Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/06

 

Ч.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

СүхБ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Бсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд:

               Прокурор Г.Лхагвасүрэн

                        шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Ж.Ц

                        хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Х

нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар оролцов.         

 

         СүхБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Х-н давж заалдах гомдлоор тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлйн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Э-д холбогдох эрүүгийн 2030003120334 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2021 оны  02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Бсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... онд СүхБ аймгийн БУ суманд төрсөн, .... настай, эрэгтэй, халх, боловсролгүй,  мэргэжилгүй, малчин, ам бүл ...., эхнэр, хүүхдийн хамт, СүхБ аймгийн У сумын .... дүгээр баг “Өлзийт” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, Ч.Э /РД: ............./,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 03 цагийн үед СүхБ аймгийн У сумын .... дүгээр багийн нутаг “ТЦ” гэх газарт Карина маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “...3.7.а-д  жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хянаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, энэ дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, энэ дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Т.Б-г дайрч,  амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

 СүхБ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэн нь шүүгдэгч Ч.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлйн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

СүхБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор: Ч.Э-г согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4  дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ч.Э-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д  оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч   Ч.Э-д  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Ч.Э-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М нь оршуулгын зардалтай холбоотой эдийн хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ч.Э  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-т оршуулгын зардалд 10.300.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Х давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлйн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ч.Э-н өөрийнх нь өгсөн мэдүүлгийг үндэслэн “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэл оногдуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна. Гэрч Д.Б болон гэрч, хохирогч нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Ч.Э нь “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг субъектив шинжийг тогтоолгүй, объектив шинжийг гол болгож хэргийг шалгаж, шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Ч.Э-н үйлдэл нь санаатай эсхүл болгоомжгүй эсэхийг тодруулж шалгаснаар гэмт хэргийн зүйлчлэл бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байх боломжтой юм. Шүүхээс шүүгдэгч Ч.Э-н үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн талаар бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэт нэг талыг барьж, шүүгдэгчийн мэдүүлэгт хөтлөгдөн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж байгаа нь учир дутагдалтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийг зүйлчлэлийг зөвтгөж, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                                     

Прокурорын дүгнэлт: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Х-н давж заалдах гомдлоор шүүгдэгч Ч.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ түүнд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” шаардлагыг хангахгүй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-н: “... 2020.11.19-ний өдрийн 16 цагийн үед нөхөр бид хоёр сумын төв рүү ажлаар яваад цаг агаар их муухай болно гэхээр нь гэртээ ирэхэд Э эхнэртэйгээ манайд ирсэн байсан. Тэгээд цай хоол хийж өгөх гэтэл  хүүгийнд чинь  цай хоол идсэн гэж хэлсэн. Тэгээд танайд архи байна уу гэхэд манай хүн 0.75 литрийн нэг шил архи гаргаж өгсөн. Манай хүн архи уудаггүй болохоор уугаагүй. Тэгээд Э нь манай нөхрийг авч гараад  ганцаараа орж ирэхээр нь  нөхрөө асуухад юм хэлэхгүй байсан. Тэгээд том хүүгийндээ ороод унтсан юм байх  гэж бодоод  асуухад  ирээгүй гэхээр нь  ойр орчмоор талийгаачийг хайж байгаад баруун урд зүгт 100 метрт байрлах жорлонгийн хажууд Э-н машины доод талд хөндлөнгөөрөө хэвтсэн байхаар нь хөлөөс татаж үзэхэд хариу үзүүлэхгүй байсан.  Манай хүү данхраадаар өргөхөд бүх бие нь хөрсөн, гар, уруул нь хөх ягаан болсон, гүрээнийх нь судсыг дарж үзэхэд зүрхний цохилт мэдэгдэхгүй байсан”гэх /хх-15-18х/,   

Гэрч Б.Б-н:  “... 2020 оны 11 дүгээр сарын 19-ний орой гэртээ байж байхад аавын дүү Б, нөхөр Ч.Э нар манайд ирсэн. Тэр хоёр хоол, цай идчихээр нь би  “Ш” нэртэй 0.75 литрийн архи задалж өгсөн. Ч.Э ах, Б эгч хоёр тухайн архийг хуваагаад уусан. Тэгээд манай аав, ээж хоёр 20 цагийн үед ирэхэд аавынх руу орцгоосон. Тэгээд шөнө манай гэрийн хаалгыг хүн тогшиж ээж нь байна, аав чинь танайд оров уу” гэхээр нь орж ирээгүй гэхэд ээж буцаад гарсан. Тэгээд удалгүй ээж аав чинь машинд дайруулсан байна гээд гэрийн баруун урдаас уйлчихсан ирж байсан” гэх /хх-22-24/,

Гэрч Д.Б: “... нөхөр Э-н хамт Б ахынд очиход гэртээ байхгүй байсан тул түүний хүү Бямбаагийнх руу ороход хоол, цай хийж өгөөд 0.75 литрийн хэмжээтэй цагаан архи задалсан. Тухайн архийг нөхөр Э-тэй хувааж уугаад дууссан. Орой 20:00 цаг өнгөрч байхад Б ах, М эгч хоёр ирсэн. Бид дөрөв тухайн нэг шил архийг хувааж уусан. Цаг хэд болсныг анзаараагүй хоорондоо уулзаагүй удсан тул нэлээн ярьж суусан. М эгч ор дэр засаад байж байхад манай нөхөр Э, Б ах хоёр бие засна гээд гэрээс  гарахад  цаг 02 цаг 30 минут болж байсан. Тэгээд гэрээс гараад 10 гаруй минутын дараа удалгүй Э ороод ирэхэд М эгч манай нөхөр яасан бэ? гэхэд дуугарахгүй суугаад байсан” гэх /хх- 28-30 /,

Яллагдагч Ч.Э-н: “... 2020 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр “ТЦ” гэх газарт байх Б гэх айлынд очиход байхгүй байхаар нь түүний том хүү Б.Б-н гэрт ороход аав, ээж хоёр сумын төв рүү явсан гэхээр нь танайх саяхан найраа хийсэн ганц шил архи байна уу гэхэд надад Е нэртэй 0.75 литрийн архи гаргаж өгөхөөр нь эхнэрийн хамт уусан. Би архины ихэнхийг уусан. Орой  21 цагийн үед Б нь эхнэрийн хамт гэртээ ирэхээр нь талийгаач хүмүүст цай чанаж өг гэж хэлээд  гараад ирэхдээ 0.75 литрийн архи авчирч түүнээс бид дөрөв хамт ууцгаасан. Талийгаач түрүүлээд бие заслаа гэж хэлээд алхаад жорлон руу явахаар нь би араас нь гэрийн урд талд байсан машинаа асаагаад очин араатай байхад нь тормозоо гишгэж зогсоход талийгаач Т.Б нь намайг согтуу байж, машин бариад хэрэггүй гэж хэлээд машины урд талд гараад хориглохоор нь машиныхаа хаазан нь дээр гишгээд огцом харайж, талийгаачийг мөргөж дайрсан. Шууд талийгаачийн гэр рүү орсон. Би хааяа архи уудаг, архи уухаараа амархан согтдог” гэх мэдүүлгүүд  /хх-ийн 31-33, 77-81/,

хэргийн болон зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-4-12х/,

Шүүх эмнэлгийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 73 дугаартай: “... Талийгаач Т.Б нь цээж хэвлий дарагдах хэлбэрийн амьсгал бүтэлтийн улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ” гэх дүгнэлт,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-44-51х/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч Ч.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 03 цагийн үед Сүхбаатар аймгийн У сумын 1 дүгээр багийн нутаг “ТЦ” гэх газарт “Карина маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон жорлонгийн дэргэд зогсож байсан  хохирогч Т.Б-н хажууд машинаа араатай байхад нь тормоз гишгэж зогсоосон бөгөөд  хохирогч “согтуу байж машин бариад хэрэггүй” гэж хориглон машины урд зогсоход тормозоосоо хөлөө авч, хаазан дээр гишгэн Т.Б-г мөргөж дайрсан үйл баримт тогтоогдсон гэх дүгнэлт хийжээ.

 

Шүүгдэгч Ч.Э нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч хүний амь нас хохироох хор уршигт зориуд хүргэхдээ тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэх техник, хэрэгсэл болгон ашигласан байхад гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас  газар буюу замд хамааруулан түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг  хууль бус шинжтэй болохыг ухамсарласны улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэнээс хохирол, хор уршиг учирч гэм буруугийн болгоомжгүй хэлбэр болох хайхрамжгүй хандаж, замын хөдөлгөөнд оролцон хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Прокуророос  Ч.Э-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны  нотолбол зохих байдлын нэг болох  гэм буруугийн хэлбэрийг  зөв тодорхойлж чадаагүйгээс эрүүгийн хуулийн  зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байхад анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргасан нь түүнийг хүчингүй болгох үндэслэл бий болов.

Иймд энэ талаар бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Х-н давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Э-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

       Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Э-д холбогдох эрүүгийн 2030003120334 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

Хоёр. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ч.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          О.БААТАРСҮХ                    

 

                        ШҮҮГЧИД                                          С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                    Д.БАЙГАЛМАА