Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/86

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч М.Алтангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

Шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Эт холбогдох 2524000910099 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ...................... өдөр ................ аймгийн .............. төрсөн, ........... настай, ..............., халх, ............, ................., малчин, ам бүл ....................... хамт ................................. оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б. овгийн Ж.Э, регистрийн дугаар ....................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Э нь хохирогч П.М эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүгдэгч Ж.Э нь 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж баг Хөндлөнгийн гол гэх газар байрлах Д.Н. гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.М. хувийн таарамжгүй харилцааны улмаас толгойн тус газарт нь заазуураар цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархайн дээд хэсэгт, зүүн чихний ар хэсэгт хуйханд, дагзны дээд хэсгийн хуйханд, дагзны дунд хэсгийн хуйханд шархнуудтай, дух ясны зүүн талд 0.6 см орчим сэлтэрсэн хугарал, хамрын нурууны дунд хэсэгт зулгаралт, зүүн мөрний үений ар хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

 

- Хохирогч П.М “...Тухайн өдөр өглөө эрт 06 цагийн үед нутгийн залуу Нтэй Хөндлөнгийн гол дээр уулзаад Нн хамт эхнэр Эийн байсан газар болох хадам ах П очсон юм. Манай эхнэр тэдний хүүхдүүдийг хараад тэднийд байсан юм. Тэгээд манай эхнэр Э, цуг очсон Н тэнд байсан Нн төрсөн ах Д бид дөрөв 0.75 граммын Хараа нэртэй шил архи хувааж ууж дуусаад би гараад бие засчхаад буцаад гэрт орох гээд ирж байхад Н ах Дтай хамт миний урдаас гэрээс гарч ирээд бид хоёр манайх руу явлаа гээд мотоциклоо унаад сундалдаад явсан. Тэгээд би гэрт ортол манай эхнэр Э хоёулаа Ннд очъё Н ах архи өгье гэж байна гэхээр нь би явахгүй хуц, ухнаа хариулъя одоо хэд маань нийлчих нь гэсэн нялх хүүхдээ надад өгчхөөд мотоциклын түлхүүр аваад гэрээс гараад явсан чинь гадаа байсан миний мотоциклыг асаагаад явчихсан. Тэгэхээр нь хажуу айл Э ахынд ороод Э ахыг унтаж байхад нь сэрээгээд Э ахтай хамт машинаар нь эхнэр Эийн араас нялх охиноо аваад Нн гадаа очтол миний мотоцикл тэдний гадаа байхаар нь гэрт нь яваад ортол манай эхнэр Э, Н, Д түүний эхнэр А, Нн төрсөн дүү нар юм яриад сууж байхаар нь би эхнэр Эээс мотоциклын түлхүүр өгчих би хуц, ухнадаа явъя гэтэл манай эхнэр Э нь би чамд мотоциклын түлхүүр өгөхгүй гээд миний урдаас уурлаад байхаар нь чи яахаараа миний мотоциклийн түлхүүр өгдөггүй юм бэ? би мал ахуйндаа явмаар байна гээд нэлээн уцаарласан маягтай хэлсэн чинь чам шиг юм тэгвэл мотоциклынхоо төлбөрийг төлчхөөд мотоциклоо ав гэхээр нь би чамтай наймаа хийгээгүй пизда минь ахтай чинь наймаа хийсэн гээд хэлчихсэн юм. Учир нь би өнгөрсөн хавар эхнэрийн төрсөн ах болох С шинэ мотоцикл хулдалдаж аваад намар үнэ мөнгө төгрөгийг нь өгөхөөр тохиролцсон юм. Тэгтэл энэ хэрэг болохоос өмнө манай эхнэр ахынхаа өмнөөс намайг мотоциклынхоо төлбөрийг хий гээд байсан юм. Энэ асуудлаас болоод бид хоёр хоорондоо хэрэлдэх маягтай Нн гэрийнх нь үүдний хэсэг зуухны доор зогсож байснаа Э тогооны тавиур хэсэг рүү эргэж хараад юм аваад эргэнгүүтээ миний толгой хэсэг нүдний дээд тал руу цохиод автал миний хоёр нүд харанхуйлаад юм харахаа болиод явчихсан. Тэгтэл дахиад цохисон тэрнээс хойш юу болсон талаар мэдэх юм байхгүй. Нэг сэргэхэд миний хажууд Н зогсчихсон би толгойгоо бариад явган суучихсан байсан. Тэгээд би Нгээс манай эхнэр охин яасан бэ? гэхэд охиныг чинь Э аваад гэр рүүгээ явсан байх харин Э урд айл руу мотоциклоо унаад явчихсан гэж надад хэлсэн. Тэгээд би толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь дээлээрээ толгойгоо ороогоод Нн гэрийн баруун талд сүүдэрт ороод хэвтсэн. Тэгээд ер нь хэсэг хугацаанд ухаан алдаад сэрсэн эмч ирээд эмчилгээ хийгээд намайг сэргээсэн. Тэгээд сумын төвөөс эмч нар ирээд цагдаа нар хүртэл ирчихсэн байсан. ...Миний биед гэмтэл учруулсан заазуур нь Нн хоол хийхэд ашигладаг заазуур байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-38-р хуудас/,

- Гэрч Д.Ц “...Тухайн өдөр цагийг нь сайн санахгүй байна ямар ч байсан өглөөгүүр байсан манай багийн иргэн Ж.Э нь согтуу мотоциклтой манайд ирээд байж байтал араас нь Эийн төрсөн ах Э, нөхөр М нар нь ирээд манай гэрт орж ирэнгүүтээ М нь эхнэр Эийг чи одоо нялх хүүхэдтэй байж айл хэсээд яваад байвал яадаг юм бэ гэж хэлээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад нөхөр М нь эхнэр Э рүү уурлаад манай гэрийн дотор шар ширээн дээр байсан аяга авч шидээд тотгоны унь авч цохих гээд мөн эхнэр Э нь хутга, шөвөг байна уу? заазуур чинь хаана байна гээд байхаар нь мэдэхгүй байна аа гэж хэлээд өөрөө бас айгаад би нялх хүүхдээ аваад гэрээс гараад гэрийнхээ хойно байсан барааны хажууд нуугдаад суучихсан. Тэгтэл нөгөө хоёр хэсэг том том дуугарч байгаад чимээгүй болчихоор нь гэрийнхээ үүдэнд иртэл М нь гэрийн баруун урд хэсэг рүү гадаа толгойноос нь цус гарчихсан хэвтэж байсан. Наахан талд манай мах хөшиглөдөг том заазуур байхаар тэндээс аваад гэрийн зүүн тал руу ногоо дунд руу аваачаад шидчихсэн. Тэгээд буцаад ирэхэд Э нь манай урд айл руу явган гүйгээд явчихсан байсан. Тэгж явахдаа манайд нялх хүүхдээ орхиод явчихсан байсан. Дараа нь хүүхдийг нь төрсөн ах Э нь аваад явсан. Түүнээс би Мыг Э нь заазуураар цохиж байсныг хараагүй, учир нь би гэрийн ард нуугдаад сууж байсан юм. ...Ер бол энэ хоёр хүн хоёулаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ манайд ирсэн. Тухайн хоёр хүн нь манайд ирэхдээ зүв зүгээр нүдэнд ил харагдах шарх сорвигүй ирсэн. Харин манайд ирээд тухайн өдрийн болсон асуудлаас болоод М нь гэмтэл аваад сумын төвийн эмнэлэг явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50-р хуудас/,

- Гэрч Д.Нн “...Тухайн өдөр өглөөгүүр 09 цагийн үед намайг бие засаж байхад манай багийн иргэн Ж.Э мотоциклтой түрүүлж ирээд байж байтал араас нь удалгүй Эийн нөхөр М нь нялх охинтойгоо Эийн төрсөн ах Эын хамт цагаан өнгийн “Вонго” машинтай ирээд манайд орчхоод М, Э хоёр удалгүй манай гэрээс хэрэлдэж гарч ирээд Э нь заазуураар Мын толгой руу нь цохиод байхаар нь би бушуухан босоод гүйж ирээд тэр хоёрыг салгах гэтэл хүчрэгдэхгүй нэлээн ноцолдож байж Эийн гараас нь нөгөө заазуурыг салгаад тэр хавьд газар шидсэн. Тэгтэл Мын толгойноос цус гараад газар суучихсан. Тэгээд би Мын ээжийнд очиж хэлээд ээжийг нь мотоциклоор авч ирсэн. Ээж нь ирсэн хойноо утсаар ярьж эмнэлэг, цагдаа дуудъя гээд утсаар ярих гэтэл манай гэрийн суурин утас сүлжээгүй болчихсон байсан. Тэгтэл ээж нь гүйж яваад гэрийнхээ урд талын хамар дээр гарч эмнэлэг, цагдаа дуудсан. Тэр хооронд Э нь манай гэрийн урд талын айл руу явчихсан байсан. Харин ах Э нь Мын ээжийг эмнэлэг, цагдаа дуудах хооронд Мын нялх хүүхдийг аваад гэр лүүгээ явна гээд машинтайгаа явсан. М, Э нар архи согтууруулах ундааны зүйл тодорхой хэмжээнд хэрэглэсэн байсан. Миний тухайд хэр согтолттой байсан, биеэ хянах чадвартай байсан эсэх талаар сайн анзаараагүй. Тухайн хоёр хүн нь манайд ирэхдээ нүдэнд ил харагдах шарх сорвигүй зүгээр ирсэн. Харин манайд ирээд тухайн өдрийн болсон асуудлаас болоод М нь биедээ гэмтэл аваад сумын төвийн эмнэлэг явсан. Надаас өөр яг нүдээрээ харсан хүн нь бол Эийн төрсөн ах Э байгаа. Харин сүүлд нь буюу заазуураар гэмтэл учруулсны дараа Мын толгойноос цус гарсан байсныг Мын ээж, төрсөн ах З нар нь харсан. Мөн манайд тухайн үед манай Цэцэгбат, манай авга ах Дын эхнэр Азана нар байсан. Энэ хүмүүс болсон явдлын талаар бол мэдэж байгаа байх харин Э нь Мыг заазуураар цохиж байсныг харсан эсэхийг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-55-р хуудас/,

- Гэрч Л.Дын “...Би тэр үед буюу урд өдөр нь Эийн ах Аварга гэх айлынд эхнэр Азанын хамт очиж хоносон юм. Тэгэхэд ах А гэртээ байхгүй Улаанбаатар хот явчихсан, харин Э хүүхдүүдийг нь хараад байж байсан юм. Тэгтэл өглөө нь 06 цагийн үед гаднаас Эийн нөхөр М, манай авга дүү Н хоёр орж ирсэн. Тэгээд манай дүү Н өврөөсөө 0.75 граммтай Хараа нэртэй тал шил архи гаргаж ирээд тойруулсан. Тэр архинаас нь миний тухайд уугаагүй. Тэнд байсан бүх л хүмүүст ямар ч байсан нөгөө архиа тойруулаад өгч байсан. Тэр архинаас Э уусан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд тэд нар нөгөө архиа тойруулаад ууж дуусахаар нь би М, Н хоёрыг унт гээд унтуулсан. Тэгээд 09 цагийн үед Нг сэрэхээр нь өөрийнхөө мотоциклоор эхнэр, Н хоёрыг сундлаад Ннд очиход тэднийд Нн охин дүү Ц байсан. Харин эхнэр нь байхгүй малдаа явсан байсан. Тэгтэл удалгүй бид гурвын араас Ж.Э мотоциклтой түрүүлж ирсэн. Би харин зөрөөд Нн урд талд байх хот айл руу нь нутгийн таньдаг хүнтэйгээ уулзах гээд явсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа би тухайн хот айлаас мотоциклтой хөдөлж байхад Ж.Э нь манай эхнэрийн хамт цамц нь цус болчихсон миний байсан хот айлын гадаа ирэхээр нь би урдаас нь очоод уулзаад өөрийнхөө өмсөж явсан цамцаа тайлж өгөөд гэр лүү нь явуулсан. Тухайн үед юунаас болоод цамц нь цус болсон талаар асуухад Э нь надад хэлэхдээ би Мын толгой руу заазуурдчихсан. Харин тэгтэл Мын толгойноос цус гараад миний цамц цус болчихлоо гэж л надад хэлсэн. Түүнээс яг юунаас болоод тэр хоёрыг хоорондоо хэрэлдэж маргалдсан яагаад нэгнийгээ заазуурдах болсон талаар би сайн мэдээгүй. Ямар ч байсан Э миний цамцыг өмсөөд буцаж явж Нн гаднаас мотоциклоо аваад гэр лүүгээ явсан. Эхнэр бид хоёр Этэй уулзсан газраасаа шууд яваад Эийн ах Эынд очсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62-р хуудас/,

- Гэрч У.А занын “...Тэгээд манай нөхрийн дүү Н нь өврөөсөө 0.75 граммтай Хараа нэртэй тал шил архи гаргаж ирээд тойруулсан. Тэр архинаас нь би болон манай манай нөхөр Д уугаагүй. Би ч тэр үед нөхрөө загнаад уулгаагүй юм. Тэнд байсан бүх л хүмүүс болох М, Н, мөн Э нар нь хувааж уугаад тойруулж дуусгасан. Тэгтэл манай нөхөр Д нь М, Н хоёрыг унт гээд унтуулсан. Тэгээд 09 цагийн үед Нг сэрэхээр нь манай нөхөр Д нь Нгээс мөнгөний авцаатай байсан болохоор Нг танай очъё нөгөө мөнгөө авъя гээд өөрийнхөө мотоциклоор Н бид хоёрыг сундлаад Ннд очиход тэднийд Н охин дүү Цэцэгбат байсан. Харин Нн эхнэр нь байхгүй малдаа явсан байсан. Тэгтэл удалгүй бид гурвын араас Ж.Э мотоциклтой түрүүлж ирсэн. Араас нь удалгүй нөхөр М нь Эийн ах Эын хамт ирсэн. Тэгээд М нь Эийг гэртээ харья гээд Э харихгүй гээд М мотоциклоо авъя гэхээр Э нь мотоциклоо өгөхгүй гэх шалтгаанаас болоод хоорондоо хэрэлдээд байхаар нь би айгаад Цэцэгбатыг нялх хүүхэдтэй нь аваад Нн гэрийн ард хураасан барааны хажууд очоод нуугдсан. Тэр хооронд чанга дуугаралдаж байгаад гэрээс гараад гэрийн урд хэсэгт шуугилдаад байхаар нөхрийнхөө араас Нн урд талд байсан. Хот айл руу явах гээд босоод гүйтэл Этэй таарч бид хоёр тухайн айл руу цуг явсан. Намайг Нн гэрийн араас гарч ирээд Этэй таарахад Эийн өмсөж явсан хувцас нь цус болчихсон байсан. Тухайн үед айж сандарсан байсан учир яг ямар хувцастай явсан эсэхийг одоо сайн санахгүй байна. Тэгээд бид хоёр яваад нөгөө айл дээр очиж явах хооронд манай нөхөр Д нь урдаас ирж явж таараад замдаа бид гурав уулзаад манай нөхөр өмсөж явсан цамцаа тайлж өгөөд Э өмсөж явсан хувцас аа тайлж бариад буцаж яваад мотоциклоо унаад гэр лүүгээ явсан. Нөхөр бид хоёр Этэй уулзсан газраасаа шууд Эийн араас явж Эийн ах Эынд очсон. ...Тухайн хоёр хүн нь Ннд ирэх үедээ зүв зүгээр нүдэнд ил харагдах шарх сорвигүй ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66-р хуудас/,

- Гэрч Г.П “...Тухайн өдөр намайг гэртээ байж байхад хойд талын айлын залуу Д хүүхэд Н гэгч нь ирээд танай хүүхэд Мыг манай гэрийн гадаа эхнэр Э нь заазуурдчихлаа тэгээд би таныг авах гэж ирлээ гэхээр би мотоциклийнх нь араар суугаад гэрт нь яваад очтол манай хүүхэд М гэрийнх нь гадаа толгойноос цус гоожоод хэвтэж байхаар нь М дээр очоод татаад яасан талаар нь асуухад миний урдаас хариу өгөхгүй байхаар би айсандаа эмч дуудах гээд Ннд орж утсаар ярих гэтэл утас нь сүлжээгүй байсан. Тэгээд Нн урд талын хот айлд утсаар ярих гээд очтол миний урдаас манай бэр болох гэж байгаа Э нь гарч ирээд намайг ална гэж дайраад байхаар нь би зугтааж гүйгээд гэрийн урд талын хамар дээр гарч багийн эмчтэйгээ утсаар ярьж дуудлага өгчхөөд буцаад Нн гадаа хүүхдийнхээ дэргэд ирэхэд Э явчихсан байсан. Тэгээд удалгүй эмч, цагдаа нар ирээд манай хүүхдийг үзчихээд сумын төв рүү аваад явахад нь би цуг явсан. ...Тэр Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70-р хуудас/,

-  Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ЗАВ0725/301 дугаартай “...1. П.М биед гэмтэл учирсан байна.

2. Зүүн чамархайн дээд хэсэгт, зүүн чихний ар хэсэгт хуйханд, дагзны дээд хэсгийн хуйханд, дагзны дунд хэсгийн хуйханд шархнуудтай, дух ясны зүүн талд 0.6см орчим сэлтэрсэн хугарал, хамрын нурууны дунд хэсэгт зулгаралт, зүүн мөрний үений ар хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр үүссэн байх боломжтой байна.

4. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

5. Дээрх гэмтлүүдийг тогтоолд заасан болон хохирогчийн хэлж байгаа заазуураар үүсгэгдсэн байх боломжтой байна.

6. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

7. Хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 75-76-р хуудас/

 

- 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 2-р хуудас/,

- Мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-12-р хуудас/ болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Мөрдөн байцаалтын явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч Ж.Э нь 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ..................... газар байрлах Д.Нн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.Мыг хувийн таарамжгүй харилцааны улмаас толгойн тус газарт нь заазуураар цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархайн дээд хэсэгт, зүүн чихний ар хэсэгт хуйханд, дагзны дээд хэсгийн хуйханд, дагзны дунд хэсгийн хуйханд шархнуудтай, дух ясны зүүн талд 0.6 см орчим сэлтэрсэн хугарал, хамрын нурууны дунд хэсэгт зулгаралт, зүүн мөрний үений ар хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд болсон хэргийн үйл баримт нь хохирогч П.М эрүүл мэндэд учирсан хохиролтой шалтгаант холбоотой, шууд санаатай үйлдлийн улмаас бий болсон гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

  • Хохирлын талаар:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч П.М эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 296,608 төгрөгийн зардал гарсан байх бөгөөд шүүгдэгч Ж.Э дээрх зардлыг нөхөн төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 123 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/

Мөн хохирогч П.М нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй талаараа мэдүүлсэн байх бөгөөд түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Иймд шүүх шүүгдэгч Ж.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

            Шүүх шүүгдэгч Ж.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ж.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол нэхэмжлээгүй бөгөөд өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, мөн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Ж.Эийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

              Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

              Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3,5х15 сантиметр саарал өнгийн бариултай, 24,7х11 сантиметрийн урттай 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

              түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Ж Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э...ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3,5х15 сантиметр саарал өнгийн бариултай, 24,7х11 сантиметрийн урттай 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Ж.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  П.ДОРЖБАЛ