| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 194/2025/2014/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2335 |
| Огноо | 2025-10-08 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Билгүүн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2335
2025 10 08 2025/ШЦТ/2335
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Х.Билгүүн,
шүүгдэгч С.Т нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Т-д холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Т нь 2025 оны 4 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө такси үйлчилгээнд явж байхдаа үйлчлүүлэгч Т.Н-ийн буухдаа мартаж үлдээсэн “Айфон 16 про макс” загварын гар утсыг 2025 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Теди” гар утасны худалдааны төвийн ойролцоо бусдад худалдан борлуулж, дээрх гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Т.Н-д 3,465,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн * дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч С.Т-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж заасныг сануулахад шүүгдэгч нь “Өмгөөлөгчгүйгээр, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно” гэсэн болохыг дурдав.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүгдэгч С.Т нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч С.Т нь 2025 оны 4 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө такси үйлчилгээнд явж байхдаа үйлчлүүлэгч Т.Н-ийн буухдаа мартаж үлдээсэн “Айфон 16 про макс” загварын гар утсыг 2025 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Теди” гар утасны худалдааны төвийн ойролцоо бусдад худалдан борлуулж, дээрх гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Т.Н-д 3,465,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “Би 2025 оны 4 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө гадуур явж байгаад орой 21 цагийн үед согтуу байсан учраас такси дуудсан. 2 дүүгийн хамт явж байсан. Удаагүй нөгөө дуудсан такси хүрээд ирсэн. 11 дүгээр хороолол ороод би буусан. Маргааш нь миний гар утас байхгүй байгааг мэдээд нөгөө таксинд үлдээсэн юм байна гэж бодоод таксины жолооч руу залгасан чинь миний гар утас байхгүй байна гэж хэлсэн. Би өөрийн “Айфон-16 про макс” загварын гар утсаа арын суудал дээр үлдээсэн шиг санагдаж байна. Нөгөө залуу надад “Таны гар утас байхгүй байна” гэж хэлсэн. Миний гар утас өнөөдрийг хүртэл 2-3 удаа асаж, унтарсан мэдээлэл ирсэн. Өнөөдөр байршил нь “Теди” гар утасны худалдааны төвийн гадаа зааж байсан. Таньдаг найздаа гар утсаа алдсан талаараа хэлсэн чинь “Өнөөдөр нэг хүүхэд гар утас зарах гээд явж байсан” гэж хэлсэн. Машины дугаарыг нь асуутал миний гар утсаа үлдээсэн байсан таксины дугаартай таарч байсан. Тэгээд нөгөө таксины залуу руу залгаад ярьтал үнэнээ хэлсэн. Анх 2025 оны эхээр 4,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний гар утасны имэй код нь “000000000000000” гэсэн кодтой" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд: "Би “Теди” төвийн орчимд гар дээрээс гар утас худалдан авч зардаг 2025 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 16 цагийн орчим нэг залуу ирээд “Гар утас авах юм уу?” гэж хэлээд Давж заалдах шатны шүүх чиглэлтэй явсан. Уг залуу 4-5 хоногийн өмнө ирж надад гар утас үзүүлж байсан юм. Тэр залуу кодтой “Айфон-16 про макс” загвартай хар өнгөтэй гар утас гаргаж ирээд үзүүлэхээр нь ченж нар 500,000 төгрөгөөр авна гэж байхаар нь “би 1,000,000 төгрөгөөр авъя” гээд тухайн үед мөнгө байхгүй байсан тул өөрийн танил “Б” гэх “Теди” төвийн 4 давхарт гар утас засдаг хүн рүү залгаж “1,000,000 төгрөг зээлээч” гэхэд шалтгааныг нь асуухаар нь “Гар утас авах гэж байна” гэхэд гарч ирж үзээд миний данс руу мөнгийг шилжүүлж би өөрийн данснаас бэлнээр авч уг залууд өгөөд гар утсыг нь авч үлдсэн. Тухайн гар утсыг “Б”-г “Хадгалж бай” гэж хэлээд үлдээсэн. Тэр залуугаас би гар утсыг нь авах үедээ “Хулгайн гар утас бол авахгүй” гэдгээ хэлэх үед “Миний машинд унагаачихсан байсан юм” гэж хэлэхээр нь би авсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,
Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би хувиараа 2009 оноос хойш “Теди” гар утасны худалдааны төвийн 4 дүгээр давхарт 6-9 дүгээр лангууг түрээсэлдэг. 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Б” хочтой “Б” гэх хүн над руу залгаад “Нэг гар утас байна, нэг хүүхэд зарах гээд явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Би авахгүй, гараад наад гар утсыг чинь үзье” гэсэн. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн урд яваад очсон. “Б” нэг залуутай зогсож байсан. “Айфон-16 про макс” загварын гар утас байсан. Нөгөө залуу нь “CU”-ийн үүднээс олсон юм” гэж хэлэхээр нь би “Өө тийм гар утас юм уу? тэгвэл би наад гар утсыг чинь авахгүй, буцаагаад хүнд нь өг” гэж хэлсэн. Нөгөө залуу “Ахаа би наад гар утсыг чинь таксинд явж байгаад олсон юм” гэж хэлсэн. “Авахгүй” гээд буцаад ажилдаа орсон. “Б” над руу 2025 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр залгаад “Нөгөө хүүхэд чинь дахиад ирсэн байна, би гар утсыг нь авчихъя, чи надад 1,000,000 төгрөг өгчих” гэсэн. “Б”-ын данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. "Хаан” банкны 0000000 тоот данснаас “Б”-н гүйлгээний утга дээр "Б" гэж "Хаан” банкны 0000000 тоот данс руу бичээд шилжүүлсэн. Би нөгөө гар утсыг аваад ажил руугаа орсон..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дүгээр тал/,
"Дамно" ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн * дугаартай “...зах зээлийн үнэлгээ нийт 3,465,000 төгрөгөөр үнэлэгдэв..." гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-25 дугаар тал/,
Мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Батхүүгийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн "Гар утсанд үзлэг хийсэн тухай” тэмдэглэл /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,
Шүүгдэгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн гар утсыг буцааж эзэнд нь өгсөн. Худалдаж авсан хүнээс нь буцааж аваад хохирогчдоо өгч, кейс, утасны камерны хамгаалалт зэргийг авч өгөөд хохирогчийг хохиролгүй болгосон...” зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларчээ. Хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт агуулгын хувьд нийцсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримт зэргээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугийн санаатай хэлбэрийг хуульчилжээ. Тус хэм хэмжээний урьдчилсан нөхцөл нь “ухамсарлаж” болон “хүсэж үйлдсэн” буюу хүний оюун санааны хүсэх болон мэдэх элементийн нэгдэл байдаг. Шүүгдэгч С.Т нь бусдын эзэмшлийн зүйлийг өөртөө завших үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх бөгөөд өөрийн үйлдлээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлджээ.
Гээгдэл эд хөрөнгө гэдэг нь бусдын хууль бус үйлдлийн улмаас бус өмчлөгч, эзэмшигчийн хүсэл зоригоос гадуур түүний эзэмшлээс алдагдсан хөдлөх эд хөрөнгө байна. Хохирогч Т.Н нь өөрийн эзэмшлийн “Айфон-16 про макс” гар утсыг такси үйлчилгээ авах үедээ шүүгдэгч С.Т-ын машины арын суудал дээр үлдээсэн буюу С.Т-ын хувьд хохирогч Т.Н-ийн өмчлөх, эзэмших эрхэд халдах аливаа хууль бус идэвхтэй үйлдэл хийгээгүй боловч түүний эзэмшлээс гарсан байх тул “Айфон 16 про макс” загварын гар утас нь гээгдэл эд хөрөнгө юм.
Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй”. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй гэж хуульчилжээ.
Шүүгдэгч С.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, С.Т-ын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч С.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирол бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх...” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн талаар:
Шүүгдэгч С.Т нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч С.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаас шүүгдэгчийг чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД