Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 00252

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э-д холбогдох эрүүгийн 1738002180051 тоот хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М.Э, 1983 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч М.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг Хавчигийн булан гэх газарт Б.Б-ыг зодож түүний эрүүл мэндэд хамар ясны цууралт, хамрын нуруу духанд зулгаралт, хамрын нуруу, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг Хавчигийн булан гэх газарт Б.Б-ыг зодож түүний эрүүл мэндэд хамар ясны цууралт, хамрын нуруу духанд зулгаралт, хамрын нуруу, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч М.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 09-р сарын 02-ны өдөр би Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас гараад тус сумын 2-р багийн нутаг Хавчигийн булан гэх газарт явж байгаад нутгийн хүн болох Б-тай таарсан. Ингээд бид хоёр мэнд мэдэлцээд байж байгаад мод зүсдэг жижиг хөрөөнөөс болж маргалдсан. Миний мод зүсдэг жижиг хөрөөг Б хурааж авах гээд байсан юм. Ингээд бид хоёр барилцаж аваад би Б-ыг түлхсэн чинь Б хамраараа машины шалны мод руу мөргөсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Хохирогч Б.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 09 сарын 02-ны өдөр үдээс хойш Дагвасүрэн гээд жолоочтой Жаргалант сумын 2-р багийн төв орж сургалт болохтой холбоотой байрыг нь засах гэж явсан юм. Тэгээд явж байхад замд 2-р багийн Хавчигийн булан гэдэг газар чиргүүлтэй зил-131 машинтай зам дээр Э гээд  залуу эхнэр М-гийн хамт зогсож байсан, би машинаас буугаад хаа хүрэх вэ гэж асуухад мэндийн зөрүүгүй чи миний моторыг хэзээ өгөх  гэж байна гэхээр нь би тэр хөрөөг чинь өгөхгүй чамд өгвөл чи ахиад хууль зөрчиж мод зүснэ гэж хэлэхэд үгийн зөрүүгүй кабинаа онгойлгоод бууж ирээд заамдаж аваад үснээс зулгаагаад машиныхаа тэвш рүү 3 удаа миний нүүр дух хэсгээр мөргүүлсэн, тухайн үед надтай хамт явсан Д нөгөө машинаас эхнэр нь бууж ирээд тэр хоёр салгах гэсэн боловч цамцны захаар хоолой боогоод тавихгүй байсан. Д боль гэж хэлэхэд Д-тай Э нь хэрэлдээд чамд ямар хамаатай юм бэ, чамтай юм яриагүй байна гээд Д Э-ын гарыг надаас тавиулсан. Тухайн үед салаад би машиндаа суухдаа чи ингэж уур омгоороо хүнийг зодож асуудлаа шийдүүлнэ гэж байхгүй шүү гэж хэлэхэд чи хүнээс хахуул авсан бичлэг чинь байгаа шүү гээд орилоод байсан, Дагваа бид хоёр багийн төв орохоо болиод буцаад сумын төв орсон…” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Гэрч С.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 09 сарын 02-ны өдөр нөхөртэйгөө сумын 2-р багийн нутаг Хавчигийн булан гэдэг газар айлд очих гээд явж байхад сумын байгаль хамгаалагч Батчулуунтай зам дээр таараад зогсож уулзсан юм. Манай нөхөр Батчулуун хоёр машинаасаа буугаад уулзсан, би тухайн үед машин дотроо сууж байсан, хэсэг хугацааны дараа цонхоор харахад тэр хоёр машины хажуу талд нэг нэгнийгээ заамдаад барилцсан хэрэлдээд зогсож байсан, тухайн үед машинаас буугаад та хоёр яагаад хэрэлдээд байгаа юм бэ болиоч гээд Батчулууныг харахад хамрынх нь дунд хэсэгт жоохон халцарсан байсан, Батчулууны сууж явсан машинаас нэг залуу гарч ирээд бид хоёр нөгөө хоёрын хоёр гарыг салгаад хоёр тийшээ машиндаа суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч Э.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 09 сарын 02-ны өдөр би гэртээ байж байхад байгаль хамгаалагч Батчулуун ирээд хоёулаа 2-р баг ороод гэр ачаад ирье, чи машинаа авчих гэхээр нь за тэгье гээд бид хоёр Батчулууны бага хүүхэдтэй баг руу өдөр явсан. Тэгээд сумаас гараад явж байхад урд тэр Батка гээд залуу машинтай явж байгаад зогссон. Батчулуун хөрөө асуух гэж байгаа байх зогсчих гэхээр нь би машины хажууд нь очиж зогссон, тэгээд Батчулуун машинаас буугаад Батка гээд залуутай уулзсан, тэр хоёр юм яриад зогсоод байсан, тэгсэн нэг харсан тэр хоёр барилцаж аваад машины ард тал руу Батчулууныг татаад орсон, би юу болоод байна гэж бодоод машинаасаа буугаад тойроод очиход Батка гээд залуу Батчулууныг шилэн хүзүүн дээрээ нь атгаад авчихсан машиныхаа угальник төмөр лүү нүүрээр нь мөргүүлсэн, би очоод хоёуланг нь гарнаас нь барьж аваад больцгоо яаж байгаа юм бэ гээд салгасан, Батчулуун хойшоо эргээд машины хойд тал руу яваад өгсөн, тэгсэн Батка надтай барилцаж аваад чамд ямар хамаатай юм пизда минь гээд цамцнаас барьж аваад наад пиздааг чинь алчихна шүү гээд дайраад байсан, тэгээд хажууд нь эхнэр нь бололтой хүүхэн байсан, тэр бас боль гээд болиулсан. Тэгээд Батка би зүгээр Батчулуунтай уулзъя гээд машины хойд тал руу яваад очоод бас Батчулууныг цамцаар нь боосон байж байсан, тэгээд ахиж очиж салгаад Батчулууныг машиндаа суулгаад бид хоёр буцаад сумын төв явсан. Батка цаашаа өгсөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 555 дугаартай:

  1. Б.Б-ны биед хамар ясны цууралт, хамрын нуруу духанд зулгаралт, хамрын нуруу, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Тухайн цаг хугацаанд үүссэн байна.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Э нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Б.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1738002180051 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Ялтан нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  4. Эрүүгийн 1738002180051 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.ЭРДЭНЭ-ОЧИР