2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2389

 

   

                                                           

 

 

 

 

                               

                 2025        10         15                                     2025/ШЦТ/2389

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,

улсын яллагч  Н.Түвшинбаяр,

шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

- Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн *дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь 2024 оны 9 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө дэлгүүрийн орчим хохирогч Н.Н-г бусадтай хардаж нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогч Н.Н-н биед баруун хацрын зөөлөн эдийн гэмтэл, доод уруулд зулгаралт, баруун бугалга, сарвуу, тохой, зүүн ташаа хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн * дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.    

Шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж заасныг сануулахад шүүгдэгч нь “Өмгөөлөгчгүйгээр, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно” гэсэн болохыг дурдав.

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүгдэгч Д.Д нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Д.Д нь 2024 оны 9 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө дэлгүүрийн орчим хохирогч Н.Н-ийг бусадтай хардаж нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогч Н.Н-ийн биед баруун хацрын зөөлөн эдийн гэмтэл, доод уруулд зулгаралт, баруун бугалга, сарвуу, тохой, зүүн ташаа хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар тал/,

Хохирогч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “Өнөөдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө 00 цагийн үед урьд нь харьцаж уулздаг байсан залуу болох Д.Д нь над руу миний утас руу байн, байн залгаад байхаар нь ярьсан чинь өөрийгөө “Дарханд байна уулзъя, яваад очъё” гээд байхаар нь “би гэртээ байна” гэж хэлээд тасалсан. Тухайн үед би өөрийн ажил болох дэлгүүрийн хажууд байсан бөгөөд ажлаас гараад дэлгүүр орох гэж байхад цаанаас Д.Д гүйж хүрч ирээд л намайг хацар, нүүр хэсэг рүү 3-4 удаа алгадаж цохисон тэгээд уулзахгүй байлаа гэж миний гар утсыг булаан авч газарт 3-4 удаа шидэж эвдэлсэн. Миний бие тусламж хүсэж орилоход хажуугаар явж байсан хүн “болиоч” гээд над руу ойртох үед Д.Д зугтаад цааш явчихсан юм. Тэгээд тухайн хүн цагдаа дуудаж өгсөн юм. Гараараа миний нүүр рүү 3-4 удаа алгадаж цохисон. Баруун шанаа хэсэгт хавдсан байна. Толгой өвдөж байна" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11 дүгээр тал/,

Хүний биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 35-38 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн * дугаартай "Н.Н-ийн биед баруун хацрын зөөлөн эдийн гэмтэл, доод уруулд зулгаралт, баруун бугалга, сарвуу, тохой, зүүн ташаа хэсгийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо" гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт нь агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Д-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч Д.Д-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 12 хоногийн нэг хоногийг 15,000 төгрөгөөр тооцон торгох ялаас хасаж, нийт биечлэн биелүүлэх торгох ялыг 1,170,000 төгрөгөөр тогтоож,

Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.

Шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчийг шүүх танхимаас суллаж шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч Д.Д нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

           2. Шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Д-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 12 хоногийн нэг хоногийг 15,000 төгрөгөөр тооцон торгох ялаас хасаж, нийт биечлэн биелүүлэх торгох ялыг 1,170,000 /нэг сая нэг зуун далан мянга/ төгрөгөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

6. Шүүгдэгч Д.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Д-ыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      П.АРИУНБОЛД