| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2023/00453/И |
| Дугаар | 135/ШШ2023/00493 |
| Огноо | 2023-04-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 135/ШШ2023/00493
| 2023 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 135/ШШ2023/00493 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2023/00453/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай-5 гудамжинд байрлах, утас: 99******, 20***** регистрийн дугаартай, Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 25 дугаар хороолол, Барилгачдын өргөн чөлөө ** дугаар гудамж, **** тоотод оршин суух, утас: 88******, ТА89****** регистрийн дугаартай, Д овогт Д.Бд холбогдох,
9,105,444.02 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, Г.О /цахимаар/,
Хариуцагч Д.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, Г.О нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.
Харилцагч Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Голомт банктай ЗГ1905****** тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 6,600,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлсэн. Тухайн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулж зээлийн хугацааг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд сунгаж ЗГ1905****** тоот зээлийн гэрээг байгуулж 1,214,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлсэн. Харилцагч Д.Б нь харилцан тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийн төлбөрөө төлөлгүй явсаар 624 хоног хэтрүүлсэн. Зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй. Иймд 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар ЗГ1905****** тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 5,389,232.65 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,868,530.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 55,133.19 төгрөг нийт 8,312,896.23 төгрөгийг, ЗГ1905****** тоот зээлийн гэрээний үндсэн төлбөрт 554,161.63 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 202,984.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 35,401.39 төгрөг нийт 792,547.79 төгрөг. Эдгээр 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 9,105,444.02 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Б нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээл авсан. Түүнээс хойш төлөлтөө хийж явсаар жирэмсний амралтаа аваад гэртээ суусан цагаас хойш төлөлт хийж чадаагүй. Манай нөхрийн ажил мөн зогссон учраас зээлээ төлөх чадваргүй болж зээлийн хугацааг хэтрүүлсэн. Гэрээний хугацаандаа утсаа хааж алга болсон зүйл бол байхгүй банктайгаа байнга холбоотой байсан. Сард хэд хэдэн хүн солигддог сүүлдээ хэнтэй харилцаж байгаагаа ойлгохоо байсан. Хамгийн сүүлд 2021 онд н.Д гээд мэргэжилтэнтэй харилцан тохиролцоод шинэчилж гэрээ байгуулаад зээлээ төлөөд явъя гэсэн боловч эхний хэдэн сарын төлөлтийг өндөр тавьж өгсөн. Зээлээ төлөхгүй биш төлнө. Хүүгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны зээлийн гэрээний хүү болох 2,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ярилцаад явж байх хугацаандаа зээлээ төлөх боломжтой байсан боловч банкнаас сарын төлөлтийг өндөр тавьж өгсөн. Тухайн үед дараалаад төрсөн нялх хүүхэдтэй гэрээр сууж байгаа өндөр төлөх боломжгүй гэдэг нөхцөл байдлаа тайлбарлаад сарын төлөлтийг багаар тавиад өгөөч гэж хүссэн боловч шахалтаар сард 500,000 төгрөгийг төлөхөөр оруулж ирсэн. Надад үнэхээр ийм боломж байхгүй гэдгийг хэлсэн боловч хүлээж авалгүй явсаар хүү нь нэмэгдээд өнөөдрийн ийм байдалд хүргэж байна. Ярилцаж тохиролцох боломж байсан 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 3 дахь тал/, итгэмжлэл /хавтаст хэргийн 4-5, 30 дахь тал/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 6 дахь тал/, оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1905****** тоот Зээл болон барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 7-9 дэх тал/, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ1905******-А тоот ЗГ1905****** тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 10-11 дэх тал/, хүү тооцооллын хүснэгт /хавтаст хэргийн 12, 15 дахь тал/, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ1905****** тоот Зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 13-14 дэх тал/, Д.Бгийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 16 дахь тал/ зэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Д.Бд холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ1905****** тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 5,389,232.65 төгрөг, зээлийн хүү 2,868,530.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,133.19 төгрөг, нийт 8,312,896.23 төгрөг гаргуулах,
2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ1905****** тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 554,161.63 төгрөг, зээлийн хүү 202,984.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 35,401.39 төгрөг нийт 792,547.79 төгрөг, хоёр зээлийн төлбөрт 9,105,444.02 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч Д.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ1905****** тоот зээлийн гэрээний үүрэгт 792,547.79 төгрөг гаргуулах, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ1905******А тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 5,389,232.65 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3. Хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Зээл болон барьцааны гэрээгээр Голомт банк нь зээлдэгч Д.Бд 6,600,000 төгрөгийг, жилийн 19.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр, зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулахаар, зээлдэгч нь гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохирчээ. /хавтаст хэргийн 7-9 дэх тал/
4. Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар зээлийн төлбөрийг 1905****** дугаартай дансанд шилжүүлсэн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.
5. Талууд 2021 оны 04 дүгээр сарын 01-ий өдөр ЗГ1905******-А дугаартай гэрээгээр 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан ЗГ1905****** тоот гэрээний хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж гэрээний хугацааг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгаж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлөхөөр зээлийн гэрээний хугацааг сунгасан байна. /хавтаст хэргийн 10-11 дэх тал/
6. 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ1905****** дугаартай гэрээгээр зээлдэгч Д.Бд 1,214,000 төгрөгийг, жилийн 22.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, зээлдэгчийн харилцах данс болох 4305****** дугаарт төлбөрийн бэлэн бусаар шилжүүлж, гэрээний 2.5-д зээлдэгч нь гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохирчээ. /хавтаст хэргийн 13-14 дэх тал/
7. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эргээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
8. Хариуцагч 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ1905****** тоот зээлийн гэрээний үүргийг 2020 оны 7 дугаар сараас хойш зөрчиж зээлийн төлбөрийг төлөөгүй, график зөрчсөн ба түүнд удаа дараа зээлээ төлөхийг сануулж байсан талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй. Харин талуудын хооронд байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ1905****** дугаартай зээлийн гэрээний хугацаа дууссан байна.
9. Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа сунгуулах хүсэлт гаргасны дагуу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан боловч эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулахдаа эхний 6 сарын хойшлуулсан хугацааны хуримтлагдсан хүүг төлөхөөр, ингэхдээ сард 500 гаруй мянган төгрөг төлөх нь гэртээ сууж хүүхэд харж байгаа надад хүнд туссан. Үүнээс болж зээлийн төлбөрийг төлөөгүй, энэ зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд энэ талаар маргаагүй.
10. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээнээс татгалзах эрхтэй байна.
Иймд талуудын хооронд байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын 01-ий өдөр ЗГ1905******-А дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нь зүйтэй.
11. Хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
12. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэжээ.
Иймд хариуцагч нь гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүй ба миний хүссэнээр зээл эргэн төлөх хуваарийг батлаагүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байх тул хариуцагч Д.Бгаас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ1905******-А тоот зээлийн гэрээний үүрэгт 8,312,896.23 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ1905****** тоот зээлийн гэрээний үүрэгт 792,547.79 төгрөг, нийт 9,105,444.02 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгох нь зүйтэй.
13. Шүүх хуралдаанд Голомт банк ХХК нь төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосны дагуу С.О, Г.О, хариуцагч Д.Б нар оролцсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ1905******-А дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Д.Бгаас 9,105,444.02 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160,638 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 160,638 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА