Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2023/00427

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2023/00427

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2023/00243/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж, Бодьцамхаг Бодв-Интернэшнл ХХК-ийн байранд байрлах, утас: 99******, 80******, 80******, 20***** регистрийн дугаартай, Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, 01 дүгээр баг, Орон сууц ** дугаар байр, ** тоотод оршин суух, утас: 99******, ТК77****** регистрийн дугаартай, Ц овогт Р.Б,

Дархан-Уул аймаг, Хонгор сум, 01 дүгээр баг, Орон сууц ** дугаар байр, ** тоотод оршин суух, утас: 99******, СЮ89****** регистрийн дугаартай, О овогт Н.Х нарт холбогдох,

6,425,645.36 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М /цахимаар/,

Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Р.Б, Н.Х нар нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Голомт банктай ЗГ1105****** дугаартай зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хуувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийг хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 4,277,473.60 төгрөг, зээлийн хүү 1,923,155.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225,016.33 төгрөг нийт 6,425,645.36 төгрөгийг Р.Б, Н.Х нараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

10,000,000 төгрөгийг цалингийн зээл Голомт банкнаас зээлсэн нь үнэн. Нийт 14,000,000 төгрөг төлөөд дуусах байсан. Миний зүгээс төлбөрөө төлөөд явж байхад ковидын хууль гараад зээл төлөх хугацаагаа Голомт банк-ны төв дээр очиж цалингийн зээл хариуцсан ажилтантай очиж уулзаад зээл төлөлтөө 1 жилийн хугацаагаар хойшлуулсан. Зээлийн ажилтнаас надад зээл төлөх хуваарь гаргаж өгсөн. 2021 оны 03 дугаар сард би ажилгүй болоод төлбөрөө төлж чадаагүй, банкнаас төлбөрөө төл гэхэд ажилтай болоод төлнө гэж хариу хэлсэн. Ингээд 2021 оны 06 дугаар сард ковидын хууль дуусаж байгаа тул хүсэлтээ өгч шинэ хуваарийн дагуу зээлээ төл гэсэн. Тэгээд би Дархан-Уул аймагт шилжиж ирсэн учир Голомт банкны Дархан салбар дээр очоод зээлийн төлөлтөө шүүгээд шинэ хуваарь гаргах хүсэлт өгсөн. Хүсэлтээ банкны албаны хэвлэмэл хуудас дээр бичиж дугтуйнд хийгээд монгол шуудангаар төв Голомт банк руу илгээсэн. Ажилтан нь мэйл юм уу утсаар мэдэгдэнэ гэрээ бэлэн болохоор төлж эхлээрэй гэж хэлсэн. Түүнээс хойш надад хариу хэлээгүй би ажилгүй байсан учир хариугаа хүлээгээд байсан. Би Г************** ХХК-д ажилд ороод ажилтай болсон учир эдийн засагчтайгаа холбогдсон гэтэл дахин Дархан салбарт очиж хүсэлтээ өгөөрэй гэхээр нь дахин хүсэлтээ дугтуйнд хийгээд явуулсан надад ямар ч хариу ирээгүй. Гэтэл Ганхүдэр ХХК-ийн үйл ажиллагаа зогсоод ажилгүй болсон. Гараар бичсэн өргөдлүүдээ дугтуйнд хийгээд явуулсан учир надад байхгүй иймд Голомт банк руу явуулсан миний хүсэлтүүдийг хуулбарлаад явуулаад өгөөч гэж Голомт банкнаас хүсэж байна. Заавал шүүхэд хандах шаардлагагүй байсан тэр үед миний хүсэлтийг аваад хуваарь гаргаж өгсөн байсан бол ийм их хүү бодогдохгүй тодорхой хэмжээгээр зээлээ төлчихсөн байх байсан гэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар итгэмжлэл /хавтаст хэргийн 2, 10 дахь тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 3 дахь тал/, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ1105****** дугаартай Зээл болон барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 4 дэх тал/, Зээл эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 5-6 дахь тал/, хүү тооцооллын хүснэгт /хавтаст хэргийн 7-8 дахь тал/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 9 дэх тал/, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 28н1-3/*** дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 32 дахь тал/, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2022/0**** дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШЗ2022/0**** дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 35 дахь тал/ зэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Р.Б, Н.Х нарт холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 4,277,473.60 төгрөг, зээлийн хүү 1,923,155.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225,016.33 төгрөг, нийт 6,425,645.36 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б нь би Голомт банкнаас 10,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлээ төлж байх хугацаанд 2021 оны 03 дугаар сард би ажилгүй болсон. Тэгээд Голомт банкны төв дээр очиж маягтын дагуу өргөдөл бичиж зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлтээ 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Монгол шуудангаар илгээсэн. Тэгээд эдийн засагч н.Бд мэйлээ шалгаарай гэсэн боловч түүнээс хойш хариу ирээгүй, би Г*************** ХХК-д ажилд ороод дахин 2022 оны 06 дугаар сард Голомт банктай уулзахад хүсэлтээ явуул гэсэн тул явуулсан боловч хариу ирээгүй. Миний хүсэлтийг банк хүлээн авсан бол хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдахгүй байсан. Иймд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

3. Хэрэгт авагдсан 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Зээл болон барьцааны гэрээгээр Голомт банк нь зээлдэгч Н.Х, Р.Б нарт 10,000,000 төгрөгийг, жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгээр зээлдүүлэхээр, зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулахаар, зээлдэгч нь гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 4 дэх тал/

4. Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар зээлийн төлбөрийг 1109****** дугаартай дансанд шилжүүлсэн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эргээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

6. Хариуцагч нар нь зээлийн төлбөрт 10,369,828.42 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй болно.

7. Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхөөр үүрэг хүлээсэн боловч гэрээгээ зөрчсөн төлбөрийг төлөөгүй, улмаар зээлийн гэрээний хугацаа дууссан байсан.

8. Нэхэмжлэгч тал нь зээлийн төлбөр гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нарын хаяг тодорхойгүй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШЗ2022/0**** дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба дахин Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоолгох хүсэлт гаргасныг тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2022/0**** дугаар шийдвэрээр хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 33-35 дахь тал/

9. Нэхэмжлэгч нь зээл хойшлуулах хүсэлтээ шуудангаар хүргүүлсэн, дахин шинээр график гаргасан гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэсэн хуулийн шаардлагыг биелүүлээгүй байна.

10. Хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

11. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэжээ.

Иймд талууд гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байх тул хариуцагч Р.Б, Н.Х нараас зээлийн үндсэн төлбөр 4,277,473.60 төгрөг, зээлийн хүү 1,923,155.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225,016.33 төгрөг нийт 6,425,645.36 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгох нь зүйтэй.

12. Шүүх хуралдаанд Голомт банк ХХК нь төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосны дагуу Б.М, хариуцагч Н.Хг төлөөлж хариуцагч Р.Б нар оролцсон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Р.Б, Н.Х нараас 6,425,645.36 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,760.32 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 117,760.32 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА