Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2023/00449

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2023/00449

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2023/00120/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, ** дугаар байр, ** тоотод оршин суух, утас: 99******, 80******, ИЮ88****** регистрийн дугаартай, С овогт Б.Сгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, *** анги ** айл байр, ** тоотод оршин суух, утас: 95******, 99******, ВМ89****** регистрийн дугаартай, Р овогт Б.Бд холбогдох,

4,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Б.С миний бие нь Б.Бтэй зээлийн гэрээг бичгээр хийж нотариатаар гэрчлүүлэн 4,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зээлдүүлсэн боловч одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй. Удаа дараа шаардсан боловч шалтгаан тоочсоор өдийг хүрсэн. Б.Б нь манай нөхөртэй цуг Зэвсэгт хүчний 330 дугаар ангид ажилладаг байхдаа энхийг сахиулах ажиллагаанд явна гээд 4,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авсан боловч яваагүй. Хариуцагчийн тайлбарт дурдсанаар 2,000,000 төгрөг өгчхөөд энхийг сахиулах ажиллагаанд явбал 4,000,000 төгрөг болгож өгнө гэж тохирсон зүйл байхгүй 4,000,000 төгрөгийг хүү, алданги тооцолгүй зээлдүүлсэн. Дансны хуулгаар 4,000,000 төгрөг шилжүүлсэн нь тодорхой байгаа. Зээлийн гэрээгээ анзаарч сайн уншаагүй юм байна. Б.Б-эс хүү, алданги тооцохгүйгээр 4,000,000 төгрөгөө л нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Зэвсэгт хүчний 330 дугаар ангид ажиллаж байхдаа 2021 оны 06 дугаар сард Б.Сгийн нөхөр болох н.Д-гаас 2,000,000 төгрөг зээлсэн. Энэ мөнгийг ажиллагаанд явуулна гэж хүнд өгөөд одоог хүртэл авч чадаагүй. Тэгээд намайг ажиллагаанд явбал 4,000,000 төгрөг болгож өгөөрэй гэсэн. Би ажиллагаанд явж чадаагүй учир 2,000,000 төгрөгийг л өгөхийг хүсэж байна. Б.С нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр миний данс руу 4,000,000 төгрөг хийж, маргааш нь буцааж авсан. Иймээс би 2,000,000 төгрөгийг л төлөх хүсэлттэй байна гэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 2 дахь тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 3 дахь тал/, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1837 дугаартай Зээлийн гэрээ /хавтаст хэргийн 4-5 дахь тал/, ХААн банкны шилжүүлгийн мэдээлэл /хавтаст хэргийн 38 дахь тал/ зэргийг шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 5045/23/*** дугаартай данс эзэмшигчийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/-г шүүх нотлох баримтаар бүрдүүллээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2. Хариуцагч нь Б.Сгийн нөхөр н.Д-гаас бэлнээр 2,000,000 төгрөг зээлсэн. Энэ мөнгийг энхийг сахиулах ажиллагаанд явуулна гэсэн хүнд өгсөн боловч явж чадаагүй. Намайг ажиллагаанд явбал 4,000,000 төгрөг болгож өгөөрэй гэсэн. Би ажиллагаанд явж чадаагүй учраас 2,000,000 төгрөг л өгөхийг хүсэж байна. Б.С нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр миний данс руу 4,000,000 төгрөг хийгээд маргааш нь буцаагаад авсан гэж маргажээ.

3. Хэрэгт авагдсан 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Б.С нь зээлдэгч Б.Бд 4,000,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатайгаар, түүний ХААН банкны 5094****** тоот дансанд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлэхээр, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирчээ. /хавтаст хэргийн 4 дэх тал/

4. Нэхэмжлэгч нь зээлийн төлбөр 4,000,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчийн эзэмшлийн дансанд шилжүүлсэн болох нь ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл, ХААН банкны данс эзэмшигчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож, талуудын хооронд зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээсэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. /хавтаст хэргийн 38-39 дэх тал/

5. Хариуцагч нь 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д заасан маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлож, нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

6. Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа өөрийн оршин суугаа газрыг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 15 дугаар хороолол, 35 дугаар байр, 17 тоотод оршин суух хаягтай гэж тодорхойлсон ба уг хаягийн дагуу шүүх хурлын товыг мэдэгдэхийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны засаг даргад хүргүүлэхэд уг хороонд 35 дугаар байр байдаггүй, ВМ89****** регистрийн дугаартай Рааш овогт Б.Б оршин суудаггүй талаар албан бичгээр мэдэгджээ.

7. Шүүхээс нэхэмжлэлд дурдсан хаяг болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, *** анги, ** айл байр, ** тоотод оршин суух хаягаар хурлын товыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн Засаг даргад хүргүүлэхэд тус багийн үндсэн бүртгэлд байдаггүй, тус хаяг дээр байхгүй байгаа гэсэн албан бичгийг ирүүлжээ.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д зааснаар мэдэгдэх хуудсыг хариуцагчийн оршин суугаа газрын баг, хорооны Засаг даргад хүргүүлсэн боловч хаягтаа байгаагүй нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй ба мөн хуулийн 77.8-д зааснаар хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хаяг байршлаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй, хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, баг, хорооны Засаг даргад хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно гэж заасан ажиллагааг шүүхээс гүйцэтгэсэн байх ба хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн хаяг байршлаа өөрчилснөө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байх тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

9. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.

Хариуцагч Б.Б нь зээлийн төлбөрийн үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчаас 4,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Сд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Бэс 4,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Сд олгосугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА