Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2023/00549

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2023/00549

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2023/00116/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Манхан толгой ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, утас: 99******, 99******, ПЮ93****** регистрийн дугаартай, Ш овогт Г.Гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Ажилчин ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, утас: 99******, МО64****** регистрийн дугаартай, Б овогт Ү.Од холбогдох,

3,288,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Хариуцагч Ү.Отой 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Засварын ажлыг 21 хоногт дуусгахаар тохирсон. Нийт 3 өрөө байр засах ёстой байсан. Гэтэл Ү.О гэж хүн ажлаа гүйцэтгэхгүй ажлаа орхиж яваад, 18 хоногийн дараа утсаа авахгүй алга болсон. Ингээд миний бие дахин засварын ажлыг шинээр хийх болж, бид өөр хүн хөлсөлж, үүнээс болж бид байр түрээсэлсэн. Явцын дунд энэ хүмүүс давхар ажил авсан байсан гэдэг нь тодорхой болсон, зорилго нь урьдчилж захиалга авч урьдчилгаа мөнгө авдаг, дараагийн ажлын захиалга авч урьдчилгаа мөнгө авдаг ийм зарчмаар явдаг юм байна лээ. Манай ажил дээр нэг эмэгтэй хүн үлдээгээд бусад нь өөр ажилд явсан байсан. Энэ эмэгтэй улны замаскаа хуулалгүй дээрээс нь замаск татаж, энэ нь хуурч унасан, согтуугаар 59 ширхэг плита наасан нь далий наагдсан байсан учраас бүгдийг хуулсан. Тийм учраас хариуцагч Ү.Ооос урьдчилгаа 1,500,000 төгрөг, шаардлага хангаагүй хийсэн ажлыг дахин засуулах хөлсөнд 500,000 төгрөг, барилгын материалын зардал 588,000 төгрөг, байрны түрээсийн зардал 700,000 төгрөг, нийт 3,288,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ү.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие барилгын салбарт барилгын дотоод засал чимэглэлийн ажлыг 33 жил эрхэлж байна. Энэ хугацаанд олон хувь хүн болон байгууллагын барилгын дотоод засал чимэглэлийн ажлыг чанартай сайн гүйцэтгэж хүлээлгэн өгч байсан.

2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Г.Гтэй Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын өнгөт хорооллын ** дүгээр байранд байрлах 3 өрөө байранд дотоод засал чимэглэлийн ажлыг урьдчилгаа хөлс 1,500,000 төгрөг, ажил гүйцэтгэсний дараагаар 1,500,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийн хөлсөөр гүйцэтгэхээр тохиролцсон.

Уг байранд засвар хийхдээ засал чимэглэл хийх үндсэн стандарт нормын дагуу хуучин шавар шохойг хуулан авч чанартай сайн гүйцэтгэж байсан боловч захиалагчийн аав болох Б.Т гэх хүн тухайн ажлыг хийж эхэлсэн цагаас эхлэн биднийг элдвээр харааж доромжлон барилгын материалыг их ашиглаж байна, ажил хийх нэрээр архи ууж хэрүүл маргаан хийж байна гэж бидний ажилд оролцон их саад болж байсан.

Барилгын материалын хувьд ч Улаанбаатараас ирж байгаа та нар хүлээж бай гээд хугацаа их алдсан. Гэрээгээр тохиролцсон ажил дуусахад 4 хоног дутуу байх үед захиалагч талаас ажлын явцтай ирж танилцаад Г.Г нь болж байна гэсэн хэдий ч түүний аав Б.Т гэж хүн надад таалагдахгүй байна, онцгүй болсон байна бүгд зайлцгаа, ингэж ажил хийдгүй юм, гэж элдвээр харааж зүхэн багаж хэрэгслийг гаргаж шидэн биднийг хөөж гаргасан.

Бид засварын ажлыг гүйцэтгэхдээ хуучин шохой шаврыг бүрэн хуулж байж уг ажлыг эхлүүлсэн мөн плитаг наахдаа ч ямар нэгэн алдаа гаргаагүй. гэсэн хэдий ч захиалагч талаас танд таалагдахгүй бол бид плитаны цавууны мөнгийг өөрсдөөсөө гарган шинээр хийж өгье гэхэд огт хүлээж авалгүй хөөсөөр байсан. Ажил бүрэн дуусаагүй хүлээлгэж өгөөгүй байх үед биднийг гэрээнд тусгагдаагүй үндэслэлээр хөөсөн. Ажлын гүйцэтгэл 80 хувьдаа орсон байсан ч бид үлдэгдэл хөлсийг авалгүйгээр захиалагчийн саналаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан.

Биднийг хөөж явуулснаас хэд хоногийн дараа Б.Т цагдаагийн газар дуудан биднийг элдвээр айлган сүрдүүлж би бүх хийсэн ажлыг чин буулгаж хуулж аваад эргээд шинээр засварын ажил хийсэн учир 3,000,000 төгрөг өгөхийг шаардсан.

Миний хувьд тухайн засал чимэглэлийн ажлыг гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу норм стандартыг баримтлан чанартай хийж гүйцэтгэсэн ч нэхэмжлэгчийн зүгээс өөрт ч таалагдаагүй гэх үндэслэлээр биднийг хөөчхөөд эргээд элдэв худал зүйлс хэлэн мөнгөө бүр давуулан нэхэж байгаад туйлын гомдолтой байна.

Бид засварын ажил гүйцэтгэхдээ ямар нэгэн алдаа гаргаагүй, чанарын доголдолтой зүйл хүлээлгэн өгөөгүй, өөрсдийн дураар уг ажлыг хаяж яваагүй, нэхэмжлэгч барилгын материалын мөнгө болон өөрийн түрээсийн зардлыг биднээс гаргуулахаар шаардах эрхгүй ба бид ч захиалагч Т.Гээс үлдэгдэл хөлсөө авч чадаагүйдээ, элдвээр хараалган хөөгдсөндөө туйлын гомдолтой байна.

Бидний хувьд элдвээр хараагдан, хардагдсан маш хэцүү нөхцөлд ажил гүйцэтгэж байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ бидний хийсэн ажлыг буцаан буулгаж шинээр хийсэн гэж, мөн биднийг архи дарс уусан гэж бичжээ. Уг талаараа ч цагдаагийн газарт байхдаа та нарын зураг надад байгаа би баримттай зүйл ярьж байна гэж дайрч давшилж байсан. Хариуцагч миний хувьд огт архи уудаггүй хүн бөгөөд бидний хийсэн ажлыг буулгаж шинээр ажиг хийсэн зэргийг нотлох зураг дүрсний баримтыг хархыг хүсэж байна.

Иймд хариуцагчийн зүгээс дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1 дүгээрт давхар ажил хийсэн гэж байна. Засварын ажил гүйцэтгэх гэрээнд давхар ажил хийж болохгүй гэсэн заалт байхгүй, тохирсон хугацаанд ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгнө гэсэн заалт байгаа. Мөн 3 өрөө байранд өмнөх замаскийг аваагүйгээс хуурч бүгдийг хуулж дахин замаск татуулсан гэж байна. Гэрчүүдийн мэдүүлэг болон хариуцагчийн тайлбар дээр дурдсан байгаа, тухайн засварын ажлыг 50-80 хувийн гүйцэтгэлтэй байсан, тус ажлыг Б.Т гуай тогтмол ирж шалгадаг байсан гэсэн тайлбар байгаа. Гэрээгээ цуцлахдаа замаск буруу татсан, плита далий наасан асуудлаар Ү.О хаяж яваагүй, Т гуай хөөсөн гэж гэрчүүд дурдсан байгаа. Хариуцагчийн татгалзал нь засварыг стандартын дагуу гүйцэтгэж байсан, 59 плитанаас нэг ширхэг нь далий болсноос болж Б.Т гуай уурласан, үүнээс болж Ү.О, Б.Т нар маргалдаж, Ү.О ажлыг орхисон байгаа. Тэгэхээр 70-80 хувийн ажлаа гүйцэтгэсэн, тохирсон 3,000,000 төгрөгийнхөө 50 хувь буюу 1,500,000 төгрөгийг авсан. Тэгэхээр гэрээний 362.1-т ажиллуулагч тухайн ажлыг хүлээж авахаас татгалзсан тохиолдолд цаашид ажил гүйцэтгэхээс татгалзаж, тохирсон хөлсийг шаардах эрхтэй гэж заасан байгаа. Тэгэхээр өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын хүрээнд 1,500,000 төгрөгийн ажлын хөлсийг авсан гэж үзэж байгаа. Шинээр хуулж наасан, үргэлжлүүлээд хийсэн ажлыг Б.Т гуай өөрөө нотолж чадахгүй байна. Ямар нэгэн баримт байхгүй, буулгасан гэж байгаа боловч буулгасан юм уу үгүй юм уу баримт байхгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 135/ШЗ2023/001** дугаартай захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 2-5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 6 дахь тал/, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1*** дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ /хавтаст хэргийн 7-8 дахь тал/, итгэмжлэл /хавтаст хэргийн 9 дэх тал/, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Байрны түрээсийн гэрээ /хавтаст хэргийн 10 дахь тал/, бэлнээр орон сууцны түрээсийн мөнгө авсан акт /хавтаст хэргийн 11 дэх тал/, улсын бүртгэлийн Ү-2003****** дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 06 дугаар хороолол, ** дүгээр байр, ** тоот 28.6 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 12 дахь тал/, Б.Т, З.А нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 13 дахь тал/, Б.Төөс Ү.О 1,500,000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн мэдээллийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 14 дэх тал/, зарлагын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 15-16 дахь тал/, Б.Төөс Л.Г-д 500,000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн мэдээллийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 17 дахь тал/ зэргийг шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр Б.Н, Г.Л нарт хууль сануулж авсан мэдүүлэг /хавтаст хэргийн 48-50, 68-69 дэх тал/-ийг шүүх нотлох баримтаар бүрдүүллээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Ү.Од холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаанд өгсөн 1,500,000 төгрөг, шаардлага хангаагүй ажлыг дахин засуулсан ажлын хөлсөнд 500,000 төгрөг, барилгын материалын зардал 588,000 төгрөг, байрны түрээсийн зардал 700,000 төгрөг, нийт 3,288,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

2. Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Ү.Од холбогдох иргэний хэрэгт өөрийгөө төлөөлөх эрхийг Б.Тт 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр итгэмжлэлээр олгохдоо нэхэмжлэл гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж оролцох эрхийг олгосны дагуу нэхэмжлэгчийг төлөөлөн Б.Т 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Хэрэгт авагдсан 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээгээр зохигчид Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн ** дүгээр байрны ** тоот 3 өрөө орон сууцанд захиалагчийн материалаар барилгын засварын ажил хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөхөөр, гэрээгээр гүйцэтгэх нийт ажлын хөлс 3,000,000 төгрөг байна, 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр урьдчилгаа 1,500,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 08-ны дотор заслын ажил дуусахад шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хавтаст хэргийн 7-8 дахь тал/

4. Дээрх гэрээг талууд хуулийн хүрээнд байгуулж түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээсэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тодорхойлсон ба гэрээний 2.2-т орон сууцны дотор заслын ажлыг 100 хувь хийж гүйцэтгэх нөхцөлтэйгээр харилцан тохиролцсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

6. Нэхэмжлэгч нь ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт 1,500,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй.

7. Хариуцагч Ү.О нь заслын ажлыг гүйцэтгэх явцдаа туслан гүйцэтгэгчээр Б.Н, Г.Л нарыг авч ажиллуулсан байх ба туслан гүйцэтгэгч авч ажиллуулж болохыг, эдгээр туслан гүйцэтгэгчийн үүргийг захиалагчийн өмнө хариуцахыг талууд гэрээний 5.2 дахь заалтаар тохирсон байна.

8. Хариуцагч Ү.О нь тухайн байрны засварыг хийхдээ өмнөх хуучин шохой шаврыг хусаж арилгаагүй дээр нь замаск хийсний улмаас ховхорч унасан, угаалгын өрөөний плитаг буруу нааснаас овон товон тэгш бус болсон талаар захиалагч талаас мэдэгдэж засах талаар сануулахад заслын ажлаа орхин алга болж улмаар цагдаагийн байгууллагад хандаж байсан нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.

9. Хариуцагч нь захиалагчийн аав Б.Т гэдэг хүн надад таалагдахгүй байна, онцгүй байна зайлцгаа гэж хөөсөн, бид засварын ажлыг хийж гүйцэтгэхдээ хуучин шохой шаврыг бүрэн хуулж байж ажлыг эхлүүлсэн, бид плитаны цавууг өөрсдөө гаргаж шинээр нааж өгье гэхэд хүлээж аваагүй хөөсөн, ажлыг 80 хувь гүйцэтгэсэн байсан ч үлдэгдэл хөлсийг авахгүйгээр гэрээ цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

10. Хариуцагч нь заслын ажлыг гүйцэтгэх явцдаа доголдлыг арилгах арга хэмжээ авалгүйгээр ажлыг орхин явсан үйл баримт нь гэрч Б.Н-ийн ...Б.Т согтуу ирчхээд та нарыг ажиллуулахгүй, боль, боль гэж хөөж туухаар нь би болчхоод ирлээ, ...плитаг би наагаагүй, ...Ү.Отгоо нь барилгын ажил хийдэг өөр хүүхэд дуудаж наалгасан. Ганц плита нь цаашаа ороод шоо нь зөрчихсөн байсан байсныг Б.Т харчхаад ...энийг зас, янзал гэж хэлсэн юм шиг байна лээ гэсэн мэдүүлэг, гэрч Г.Лын ...плита зөрлөө л гэж асуудал үүссэн, цонхны тавцанг Б.Н, н.Цоождорж нар наасан, угаалгын өрөөний плитаг эхлээд Б.Н наагаад байх шиг байсан, сүүлд Ү.О хүүхэд авчирч наалгасан... гэсэн мэдүүлэг зэрэг нотолгооны хэрэгсэлээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 49-50, 69 дэх тал/

11. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан боловч хариуцагч ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлын үр дүн бий болоогүй, ажлыг гүйцэтгэх явцдаа орхиж явсны улмаас уг гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгч Г.Г нь гэрээг цуцалж, учирсан хохирлоо Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Ү.Ооос гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 1,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Харин нэхэмжлэгчийн уг гэрээг хугацаанд нь биелүүлээгүй, ажлыг орхиж явсны улмаас байр түрээсэлсний зардал 700,000 төгрөг гаргуулах шаардлага болон уг ажлыг өөр хүнээр засуулсны хөлс 500,000 төгрөг, барилгын материалын зардал 588,000 төгрөгийг тус тус гаргуулах шаардлагыг хангахаас татгалзав.

12. Учир нь хэрэгт авагдсан З.А, Б.Т нарын хооронд байгуулсан байрны түрээсийн гэрээ, бэлнээр орон сууцны түрээсийн мөнгө авсан акт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхаас гадна гэрээний нэг тал болох Г.Г байр түрээсэлсэн нь тодорхойгүй бөгөөд Б.Тийн байр түрээсэлсэн байдал нь тухайн хэрэгт хамааралгүй байна. /хавтаст хэргийн 10-13 дахь тал/

13. Ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлсний хөлс 500,000 төгрөгтэй холбоотой Б.Төөс Л.Гантулгад шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл хэрэгт авагдсан боловч энэ нь тухайн байрны засвартай холбоотой шилжүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч байрны засварт нэмж 588,000 төгрөгийн материал авсантай холбоотой хавтаст хэргийн 15-16 дугаар талд авагдсан зарлагын баримтуудыг ирүүлсэн боловч уг материалыг хэн хүлээж авсан нь тодорхойгүй байхаас гадна уг материалыг тухайн байрны засварт хэрэглэсэн гэсэн үйл баримт нотлогдохгүй байна. /хавтаст хэргийн 15-17 дахь тал/

14. Хариуцагч нь гэрээний дагуу ажлыг 70-80 хувь гүйцэтгэсэн үндэслэлээр урьдчилгаа төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа ба гэрээ цуцлагдах хүртэл гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч нь ашигласан, ашиглах боломжтой бол ажил гүйцэтгэгч нь зохих хөлс шаардах эрхтэй. Гэвч хариуцагч нь энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, хэрэгт холбогдох баримт авагдаагүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус зааснаар хариуцагч Ү.Ооос 1,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Гт олгож, нэхэмжлэгчийн 2,788,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,558 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА