Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/85

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч М.Алтангэрэл,

Шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Дид холбогдох 2524000000105 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .................. суманд төрсөн, .............. настай, эрэгтэй, ......................., эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....., ................. нарын хамт ................................... оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Тын Д, регистрийн дугаар .........

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Д нь хохирогч Б.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

 Шүүгдэгч Т.Д нь 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн үед ..................................... ам гэх газарт хохирогч Б.Дтай “хонь нийлүүллээ” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг хавсарч унаган баруун хөмсөг рүү гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун хөмсөгний доод хэсэгт шарх, баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

 

- Хохирогч Б.Дгийн “...Би 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрээсээ гараад хонио харахад манай хонь Дийн хоньтой нийлсэн байсан. Тэгээд хонь руугаа очиход Д бас хонио ялгах гээд П гэх залуутай ирсэн байсан. Тэгээд бид нар хонио ялгаж байгаад орой 19 цаг болоход маргааш үлдсэн хонио ялгаж авъя гэж бодоод би гэртээ ороод байж байхад гэрийн гадна Д ирээд намайг дуудахад би ороод ирэх байлгүй гэж бодоод сууж байхад манай гэрийн хаалгаар шагайгаад намайг дуудахаар нь би гарсан. Тэгээд намайг гарахад барьж авч хавсарч унагаад нүүр хэсэгт нэг удаа гараараа цохиход манай эхнэр С. болон П нар салгасан. Д миний нүүр хэсэгт 1 удаа цохисон. Өөр хүн бол ямар нэг байдлаар намайг цохиогүй. Манай эхнэр ........, Д, П нар байсан. Өөр хүн бол байгаагүй. Архи согтууруулах ундааны зүйл бол хэрэглээгүй байсан. Тосонцэнгэл сум Оргих баг Доод харганы ам гэх газарт 2025 оны 09 дүгээр сарын 22-ны орой 19 цагийн үед болсон. Бидний дунд өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. Д нь манай аав Баатарын эгчийн хүүхдийн хүүхэд байгаа юм. Би сумын эмнэлэгт үзүүлэн 3 оёдол тавиулж 3 өдөр боолт хийлгэсэн. Одоо өвдөж байгаа ямар нэгэн зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдүүлмээр байна. Учирсан хохирол байхгүй. ... Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн Доод харганы ам гэх газарт Т.Д гэх залуу миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиж дээрх гэмтлийг миний биед учруулсан. Надад шинжээчийн дүгнэлтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Намайг хонио харалгүй нийлүүллээ гэх шалтгаанаар зодсон. ....Би зодуулсан өдрөө Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт үзүүлж гэмтэл авсан газраа 3 оёдол тавиулж 2-3 удаа цэвэрлэгээ хийлгэсэн. Надаас ямар нэгэн төлбөр гараагүй. Тийм болохоор надад гаргаж өгөх хохирлын баримт байхгүй. ...Би сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй. Би шүү хуралдаанд суухгүй. Өөр санал хүсэлт гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 65 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

- Гэрч Д.Б “...2025 оны 09 дүгээр сарын 22-ны орой Б.Дгийн эхнэр ......гэсэн дугаараас байхаа над руу залгаад уйлаад Д, Д хоёр хоорондоо зодолдоод нэгнийгээ алах гээд байна, ааваа яах юм бэ гэхээр нь хуулийн дагуу цагдаагаар шалгуулъя гээд би цагдаад өөрийн биеэр очиж дуудлага өгсөн. Би цагдаад дуудлага өгсний дараа хэрэг болсон газар болох Оргих багийн доод харганы ам гэх газарт хүү  Б.Дгийн гэрт очсон. Би хүүгээсээ яасан юу болсон бэ? гэхэд Д намайг гэртээ байхад гэрээс дуудаж гаргаж ирээд хонь нийлүүллээ гэсэн шалтгаанаар намайг хавсарч унагаагаад миний баруун талын хөмсөг рүү гараараа цохиж гэмтэл учруулсан гэж хэлсэн. Тухайн үед манай хүүгийн баруун талын хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай байсан. Би цагдаатай хамт хүүхдээ дагуулаад Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт очиж эмчид үзүүлж 3 ширхэг оёдол тавьсан. Манай хүү бол архи дарс уугаагүй эрүүл байсан. Д нэг найзыгаа дагуулж очоод Д ганцаараа манай хүүхдийг зодсон гэсэн. Дтой цагдаа дээр тааралдсан гэхдээ юм яриагүй.“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

- Гэрч Г.С “...Манайх Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хөдөө Оргих багийн доод харгана гэдэг газар мал малладаг. Харин 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай гэрийн ойролцоо байсан хоньтой Дийн хонь ирж нийлэхээр нь манай нөхөр Д нь ялгаж хонио гэрийнхээ гадна авчирсан. Тухайн хонинд Дийн хонь бас байсан. Тэгээд 19 цагийн үед Д гэрийн гадна П гэх залуугийн хамт ирээд намайг нөхрөө дууд гэж хэлэхээр нь би өөрөө гэрт ороод уулз гэж хэлэхэд манай гэрт ороод миний нөхөр Д дуудаж гаргаад гэрийн гадна унагаад доороо хийгээд нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд Дтой хамт явж байсан П бид хоёр салгаад Д тэр залуу хоёр гэр лүүгээ яваад би нөхрөө гэртээ авч орж хадам аавын дугаарт залгаж юу болсон талаар ярихад хадам аав цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Тухайн үед Д нь Д цохиулснаар манай нөхрийн хөмсөгний доод тал буюу зовхи хэсгээс цус гарч байсан. Өөр гэмтэл байгаагүй. Дийн хонь манай хоньтой нийлээд манай нөхөр өөрийн хонио ялгаад ирэхэд Д хойноос нь ирээд ялгасан нийлүүлсэн гэх шалтгаанаар зодсон. Тухайн үед манай нөхөр Д, Д, П бид дөрөв байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Зав0725/342 дугаартай “...1. Б.Дгийн биед баруун хөмсөгний доод хэсэгт шарх, баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал хохирол тогтоогдлоо.

 2. Учирсан хохирол нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой хохирол байна. Зам тээврийн ослын үед үүссэн байх боломжгүй хохирол байна. Шарх хохирол нь дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна

3. Б.Дгийн биед учирсан хохирол нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хохирол байна.

4. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Б.Дгийн эрүүл мэндэд учирсан хохирол нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэнд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

 

- 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/ болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоосон, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Мөрдөн байцаалтын явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч Т.Д нь 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн Доод харганы ам гэх газарт хохирогч Б.Дтай “хонь нийлүүллээ” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг хавсарч унаган баруун хөмсөг рүү гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун хөмсөгний доод хэсэгт шарх, баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд болсон хэргийн үйл баримт нь хохирогч Б.Дгийн эрүүл мэндэд учирсан хохиролтой шалтгаант холбоотой, шууд санаатай үйлдлийн улмаас бий болсон гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

  • Хохирлын талаар:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дгийн эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 161,580 төгрөгийн зардал гарсан байх бөгөөд шүүгдэгч Т.Д дээрх зардлыг нөхөн төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 82 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/

Мөн хохирогч Б.Д нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирлын зэрэг тогтоолгохгүй талаараа мэдүүлсэн байх бөгөөд түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Иймд шүүх шүүгдэгч Т.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

            Шүүх шүүгдэгч Т.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол нэхэмжлээгүй бөгөөд өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, мөн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Т.Дийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

              Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

              Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Тын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Т.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       П.ДОРЖБАЛ