Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 208

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оролмаа даргалж,

нарийн бичгийн дарга А.Доржпүрэв,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

шүүгдэгч О.Өнөрсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Арслан овгийн Оргодолийн Өнөрсайханд холбогдох эрүүгийн 201719000407 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1973 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймаг, Баян-Өнжүүл сум, Бүрд 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, Арслан овгийн Оргодолийн Өнөрсайхан НГ73041278 дугаарын регистртэй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар

/яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Яллагдагч Төв аймгийн Баян-Өнжүүл сумын төвд "Хайрхан" нэртэй хүнсний дэлгүүрт 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдөр сэжигтэн О.Өнөрсайхан нь иргэн Д.Батсуурийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс:

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч О.Өнөрсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг бүртгэлтэд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодиттой шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн хохирогч Д.Батсуурийн:

“...Би 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдөр сумын төв дээр багийн хуралд суучихаад үдээс хойш Хайрхан нэртэй дэлгүүрт ороод байж байтал Өнөрсайхан Наранхүүд 2.5 литрийн нэрийг нь мэдэхгүй байна пиво авч өгсөн чинь уухгүй гээд буцааж хөргөгчинд хийсэн тэгсэн худалдагч нь хөргөгчны хаалганы шилийг хагалчихлаа гэсэн тэгэхээр нь түрүүн наадах чинь хагархай байсан шүү дээ гэж хэлсэн тэгтэл Өнөрсайхан намайг гараараа нэг удаа цохисон тэгээд би босож ирээд яагаад намайг цохиж байгаа юм бэ? Гээд хэрэлдсэн тэгээд би дэлгүүрийн гадаа байхад намайг дахиад нэг удаа цохисон тэгээд би яваад өгсөн...” /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

2.2. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн гэрч Б.Энхтөрийн:

“...Тэр өдөр 18 цагийн үед би Хайхрхан нэртэй хүнсний дэлгүүрт юм авах гээд ортол дотор их олон хүмүүс байсан тэгээд байж байтал гаднаас Наранхүү, Батсуурь хоёр согтуу орж ирсэн Наранхүү Өнөрсайханд пиво авч өгнө гээд Наранхүү Пиво автал Өнөрсайхан уухгүй гэсэн тэгсэн Наранхүү тэгвэл хүйтэн пиво ууя гээд хөргөгчны хаалга татахдаа шилийг нь цуулчихсан тэгсэн чинь Өнөрсайхан наад шилийг нь цуулчихлаа гэтэл Батсуурь хажуугаар нь орж ирээд наадах чинь угаасаа хагархай байсан гэж хэлсэн тэгээд Өнөрсайхан Наранхүү Батсуурь хоёрыг дэлгүүрээс гаргатал Батсуурь Өнөрсайханыг ялтан энэ тэр гээд доромжлоод байсан тэгээд Өнөрсайхан Батсуурыг нэг цохисон өөр зүйл болоогүй...” /хх-ийн 20-21 дугаар хуудас/,

 

2.3. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн гэрч Э.Наранхүүгийн:

“...Тэр өдөр сумын төв дээр багийн хуралд суугаад үдээш хойш Хайрхан хүнсний дэлгүүрт ороод Өнөрсайхан байхаар нь ганц пиво авч өгөөд би их сотгуу байсан болохоор хөргөгчны хаалганы шилийг хүмүүс хаглчихлаа гэж байсан тэгтэл Батсуурь Өнөрсайхан хоёр маргалдаад байсан тэгээд юу болсоныг сайн мэдэхгүй байна...” /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

2.4. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн сэжигтэн О.Өнөрсайханы:

“...Тэр өдөр 16 цагийн үед хөдөөнөөс сумын төвд ирээд Хайрхан нэртэй дэлгүүрт орсон юм. Тэгтэл гаднаас Наранхүү Батсуурь нар согтуу орж ирсэн тэгээд Наранхүү хөргөгчнөөс нэг том 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво аваад надад өгөхөөр нь би уухгүй гэтэл Наранхүү буцааж хөргөгчинд хийхдээ хөргөгчний шилийг нь хагалсан тэгэхээр нь би шилийг нь хагалчихлаа гэж хэлтэл Батсуурь наад шил чинь хэзээний хагархай шил шүү дээ гэсэн тэгтэл Наранхүү би маргааш ирээд янзлаад өгье гэсэн тэгсэн чинь Батсуурь Наранхүүг чи хагархай шилтэй байсан юм чинь янзлана гэж юу байдгийн гээд агсам тавиад байсан тэгэхээр нь би тэр хоёрыг дэлгүүрээс хөөж гаргаад байж байтал гаднаас 2,3 удаа орох гээд дайраад байсан тэгээд намайг харчихаад гараад ир шоронгын хадаас минь ална чамайг гээд байсан тэгэхээр нь би дэлгүүрээс гараад Батсуурыг нэг удаа алгадсан өөр зүйл болоогүй...” /хх-ийн 34-35 дүгээр хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд:

3.1. Төв аймгийн Цагдаагийн газарт Д.Батсуурийн гаргасан гомдол /хх-ийн 6 дугаар хуудас/,

3.2. 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 63 дугаар оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

3.4. Ял шийтгэлийн лавлагааг шалгахад: “О.Өнөрсайхан нь Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан” гэх /хх-ийн 39 дугаар хуудас/,

3.5 Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 357 тоот шинжээчийн дүгнэлт:

1. "Д.Батсуурын биед дээд доод уруулын салстанд язарсан шарх, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй” гэх /хх-ийн 25 дугаар хуудас/

3.6. Хохирогч Д.Батсуурийн өргөдөл “...Хохирол, гомдол саналгүй, О.Өнөрсайхантай сайн дураараа эвлэрсэн...” гэх /хх-ийн 65 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судласан болно.

Шүүгдэгч О.Өнөрсайхан нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын төвд "Хайрхан" нэртэй хүнсний дэлгүүрт 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдөр сэжигтэн О.Өнөрсайхан нь иргэн Д.Батсуурийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь

Хохирогч Д.Батсуурийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Энхтөр, С.Наранхүү нарын хэрэг бүртгэлтийн шатан мэдүүлсэн мэдүүлгүүд, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 357 дугаартай шинжээчийн дүгнэлт, сэжигтэн О.Өнөрсайханы хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн гэх мэдүүлгүүд болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгч О.Өнөрсайханы үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн түүний үйлдсэн дээрх гэмт хэргийг одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсгүүдэд нийцүүлэн зүйлчилж гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

               Иймд шүүгдэгч О.Өнөрсайханыг хүний эрүүл мэндэд санаатай халдах, хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

               Гэвч шүүгдэгч О.Өнөрсайханы холбогдсон гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын дээд хэмжээг дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацагаар зорчих эрхийг хязгаарлах ял  тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн буюу хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн,

мөн хохирогч Д.Батсуурийн шүүхэд ирүүлсэн ...О.Өнөрсайхантай сайн дураараа эвлэрсэн, надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү... гэх хүсэлт зэргийг тус тус харгалзан Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг ялаас (Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс) чөлөөлөх боломжтой гэж шүүх үзэж байгаа болно.

 

Шүүгдэгч О.Өнөрсайхан нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүй болгохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7.,

36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,38.2.1 дэх хэсэгт

заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Арслан овгийн Оргодолийн Өнөрсайханыг хүний эрүүл мэндэд санаатай халдах, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Арслан овгийн Оргодолийн Өнөрсайханд Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 201719000407 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг ялаас (Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс) чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч Арслан овгийн Оргодолийн Өнөрсайхан нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг тус тус дурдсугай.

 

4. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

5. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Лэгцэгпэлжээгийн Наранжаргалд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОРОЛМАА