Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/07

 

М.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, Д.Байгалмаа О.Баатарсүх, нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд:

прокурор С.Сугар,

        шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б /онлайн/, Г.А,

        нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.        

 

         Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М.Н-д холбогдох эрүүгийн 2030000000153 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2021 оны  02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, 19....  онд Х аймгийн Ж суманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ...., эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн М сумын ..... дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 90 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, М.Н /РД:................/,

 

Яллагдагч М.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны шөнө өөрийн эхнэр Ц.У-г зодож, эрүүл мэндэд нь дух, хамар, зүүн нүдний зовхи, хэвлий, зүүн гарын бугалга, зүүн хөлийн шилбэ, баруун хөлийн өвдөг, баруун даланд олон тооны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

согтуурсан үедээ эхнэр Ц.У-г 2018 оны намар хөдөө гэртээ нэг удаа алгадаж, толгой руу нь нэг удаа цохисон, 2019 оны эхээр гуяны хэсэгт нэг удаа өшиглөж, мөн цохих гэхэд нь гэрээсээ зугтахад байшингийн цонхыг хагалан ална гэж айлган сүрдүүлж, хүүхэдтэйгээ айлд хоноход хүргэсэн, 2019 оны сүүлээр толгой болон мөрний хэсэгт гараараа нэг удаа цохисон, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны шөнө 01 цагийн үед гэрийнхээ байшингийн цонхыг хагалан орж ирэхэд нь М.Н-с айж, гэрийн цонхоор гарч гүйхэд хүргэж, харгис хэрцгий харьцан, догшин авирлаж, гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч М.Н-н  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаар шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н-д холбогдох 2030000000153 дугаартай эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр тус аймгийн Прокурорын газарт буцааж, шүүхийн шатанд яллагдагч М.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлжээ.

Хяналтын прокурор С.Сугар бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, ял нэмж сонсгосон прокурорын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолыг яллагдагч Н болон түүний өмгөөлөгч Г.А-д танилцуулсан бөгөөд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна гэж заасны дагуу мэдүүлэг авах гэхээр мэдүүлэг өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4-т заасантай зөрчилдөөгүй болно. Яллагдагч Н-н “О гэх хүнийг гэрчээр асуулгамаар байна” гэх хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “өмгөөлөгч нь тухайн хүний өмгөөлөгчөөр оролцох болсон тухай ... мөрдөгчид бичгээр мэдэгдэнэ” гэж заасныг зөрчиж, өмгөөлөгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, хавтаст хэрэг хавсаргагдаагүй, шүүх дээр гаргаж өгсөн “хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай” гэрээг захирамжид дурдсан нь буруу байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч Г.А яллагдагчийн хамт оролцож ирсэн болно. Иймд өмгөөлөгч Б.Б-н гаргаж буй хүсэлтүүд үндэслэлгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчийн эрхийг хангаагүй гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна. Хохирогчид гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтийн талаар урьдах шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч нар санал хүсэлт гаргаагүй, өмгөөлөгч Г.А нь хэргийн материалтай танилцаад санал дүгнэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлтийн талаар шүүхийн гаргаж буй саналыг хүлээн авах боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1, 27.3, 27.6 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, үндэслэлтэй гарсан хийгээд шинжээчийг гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан тайлбар мэдүүлэг авахаар шүүх хуралдаанд оролцуулах, шүүх хуралдааны явцад шинжээч томилон дүгнэлт гаргуулах эрх шүүхэд нээлттэй байна. Хохирогч Ц.У-н биед “дух, хамар, зүүн нүдний зовхи, хэвлий, зүүн гарын бугалга болон зүүн хөлийн шилбэ, баруун хөлийн өвдөг, баруун даланд олон тооны зулгаралт” бүхий гэмтэл тогтоогдсоныг шинжээч дүгнэлтдээ тусгасан тул нэмэлт болон дахин шинжилгээ хийх үндэслэл тогтоогдохгүй байна. Захирамжийн төгсгөл хэсэгт хийсэн дүгнэлт нь чухам ямар мөрдөн шалгах ажиллагаа хийхийг заагаагүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүх, прокурорт яллагдагчийн гэм буруугийн талаар хөтөлбөргүй үнэн гэж үзэж, урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй. Шүүх, прокурор нь шүүхийн шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж мэдээлэхийг хориглодог. Гэтэл прокурорын эсэргүүцлийн хамгийн эхний өгүүлбэрт “яллагдагч Н нь хамтран амьдрагчаа байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна” гэж тодорхойлж байгаа нь өмгөөлөгч надад эргэлзээ төрүүлж байна. Прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагаатгах болон яллах нотлох баримтыг адил тэгш цуглуулж, үүний үндсэн дээр ажиллагаанд оролцож байгаа оролцогчдын эрх хангагдаж байна уу, зөрчигдөж байна уу гэдэгт хяналт тавих чиг үүрэг бүхий албан тушаалтан. Гэтэл прокурор Сугар эсэргүүцэл бичихдээ прокурорын чиг үүрэгтэйгээ авцалдахгүйгээр хэтэрхий нэг талыг барьсан дүгнэлт хийж, яллагдагчийн эрхийг дордуулсан тайлбарыг гаргаж байгаад маш их харамсалтай байна. Анхан шатны шүүхээс яллагдагчид нэмж ял сонсгохдоо мэдүүлэг аваагүй үндэслэлээр тухайн хэрэг мөрдөн байцаалтад буцсан. Гэтэл дахин мөрдөн шалгах ажиллагаа хийхдээ нэмж сонсгосон ялаа дахиад танилцуулахгүйгээр он, сар, өдөр тодорхойгүй, мэдүүлэг өгөхөөс татгалзсан яллагдагчийн тэмдэглэл үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тухайн яллагдагчаар авсан мэдүүлэгт яллагдагч хэрэгтэй холбоотой юу ч яриагүй. Тэгэхээр тухайн мэдүүлгийг яллагдагчаар өгсөн мэдүүлэг гэж үзэхгүй. Иймд шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан байна. Мөн эсэргүүцэлдээ О өмгөөлөгч өөрийнхөө оронд өмгөөлөгч Б оролцуулсан гэж дурдсан байсан. Миний хувьд О өмгөөлөгчтэй хамаарал байхгүй. Мөн намайг томилох эрх хэмжээтэй этгээд биш. Шүүгчийн захирамжид шинжээчийн дүгнэлтийг тодруулж дурдсан нь үндэслэлтэй болсон. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20.1 дүгээр зүйлд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй болох нь тогтоогдвол дахин шинжээч томилдог. Хохирогч Ундармаагийн биед үүссэн шарх гэмтэл нь яллагдагчийн шууд үйлдлийн улмаас үүссэн гэмтэл мөн үү, биш үү гэдгийг тодорхойлох. Мөн анх улайсан гэж тодорхойлсон эмчийн тодорхойлолт яагаад шинжээчийн дүгнэлтээр зулгаралт болчихсон гэсэн асуудал эргэлзээ төрлүүлж байна. Прокурорын зүгээс хохирогчийн эх сурвалжаа зааж чадахгүй байгаа мэдүүлэгт үндэслэж яллах дүгнэлт үйлдсэн асуудал байгаа. Шүүгчийн захирамжийн агуулгад  дурдагдаад байгаа үйл баримтыг хуулийн зүйл заалттай холбож тайлбарлаж байгаа нь сайн болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөрдөгчийн зүгээс хэргийн материал танилцуулах талаар болон хэргийг прокурор руу шилжүүлэх эсэх талаар нэг ч удаа над руу утсаар яриагүй. Шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Тухайн хэрэг нь 2 дахь удаагаа анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж байна. Миний хувьд тухайн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь яллагдагчийн хэрэг хүндэрч байгаа тохиолдолд дахин байцаалт авна гэсэн заалт байгаа. Үүнийг прокуророос мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа гүйцэтгээгүй. Яллагдагчаас дахин мэдүүлэг авахдаа намайг оролцуулж авсан гэж байна. Тухайн үед яллагдагчийн зүгээс хоёр өмгөөлөгчөө байлцуулж байж мэдүүлэг өгнө гэж хэлсэн. Мөрдөгч Б нь энэ талаар болон хэргийг шүүх рүү шилжүүлэхдээ өмгөөлөгч Б-д хэлээгүй байсан гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр яллагдагч М.Н-д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

         

          Прокуророос яллагдагч М.Н-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 22-ны шөнө М сумын ... дүгээр багийн “ОС”-ын ... тоот дахь гэртээ эхнэр Ц.У-г зодож, эрүүл мэндэд нь дух, хамар, зүүн нүдний зовхи, хэвлий, зүүн гарын бугалга болон зүүн хөлийн шилбэ, баруун хөлийн өвдөг, баруун даланд олон тооны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр,

          мөн согтуурсан үедээ эхнэр Ц.У-г 2018 оны намар хөдөө гэртээ нэг удаа алгадаж, толгой руу нэг удаа цохисон, 2019 эхээр гуяны болон гарын хэсэгт нэг нэг удаа цохисон, 2019 оны 6 дугаар сарын сүүлээр мөн цохих гэхэд нь гэрээсээ зугтан гарахад байшингийн цонх хагалан ална гэж айлган сүрдүүлж, хүүхэдтэйгээ айлд хоноход хүргэсэн, 2019 оны сүүлээр толгой болон мөрний хэсэгт нэг, нэг удаа цохисон,  2020 оны  эхээр толгойн хэсэгт гараараа нэг удаа цохисон, мөн хохирогч түүнээс айж, гэрийнхээ цонхоор гарч гүйхэд хүргэж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

          Анхан шатны шүүх яллагдагчаас дахин мэдүүлэг авахдаа огноо бичээгүй, яллагдагчийн зарим үйлдэл болон түүнд холбогдох эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу танилцуулсан, энэ мэдүүлэгт дурдсан яллагдагчийн “гэрч Хулан, хохирогч Ундармаа нарыг дахин асуулгах, О гэх хүнийг гэрчээр асуулгах хүсэлт”-ийг шийдвэрлээгүй, яллагдагчийн өмгөөлөгч Б.Б-д хэргийн материал танилцуулах ажиллагааг хийгээгүй, дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай, хохирогч Ц.У мэдүүлэг өгөхдөө эх сурвалжаа заагаагүй гэх үндэслэлүүдээр энэ хэрэгт урьдчилан хэлэлцүүлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, нотолбол зохих байдлыг дутуу шалгаж, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн байна.

           

          Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаас дахин мэдүүлэг авах үед мэдүүлэг өгөхөөс яллагдагч өөрөө татгалзсан нь энэ хуулийн 7.4 дүгээр зүйлд заасанд нийцсэн, түүний эрхийг хасаж хязгаарласан нь тогтоогдоогүй, гэрч Ч.Х, хохирогч Ц.У-н мэдүүлэг хэрэгт авагдсан учраас тэднийг дахин асуух шаардлагагүй, О-г гэрчээр асуух нь хэрэгт ач холбогдолгүй, хохирогч Ц.У-г мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй, түүний мэдүүлэг хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ. /хх 9-12, 14-15, 159/

          Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1-р зүйлийн 4 дэх хэсэгт “Өмгөөлөгч нь  тухайн хүн, хуулийн этгээдийн өмгөөлөгчөөр оролцох болсноо үйлчлүүлэгчийн бичгээр үйлдсэн хүсэлтээр баталгаажуулж, шүүх, прокурор, мөрдөгчид бичгээр мэдэгдэнэ.” гэж зааснаар өмгөөлөгч Б.Б нь бичгээр мэдэгдээгүй, тэрээр шүүхийн шатанд хэргийн материалтай танилцах боломжтой байна.

          Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 1.9-д зааснаар шинжлүүлэгч өмнө нь гэмтсэн эсхүл ямар нэг өвчтэй байсан зэргийг харгалзахгүйгээр зөвхөн тухайн үед гэмтлийн улмаас үүссэн эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох зарчимтай байх тул  хохирогч Ц.У-н айл руу гүйж явахдаа унаж, өвдөг зулгарсан гэх гэмтлийг шинжээчийн дүгнэлтэд оруулан бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасан нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх үндэслэл болохгүй бөгөөд шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх өөр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Иймд мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нь тогтоогдоогүй, нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос шүүхэд шилжүүлсэн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж, прокурорын эсэргүүцлийг хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          Нэг. Прокурор С.Сугарын эсэргүүцлийг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч М.Н-д холбогдох, эрүүгийн 2030000000153 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

 

Хоёр. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч М.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

Гурав. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                     Д.БАЙГАЛМАА

 

                                                                        О.БААТАРСҮХ