| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2019/01321/И |
| Дугаар | 135/ШШ2023/00351 |
| Огноо | 2023-03-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 135/ШШ2023/00351
| 2023 оны 03 сарын 21 өдөр | Дугаар 135/ШШ2023/00351 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/01321/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Хүдэр суманд байрлах, утас: 99******, 99******, 20***** регистрийн дугаартай, У*********** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр багт байрлах, утас: 91******, 94******, 99******, 20***** регистрийн дугаартай, Д********************** ХК-нд холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 138,400,000 төгрөг, алданги 69,200,000 төгрөг, нийт 207,600,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
Буудайн үнэд төлсөн зөрүү 9,194,540 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө,
Хариуцагчийн өмгөөлөгч П.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У*********** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.
Манай компани нь Д********************** ХК-тай 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаан буудай худалдах худалдан авах тухай 16/01 дугаартай гэрээ байгуулсан. Тус гэрээнд 3.000 тонн улаан буудайг 1 тонн тутмыг 560.000 төгрөгөөр нийт үнийн дүн 1.680.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Ийнхүү манай компанийн зүгээс гэрээнд заасан хугацаанд 1798,4 тонн улаан буудайг нийлүүлсэн. Д********************** хувьцаат компани төлбөрийг өөрийн боломжит хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон. Гэрээнд төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 500,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500,000,000 төгрөг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон. Төлбөрийг тодорхой хэмжээнд төлж барагдуулж байсан. Гэвч Д****************** ХК нь төлбөр төлөх хугацаа хэтрүүлж, бид удаа дараа шаардсаны дагуу "Д********************** ХК-ийн гүйцэтгэх захирал С.Н нь 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр У*********** ХХК-д буудайн төлбөрийн үлдэгдэл 450,000,000 төгрөгийг ОХУ-с банкаар гуйвуулж 14,4 сая рублиэс 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дотор барагдуулж дуусгана гэсэн баталгаа гаргаж өгч байсан. Гэтэл Д********************** ХК нь дээрх баталгаанд заасан хугацаанд 344,600,000 төгрөгийг барагдуулж үлдэгдэл 138,400,000 төгрөгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Уг Улаан буудай худалдах худалдан авах тухай 16/01 дугаартай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Худалдан авагч тал буудайг хугацаандаа аваагүй, төлбөрийг хугацаандаа хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг нэмж төлнө гэж заасны дагуу 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 69,200,000 төгрөгийн алданги тооцсон байгаа. Энэ нь 138,400,000 төгрөгийн тал хувиар тооцож 69,200,000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй. Иймд Д***************** ХК нь Улаан буудай худалдах худалдан авах гэрээний үндсэн төлбөр 138,400,000 төгрөг, алданги 69,200,000 төгрөг, нийт 207,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Д********************** ХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч У*********** ХХК /РД:20*****/-ийн Д********************** ХК-тай байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийи Улаан буудай худалдах, худалдан авах тухай 16/01 дугаартай гэрээний үүрэгт 207,600,000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай нэхэмжлэлд тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ... Д********************** ХК-тай 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаан буудай худалдах, худалдан авах тухай" 16/01 дугаартай гэрээ байгуулж 3000 тонн улаан буудайг 1 тонн тутмыг 560,000 төгрөгөөр нийт үнийн дүн 1,680,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Ийнхүү манай компанийн зүгээс гэрээнд заасан хугацааны дотор 3000 тонн улаан буудайг Д********************** ХК-д нийлүүлсэн. Д********************** ХК нь 2016 онд Оросын Холбооны улсаас импортоор улаан буудай худалдан авахаар төлөвлөж, түүнийхээ дагуу Оросын Холбооны улсын холбогдох компанитай гэрээ байгуулж Монгол улсын Худалдаа Хөгжлийн банк-аар дамжуулан гадаад төлбөрийн шилжүүлгийг хийсэн байсан юм. Гэтэл тухайн жил Монгол Улсад Улаан буудайн ургац сайн гарсан тул Монгол Улсын Засгийн газраас Оросын Холбооны Улсаас улаан буудай импортлох асуудлыг зогсоосон билээ. Уг шалтгаанаар Д********************** ХК нь Оросын Холбооны улс руу шилжүүлсэн төгрөгийг буцаан авах шаардлага үүссэн бөгөөд тухайн үед уг мөнгийг авч чадаагүй байсан тул У*********** ХХК-ийн захирал Л.Цт Оросын Холбооны Улс руу шилжүүлсэн мөнгө орж ирэхээр нь төлбөрийг хийе гэж мэдэгдэж байсан байдаг. Тухайн жил ургац сайтай байсан хэдий ч У*********** ХХК-аас авах улаан буудайн болц, чанар зэрэг стандартын шаардлагаас мөн уг компанийн талбайгаас улаан буудайг татан тээвэрлэх явцад цаг агаарын нөхцөл хүндэрч, ихээхэн хэмжээний цас орж, улаан буудайг татан тээвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн зэргээс шалтгаалан гэрээнд заасан 3000 тонн улаан буудайнаас бодит байдалд дөнгөж 1798.4 тонн улаан буудайг татан авсан юм. Иймд У*********** ХХК нь манай компанид 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Улаан буудай худалдах, худалдан авах тухай 16/01 дугаартай гэрээнд заасан 3000 тонн Улаан буудайг нийлүүлсэн гэдэг нь ор үндэсгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэтэл Д********************** ХК нь дээрх баталгаанд заасан хугацаанд 311,600,000 төгрөгийг барагдуулж, үлдэгдэл 138,400,000 төгрөгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна гэжээ. Д********************** ХК нь У*********** ХХК-аас гэрээний дагуу авсан нийт Улаан буудайн төлбөрт өнөөдрийн байдлаар 988,271,000 төгрөгийг төлж барагдуулсан байх бөгөөд тус компанийн нягтлан бодогч Н.Мтай өглөг, авлагын тооцоо нийлж байсан. Интернэтээр харьцаж шалгалт хийж тооцоо баталгаажуулж байсныг нотлох хаяг бүхий имэйлийн нүүрийг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Уг тооцоо нийлсэн баримтаар Д********************** ХК нь У*********** ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 8,854,769 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Ийм учраас У*********** ХХК нь Д********************** ХК-ийн 138,400,000 төгрөг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна гэж илт үндэслэлгүйгээр нэхэмжилсэн байх тул уг үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн нэхэмжлэлдээ...төлбөрийг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги нэмж төлнө" гэж заасны дагуу 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй үүргийн дүнгээс алданги тооцоход 658,784,000 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зохицуулсны дагуу 138,400,000 төгрөгийн тал хувиар тооцож 69,200,000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй... гэжээ. Дээр дурдсанчлан У*********** ХХК-д төлбөр шилжүүлсэн баримтаар манай төлбөр өнөөдрийн байдлаар буюу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 8,854,769 төгрөгийн үдэгдэлтэй байх тул нэхэмжлэлд дурдсан 138,4000,000 төгрөгийн тал хувиар тооцож 69,200,000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй гэснийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Одоо манай компаниас У*********** ХХК-д 992,771,000 төгрөг бүхий улаан буудайн төлбөр шилжүүлсэн байдаг. У*********** ХХК-аас 13,354,769 төгрөг илүү төлсөн үүнийгээ гаргуулж авах хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 4-5 дахь тал/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь тал/, Л.Цийн иргэний үнэмлэхийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 7 дахь тал/, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16/01 дугаартай Улаан буудай худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 8-11 дэх тал/, Д********************** ХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 12 дахь тал/, итгэмжлэл /1 дүгээр хавтаст хэргийн 13 дахь тал/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 14 дэх тал/, Л.Цийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 15 дахь тал/, Ц.Цийн ХААН банкны 5112****** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 53-61 дэх тал/, У*********** ХХК-ийн ХААН банкны 5003****** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 62 дахь тал/ зэргийг,
Хариуцагч нь хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал/, итгэмжлэл /1 дүгээр хавтаст хэргийн 22 дахь тал/, У*********** ХХК гэх бичиглэлтэй тооцооллын хүснэгт /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дахь тал/, ********@yahoo.com хаягаас *********@yahoo.com хаягт явуулсан цахим шуудан /1 дүгээр хавтаст хэргийн 31, 80 дахь тал/, У*********** ХХК гэх бичиглэлтэй тооцооллын хүснэгт /1 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал/, Д********************** ХК-ийн Төрийн банкны 340004******, 106000****** тоот дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 33-36 дахь тал/, С.Н-ын ХААН банкны 5003****** тоот данснаас urgats khuder, buudain telber гэх гүйлгээний утгатай шилжүүлэг хийсэн ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 37-45 дахь тал/, Д********************** ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай Гүйцэтгэх захирлыг чөлөөлж, шинээр гүйцэтгэх захирал томилох тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 70 дахь тал/, У*********** ХХК гэх бичиглэлтэй тооцооллын хүснэгт /1 дүгээр хавтаст хэргийн 71 дэх тал/, Д********************** ХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 417****** тоот дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал/, У*********** ХХК гэх бичиглэлтэй тооцооллын хүснэгт /1 дүгээр хавтаст хэргийн 73 дахь тал/, Харилцагчийн гүйлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 74-76 дахь тал/, С.Нын ХААН банкны 5003****** тоот данснаас urgats khuder, buudain telber гэх гүйлгээний утгатай шилжүүлэг хийсэн ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 77-79 дэх тал/, Д********************** ХХК-аас нийлүүлсэн түлш гэх хүснэгтийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 81 дэх тал/, Д********************** ХК-ийн Төрийн банкны 340004****** тоот дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 82-84 дэх тал/, Д********************** ХК-ийн ХААН банкны 5099****** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 85-101 дэх тал/, зарлагын баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 167, 170-179 дэх тал/, Д********************** ХК-ийн гүйцэтгэх захирлын Үнэ батлах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 168-169 дэх тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 195 дахь тал/, У*********** ХХК-д шилжүүлсэн мөнгө, бараа материалын тооцоо гэх хүснэгт /1 дүгээр хавтаст хэргийн 196 дахь тал/, Тооцоо нийлсэн 16/01а дугаартай актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 197 дахь тал/, Д********************** ХХК-аас нийлүүлсэн түлшний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 198 дахь тал/, Л.Цийн ХААН банкны 5112****** тоот дансанд 10,000,000 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны орлогын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 199 дэх тал/, Д********************** ХХК-аас нийлүүлсэн түлш гэх хүснэгт, шатахуун тослох материалын зарлагын падааны хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 66 дахь тал/, Тооцоо нийлсэн 16/01а дугаартай акт /2 дугаар хавтаст хэргийн 67 дахь тал/, Ерөнхий прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1/1*** дугаартай хариу мэдэгдэх хуудас /2 дугаар хавтаст хэргийн 77 дахь тал/, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ** дугаартай хариу мэдэгдэх хуудас /2 дугаар хавтаст хэргийн 78-79 дэх тал/, У*********** ХХК гэх бичиглэлтэй тооцооллын хүснэгт /2 дугаар хавтаст хэргийн 80 дахь тал/ зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр 37-94 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 215-216/, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ** дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 16-20 дахь тал/, хариуцагч талын хүсэлтээр Л.Цийн Төрийн банкны 151400****** тоот дансны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацааны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 121-122 дахь тал/, Л.Цийн эзэмшлийн ХААН банкны 5112****** тоот дансны 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуустал хугацааны, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацааны хуулганууд /1 дүгээр хавтаст хэргийн 123-134 дэх тал/, Н.Гт хууль сануулж авсан мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 144-147 дахь тал/, М.Өд хууль сануулж авсан мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 183-185 дахь тал/, У*********** ХХК-ийн захирал Л.Ц, ня-бо М.С, М.М нарт холбогдох хэрэг бүртгэлтийн 2018****** дугаартай хэргийн материалыг бүхэлд нь тус тус шүүх бүрдүүллээ.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч У*********** ХХК нь хариуцагч Д********************** ХК-д холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Улаан буудай худалдах, худалдан авах тухай 16/01 дугаартай гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 138,400,000 төгрөг, алданги 69,200,000 төгрөг, нийт 207,600,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь илүү төлсөн 9,194,540 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан байна.
2. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 3,000 тонн улаан буудайн үнэ 138,400,000 төгрөг, алданги 69,200,000 төгрөг, нийт 207,600,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний дагуу нийлүүлсэн 1,798.4 тонн улаан буудайны үлдэгдэл төлбөр 138,400,000 төгрөг, алданги 69,200,000 төгрөг, нийт 207,600,000 төгрөг гаргуулах гэж тодруулжээ.
3. Хариуцагч нь улаан буудайн төлбөрийг дансаар болон эд зүйлсээр бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр татгалзаж байна.
4. Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16/01 дугаартай Улаан буудай худалдах, худалдан авах гэрээгээр нийлүүлэгч У*********** ХХК, худалдан авагч Д********************** ХК-д 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 3,000 тонн улаан буудайг, нэг бүрийн үнийг 560,000 төгрөг, нийт 1,680,000,000 төгрөгийн улаан буудай нийлүүлэхээр, урьдчилгаа төлбөрт 180,000,000 төгрөгийг төлөх, үлдэгдэл төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 500,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500,000,000 төгрөгөөр тус тус төлөх, худалдан авагч тал буудайг хугацаандаа аваагүй, төлбөрийг хугацаандаа хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1 дүгээр хавтаст хэргийн 8-11 дэх тал/
5. Дээрх гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох, хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан, гэрээний гол нөхцлийн талаар тохиролцож гэрээндээ тусгасан зэрэг нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө,...-г худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
7. Хариуцагч нь гэрээний дагуу 1,789.4 тонн улаан буудай хүлээн авч, төлбөрт дансаар болон эд материалаар нийт 992,771,000 төгрөгийн төлбөр төлсөн гэж У*********** ХХК-ийн улаан буудайг хүлээн авч пүүлэгч, лаборатори, тооцох хорогдол зэргийг тооцсон хүснэгтийг ирүүлсэн ба нийт 1,798.4 тонн улаан буудайнаас хорогдлыг хасаж 1,789,551.7 тонн улаан буудай хүлээн авсан. Үүнээс 1,769,862.7 тонн улаан буудайг 560,000 төгрөгөөр, 19,689 тонныг 150,000 төгрөгөөр тус тус тооцож нийт 994,076,460.4 төгрөг төлөх ёстой гэж тайлбар гаргаж байна. /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дахь тал/
8. Гэвч дээрх баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж уг баримтад нийлүүлэгч тал гарын үсэг зураагүй гэж маргаж байгаа ба хариуцагч нь 1,798.4 тонн улаан буудайг хүлээн авсан талаар маргаагүй боловч хорогдлыг хэрхэн хасаж тооцсон талаар талууд тохиролцоогүй, энэ талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, хариуцагчийн гаргасан хорогдол тооцсон баримтад нэхэмжлэгч гарын үсэг зураагүй зэргээс хариуцагчийг нийт 1,798.4 тонн улаан буудайг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
9. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2-т 1 тонн улаан буудайн үнэ 560,000 төгрөг гэж тохирсноос үзэхэд улаан буудайн үнийг өөрөөр тооцох талаар харилцан тохиролцсон болон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан эсэх нь тогтоогдохгүй байна.
10. Хэрэгт авагдсан Д********************** ХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт, Төрийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Л.Цийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, У*********** ХХК-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Д********************** ХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, харилцагчийн гүйлгээ, С.Наас Л.Цийн дансанд шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, Д********************** ХК-ийн Төрийн банкин дахь депозит дансны харилцагчийн монгол хуулга, Д********************** ХК-ийн Хаан банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Л.Цийн Төрийн банкин дахь депозит дансны харилцагчийн монгол хуулга, Л.Цийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Л.Цт 10,000,000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны орлогын мэдүүлэг зэрэг баримтууд, шүүх хуралдааны явцад талуудын төлбөрийн баримтыг тулгасан тайлбараар хариуцагч Д********************** ХК нь улаан буудайн төлбөрт 875,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 12, 33-45, 53-62, 72-101, 122-134, 199 дэх тал/
11. Хариуцагчийн өмгөөлөгчөөс Д********************** ХК-аас У*********** ХХК-ийн захирал Л.Ц, нягтлан бодогч М.С, М.М нарт холбогдуулан бусдаас авсан бараа материалын төлбөрөө төлөлгүй нийлүүлэгч компанийг залилж 207 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн гомдлыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас 2018****** дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа, уг гомдлыг эрүүгийн журмаар шийдвэрлэхээс өмнө уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
12. Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 03 дугаар 24-ний өдрийн ** дугаартай тогтоолоор Д********************** ХК-ийг бусдаас авсан бараа материалын төлбөрөө төлөлгүй нийлүүлэгч компанийг залилсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй, мөн У*********** ХХК-ийг худалдан авагч байгууллагадаа барааг дутуу олгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Д********************** ХК болон У*********** ХХК нарын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын гэрээний харилцаанаас үүдэлтэй маргаан байх тул 2018****** дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэж, уг тогтоолтой холбогдуулан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ** дугаартай хариу мэдэгдэх хуудсыг, Ерөнхий прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/1*** дугаартай хариу мэдэгдэх хуудсыг хариуцагчийн өмгөөлөгчид өгсөн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 243-246, 2 дугаар хавтаст хэргийн 16-20, 77-78 дахь тал/
13. Хариуцагч нь 20,000,000 төгрөгийг тухайн үед У*********** ХХК-ийн нягтлан бодогч байсан Д.Мын ХААН банкны дансанд шилжүүлсэн талаар нотлох баримтаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Мыг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрчээр асуусан тэмдэглэлийг судлуулсан ба Д.Мын ...миний хаан банкны 5022****** тоот дансанд 20,000,000 төгрөгийн орлого орсон, энэ мөнгийг ажилчдын цалинд зарцуулсан, миний дансны хуулгаас зарцуулалт нь тодорхой харагдах болно гэсэн мэдүүлэг, Д********************** ХК-аас У*********** ХХК-д зарлагын баримтаар эд хариуцагч М.Өгээс 8,500,000 төгрөгийн гурил шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зарлагын баримт болон гэрчийн мэдүүлэгээр тогтоогдож байх ба хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Мын дансанд шилжүүлсэн 20,000,000 төгрөг, гурилын үйлдвэрийн нягтлан М.Ө ачиж явуулсан 8,500,000 төгрөг, 2,400,000 төгрөг, 1,600,000 төгрөгийн гурилын үнийг тус тус төлбөрөөс хасаж тооцоход маргахгүй гэсэн тул уг мөнгийг улаан буудайн төлбөрт оруулан тооцох нь зүйтэй. /1 дүгээр хавтаст хэргийн 167-179, 2 дугаар хавтаст хэргийн 83-84 дэх тал/
14. Харин нэхэмжлэгч нь хариуцагчийн төлбөрт оруулан тооцсон дүнгээс 2017 оны 06 дугаар сарын 30-нд шатахууны талоны 70,151,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 10-ны хивэг ачуулж хүргүүлсэн 15,120,000 төгрөг зэргийг хасуулах үндэслэлгүй гэж маргаж байна.
15. Хэрэгт авагдсан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль сануулан авсан гэрч Н.Гийн ...Улаанбаатар хотын Д********************** ХК-аас хивэг авч Л.Цийн хашаанд нийтдээ 6 удаагийн хүргэлтээс 4 удаа Л.Цийн хашаанд нь буюу контейнерт нь оруулж өгсөн, 2 удаагийнх нь Л.Цийн уяачийнх нь хэлснээр н.Онон гэх хүний хашаанд аваачиж буулгаж өгсөн, нийтдээ 6 удаа зөөхдөө 2 өдөр болсон. Энэ үйл баримт 2017 оны 1 сарын 31-ний хавьцаа болсон, манай машины багтаамж 6 удаа зөөхөөр байсан, 1 удаагийн зөөлтөөр 6 тн 3 жин байдаг ба би аваачиж өгөөд падаан бичүүлэхэд У*********** ХХК биш Шимт групп гэсэн бичилт хийлгэж байсан. Л.Ц хүргэж өгөх талаар надтай ярьсан гэсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Н.Гийн ...би жолооч н.Нэргүйн хамт 4*** УНН улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслээр 6 удаа ачиж нийт 37,8 тн хивгийг хүргэж өгсөн гэсэн мэдүүлэг, гэрч Б.Нн ...Төмөр зам орчмоос Өлзийт рүү 1 өдөрт 2 удаа зөөсөн, хэнд өгч ямар баримт бичиг үйлдсэнийг менежер н.Г санаж мэдэх байх, баахан адуу малтай, саравчтай газар байсныг л санаж байна гэсэн мэдүүлэг, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгсэлээр У*********** ХХК-ийн захирал Л.Цийн ярьснаар 37.8 тонн буюу 1 тонныг 400,000 төгрөгөөр нийт 15,120,0000 төгрөгийн хивгийг түүний заасан газарт буулгасан үйл баримт тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 144-147, 2 дугаар хавтаст хэргийн 82, 85-88 дахь тал/
16. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 197-198, 2 дугаар хавтаст хэргийн 66-67, 83-84 дүгээр талд авагдсан У*********** ХХК-ийн нягтлан бодогч Д.Мын гарын үсэг бүхий 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Тооцоо нийлсэн акт №16/01а баримтаар Д********************** ХК-аас улаан буудайн үнэд гурилын үнэ 8,500,000 төгрөг, түлш 70,151,000 төгрөг, хивэг 15,120,000 төгрөг болон бусад шилжүүлсэн төлбөрийг тооцож байсан баримт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Д.Мын ...Д********************** ХК нь надад тооцоо нийлсэн акт огт явуулж байгаагүй. Харин би У*********** ХХК-ийн тооцоо нийлсэн Д********************** ХК-аас төлбөрт авсан жагсаалтыг гаргаж явуулж байсан. Уг ирсэн и-мэйл болон миний явуулсан и-мэйлүүд ********@gmail.com цахим хаягт одоо ч гэсэн байгаа, ...хэмжээг нь хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан мөнгөн дүнгээр бол 70 гаруй сая төгрөгийн түлшийг өгч байсан гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар Д********************** ХК нь улаан буудайн төлбөрт 70,150,000 төгрөгийн түлш нийлүүлсэн нь тухайн үед У*********** ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Мын мэдүүлэг, тооцоо нийлсэн баримт үйлдэн Д********************** ХК-д өөрийн цахим хаягаар хүргүүлж байсан дээрх баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Д********************** ХК нь 1,798.4 тонн улаан буудайн төлбөрт дансаар 875,000,000 төгрөг, Д.Мын дансанд шилжүүлсэн 20,000,000 төгрөг, гурилын үйлдвэрийн нягтлан М.Ө ачиж явуулсан гурил 8,500,000 төгрөг, 2,400,000 төгрөг, 1,600,000 төгрөг, 37.8 тонн буюу 1 тонныг 400,000 төгрөгөөр нийт 15,120,0000 төгрөгийн хивэг, 48,380 тонн түлш х 1,450 = 70,151,000 төгрөг нийт 992,771,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна. Нийт шилжүүлсэн улаан буудай 1,798.4 тонн х 560,000 = 1,007,104,000 төгрөг төлөхөөс төлбөрт шилжүүлсэн 992,771,000 төгрөгийг хасаж /1,007,104,000 992,771,000/ үлдэх 14,333,000 төгрөгийг хариуцагч Д********************** ХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
17. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, талууд Улаан буудай худалдах, худалдан авах гэрээний 4.1-д худалдан авагч тал... төлбөрийг хугацаандаа хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохирчээ.
Хариуцагч Д********************** ХК нь улаан буудайн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргээ гүйцэтгээгүй төлбөр төлөх хугацааг 2,183 хоногоор хэтрүүлсэн байх тул төлбөрт төлөх 14,333,000 төгрөгт төлөх алданги нь үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүйгээр тооцож нийт 14,333,000 + 7,166,500 = 21,499,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 186,100,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Сөрөг нэхэмжлэлийн талаар
18. Хариуцагч Д********************** ХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж гаргасан тайлбартаа ...2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Улаан буудай худалдах, худалдан авах тухай 16/01 дугаартай гэрээгээр нэхэмжлэгч талаас 1,789.4 тонн улаан буудай нийлүүлж, хариуцагч буудайн үнэд 994,076,460 төгрөг төлөх ёстойгоос 1,003,271,000 төгрөг төлсөн буюу 9,194,540 төгрөгийн илүү төлөлт хийсэн. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй нэг бүр нь 1,000,000 төгрөгийн 10 ширхэг /ампул/ тариа 10,000,000 төгрөгийг буудайн үнэндээ тооцож хасаарай гэж хэлээд захирал Л.Ц нь өөрөө авч явсан байдаг гэжээ.
19. Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд 10,000,000 төгрөгийн үнэ бүхий хорт хавдрын эсрэг тариаг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хариуцагчид буцаан өгсөн талаар талууд тайлбар гаргасан болно.
20. Хариуцагч нь 1,789.4 тонн улаан буудайг хүлээн авсан гэж маргаж байгаа боловч хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хавсаргаж ирүүлсэн У*********** ХХК-д шилжүүлсэн мөнгө, бараа материалын тооцоонд ...10/31/2016 У*********** ХХК-аас авсан улаан буудай 1,798,400 кг, 994,076,460.0 төгрөг гэж бичсэн бичилт, түүний төлбөрт төлсөн баримтуудын огноо, данс, шилжүүлсэн төлбөр зэргийг хүснэгтэд тусгасан байдал, хариуцагч нь хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд улаан буудайн төлбөрт шилжүүлсэн төлбөрийг хавтас хэрэгт авагдсан баримтад тулгуурлан дээрх тооцоог эцсийн байдлаар гаргаж ирүүлсэн гэж хэрэгт нотлох баримтаар өгсөн хүснэгтэд 1,798,400 кг буудайн үнэнд 992,771,000 төгрөг төлсөн гэсэн баримтын талаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь, шүүхийн хэлэлцүүлэгт баримт нэг бүрийг тулгаж тооцоо нийлсэн зэрэг нотолгооны хэрэгслүүдээр 1,789.4 тонн улаан буудай хүлээн авсан гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байх ба энэ нь хариуцагчийн талаас гаргаж өгсөн дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Иймд хариуцагч нь 1,798.4 тонн улаан буудайн төлбөрт 1,007,104,000 төгрөг төлөх ёстойгоос 992,771,000 төгрөг төлсөн болох нь түүний төлбөрийн талаар хүснэгтээр гаргаж өгсөн баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба илүү төлбөр төлсөн байдал тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
21. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2*** дугаартай захирамжаар хариуцагч талын хүсэлтийг хангаж, Д********************** ХК-ийн нярав М.Өд хууль сануулж мэдүүлэг авсан боловч хариуцагч Д********************** ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1/19 дугаартай албан бичгээр тус компани нь М.Өд итгэмжлэл олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлж оролцуулсан тул М.Өгийн гэрчийн мэдүүлгийг, нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2*** дугаартай захирамжаар 6*** СЭ, 3*** ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагааг Авто тээврийн Үндэсний төвөөс гаргуулсан боловч тус нотлох баримт нь хэрэгт хамааралгүй байх тул нотлох баримтаар тус тус үнэлээгүй болно. /1 дүгээр хавтаст хэргийн 182-185, 189-190, 2 дугаар хавтаст хэргийн 65, 211, 215-216 дахь тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Д********************** ХК-аас 21,499,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У*********** ХХК-д олгож, 186,100,500 төгрөгийн шаардлагыг, буудайн үнэд төлсөн зөрүү 9,194,540 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч У*********** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,195,950 төгрөгийг, хариуцагч Д********************** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162,062 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 265,447.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА