2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар  2025/ШЦТ/2180

 

 2025        09           17                                   2025/ШЦТ/2180

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа, 

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

  шүүгдэгч Н.М /шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Н.Мод холбогдох эрүүгийн .................... дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........................., урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Х овогт Н.М /РД:............................/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.М нь 2024 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ........................ “Кайду молл” худалдааны төвийн “Синема некст”-ийн 3 дугаар цахилгаан шатыг эвдэлж 11.514.047 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Х.Х “... 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 23 цагийн үед 5 эрэгтэй, 1 эмэгтэй хүн 6 давхарт байрлах “Синекс” нэртэй караокед орж үйлчлүүлээд тухайн хүмүүс нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээд тухайн караокены үүд хэсэгт хоорондоо муудалцаад байж байгаад төлбөр 350.000 төгрөг төлөхгүй гарсан. Тэгээд тухайн барилгын 3 дугаар цахилгаан шатанд хоорондоо зодолдож орж ирээд цахилгаан шатны хаалгыг өшиглөөд нэгнээ түлхээд цахилгаан шатны хаалгыг гацаагаад эвдэлсэн байсан. Цахилгаан шатны рам болон давхар хаалгыг эвдэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/,

Гэрч Б.Б “...Тухайн өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах гэртээ 00 цагийн өмнө М-О, Д бид 3 манай гэр рүү орох гэж байхад найз М-Оын ах М залгаад “Синема некст”-ээс ирээд авчих гэсэн. Тэгээд Д бид 3 очоод “Синема”-гийн 4 давхар луу гараад, М ахын найз болох Г юм ярьж байхад “чи ахыгаа хүндлэхгүй байна” гээд надтай маргалдсан. Маргалдаад байхаар нь би М-О, Д нарыг явъя гээд цахилгаан шатанд ортол араас М, Г нар орж ирээд ноцолдож байгаад цахилгаан шатны баруун гар талын хаалгыг цөмлөсөн. Тэгсэн цахилгаан шат 3 давхар дээр гацаж зогсоход М ах “шээс хүрээд байна” гээд цахилгаан шатны хаалга руу 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

Гэрч С.Г “...цахилгаан шат руу би болон М, Мын дүү О, Оын 2 найз хамт суугаад, найз М бид хоёр тоглоод ноцолдож байгаад М намайг хойшоо цахилгаан шатны хаалга руу түлхсэн чинь цахилгаан шат гацсан. Тэгээд цахилгаан шатыг онгойлгохыг хүлээгээд байж байхад цагдаа нар ирээд онгойлгосон. М цахилгаан шат гацсан чинь хаалга руу нь 2 удаа өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/,

Хөрөнгө үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн БЗ1-25-08 дугаартай “...шинжилгээний объектын зах зээлийн үнэлгээ 11,514,047 төгрөг болно ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-26 дугаар тал/,

“Сворд элеватор Монголиа” ХХК-ийн “2024 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө “Синема некст” үйлчилгээний төвийн лифтэнд гарсан эвдрэл гэмтлийг” гаргасан тодорхойлолт /хавтаст хэргийн 27-32 дугаар тал/,

Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Синема некст” төвийн 3 дугаар цахилгаан шатны дотор байрлах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 38-41 дүгээр тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар тал/,

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дүгээр тал/,

Шүүгдэгч Н.Мын “...Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ниру” төвийн пабад 20 цагийн үед Ц, Б, О, Г бид 5 уулзаад тухайн газарт Эдэн нэртэй 1 шил архи хувааж ууж дуусаад 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Синема некс төвийн 6 давхарт байрлах караокед  ороод Эдэн нэртэй 1 шил архи, 4-5 пиво аваад хувааж уусан. Караокед ороод байж байхад найз О түрүүлээд гараад явсан Ц, Б, Г бид 4 үлдээд үлдсэн архи пивыг хувааж уугаад би согтсон байсан болохоор дүү Н.М-О руу залгаад ахыгаа ирээд авчих гэсэн тэгсэн М-О хоёр найз Б, Дгийн хамт ирсэн тэгсэн нэг мэдсэн найз Г нь дүүгийн найз Бтэй муудалцаад байхаар нь би боль гэж хэлээд түрүүлээд гарч бай гэхэд Б, М-О, Д нар 3 дугаар цахилгаан шатанд суусан чинь Г араас нь цахилгаан шат руу орохоор нь би дагаж ороод болиулсан найз Г архи хэтрүүлэн хэрэглэсэн болохоор тасарсан байсан би тэгээд Г найзыг болиулах гэж байгаад хойшоо түлхсэн чинь цахилгаан шатны хаалгыг цөмлөөд гацаасан. Би өөрөө агаар муутай давчуу газар удаан байж чадахгүй болохоор давчдаад цахилгаан шатны хаалга руу 2 удаа өшиглөөд 1 удаа гараараа цохисон тэгээд зүүн гар талын хана руу нь 1 удаа өшиглөсөн цахилгаан шатанд 1 цаг гаруй болоод байж байхад цахилгаан шатны хүмүүс ирсэн хаалгыг онгойлгоод гарсан, гарахад цагдаа нар ирсэн бид нарыг аваад явсан ... би тухайн байгууллагын цахилгаан шатны хохирол болох 11,515,000 төгрөгийг бүрэн бүтэн барагдуулж өгсөн би тухайн гаргасан үйлдэлдээ харамсаж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дугаар тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дүгээр тал/, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 48 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Н.М нь 2024 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кайду молл” худалдааны төвийн “Синема некст”-ийн 3 дугаар цахилгаан шатыг эвдэлж 11.514.047 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Х.Х мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/, гэрч Б.Б мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/, гэрч С.Г мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/, Хөрөнгө үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн БЗ1-25-08 дугаартай “...шинжилгээний объектын зах зээлийн үнэлгээ 11,514,047 төгрөг болно ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-26 дугаар тал/, “Сворд элеватор Монголиа” ХХК-ийн “2024 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө “Синема некст” үйлчилгээний төвийн лифтэнд гарсан эвдрэл гэмтлийг” гаргасан тодорхойлолт /хавтаст хэргийн 27-32 дугаар тал/, Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Синема некст” төвийн 3 дугаар цахилгаан шатны дотор байрлах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 38-41 дүгээр тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар тал/, Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 11,514,047 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “.... Шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн  хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Н.М нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Н.Мод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, хохирол төлсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мод оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь хохирогчийн эд хөрөнгөд 11.514.047 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь Хөрөнгө үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн БЗ1-25-08 дугаартай дүгнэлт / хх 22-26/-ээр нотлогдож байна.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нь дээрх хохирлыг төлж барагдуулсан /хх 67/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мод оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.РЕНЧЕНХОРОЛ