Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2023/0188

 

2023 03 03 128/ШШ2023/0188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Харчонот ХХК/РД:2032872/

Нэхэмжлэгч: Барилга эрч ХХК/РД:6334539/

Нэхэмжлэгч Харчонот ХХК-ийн төлөөлөгч бөгөөд Барилга эрч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Баянцагаан

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ганбаатар

Хариуцагч: Эрүүл мэндийн яам

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Цэрэнчунт, Э.Ганпүрэв

Маргааны төрөл: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Харчонот ХХК-ийн төлөөлөгч бөгөөд Барилга эрч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баянцагаан, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэрэнчунт, Э.Ганпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хүсэлдэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Харчонот ХХК, Барилга эрч ХХК-ууд нь Эрүүл мэндийн яаманд холбогдуулан 1.XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/-ын ажил гүйцэтгэхээр тендерт шалгарсан Харчонот ХХК, Барилга эрч ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулахаас татгалзсан Эрүүл мэндийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2/1605 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, 2.Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А-1/636 тоот зөвлөмжийг үндэслэн XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/-ын ажил гүйцэтгэх гэрээг Харчонот ХХК, Барилга эрч ХХК-ийн түншлэлтэй байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгуулах-аар маргаж байна.

2.Хариуцагч Эрүүл мэндийн яамнаас Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 213 тоот дугаартай Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаалын жагсаалтад Харчонот ХХК багтсан ... үндэслэлээр Төрийн худалдан авах ажиллагааны газрын зөвлөмжийн дагуу XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан Харчонот ХХК-тай гэрээ байгуулах боломжгүй хэмээн татгалзжээ.

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ... 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 98 тоотоор Эрүүл мэндийн сайдад гэрээ байгуулах хүсэлтээ гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэхгүй, ашиг сонирхлын үүднээс гэрээ байгуулахаас татгалзаж, бидний эрхийг зөрчиж байна гэж үзэж байна ... гэж дурдсан ба энэ талаар хариуцагч маргадаггүй. Харчонот ХХК нь шүүхэд анх 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хандсаныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШЗ2022/5190 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон, улмаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШЗ2022/6242 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзсан байх ба татгалзсан үндэслэлд дурдсан нөхцөл байдлыг арилгаж дахин нэхэмжлэл гаргахад уг захирамж саад болохгүйг дурдсаны дагуу шүүхэд дахин 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хандаж нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.

4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай компани нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2019 онд зарласан XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Барилга эрч ХХК-тай түншлэлээр оролцсон. Уг тендерт шалгаруулалтаар Гангар инвест ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан байсныг шүүхэд гомдол гаргаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2021/0643 тоот шийдвэрээр бидний гомдлыг хангаж, уг тендерийг дахин үнэлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгаж шийдвэрлэсэн.

Улмаар тендерийг дахин үнэлэх ажиллагааг явуулж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.4 заалтын дагуу хамгийн бага үнийн саналаар манай компани тендер шалгарч Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А-1/536 тоот гэрээ байгуулах мэдэгдлийг манай түншлэлд ирүүлж, мөн гэрээ байгуулах тухай 2022 оны 03 дугаар сарын 25-ны А-1/636 тоот зөвлөмжийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн байна.

Гэтэл Төрийн худалдан авах ажиллагааны газарт Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2/1605 тоотоор манай компанийг Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 213 дугаар тушаалаар баталсан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл-д багтсан гэсэн шалтгаанаар гэрээ байгуулах боломжгүй гэсэн хариу өгсөн байх бөгөөд манай компанид хуулбар хувь нь Монгол шуудан ХХК-ийн хүргэлтээр 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ирснийг хүлээн авсан.

Сангийн сайдын Харчонот ХХК-ийг хар жагсаалтад оруулсан шийдвэрийг бид хүлээн зөвшөөрөөгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0423 тоот шийдвэрээр манай компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь дээрх хар жагсаалтад оруулсан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, мөн Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 213 дугаар тушаал нь Сүрьеэгийн барилгын тендерийг дахин үнэлэхээр шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2021/0643 дугаар шийдвэрээс хойно гарсан байгаа зэргийг харгалзахгүй Эрүүл мэндийн яам энэ мэт шалтгаан тоочиж үндэслэлгүйгээр гэрээ байгуулахаас татгалзаж манай компанийн түншлэлийн эрх, ашгийг 2 жилийн хугацаанд маш ноцтойгоор хохироож байна.

Эрүүл мэндийн яаманд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 44 тоотоор гэрээ байгуулах тухай, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 70 тоотоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад дээрх нөхцөл байдлын талаар тайлбар өгч, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 98 тоотоор Эрүүл мэндийн сайдад гэрээ байгуулах хүсэлтээ гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэхгүй, ашиг сонирхлын үүднээс гэрээ байгуулахаас татгалзаж, бидний эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 6242 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийн дагуу Харчонот ХХК нь түншлэлийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй болохоо нотолж Барилга эрч ХХК-аас итгэмжлэл гаргуулан авсан бөгөөд шүүгчийн захирамжид дурдсаны дагуу энэхүү нэхэмжлэлээ дахин гаргаж байгаа болно.

Иймд XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/-ын ажил гүйцэтгэхээр тендерт шалгарсан Харчонот ХХК, Барилга эрч ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулахаас татгалзсан Эрүүл мэндийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2/1605 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А-1/636 тоот зөвлөмжийг үндэслэн XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/-ын ажил гүйцэтгэх гэрээг Харчонот ХХК, Барилга эрч ХХК-ийн түншлэлтэй байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4.1.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 онд Эрүүл мэндийн яамнаас зарласан тендерт Харчонот ХХК нь шалгарсан бөгөөд эхний тендер сонгон шалгаруулалтад Гангар инвест ХХК-ийг шалгаруулсан боловч манай компанийн зүгээс тухайн тендер хууль бус болсон тухай гомдол Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 643 тоот шийдвэрээр Гангар инвест ХХК-ийн тендерийг сонгон шалгаруулсан нь хууль бус гэдгийг тогтоож сүрьеэгийн эмнэлгийн ажил гүйцэтгэх тендерт дахин үнэлгээ хийхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгасан. Даалгасны дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газарт тухайн тендерт дахин үнэлгээ хийгээд Харчонот ХХК болон Барилга эрч ХХК-ийн түншлэл тендерт шалгарч гэрээ байгуулах тухай 2022 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн А01/536 тоот мэдэгдэх хуудсыг манай компанид ирүүлсэн. 2022 оны 03 дугаар сарын 25-ны А01/636 тоот зөвлөмжийг Эрүүл мэндийн яам болон Харчонот ХХК-д тус тус хүргүүлсэн. Үүний дагуу манай компани Эрүүл мэндийн яаманд гэрээ байгуулах хүсэлт гаргасан боловч одоог хүртэл гэрээ байгуулаагүй. Эрүүл мэндийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгээр Харчонот ХХК-ийг Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 213 дугаар тушаалаар тендерт оролцох эрхийг хязгаарласан этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн тул гэрээ байгуулах боломжгүй гэх хариу өгсөн. Тухайн барилгын тендер нь 2019 онд зарлагдсан бөгөөд Сангийн сайдын тушаал 2021 онд гарсан.

Иймд 2019 оны тус үйл ажиллагаа нь Сангийн сайдын 2021 оны тушаалаас өмнө болсон байх тул манай компанид тус сайдын тушаал хамааралгүй. Мөн Сангийн сайдын 213 дугаар тушаал нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан 2021 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн 643 дугаар шийдвэрийн дараа нь гарсан тушаал байх тул 2019 оны тендер сонгон шалгаруулах ажиллагаанд хамааралгүй гэж нэхэмжлэгчээс үзэж байна. Төрийн худалдан авах газар нь Эрүүл мэндийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн тушаалыг үндэслэж сүрьеэгийн эмнэлгийн барилгын ажлын тендер сонгон шалгаруулалтыг дахин зарласан. Үүнийг манай компанийн түншлэл байгууллага эсэргүүцэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд түдгэлзүүлэх санал гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус захирамжийг түдгэлзүүлсэн. Иймд Эрүүл мэндийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн албан тоотыг хүчингүй болгуулах, сүрьеэгийн эмнэлгийн барилга гүйцэтгэгчийн гэрээг Харчонот ХХК болон Барилга эрч ХХК-тай байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариу тайлбартаа: Харчонот ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох захиргааны хэрэгт дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521.2.1-д энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах, 14.5-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ. гэж тус тус заасан.

Үүний дагуу Харчонот ХХК нь Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 213 дугаар тушаалаар баталсан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл-д багтсан байсан тул Төрийн худалдан авах ажиллагааны газраас тус яаманд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлж гэрээ байгуулах боломжгүй тул худалдан авах ажиллагааг яаралтай үргэлжлүүлэн зохион байгуулах талаар 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2/1605 тоотоор Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн. Худалдан авах ажиллагааг хууль, журмын дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газар зохион байгуулдаг.

Иймд Эрүүл мэндийн яам нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл-д байгаа Харчонот ХХК-тай гэрээ байгуулахаас татгалзсан тул Харчонот ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хавсралтаар Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2/1605 тоот албан бичгийн хуулбарыг хавсаргав. гэжээ.

5.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэрэнчунт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Эрүүл мэндийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02/1605 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, Харчонот ХХК-тай гэрээ байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Даалгах нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус эс үйлдэхүй болон хууль бус татгалзал гаргасан байх ёстой бөгөөд Эрүүл мэндийн яамны маргаан бүхий актыг гаргахдаа Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 213 дугаар тушаалыг үндэслэж Харчонот ХХК-тай гэрээ байгуулах боломжгүй гэх шийдвэр гаргаж мэдэгдэл хүргүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Сангийн сайдын тушаалын хар жагсаалтын бүртгэлийн 16 дугаарт Харчонот ХХК бүртгэгдсэн байсан. 2019 оны тендер сонгон шалгаруулах ажиллагааг Төрийн худалдан авах ажиллагааны газар зохион байгуулж Гангар инвест ХХК-ийг шалгаруулсан. Үүнд Эрүүл мэндийн яамны оролцоо байхгүй бөгөөд Төрийн худалдан авах ажиллагааны газар нээлттэй тендер сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулсан. Гангар инвест ХХК шалгарсантай холбогдуулан бусад компаниуд гомдол гаргах эрхийн хүрээнд гомдол гаргасан бөгөөд 2021 онд шүүхийн шийдвэр гарсан. Тус шүүхийн шийдвэрт дахин үнэлэх тухай шийдвэр гарсан болохоос Харчонот ХХК-ийг шалгаруулах тухай шүүхийн шийдвэр гараагүй. Шүүхийн шийдвэрийг үндэслэж дахин үнэлэх ажиллагааг Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан. Төрийн худалдан авах ажиллагааны газар дахин үнэлгээ хийхдээ 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Сангийн сайдын тушаалыг харалгүйгээр үнэлгээ хийсэн. Сангийн сайдын тушаалын хар жагсаалтын бүртгэлийг Төрийн худалдан авах ажиллагааны газар харсан тохиолдолд Харчонот ХХК-тай сүрьеэгийн эмнэлэг барих гэрээ байгуулах тухай хүсэлт ирүүлэхгүй байсан. Төрийн худалдан авах ажиллагааны газраас Харчонот ХХК-тай гэрээ байгуулах хүсэлт ирүүлснээс хоёр долоо хоногийн дараа Эрүүл мэндийн яамнаас үнэлгээ хийж сүрьеэгийн эмнэлэг барих ажлыг хийлгэхээр хар жагсаалтад орсон компанитай гэрээ байгуулж болохгүй гэж үзсэн бөгөөд энэ тухай журамд заасан байдаг. 2019 оны сүрьеэгийн эмнэлгийн барилгын ажил нь 10 тэрбум төгрөгийн төсөвтэй зарлагдсан бөгөөд үүнд Харчонот ХХК нь 8,5 тэрбумын санал өгч байсан. Гэтэл 2022 онд дахин зарлахад Төсвийн тухай хуульд зааснаар 10 тэрбум төгрөг нь 18 тэрбум болж өссөн байсан. 2022 оны зарласан тендерт 18 тэрбум төгрөг болж өссөн байх тул дахин тендер зарлаж хуульд зааснаар санхүүгийн чадавхыг үнэлэх ёстой. Иймд Харчонот ХХК-тай шууд гэрээ байгуулах боломжгүй бөгөөд дахин тендер зарлаж 18 тэрбумын санхүүгийн чадавх үнэлэгдсэн компанитай гэрээ байгуулах боломжтой. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Харчонот ХХК, Барилга эрч ХХК-ууд нь Эрүүл мэндийн яаманд холбогдуулан 1.XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/-ын ажил гүйцэтгэхээр тендерт шалгарсан Харчонот ХХК, Барилга эрч ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулахаас татгалзсан Эрүүл мэндийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2/1605 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, 2.Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А-1/636 тоот зөвлөмжийг үндэслэн XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/-ын ажил гүйцэтгэх гэрээг Харчонот ХХК, Барилга эрч ХХК-ийн түншлэлтэй байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

1.1.Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад 1.XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/-ын ажил гүйцэтгэхээр тендерт шалгарсан Харчонот ХХК, Барилга эрч ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулахаас татгалзсан Эрүүл мэндийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2/1605 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, 2.Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А-1/636 тоот зөвлөмжийг үндэслэн XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/-ын ажил гүйцэтгэх гэрээг Харчонот ХХК, Барилга эрч ХХК-ийн түншлэлтэй байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгуулах-аар эцсийн байдлаар тодорхойлсон тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг хянан шийдвэрлэв.

2.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгч Харчонот ХХК болон Барилга эрч ХХК-уудын нэхэмжлэлийг доорх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

3.Хэргийн үйл баримтын тухайд, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2021/0643 дугаар шийдвэрээр Гангар инвест ХХК, Харчонот ХХК-уудын нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар ... Харчонот ХХК-ийн тендерийн материалд дахин үнэлгээ хийж, шалгаруулалт явуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгасугай. гэжээ.

3.1.Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу тендерийн материалд дахин үнэлгээ хийж Харчонот ХХК-ийг XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчээр хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж/хэргийн 114 дэх тал/, Төрийн худалдан авах ажиллагааны газраас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгт хандаж 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А-1/636 дугаартай албан бичгээр ... Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга/Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын үнэлгээг үнэлгээний хороо дахин хийхэд Харчонот ХХК болон Барилга эрч ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул 8,743,100,000 (найман тэрбум долоон зуун дөчин гурван сая нэг зуун мянган) төгрөгөөр гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлж байна. гэх зөвлөмж хүргүүлсэн боловч Эрүүл мэндийн яамнаас Харчонот ХХК-ийг Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 213 тоот дугаартай Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаалын жагсаалтад багтсан үндэслэлээр зөвлөмжийн дагуу гэрээ байгуулах боломжгүй болохыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт мэдэгдсэн байна.

3.2.Түүнчлэн нэхэмжлэгч Харчонот ХХК нь маргаан бүхий татгалзсан шийдвэрийн[1] үндэслэл болсон тендерт оролцох эрхийг хязгаарласан захиргааны шийдвэрийг эс зөвшөөрч маргасан, улмаар маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар эцэслэн хянан шийдвэрлэсэн[2]/хэргийн 173-180 дахь тал/-ийг хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулан авсан бөгөөд магадлалаар ... тендерийн баримт бичигт 20/02/553 дугаар албан бичгийг ирүүлснийг нэхэмжлэгч нотолж чадаагүй, тус байгууллагаас энэ албан бичгийг олгоогүй байгаагаас үзвэл илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж үзэхээр бөгөөд хариуцагч улсын байцаагч УБ/32 дүгнэлтээр Харчонот ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн, мөн Сангийн сайд 213 дугаар тушаалаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд Харчонот ХХК-ийг оруулсныг буруутгах үндэслэлгүй, хариуцагч нарын үйл ажиллагаа нь дээрх хуульд заасантай нийцсэн байх тул маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байна ... гэж дүгнэн Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.Сугармаагийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/32 дугаар дүгнэлт, Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 213 дугаар тушаалын Харчонот ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

4.Маргаан бүхий Эрүүл мэндийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2/1605 тоот гэрээ байгуулахаас татгалзсан албан бичиг нь хэдий нэхэмжлэгч компаниудад шууд хаяглагдаагүй ч тэдгээрт чиглэсэн үр дагавар үүсгэсэн байх ба Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг агуулсан захиргааны акт мөн гэж шүүх уг маргааныг харьяалан шийдвэрлэсэн болно.

5.XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/-ын ажил гүйцэтгэхээр тендерт шалгарсан Харчонот ХХК, Барилга эрч ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулахаас татгалзсан Эрүүл мэндийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2/1605 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

5.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана., 14 дүгээр зүйлийн 14.1.Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ:14.1.6.илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон; гэж заажээ.

5.2.Нэхэмжлэгч Харчонот ХХК нь Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай 213 дугаар тушаал/хэргийн 199-202 дахь тал/-аар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах этгээдийн жагсаалтын 16-д багтсан байх ба сайдын энэ шийдвэр хуульд нийцсэн эсэхийг хянасан шүүхийн шийдвэр нэгэнт хүчин төгөлдөр болсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасны дагуу шүүх дахин дүгнэлт өгөхгүй, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.

5.3.Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам-ын 2.6.Захиалагч хуулийн 14.5-д заасны дагуу эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн тендерт оролцогчийн ирүүлсэн тендерээс татгалзана. гэжээ.

5.4.Маргааны гол зүйл нь XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг шалгаруулах тендер 2019 онд зарлагдсан бөгөөд дахин үнэлгээ хийхдээ худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтаас цаг хугацааны хувьд хойш Харчонот ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн атал энэхүү бүртгэлд үндэслэн нэхэмжлэгч компаниудтай гэрээ байгуулахаас татгалзаж байгаа нь хууль бус гэж нэхэмжлэгч тал тайлбарлан маргадаг.

5.4.1.Гэвч XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний үнэлгээний хорооноос шүүхийн шийдвэрийн дагуу дахин үнэлгээ хийсэн нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр/хэргийн 111-114 дэх тал/ бол Сангийн сайдын Харчонот ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн тушаал нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байна.

5.4.2.Өөрөөр хэлбэл XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний үнэлгээний хорооны шийдвэр Харчонот ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэгдсэний дараа гарсан буюу тендерийн үнэлгээний хороо ерөнхий нөхцөл шаардлага хангаагүй этгээдтэй гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлснийг эс зөвшөөрч гэрээ байгуулаагүй захиалагч буюу Эрүүл мэндийн яамны татгалзал хуульд нийцсэн байх тул татгалзсан шийдвэр болох 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2/1605 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

6.Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А-1/636 тоот зөвлөмжийг үндэслэн XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/-ын ажил гүйцэтгэх гэрээг Харчонот ХХК, Барилга эрч ХХК-ийн түншлэлтэй байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгуулах шаардлагын тухайд:

6.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7.Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана. гэж зааснаар шүүхээс хариуцагч захиргааны байгууллагын татгалзал үндэслэлтэй болохыг дүгнэсэн буюу хариуцагчийн гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч хуулийн этгээдүүдтэй гэрээ байгуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.

7.Иймд эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 1.XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/-ын ажил гүйцэтгэхээр тендерт шалгарсан Харчонот ХХК, Барилга эрч ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулахаас татгалзсан Эрүүл мэндийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2/1605 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, 2.Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А-1/636 тоот зөвлөмжийг үндэслэн XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/-ын ажил гүйцэтгэх гэрээг Харчонот ХХК, Барилга эрч ХХК-ийн түншлэлтэй байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА