхийн шийдвэрээр худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч О********** ББСБ ХХК-ийн гаргасан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 11,780,944.58 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.З нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар нэхэмжлэгчийн Тоёота Марк Х Zio-АА10 маркийн, 0*** УБА маркийн суудлын автомашиныг зарж борлуулсан дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273,645.12 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 203,445.12 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА