Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/107

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан  шатны  шүүхийн  шүүх  хуралдааныг шүүгч  Н.Дэлгэрмаа   даргалж,  нарийн  бичгийн  дарга  М.Пүрэвдорж,  улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгдэгч ****, шүүгдэгчийн өмгөөлөгч    **** нарыг  оролцуулан  тус  шүүхийн  шүүх  хуралдааны  танхимд  нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 17.1 дүгээр  зүйлийн  2 дахь хэсгийн  2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** холбогдох ****  дугаартай  эрүүгийн  хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын **** өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, **** мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг Завхан аймгийн **** сумын **** багт **** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, **** овогт **** **** /РД: ****/

Шүүгдэгч ***** нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 01 дүгээр сарын 09-ний шилжих шөнө Завхан аймгийн **** сумын **** багийн нутаг “****” гэдэг газарт байх иргэн **** эзэмшлийн өвөлжөөний хашаанд хураалгаатай байсан хохирогч **** эзэмшлийн өвснөөс 20 боодол өвсийг **** улсын дугаартай цагаан өнгийн **** маркийн тээврийн хэрэгслээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаас хохирогч **** 320,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд “машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч **** холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  заасан буюу “машин механизм ашиглан  бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

                        Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч **** нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 01 дүгээр сарын 09-ний шилжих шөнө Завхан аймгийн ****сумын **** багийн нутаг дэвсгэрт “****” гэдэг газар иргэн **** эзэмшлийн  хашаанаас  **** эзэмшлийн хураалгаатай өвснөөс 12 ширхэг боодол өвсийг **** улсын дугаартай цагаан өнгийн **** маркийн тээврийн хэрэгсэлд ачин авч явсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Тухайлбал:

**** хашаанаас 12 боодол өвсөө алдсан талаар мэдүүлсэн хохирогч **** “...2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ...**** олж өгсөн хашаанд нийт 2494 ширхэг боодол өвсийг буулгаж өгсөн... **** миний өвсийг ...хамгаалж байх үүрэгтэй байсан. Барагцаагаар 200 орчим боодол өвс бусдад зарсан байсан... Би нэг боодол өвсийг 18,000 төгрөгөөр зарж байсан бөгөөд анх бол 20,000 төгрөгөөр зарж байсан боловч сүүлдээ үнээ буулгасан. ...Таньж мэддэг хэдэн хүмүүстээ 20-30 ширхэг боодлоор нь зээлээр өгчихсөн байсан. Өвс зарагдах борлуулах явц нь муу байсан... Би анх 2494 ширхэг өвсийг **** хүлээлгэж өгсөн бөгөөд сүүлд өвсөө Завхан аймгийн **** сум руу зөөхөөр болоод дахин машинд ачихад миний зарсан өвснөөс гадна 12 ширхэг боодол өвс дутсан ба тухайн 12 боодол өвсийг хулгайд алдчихсан байгаа юм байна гэдгээ мэдсэн юм. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,

 Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч ***** “...Би Завхан аймгийн **** сумын **** багийн **** гэх нэртэй газарт хашаанд өөрийн танил болох ****  2494 ширхэг боодол өвсийг буулгуулсан ...Тухайн өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн орой 19 цагийн орчим би тухайн өвснийхөө эргэн тойрныг нэг шалгачхаад явсан бөгөөд маргааш өглөө нь 09 цагийн орчим буцаад өвсөн дээрээ иртэл хураалттай байсан өвсний дээд хэсгээс хонхойлгоод хүн аваад явчихсан байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Анх тус газарт буулгахад нийт 2494 ширхэг боодол өвс байсан юм. Би тухайн өвснөөс хүмүүс хэдэн сарын хэдэнд хэдэн тооны өвс авч явсан талаар ямар нэгэн тэмдэглэл үйлдэж авсан зүйл байхгүй. Би яг хэдэн тооны боодол өвс тухайн үед алга болсон гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Анх намайг буулгасан өвсний ормыг харахад 20 ширхэг боодол өвс алдсан юм болов уу гэж бодсон чинь сүүлд дахин бүх өвснийхөө тоог нарийн тоолсны дараа нийт 12 ширхэг боодол өвс дутсан ба ингээд тухайн үед 12 ширхэг боодол өвс алдсан юм байна гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч **** “...2025 оны 01 дүгээр сарын 09-ний өглөөний 09 цаг 30 минутад үнээгээ саахаар **** байдаг өвөлжөөн дээрээ очтол хашаанд хураалгатай байсан боодолтой өвснөөс дан дугуйтай машин ирээд хулгайлаад аваад явсан байхаар нь **** энэ талаар хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч **** “...Би 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн цагаан өнгийн **** улсын дугаартай **** маркийн автомашиныг унаж яваагүй. Тухайн цаг хугацаанд Завхан аймгийн *****сумын **** багт байдаг манай хүү **** гражид байсан. ...би машинаа 2024 оны 11 дүгээр сард хүүгийнхээ гражид тавиад түлхүүрийг нь  **** өгсөн. ...тээврийн хэрэгслийг 5 жил хэрэглэж байна...” гэсэн мэдүүлгээр,

 **** хашаанд байсан тээврийн хэрэгслийн дугуйны мөр гэрч ****өмчлөлийн **** улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслийн дугуйны мөртэй тохирч байгааг нотолсон Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн **** дугаартай “...Шинжлэгдэж буй гэрэл зургийн үзүүлэлтэд байх зураг №09 гэж дугаарласан мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Харин гэрэл зургийн үзүүлэлтэд дээр байх зураг №10 гэж дугаарласан мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. 2.Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтэд дээрх зураг №09 гэж дугаарласан тээврийн хэрэгслийн мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн **** эзэмшлийн **** улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслийн дугуйгаар үүсгэгдсэн байх боломжтой...” гэсэн дүгнэлтээр  болон шүүгдэгч  **** нь  ****  тээврийн хэрэгсэл ашиглан 12 боодол өвсийг  хулгайлснаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч **** үйлдлийн улмаас хохирогч *** нийт 192,000 /нэг зуун ерэн хоёр мянган/ төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашидбилгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн *****дугаартай “Бид ХОУС-ыг баримтлан, өөрсдийн мэдлэг, туршлага, хийсэн судалгаандаа үндэслэн Сэлэнгэ аймгаас пресслэж боосон 12 ширхэг ногоон өвсний Завхан аймаг дахь зах зээлийн үнийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар нийт 192,000 төгрөгөөр тогтоов...” гэсэн дүгнэлтээр болон гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

    Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан бүхэлд нь үнэлж хохирогч  болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

  Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг гэмт этгээд ашиг олох зорилгоор шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар, хууль бусаар авахыг ойлгох бөгөөд хулгайлсан эд зүйлээ эзэмшилдээ авч захиран зарцуулах боломжийг бий болгодог.

            Шүүгдэгч **** нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахайн сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Хулгайлах гэмт хэргийг “...бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглаж хулгайлсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр  хуульчилсан.

 “Машин механизм” хүн ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалтын машин механизмууд хамаарна” гэж ойлгоно.  “Машин механизм гэдэгт” эд хөрөнгө байгаа газарт хялбар хүрэх хамгаалалт бэхэлгээг эвдэх биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг тээвэрлэх зөөвөрлөх зэргээр хулгайлсан үйлдлээ хөнгөвчлөх түргэвчлэхийн тулд тээврийн хэрэгсэл ашиглахыг хэлнэ.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 01 дүгээр сарын 09-ний шилжих шөнө Завхан аймгийн ****сумын ****багийн нутаг “****” гэдэг газар иргэн **** эзэмшлийн өвөлжөөний хашаанд хураалгаатай байсан хохирогч **** эзэмшлийн өвснөөс 12 ширхэг боодол өвсийг хулгайлсан байна.

 Шүүгдэгчийн хулгайлсан 12 боодол  өвс нь овор хэмжээ их,  биеэр авч явж чадахгүй, эд хөрөнгө бөгөөд шүүгдэгч **** өөрийн хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх  зорилгоор тээврийн хэрэгсэлд ачиж авч явсан нь машин механизм ашигласан гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.

           Түүнчлэн шүүдэгч **** нь хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж эд хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар авах нь хууль бус болохыг ухамсарлаж, түүний үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирч болохыг урьдаас мэдсээр атал хүсч хор уршгийг учруулсан нь хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, шууд санаатай үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бус аргаар машин механизм ашиглан 12 ширхэг боодол өвс авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан  буюу машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.

             Иймд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын  эд хөрөнгийг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэстэй.

                                                                 Хохирол тооцсон  талаар:

           Шүүгдэгч  **** нь Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогчид гэмт хэргийн  улмаас учирсан хохирлыг  төлөх үүрэгтэй.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч **** 12 ширхэг боодол өвсний үнэ буюу 192,000 /нэг зуун ерэн хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч **** нь хохирогчид нийт 420,000 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөг төлсөн нь тогтоогдсон байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй  гэж үзлээ.

  Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх  талаар:

                 Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч **** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

 

 Шүүгдэгч **** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан” учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд авч  үзлээ.

Шүүгдэгч **** хохирогч **** гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон  гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын дээд хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн заалтыг  баримтлан ял оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч **** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдлыг  харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд  зааснаар  “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...албадан гаргуулна “ гэж заасан ба  гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ...техник, хэрэгслийг ойлгохоор хуульд зохицуулсан байна.

          Шүүгдэгч ***** гэмт хэрэг үйлдэхдээ  ашигласан  **** улсын дугаартай цагаан өнгийн **** маркийн тээврийн хэрэгсэл нь **** өмчлөлийнх, 8000000 / найм/ сая төгрөгийн үнэлгээтэй болох нь авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ  ашигласан ***** өмчлөлийн  ***** улсын дугаартай цагаан өнгийн **** маркийн тээврийн хэрэгслийн үнэ 8000000 / найм/ сая төгрөгийг шүүгдэгч **** гаргуулж улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 11 ширхэг боолт нь задарсан 3 ширхэг шуудай байгалийн өвсийг  хурааж улсын орлого болгох нь зүйтэй.

          Шүүгдэгч **** гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **** өмчлөлийн  **** улсын дугаартай цагаан өнгийн **** маркийн тээврийн хэрэгслийг Завхан аймгийн ****  сумын **** багийн **** хашаанд битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3,1.4, 1.5, 1.8-д заасныг,  36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн  3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан буюу  машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч **** 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

      3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

      4.Шүүгдэгч **** 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, таслан сэргийлэх арга авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

     5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч **** гэмт хэрэг үйлдэхдээ  ашигласан  **** өмчлөлийн ****улсын дугаартай цагаан өнгийн **** маркийн тээврийн хэрэгслийн үнэ 8,000,000 /найм/ сая төгрөгийг шүүгдэгч **** гаргуулж улсын орлого болгосугай.

     6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  11 ширхэг боолт нь задарсан задгай 3 ширхэг шуудай  байгалийн өвсийг хурааж улсын орлого болгож, шүүгдэгч **** өмчлөлийн **** улсын дугаартай цагаан өнгийн *** маркийн тээврийн хэрэгслийг Завхан аймгийн **** сумын **** багийн **** хашаанд битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

      7.Шүүгдэгч **** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.ДЭЛГЭРМАА