Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/08

 

Д.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, О.Баатарсүх, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв. 

 

Шүүх хуралдаанд:

прокурор Д.Хорлоо,

        шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Г.Б /онлайнаар/, Ч.Э,

        хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д /онлайнаар/,

        түүний өмгөөлөгч Г.А,

        нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар оролцов. 

 

         Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Г.Б нарын давж заалдах гомдлоор тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1, 2.7, 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Г-д холбогдох эрүүгийн 2030000000281 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2021 оны  02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Монгол Улсын иргэн, 19... онд Сүхбаатар аймгийн Б суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл ..., Сүхбаатар аймгийн Б сумын .... дугаар багт оршин суух хаягтай, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Д.Г /РД: ............./,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатар аймгийн Б сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт нутаглах иргэн А.Ц-ы гэрийн гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.М-н толгойн ар дагз, дух, зүүн гарын эрхий хурууны дотор хэсгийн язарсан шарх, толгойн баруун зулай, чамархай хэсгийн хуйхан доорх эдэд болон ясны хальсанд цус хуралт, дух, хамар, ам, эрүү, баруун чихний дэлбэн, баруун хацар, хүзүү, зүүн шанаа, зүүн хацарт зулгаралт, няцралт, баруун гарын тохой, баруун гарын сарвууны гадна хэсэг, цээж, баруун хөх, хэвлийн баруун хэсэг, баруун ташаа, баруун гуя, баруун хөлийн өвдөг, баруун шилбэ, зүүн эгэм, зүүн мөр, зүүн гарын тохой, шууны хэсэг, сарвуу, зүүн гарын шуу, бугуй, зүүн талын хөх, хүйс, умдаг, хэвлий, зүүн хөлийн гуя, ташаа, өвдөг, зүүн шилбэ, ар нуруу, дал, 2 талын өгзгөөр цус хуралт няцралт, баруун талын 5, 6, 7 дугаар хавирга, зүүн талын 7 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, цээжний хэнхэрцгийн цус хуралт гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоо нь шүүгдэгч Д.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор: Прокуророос шүүгдэгч Д.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Г-г онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алах буюу Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, арван таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Д.Г-н цагдан хоригдсон 91 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-н эзэмшлийн Даюун маркийн мотоциклыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д нь амь хохирогчийн эд хөрөнгө болох мал болон сэтгэл санааны хохирлын 10000000 төгрөгийн нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 100 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, Азын арван мянга гэсэн сугалаа 1 ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д-д буцаан олгож, бусад эд мөрийн баримтуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгаж, энэ хэрэгт иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, “тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх болохыг” тус тус дурдаж  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Г давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гурван хүүхэдтэй, өндөр настай ээжээ асарч халамжилж байгаа тул дэглэм бууруулж, ялыг минь хөнгөлж өгнө үү. Учирсан хохирлын төлбөр, оршуулгын тэтгэмжид 15000000 төгрөгийг төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт миний үйлчлүүлэгч Д.Г-г бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсан боловч, тогтоох хэсгийн 10 дугаар заалтад: “энэ тогтоолоор бусдад төлөх болохыг дурдсугай” гэж заасан нь техникийн болон утга найруулга, агуулгын алдаатай заалт болсон байх тул “бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай” гэж өөрчлөлт оруулах шаардлагатай. Д.Г-д шүүх 15 жилийн хугацаагаар хорих ял оноож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл Д.Г нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн түүний дүү Д.ГО нь хохирогч Э.Д-д оршуулгын зардал, хохирол төлбөрт 15000000 төгрөг өгсөн байдаг. Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаа, прокурорын байгууллага хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Д.Г-н хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй. Гэтэл Д.Г нь өндөр настай ээж болон гурван хүүхдээ асран халамжилдаг юм. Эдгээр байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс түүнд оноосон хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг заагаагүй байдаг. Шүүгдэгч оршуулгын зардал, хохиролд 15000000 төгрөг төлсөн. Мөн гэмт хэрэг гарсан талаар эмнэлэг дуудахаар өөрөө явсан зэрэг нь энэ хүн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг харуулдаг. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бий болсон гэж үзэж байна. Иймд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй ял эдлүүлэхээр дэглэм бууруулахыг хүсэж байна. Шүүгдэгч 50 гарсан ээжтэйгээ, гурван хүүхэдтэйгээ үлдсэн. Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Прокурор Д.Хорлоо тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Г нь хүнд гэмт хэрэг үйлдсэн. Эхнэр Мын биед учирсан гэмтлийн талаар сая шүүгч уншиж танилцуулсан. Онц харгис хэрцгий аргаар хүн алсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирлыг бүрэн барагдуулж өгөхийг хүсэж байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн зүйлчлэл, ял шийтгэл тохирч байгаа гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Г.Б нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. 

 

          Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатар аймгийн Б сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт нутаглах иргэн А.Ц-ы гэрийн гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.М-н толгойн ар дагз, дух, зүүн гарын эрхий хурууны дотор хэсгийн язарсан шарх, толгойн баруун зулай, чамархай хэсгийн хуйхан доорх эдэд болон ясны хальсанд цус хуралт, дух, хамар, ам, эрүү, баруун чихний дэлбэн, баруун хацар, хүзүү, зүүн шанаа, зүүн хацарт зулгаралт, няцралт, баруун гарын тохой, баруун гарын сарвууны гадна хэсэг, цээж, баруун хөх, хэвлийн баруун хэсэг, баруун ташаа, баруун гуя, баруун хөлийн өвдөг, баруун шилбэ, зүүн эгэм, зүүн мөр, зүүн гарын тохой, шууны хэсэг, сарвуу, зүүн гарын шуу, бугуй, зүүн талын хөх, хүйс, умдаг, хэвлий, зүүн хөлийн гуя, ташаа, өвдөг, зүүн шилбэ, ар нуруу, дал, 2 талын өгзгөөр цус хуралт няцралт, баруун талын 5, 6, 7 дугаар хавирга, зүүн талын 7 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, цээжний хэнхэрцгийн цус хуралт гэмтэл учруулж, онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, хэргийн бодит байдалд нийцжээ. Тодруулбал:  

          Яллагдагч Д.Г-н “Ц ахынх манай гэр рүү явах замд ойрхон байдаг болохоор М бид хоёр очсон юм. Ц ахынд ороход Б ах тэр хоёр архи ууж байхаар нь тэрнээс нь эхнэр бид хоёр хувааж уугаад дуусахад Ц ах нэг том шилтэй шар Ч архи задалсан. Тэрийг бид дөрөв хуваагаад ууж байтал би өглөө нь юм идээгүй, өлөн дээрээ архи уусан болохоор согтож, ухаанаа алдсан. Тэгээд нэг сэрэхэд мотоцикл газар ойчсон, эхнэр мотоциклийн дэргэд газар хэвтчихсэн, би дэргэд нь байж байсан.” гэх /1-р хавтас хх 119-123, 133-134/,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д-н “Аав Э 2014 онд өвчнөөр нас барсан. Ээж 2015 оноос хойш Д.Г гэдэг хүнтэй хамт амьдрах болсон. Харин дүү С бид хоёр тусдаа 2017 оноос хойш Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад манай аавын төрсөн дүү Э ах надад: “Миний дүү чанга байгаарай. Ээж чинь авто осолд орж нас барсан байна.” гэж хэлсэн. Би дүү С-гээ Б суманд ирээд ээжийг осолд ороогүй, гадны нөлөөтэй нас барсан болохыг мэдсэн. Г гэдэг хүнд маш их гомдолтой байна. Манай ээж Г-тэй 2015 онд хамт амьдрахаар явахдаа гэрээсээ 60 орчим бог мал авч гарч байсан. Тэр малыг нэхэмжилнэ.”  гэх /1-р хавтас хх 31-32/, 

          Гэрч А.Ц “Б бид хоёрыг манай гэрт ирэхэд Г нь эхнэр М-гаа ардаа сундалчхаад хүрч ирэхээр нь задалсан архиа хувааж уугаад үргэлжлүүлэн гэрт байсан Ч болон цэнхэр шилтэй архийг задлаад ууж байхад манай эхнэр О, Э хоёр хүрээд ирсэн. Тэр хоёрыг ирэнгүүт Б бид хоёр тэдний төрсөн ах Ц-нх руу 14 цагийн үед явсан.” гэх /1-р хавтас хх 38/,

          Гэрч Ж.О “Манайх Б сумын ... дугаар багийн нутаг “Т” гэдэг газарт нутаглаж байсан. 13 цаг өнгөрөөгөөд Э-р гэр рүүгээ хүргүүлээд очиход манай нөхөр Ц, найз Б болон Г, М нар манайд ирчихсэн 3 шил архи дуусгасан, 4 дэх шил архиа талд нь оруулчихсан сууж байсан. Архи дуусахад манай нөхөр, Б-тэй хамт яваад өгсөн. Э нь Г, М хоёрыг үлдээгээд гэр рүүгээ яваад өгсөн. Тэгэхэд Г нь Мыг “Явъя пизда минь” гээд хоорондоо ноцолдох шиг болохоор нь миний зүрх савлаж, айгаад Насанбат ах руу утсаар ярихад: “Ах нь айл руу явах ажилтай, завгүй” гэж хэлсэн. Гэрээс гарахад М хоёр хөл дээрээ зогсоод гуйвж, дайваад, хувцас хунар нь шороо болчихсон, үс нь сэгсийсэн байдалтай байхаар нь Гэд: “Та нар битгий энд муудаад бай. Хурдан яв.” гэж хөөгөөд тайвшрахаар хониндоо явахад Г нь мотоциклоо бариад ганцаараа хойшоо Э-нх руу явж байгаа харагдсан. 16 цагийн үед гэртээ очтол Г гэрийн гадаа зогсож байсан. Харин дэргэд нь эхнэр М нь газар шороон дээр хажуу талаараа хэвтэж байсан. Тархи, толгой нь цус болчихсон, хамаг хувцас нь шороо болчихсон, зүүн мөр нь ил гараад хөхөрч улайсан харагдахаар нь Гээс чи чинь яав гэж асуусан чинь: Танайх руу ирж байхдаа мотоциклоосоо ойчсон, би хүн алчихлаа, түргэн дууд гэж хэлчхээд мотоциклоо бариад урд зүг рүү яваад өгөхөөр нь би Ц эмчийн утас руу холбогдож, дуудлага өгсөн.” гэх /1-р хавтас хх 40-42/,

          Гэрч Д.Н-н “15 цаг өнгөрөөгөөд О над руу утсаар залгаад манайд М-н бие нь эвгүй болчхоод байна та хүрээд ирэх үү гэхээр нь би очихоос татгалзсан.” гэх /1-р хавтас хх 37/,

          Гэрч Д.Э-н “Би О-г гэрт нь буулгахаар очиход Ц, Б, Г, талийгаач М нар ирчихсэн гэр дотор архи уугаад сууцгааж байсан. Удаагүй тэд нар архиа уугаад дууссан. Тэгээд Ц нь Б-нх рүү явлаа гээд гарахад би ганцаараа гэр рүүгээ явсан.” гэх /1-р хавтас хх 43-44/,

          Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаартай, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “Амь хохирогч Б.М-н толгойн ар дагз, дух, зүүн гарын эрхий хурууны дотор хэсгийн язарсан шарх, толгойн баруун зулай, чамархай хэсгийн хуйхан доорх эдэд болон ясны хальсанд цус хуралт, дух, хамар, ам, эрүү, баруун чихний дэлбэн, баруун хацар, хүзүү, зүүн шанаа, зүүн хацарт зулгаралт, няцралт, баруун гарын тохой, баруун гарын сарвууны гадна хэсэг, цээж, баруун хөх, хэвлийн баруун хэсэг, баруун ташаа, баруун гуя, баруун хөлийн өвдөг, баруун шилбэ, зүүн эгэм, зүүн мөр, зүүн гарын тохой, шууны хэсэг, сарвуу, зүүн гарын шуу, бугуй, зүүн талын хөх, хүйс, умдаг, хэвлий, зүүн хөлийн гуя, ташаа, өвдөг, зүүн шилбэ, ар нуруу, дал, 2 талын өгзгөөр цус хуралт няцралт, баруун талын 5, 6, 7 дугаар хавирга, зүүн талын 7 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, цээжний хэнхэрцгийн цус хуралт гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, амь хохирогч Б.М нь дээрх олон тооны гэмтлүүдийн улмаас үүссэн гэмтлийн гаралтай шокоор нас барсан.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтас хх 47-64/,

           Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 112 дугаартай, “Д.Гийн биеэс авсан гэх цусанд 1.3 промиль спиртийн агууламж илэрлээ. Согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1-р хавтас хх 68-69/, 

          Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 62 дугаартай, хохирогчийн хувцсанд шинжилгээ хийсэн дүгнэлт, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтас хх 72-76/,

          Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 61 дугаартай, 4 ширхэг архины шилэнд хурууны хээ илрүүлэх шинжилгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтас хх 79-89/,

          хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтас хх 2-9/, 

          цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх 10-13/,

          тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх 14-16/,

          “эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /1-р хавтас хх 19-21/,

          эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1-р хавтас хх 22-28/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгчийн үйлдлийг прокурор, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.7-д зааснаар зүйлчилж, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

          Тухайлбал, “Хүнийг онц харгис хэрцгий аргаар алсан” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон үйлдлийг хамруулдаг, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдэгт бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалж, гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг хэлдэг бөгөөд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, бусад баримтуудаар амь хохирогч Б.М нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсны улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, бие хамгаалж чадахгүй байдалтай байхад зодож, түүний биед олон тооны гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон үйл баримт хөдөлбөргүйгээр тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

          Мөн анхан шатны шүүхээс “шүүгдэгч Д.Г-н хувьд хамтран амьдрагч Б.М-г гурав ба түүнээс дээш удаа буюу байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй” гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Д.Г урьд нь бусдыг зодож, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан, түүний гурван хүүхэд нь төрсөн эх Ц.Н-н асрамжид байдаг зэрэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “Ял хөнгөрүүлж, дэглэм бууруулах”-ыг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд тооны болон техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг зөвтгөн засахаар өөрчлөлт оруулж, бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. /1-р хавтас хх 122-123, 139-143/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс” гэснийг “2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс” гэж, 10 дахь заалтын “тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх болохыг тус тус дурдсугай.” гэснийг “тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.” гэж тус тус өөрчилж, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-н цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

          Гурав. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                     Д.БАЙГАЛМАА

 

                                                                        О.БААТАРСҮХ