2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2344

 

 

 

 

 

 

 

 

   2025       10        13                                    2025/ШЦТ/2344

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сувд-Эрдэнэ,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Ч.С нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.С-д холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.С нь иргэн Г.Ш-ийн “Токи апп”-ын нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 99,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 285,000 төгрөгийг тус тус “Pubg” тоглоомын эрх нээж өгнө гэж шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 08 дугаар сарын 8-ны өдрийн * дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Шүүгдэгч Ч.С-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж заасныг сануулахад шүүгдэгч нь “Өмгөөлөгчгүйгээр, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно” гэсэн болохыг дурдав.

 Гэм буруутайд тооцох тухайд:

 Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Ч.С нь иргэн Г.Ш-ийн “Токи апп”-ын нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 99,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 285,000 төгрөгийг тус тус “Pubg” тоглоомын эрх нээж өгнө гэж бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Энэ нь хохирогч Г.Ш мөрдөн шалгах ажиллагааны шатанд: "...2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өөрийн ашигладаг “Токи апп”-руу ороход би огт зээл аваагүй байхад миний нэр дээр зээл гарчихсан байсан бөгөөд огноог нь харахад 2025 оны 01 дүгээр сарын 03, 08-ны өдрүүдэд хоёр удаагийн гүйлгээгээр зээл авсан байсан. Би тухайн аппынхаа нэвтрэх нэр нууц үгийг дүүдээ өгсөн байсан. Манай дүү “Pubg” тоглоомын эрх авахаар хүнд өгсөн байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,

Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд: "...Би 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн “Токи апп” зээлийн эрхийг татаж авах гээд “Ард апп”-аар нэхэмжлэх “QR код” уншуулж “Токи апп”-ын зээлийг дансандаа авдаг гэдгийг сурсан бөгөөд иргэдийн зээлийн эрхийг “Ард апп”-аар дамжуулан тодорхой хэмжээний шимтгэл авч өөртөө үлдээд мөнгийг нь дансанд нь шилжүүлж өгдөг байсан. Тэр үед надтай Ч.С гэх фейсбүүк хаягтай хүн өөрийн эрхийг татуулж авсан бөгөөд сүүлдээ өөр иргэдийн QR кодыг явуулан татуулж байсан. Би Ч.С гэх хүний Хаан банкны 00000000 дугаарын дансанд өөрийн “Ард апп”-ын данс болох 0000000000 дугаарын данснаас шилжүүлэн өгч байсан. 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 99,000 төгрөг орж ирсэн бөгөөд би Ч.С-ийн дансанд 90,000 төгрөг шилжүүлсэн. 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 285,000 төгрөг орж ирсэнийг 270,000 төгрөг буцаан шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,

Сэжигтэн Ч.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд: "... Би 2024 оны 10 дугаар сарын сүүлээс эхлэн “Токи апп”-ын зээлийн эрх гаргаж өгөх ажлыг хийж эхэлсэн. Групп чатанд хандаж зээлийн эрх гаргуулж авах хүсэлтэй иргэдийн зээлийн эрхийг гаргаж өгдөг байсан юм. Би Э, Н гэх хоёр хүнтэй хамтран ажиллаж байсан бөгөөд Э нь тодорхой хэмжээний ашиг аваад миний Хаан банкны 00000000 дугаарын дансруу “Ард” койны 0000000000 дугаарын данснаас шилжүүлдэг юм. 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зээл гаргуулахаар холбогдсон иргэний мөнгийг мөн адил Э руу шилжүүлж, надад 90,000 төгрөг буцаан шилжүүлсэн, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 270,000 төгрөг буцаан шилжүүлсэн. Би тэр мөнгийг нь хүсэлт гаргасан иргэнд шилжүүлж өгөх ёстой байсан боловч шилжүүлэлгүйгээр өөрийн “1xBet”-ийн хаягийг цэнэглээд тоглочихсон юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/,

Гэрч П.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд: "...Манай байгууллагын зээлийн эрх нь /Токи апп/ хэрэглэгч өөрийн хувийн мэдээллүүдийг бүрэн оруулж дуусаад хэрэглэгч өөрөө хүсвэл зээлийн гэрээ байгуулаад өр орлогын харьцаанаас хамаараад зээлийн эрх үүсдэг. Манай зээлийн эрх нь хоёр өөр төрлийн худалдан авалт байдаг ба нэг нь тухайн апп дотор байгаа бараа бүтээгдэхүүнийг худалдан авах болон “Токи пэй” нэртэй “QR” код уншуулж төлбөрөө төлдөг бас арга байдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хрэгийн 22-23 дугаар тал/,

Мөрдөгчөөс дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 24-32 дугаар тал/,

Мөрдөгчөөс гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 33-38 дугаар тал/,

Шүүгдэгч Ч.С шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Ч.С-ийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

Шүүгдэгч Ч.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-с гаргуулан Г.Ш-д олгуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.

Шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар: 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.С-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Шүүгдэгч Ч.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-ээс 384,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Ш-д олгуулсугай.

6. Шүүгдэгч  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.АРИУНБОЛД