| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2023/00422/И |
| Дугаар | 135/ШШ2023/00547 |
| Огноо | 2023-04-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 135/ШШ2023/00547
| 2023 оны 04 сарын 26 өдөр | Дугаар 135/ШШ2023/00547 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2023/00422/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, ** дугаар байр, ** тоотод оршин суух, утас: 88******, ТЗ89****** регистрийн дугаартай, Ш овогт Б.Бын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, ** дүгээр хороолол, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, утас: 95******, ДЕ78****** регистрийн дугаартай, Б овогт Ч.Нд холбогдох,
6,671,159 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Б /цахимаар/,
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ө,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ч.Нтай Худалдах, худалдан авах гэрээгээр 10,278,000 төгрөгийн үнэ бүхий барааг худалсан. Бид гэрээгээ байгуулахдаа сарын 10 хувийн хүү, хугацаа хэтэрсэн нөхцөлд өдрийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож, нотариатаар батлуулсан. Гэрээний нийт хугацааг 3 сараар тохирч 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, 02 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг, 03 дугаар сарын 01-ний өдөр үлдэгдэл төлбөр болох 4,418,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Хариуцагч эхний төлбөрийн хуваарьт өдрөөс эхлэн гэрээний үүргийг сайн дураар биелүүлэхгүй, биелүүлэхийг шаардахад олон удаа маргаан үүсгэсний эцэст гэрээний хугацааг 5 хоног хэтрүүлж олон хувааж өгч байсан. Энэ мэтээр олон удаа хувааж өнөөдрийн байдлаар нийт 6,000,000 төгрөгийг надад өгсөн. Үлдэгдэл мөнгийг өгөхгүй гэж гэрээний үүргээсээ татгалзсан тул шүүхэд хандсан. Хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1,700,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1,100,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2,850,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 150,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг өгсөн. Хугацаа хэтрүүлэхгүй гэж гэрээнд тохиролцсоны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хүү тооцсон байгаа. Төлбөр төлөх бүрд нь үндсэн төлбөрөөс нь хасаж тооцож байсан. Өнөөдрийн байдлаар үндсэн төлбөрийн үлдэгдэл 4,418,000 төгрөг, хугацаа хэтэрсэн 91 хоногт нийт 2,253,159 төгрөгийн хүү бодогдсон. Тиймээс надад төлбөл зохих мөнгөний хэмжээ 6,671,159 төгрөг болж байгаа юм. Энэ мөнгийг хариуцагчаас гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан. Хугацаа хэтэрсэн хоногт тооцох хүүг дахин бодож үзвэл Эхлээд Н 2023.01.01-ний өдөр 3,000,000 төгрөг өгөх байсан. Гэтэл 2023.01.03-ны өдөр 1,700,000 төгрөг төлсөн. 2023.01.04-ны өдөр хүртэл 1,300,000 төгрөг байсан. Үүнээс хүү тооцоход 4333 төгрөг, 2023.01.05-ны өдөр 200,000 төгрөг төлсөн, үүнээс хүү нь 666 төгрөг, 2023.02.01-ний өдөр 2,850,000 төгрөг төлсөн үүнээс 150,000 төгрөгийн гүйцэтгээгүй үнийн дүн үүнээс хүү бодоход 500 төгрөгийн хүү байсан. 2023.02.02-ны өдрөөс хойш одоо хүртэл мөнгө төлөөгүй 4,278,000 төгрөг үүнээс хүү тооцоход 427,800 төгрөг байгаа. Ингээд нийт 753,299 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 1,499,860 төгрөгөөр бууруулж байна гэв.
Хариуцагч Ч.Н нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Б.Бтай 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээгээр 10,278,000 төгрөгийн бараа авсан. Эхний 2 сар гэрээнд заасны дагуу цаг тухайд нь барааны мөнгөө төлсөн. Харин 3 дахь сараас хүмүүсийн худалдан авах чадвар эрс буурснаар бараа материалын төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн тул Б.Бт өөрийн боломжит хугацаа хэлж гэрээгээ сунгахыг хүссэн боловч тэр хүн элдвээр доромжилж, миний хүсэлтийг хүлээж аваагүй. Мөн аль эсхүл үлдэгдэл бараагаа ав гэхэд чадахгүй гэсэн. Миний хувьд одоо үлдэгдэл барааг нь буцаан өгөх хүсэлтэй байна. 4,418,000 төгрөгөөс ч илүү бараа байгаа. Хүү болох 2,253,159 төгрөгийг төлөх боломжгүй. Жич: Миний бие ар гэрийн гачигдлаар Говь-Алтай аймагт одоогоор байгаа. Иймээс хийж байсан ажил төрөл маань зогссон. Мөн хүнээс 10 хувийн хүүтэй мөнгө зээлж, 2 удаагийн төлөлт хийсэн. Одоо бэлэн мөнгөөр төлөлт хийх үнэхээр боломжгүй учир барааг буцааж өгөх хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 2 дахь тал/, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 3 дахь тал/, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5*** дугаартай Худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 4 дэх тал/, бараа хүлээлцсэн акт /хавтаст хэргийн 5 дахь тал/ зэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ч.Нд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 4,418,000 төгрөг, 91 хоногийн хүү 2,253,159 төгрөг нийт 6,671,159 төгрөг гаргуулахаар шүүхэд анх нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нь хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ...худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 4,278,000 төгрөг, хугацаандаа төлөөгүй хүүг сарын 10 хувиар тохирсон тул хугацаа хэтрүүлсэн төлбөрт хүү тооцож 320,000 + 4,333 + 666 + 500 + 4,278 = 753,299 төгрөг нийт гэрээний үүрэг 5,031,299 төгрөг, өвлийн куртикны үнэ 140,000 төгрөгийг нэмээд 5,171,299 төгрөгийг гаргуулна, хүүгийн нэхэмжилсэн төлбөрөөс 1,499,860 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна гэж тайлбарлаж байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй учир шүүх нэхэмжлэлийн татгалзсан шаардлагаас бусад шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр нэг талаас худалдагч Б.Б, нөгөө талаас худалдан авагч Ч.Н нар бараа хүлээлцсэн акт буюу хавсралт 1-д дурдсан 37 нэр төрлийн 10,278,000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцсыг худалдан авахаар, төлбөрийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 01-ний дотор 3,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 4,278,000 төгрөгийг тус тус Б.Бын дансанд төлөхөөр, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр, зээлээр худалдан авсан барааны үнэ сарын 10 хувийн хүүг худалдан авагч тал төлөхөөр тохирчээ. /хавтаст хэргийн 4 дэх тал/
5. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу гэрээний хавсралт 1-д зааснаар Бараа хүлээлцсэн акт үйлдэж 2022 оны 12 сарын 01-ний өдөр барааг хүлээлгэн өгсөн байна. /хавтаст хэргийн 5 дахь тал/
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
7. Хариуцагч нь зээлийн төлбөрийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1,700,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 04-нд 1,100,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 05-нд 200,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 01-нд 2,850,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 02-нд 150,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй.
8. Хариуцагч нь ...хүмүүсийн худалдан авах чадвар эрс буурснаар бараа материалын төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн тул Бт өөрийн боломжит хугацаа хэлж гэрээгээ сунгахыг хүссэн боловч хүлээн аваагүй, миний хувьд үлдэгдэл барааг нь буцааж өгөх хүсэлтэй, хүү төлөх боломжгүй гэж татгалзсан байна.
9. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-д Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг хариуцана гэжээ.
10. Хариуцагч нь гэрээг цуцалж үлдэгдэл барааг буцааж өгнө гэж маргаж байгаа боловч талууд зөвхөн гэрээний дагуу шилжүүлсэн барааг доголдолтой тохиолдолд гэрээг цуцлахаар тохирсон байх ба хүмүүсийн худалдан авах чадвар муудаж бараа борлогдоогүй тохиолдолд гэрээг цуцалж, үлдэгдэл барааг буцаах талаар гэрээгээр тохиролцоогүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
11. Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний 4.2-т зааснаар худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд тохиролцсон үнийг төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.
12. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.5-д зээлээр худалдан авсан барааны үнэ сарын 10 хувийн хүүг худалдан авагч талд төлнө гэж тохиролцсон байх ба хариуцагч тал нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлж төлбөрийг төлсөн үндэслэлээр хүү тооцож гэрээний үлдэгдэл төлбөр 4,278,000 төгрөг, хугацаандаа төлөөгүй төлбөрт сарын 10 хувиар хүү тооцож 753,299 төгрөг, өвлийн куртикны үнэ 140,000 төгрөгийг нэмээд 5,171,299 төгрөгийг шаардсаныг хариуцагч зээлийн хүү төлөхгүй талаар тайлбар гаргасан боловч хэрхэн яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар үндэслэлийг тодорхойлоогүй байна.
Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссан байх ба хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 4,278,000 төгрөг гаргуулах, гэрээний дагуу хүү төлөх талаар тайлбар гаргаж, мэтгэлцээгүй тул хүү 753,299 төгрөг, гэрээ байгуулснаас хойш 2022 оны 12 дугаар сарын 06-нд хариуцагчийн хүсэлтээр Дарханд хүргүүлсэн өвлийн куртикны үнэ 140,000 төгрөг нийт 5,171,299 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Ч.Нгаас 5,171,299 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121,689 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 97,690 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА