Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/05

 

М.БЭ-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд:

прокурор Д.Хорлоо

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Э

        нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.        

 

         Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М.БЭ-д холбогдох эрүүгийн 2130000000029 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2021 оны  02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... онд Сүхбаатар аймгийн Д суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Д сумын .... дугаар баг “БХ” гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, М.БЭ /РД: ............./,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.БЭ нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр  Сүхбаатар аймгийн Д сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “ЦБ”  гэх газраас иргэн Б.Т-н нэг даагыг завшиж, 510.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоо нь яллагдагч М.БЭ-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаар шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч М.БЭ-д яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2130000000029 дугаартай хэргийг Сүхбаатар аймгийн Прокурорын газарт буцааж, М.БЭ-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Хяналтын прокурор Д.Хорлоо бичсэн эсэргүүцэлдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.БЭ-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн ялыг тохирч шүүх рүү шилжүүлсэн.  Харин хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгийн хяналтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр буюу хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр ял тохирч шүүх рүү шилжүүлэхэд бэлэн болсон. Нэг хүний үйлдсэн хоёр өөр төрлийн гэмт хэргийн хариуцлага хүлээлгэж байгаа ял нь зүйчлэлийн хувьд  өөр, өөр байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь шийдвэрлэх боломжтой. Шүүгдэгч М.БЭ-н эрх зүйн байдал дордохгүй. Анхан шатны шүүхийн захирамжийг эрүүгийн хуулийн зарчимд нийцүүлэхээр 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах саналыг гаргаж байна гэжээ.

                                                                                     

Прокурорын дүгнэлт: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналаа дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч М.БЭ-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ түүнд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад шүүгчийн захирамж нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” шаардлагыг хангасан байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.БЭ-н өмгөөлөгч Х.Э нь ял оногдуулах шүүх хуралдаанд “түүний өмнөх буюу   2019 оны 12 дугаар сард мал хулгайлах үйлдэл нь илэрсэн тул энэ хэрэгтэй хамтатган  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 ,6.9 дүгээр зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлт байна. Хэргийг нэгтгэснээрээ шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэнэ” гэх  санал гаргасныг анхан шатны шүүх  өмгөөлөгчийг шүүгдэгчийн  хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж байгаа гэх утгаар нь  “шүүгдэгч   хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж хэргийг  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзах хүсэлт гаргасан” гэх ойлголттой нэгэн адил авч үзэн шүүгдэгч М.БЭд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт  буцаасан байна.

 

 Аль ч шатны шүүх прокуророос яллагдагчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хангасан тухай  тогтоол, санал, яллах дүгнэлт үйлдэн түүнд танилцуулан ирүүлсэн хэргийн ял оногдуулах шүүх хуралдаанд шүүгдэгч хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж хэргийг  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан тохиолдолд түүний үндэслэлийг хэлэлцэх, хянах,  дүгнэх эрх хэмжээ  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдоогүй юм.

 

Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт  “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан ... байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж  заасантай нийцэж байх тул түүнийг хэвээр үлдээж, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          Нэг. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож,  Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                О.БААТАРСҮХ

 

                        ШҮҮГЧИД                                                     С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                   Д.БАЙГАЛМАА