Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 135/ШШ2023/00372

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 135/ШШ2023/00372

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2023/00050/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, шүүгч М.Оюунцэцэг, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********** дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, **************** гудамжинд байрлах, утас: 1145****, 90***** регистрийн дугаартай, ********** дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, *********************** байрлах, утас: 99******, Дархан-Уул аймгийн ****************** тасагт холбогдох,

Нийгмийн даатгалын санд учирсан гэм хорын хохирол 247,719,797 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Т.Т,

Хариуцагчийн төлөөлөгч Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ихэрмөрөн,

(Шүүхийн иргэдийн төлөөлөгч Д.Гт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулав).

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********** дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Т.Т нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталсан Нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг шалгах тухай удирдамжийн дагуу төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтын хүрээнд тус хэлтэст бүртгэлтэй хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгож авсан нэр бүхий тэтгэвэр авагчдын тэтгэврийн хувийн хэрэгт авагдсан баримт, архивын лавлагаа, тушаал шийдвэрийг архивд хадгалагдаж байгаа эх хувьтай тулган шалгахад Дархан-Уул аймгийн ****************** тасгийн ажилтан П.Ю, Д.А, Н.О нар нь архивын сан хөмрөгт буй тушаалыг засварласан, тушаалын хавсралтад нэр нэмсэн, хавсралтад тусгагдсан нэрийг солих байдлаар архивын лавлагааг хуурамчаар үйлдэж нэр бүхий 9 иргэнд өгсөн нь Дархан-Уул аймгийн ***************** тасагт хадгалагдаж байгаа баримт, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлэг 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэсэн заалтад нийцүүлэн албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамч архивын лавлагаа гаргаж бусдад давуу байдал олгосноор Нийгмийн даатгалын сангаас 9 иргэнд нийт 247,719,797.00 төгрөгийн тэтгэврийг үндэслэлгүй олгож, нийгмийн даатгалын санд хохирол учраад байна.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл (эс үйлдэхүй)-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл (эс үйлдэхүй)-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж тус тус заасны дагуу Дархан-Уул аймгийн ***************** тасгийн лавлагааны улмаас нэр бүхий 9 иргэнд олгогдсон 247,719,797.00 төгрөгийн тэтгэврийг Дархан-Уул аймгийн *************** тасгаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Б нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журмын 8 дугаар зүйлийн 8.17.3-д Лавлагааны онлайн системээр лавлагаа, хуулбарын захиалга, шийдвэрлэлт, баталгаажилтад хяналт тавих бөгөөд эх болон цахим баримтаас олгосон лавлагаа, хуулбарын бодит байдлыг лавлагаа гаргасан болон цахим хэлбэрт шилжүүлсэн нэгж буюу ажилтан хариуцах-аар, 8.17.4-т Иргэний улсад ажилласан жилийг тодорхойлсон лавлагааг тухайн иргэнийг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн албан ёсны тушаал, шийдвэр, цалингийн болон бусад нотлох баримтыг үндэслэн олгох бөгөөд цалингийн хүснэгтэд бичигдээгүй тохиолдолд нөхөж бичихийг хориглох гэсэн заалттай байдаг.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар тогтоолын 2.2 дахь хэсэгт Хууль, эрх зүйн хэлтэс архивын тасагтай) гэж бүтэц орон тоог тогтоосон тул Дархан-Уул аймгийн Төрийн архив нь бие даасан хуулийн этгээд биш бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээгүй тул шүүхэд хариуцагчаар оролцох үндэслэлгүй болно.

Үүнээс үзэхэд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, ************ тасаг нь ажил олгогч биш тул тухайн үед аймгийн *********** тасгийн даргаар ажиллаж байсан П.Ю, эрхлэгчээр ажиллаж байсан Д.А, одоо ажиллаж байгаа Н.О нар нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3 дахь хэсэгт "Архивын лавлагааг хуурамчаар үйлдэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчин удаа дараа хуурамч лавлагааг санаатай гаргаж байгаа нь тогтоогдсон тул иргэн П.Ю, мэргэжилтэн Д.А, Н.О нараас Нийслэлийн ********** дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс үндэслэлгүй лавлагаа гаргасны улмаас нийгмийн даатгалын санд учирсан 247.719.797 төгрөгийг гаргуулна уу.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3-т заасны дагуу Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмыг нийгмийн даатгалын төв байгууллагад тогтооно гэж заасны дагуу дээрх нэр бүхий 9 иргэний шаардагдах баримт бичгийг хүлээн авсан нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмж хариуцсан байцаагч болон, баримт материалыг хянасан хяналтын байцаагч нар ажилдаа хайнга хандаж хуурамч лавлагааг илрүүлээгүйн улмаас нийгмийн даатгалын санд хохирол учирсан гэж үзэж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна гэж заасны дагуу нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох ажилтнууд хариуцлага хүлээх үүрэгтэй болно.

Иймд Нийслэлийн ********** дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс үндэслэлгүй лавлагаа гаргасны улмаас нийгмийн даатгалын санд учирсан 247.719.797 (хоёр зуун дөчин долоон сая долоон зуун арван есөн мянга долоон зуун ерэн долоон) төгрөгийг Дархан-Уул аймгийн ****************** тасаг (дарга Н.Б)-аас гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар ********** дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар албан бичгийн хавсралт Дархан-Уул аймгийн ************** тасгийн үндэслэлгүй (хуурамч) лавлагааны үр дүнд нийгмийн даатгалын санд гэх хүснэгт /хавтаст хэргийн 3 дахь тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж буй нэхэмжлэлд хавсаргасан баримтын бичгийн жагсаалт /хавтаст хэргийн 4-5 дахь тал/, Шалгалтын тэмдэглэл /хавтаст хэргийн 6-8 дахь тал/, Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/** дугаартай Ш.А-г ажилд түр томилох тухай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 9 дэх тал/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 10 дахь тал/, үндэслэлгүйгээр тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий 9 иргэнтэй холбоотой баримт бичгүүдийн хуулбар буюу Ж.Ө-т холбогдох баримт бичиг /хавтаст хэргийн 11-27 дахь тал/, З.Э-д холбогдох баримт бичиг /хавтаст хэргийн 28-41 дэх тал/, Ч.Э-т холбогдох баримт бичиг /хавтаст хэргийн 42-56 дахь тал/, Ш.О-т холбогдох баримт бичиг /хавтаст хэргийн 57-67 дахь тал/, Л.Ж-д холбогдох баримт бичиг /хавтаст хэргийн 68-89 дэх тал/, М.Т-т холбогдох баримт бичиг /хавтаст хэргийн 90-102 дахь тал/, О.Ж-д холбогдох баримт бичиг /хавтаст хэргийн 103-119 дэх тал/, С.Х-д холбогдох баримт бичиг /хавтаст хэргийн 120-131 дэх тал/, Д.Б-д холбогдох баримт бичиг /хавтаст хэргийн 132-147 дахь тал/, итгэмжлэл /хавтаст хэргийн 200 дахь тал/ зэргийг,

Хариуцагч нь хариу тайлбартайгаа холбогдуулан нотлох баримтаар Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газрын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 152 дахь тал/, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01-А/** дугаартай Бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 153-154 дэх тал/, итгэмжлэл /хавтаст хэргийн 155 дахь тал/, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2007 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ** дугаартай Комисс томилж, ажлаас чөлөөлөн ажилд томилох тухай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 164-165 дахь тал/, 2005 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ** дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 166-167 дахь тал/, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 168 дахь тал/, 2005 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ** дугаартай Ажлаас халж, ажилд авах тухай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 169 дэх тал/, 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/** дугаартай Д.Алтанзулыг ажилд түр томилох тухай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 170 дахь тал/, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/** дугаартай Д.Алтанзулыг ажилд томилох тухай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 171 дэх тал/, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/** дугаартай Д.Алтанзулын албан тушаалыг бууруулах тухай /хавтаст хэргийн 172 дахь тал/, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/** дугаартай Д.Алтанзулыг ажилд томилох тухай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 173 дахь тал/, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02/Б/** дугаартай Д.Алтанзулыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 174 дэх тал/, 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ** дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 175 дахь тал/, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/** дугаартай Ажлаас чөлөөлж, буцалтгүй тусламж олгох тухай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 176 дахь тал/, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/** дугаартай Н.О-ийг ажилд эгүүлэн томилох тухай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 177 дахь тал/, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 02-/Б/** дугаартай Н.Б-ыг Архивын тасгийн даргаар томилох тухай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 178 дахь тал/, Хуулийн дагуу ажиллах баталгааны хуудасны хуулбар /хавтаст хэргийн 179-180 дахь тал/, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 181-183 дахь тал/, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай тогтоол /хавтаст хэргийн 184-186 дахь тал/, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бүтэц, аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг тогтоох тухай тогтоол /хавтаст хэргийн 187 дахь тал/, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02-Б/** дугаартай Н.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 206 дахь тал/, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02-Б/**дугаартай Д.А-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 207 дахь тал/ зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нийслэлийн ********** дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь Дархан-Уул аймгийн ****************** тасагт холбогдуулан үндэслэлгүй лавлагаа гаргасны улмаас нийгмийн даатгалын санд учирсан 247,719,797 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагчаас ***************** тасаг нь бие даасан хуулийн этгээд биш улсын бүртгэлийн гэрчилгээгүй тул хариуцагч болохгүй, тухайн үед ажиллаж байсан хүмүүс нь Архив албан хөтлөлтийн тухай хууль зөрчсөн тул буруутай этгээдүүдээс хохиролоо гаргуулах, мөн нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж хариуцсан байцаагч нар ажилдаа хайнга хандаж хуурамч лавлагааг илрүүлээгүйн улмаас нийгмийн даатгалын санд хохирол учирсан зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

3. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж ...Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталсан Нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг шалгах тухай удирдамжийн дагуу төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтын хүрээнд тус хэлтэст бүртгэлтэй хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгож авсан нэр бүхий тэтгэвэр авагчдын тэтгэврийн хувийн хэрэгт авагдсан баримт, архивын лавлагаа, тушаал шийдвэрийг архивд хадгалагдаж байгаа эх хувьтай тулган шалгахад Дархан-Уул аймгийн ****************** тасгийн ажилтан П.Ю, Д.А, Н.О нар нь архивын сан хөмрөгт буй тушаалыг засварласан, тушаалын хавсралтад нэр нэмсэн, хавсралтад тусгагдсан нэрийг солих байдлаар архивын лавлагааг хуурамчаар үйлдэж нэр бүхий 9 иргэнд өгсөн нь Дархан-Уул аймгийн **************** тасагт хадгалагдаж байгаа баримт, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно. Үүний улмаас Нийгмийн даатгалын сангаас 9 иргэнд нийт 247,719,797.00 төгрөгийн тэтгэврийг үндэслэлгүй олгож, нийгмийн даатгалын санд хохирол учраад байна. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл (эс үйлдэхүй)-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл (эс үйлдэхүй)-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж тус тус заасны дагуу Дархан-Уул аймгийн ***************** тасгийн лавлагааны улмаас нэр бүхий 9 иргэнд олгогдсон 247,719,797.00 төгрөгийн тэтгэврийг Дархан-Уул аймгийн ********************** тасгаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэж тайлбарласан.

4. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Дархан-Уул аймгийн ***************** тасагт ажиллаж архивын лавлагааны үндэслэл шалгасан 2022 оны 06 дугаар сарын 08-ны Шалгалтын тэмдэглэл, Нийгмийн даатгалын газрын даргын тушаал, Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 29-ний **, ** дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг баримтуудыг ********** дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн архивын хуулбар үнэн дардастайгээр ирүүлж, төрийн байгууллага нь бичмэл нотлох баримтыг өөрийн архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх боломжтой гэсэн тайлбар гаргаж байна.

5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг. Энэ үүднээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээнд оролцож байгаа төрийн байгууллага нь өөрийн шүүхэд гаргавал зохих бичмэл нотлох баримтыг өөрөө баталгаажуулан шүүхэд гаргах боломжгүй.

Иймд нэхэмжлэгч талаас ирүүлсэн дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. /хавтаст хэргийн 6-9, 11-147 дахь тал/

6. Хариуцагч талаас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газарт олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01-А/** дугаартай Бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай захирамж, захирамжийн хавсралт, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2007 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ** дугаартай Комисс томилж, ажлаас чөлөөлөн ажилд томилох тухай тушаалууд, хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар хариуцагч Дархан-Уул аймгийн ***************** тасаг нь Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газрын бүтцэд хамаарах ба түүний орон тоо, цалингийн санг тогтоож, албан хаагчдыг томилж, чөлөөлөх эрхийг аймгийн Засаг даргын тамгын газар эдлэхээр баталсан байна.

7. Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд энэ талаар нэхэмжлэгч талд мэдэгдэж, жинхэнэ хариуцагчаар хариуцагчийг солих эрхийг эдлэх хүрээнд санал асуухад адилхан төрийн байгууллага тул хариуцагчийг солих саналгүй, архивын лавлагааг хуурамчаар үйлдэж нэр бүхий 9 иргэнд өгсөн нь Дархан-Уул аймгийн ***************** тасагт хадгалагдаж байгаа баримт, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Дархан-Уул аймгийн ***************** тасгаас хохиролоо гаргуулна гэж тайлбар гаргаж байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэжээ.

Нэхэмжлэгч ********** дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсээс хариуцагчаар тодорхойлж ирүүлсэн Дархан-Уул аймгийн ***************** тасаг нь нэхэмжлэлийн шаардлага болох гэм хорын хохирол 247,719,797 төгрөгийг бие даан хариуцах эрх зүйн чадамжтай этгээд биш буюу Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын харьяа нэгж байгууллага болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэж зааснаар Дархан-Уул аймгийн ****************** тасагт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д зааснаар Нийслэлийн ********** дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн ****************** тасагт холбогдох үндэслэлгүй лавлагаа гаргасны улмаас нийгмийн даатгалын санд учирсан 247,719,797 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ

З.ТУНГАЛАГМАА