Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2023/00641

 

 

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2023/00641

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2023/00437/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, Найрамдал талбайд байрлах, 70******, 99******, 26***** регистрийн дугаартай, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 06 дугаар баг, Ханжаргалан ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, утас: 99******, 88******, 99******, ТЯ85****** регистрийн дугаартай, Б овогт Т.Тт холбогдох,

1,917,017.28 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

(Хариуцагч Т.Тт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв)

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Зээлдэгч ******* ын Т нь Хаан банкны Дархан салбарын харьяа Найрамдал тооцооны төвөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ2018******** тоот зээлийн гэрээ байгуулж 1,500,000 төгрөгийн зээлийн эрхтэй, 60 сарын хугацаатай кредит картын зээл авсан боловч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн. Харилцагчтай холбоо барихад утсаа авахгүй, Банктай харилцахгүй, зээлээ төлөхгүй байгаа учраас нэхэмжлэл гаргасан. Зээлийн хугацаа 2023 оны 03 дугаар сард дууссан. 2022 оны 01 дүгээр сараас өмнө сар бүр 4 удаа бүтэн дүнгээр биш дутуу дутуу төлж байсан. 2022 оны 12 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй, нийт 712,987.04 төгрөг төлсөн. 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,360,959.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 480,668.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,388.99 төгрөг байгаа. Нийт 1,917,017.28 төгрөг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2018******** дугаартай Кредит картын гэрээний хуулбар /хавтаст хэргийн 3-5 дахь тал/, итгэмжлэл /хавтаст хэргийн 6-8 дахь тал/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 9 дэх тал/, Т.Тийн иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 10 дахь тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 11 дэх тал/, зээлийн бүртгэлийн карт /хавтаст хэргийн 12 дахь тал/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 13 дахь тал/, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 5119/22/*** дугаартай зээл төлөх мэдэгдэл /хавтаст хэргийн 14 дэх тал/, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2018******** дугаартай Кредит картын гэрээний эх хувь /хавтаст хэргийн 29-31 дэх тал/ зэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Т.Тт холбогдуулан кредит картын гэрээний үүрэгт 1,917,017.28 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулж ...хариуцагч Т.Т нь Хаанбанк ны Дархан салбарын харьяа Найрамдал тооцооны төвөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ2018******** тоот зээлийн гэрээ байгуулж 1,500,000 төгрөгийн зээлийн эрхтэй, 60 сарын хугацаатай кредит картын зээл авсан боловч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн. Харилцагчтай холбоо барихад утсаа авахгүй, Банктай харилцахгүй, зээлээ төлөхгүй байгаа учраас 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,360,959.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 480,668.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,388.99 төгрөг, нийт 1,917,017.28 төгрөг нэхэмжилж байна гэх тайлбарыг гаргасан байна.

3. Талууд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр сар бүрийн санхүүгийн хэрэгцээний зориулалттай 1,500,000 төгрөгийн зээлжих эрхтэй, 60 сарын зээлжих эрхийн хугацаатай, 2018******** дугаартай Кредит картын гэрээ байгуулж, гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцжээ. /хавтаст хэргийн 29-31 дэх тал/

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эргээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба зээлийн гэрээний хугацаа дууссан байна.

5. Хариуцагч Т.Тт 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан, хэргийн материалтай танилцуулан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарласан байна. /хавтаст хэргийн 20-23 дахь тал/

6. Гэвч шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч нь хариу тайлбар ирүүлээгүй тул шүүх хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагт товлож шүүх хуралдааны товыг түүний 88******, 99****** дугаарт зурвас явуулж мэдэгдсэн бөгөөд хариуцагч нь зурвасаар шүүх хуралдааны товыг хүлээн авсан гэх тайлбарыг шүүхийн бичиг хүргэгчид өгсөн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 77.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар гаргаж өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэжээ.

Иймд хариуцагч нь дээрх хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Т.Төөс 1,917,017.28 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгосугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,622 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 45,622 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.АЛТАНТУЯА