| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 194/2025/1809/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2139 |
| Огноо | 2025-09-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2139
2025 09 10 2025/ШЦТ/2139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
улсын яллагч Б.Амармөрөн,
шүүгдэгч С.А /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,
хохирогч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт С.Ад холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .....................хэрэг хариуцах чадвартай,
Ш овогт С.А, регистрийн дугаар .......................,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч С.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Хэлэх зүйл байхгүй ...” гэв.
Хохирогч Б.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Л “...тэгээд би тус өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 722-р байрны 75 тоотын гадна хаалгыг тогшиход А нь хаалгаа онгойлгоод учир зүггүй намайг хөл гараараа цохиж нүдээд эхэлсэн бөгөөд намайг хэл амаар доромжилсон. Тэгээд А нь юмаа аваад зайл...” гэж хэлээд миний цүнхийг шидсэн, тэгээд би гэр лүү нь ороод өөрийнхөө хувцас хунарыг аваад, гал тогооных нь өрөөнд байх үед А нь өшиглөөд цохиод байсан, тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа нар ирсэн, тэгээд юмнуудаа аваад явах гэж байхад А нь хатуу зүйлээр миний зүүн хөмсөгний дээд духны хэсэгт нэг удаа цохисон, тэгээд би тэднийхээс гараад явсан, тэр үед төрсөн эгч Ц ирсэн байсан. Тэгээд намайг тус өдрийн 21 цаг 15 минутын үед намайг Ц эгчийн байрны гадаа явж байхад А нь чат бичээд “... Учраа олъё...” гээд чат бичсэн байсан дагуу би Агийн гэрийн гадаа 21 цаг минутын үед очсон, тэгээд өөрийнхөө дутуу үлдээсэн зүйлсээ аваад гэрээс гараад явж байхад А нь машинаа нэхээд миний ардаас дагаж явсаар байгаад Цийн ахмадын хотхоны 902-р байрны гадаа ирсэн, би тэр үед Ц эгчтэй хамт явж байсан ба цагдаагийн хэлтэс дээр очих гээд такси барих гээд замын хажууд зогсож байхад А нь заамдаж, боогоод эхэлсэн, би тэрийг нь тавиулах гэж байгаад миний хөл орооцолдоод унахдаа Аг татаад уначихсан А нь “... намайг унагаачихлаа...” гээд хэрүүл хийгээд байсан, тэгээд би тэндээс явсан, эгч Атай үлдсэн. Духанд учирсан гэмтлийг нь А нь миний зүүн хөмсөгний дээд духны хэсэгт хатуу зүйлээр цохисны улмаас учирсан, цээж, эрүү, бугуй хэсэгт А нь маажсан. Би ямар нэг эмчилгээ хийлгээгүй, надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Миний сэтгэцэд ямар нэг хохирол учраагүй. надад сэтгэцэд учирсан хохирол тогтоох шинжилгээ хийлгэх шаардлага байхгүй ...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 14-16 дугаар тал/,
Гэрч Б.Цийн “...Тухайн өдөр 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь манай дүү утсаар та хүрээд ирээч гэсэн хэр баргийн манай дүү ийм асуудал тариад байдаггүй юм дуудлагаар ирсэн цагдаа нь байна та хүрээд ирээч энд гэр бүлийн маргаан болоод байна гэж хэлэхээр нь би яваад очсон. Хөдөлгөөнтийн 2 цагдаа байсан мөн манай дүүгийн зүүн талын хэсгийн духнаас цус олгойдсон байж байсан. Цагдаагийн алба хаагч нараас юу болсон нь асууж тодруулахад машины түлхүүрээс болж маргалдсан байна гэж хэлсэн. Манай дүү хувцсаа хамаад зогсож байсан чинь А гэх хүүхэн манай дүүгийн толгой болон хөл хэсэг рүү цохиод байхаар нь чи боль гээд амьд байгаа дээрээ дүүгээ аваад явлаа гэж хэлсэн... Аг бол манай дүү болох Л нь гар хүрээгүй зодоогүй. Харин А манай дүүг өшиглөөд цохиод байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дугаар тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №ЕГ0725/4838 дүгнэлтэнд: “Б.Л биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, зүүн бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар тал/,
Шүүгдэгч С.Агийн “...би мэдүүлэг өгөхгүй, надад нэмж ярих зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар тал/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дүгээр тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 52 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 53 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал тогтоогдсон болно.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Шүүгдэгч С.А 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөрт шилжих шөнө ................... маргалдан хохирогч Б.Л нүүрэн тус газарт хатуу зүйлээр цохих, гараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, зүүн бугуйд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ...” гэх дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч С.Ад холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт хэлэлцэн шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч С.А нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй бөгөөд дээр дурдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Иймд, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “...Шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгч С.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх ...” Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулаагүй ба тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...миний сэтгэцэд ямар нэг хохирол учраагүй, надад сэтгэцэд учирсан хохирол тогтоох шинжилгээ хийлгэх шаардлага байхгүй ... гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй ...” /хх 14-15/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт С.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ