Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0208

 

2023 03 13 128/ШШ2023/0208

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Э /РД:ЧС/

Хариуцагч: дүүргийн алба

Гуравдагч этгээд Т.М нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. дүүргийн засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар 450 м.кв газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээ иргэн Н.Бод /нэхэмжлэгч С.Эийн нөхөр/ олгогджээ. /х.х-н 12/

2. дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 172 дугаар захирамжийг үндэслэн иргэн Т.Мт дүүргийн 19-р хороо Гүнт зусланд зуслангийн зориулалтаар дугаартай 400 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ 15 жилийн хугацаатай олгогдсон. /х.х-н 40/

3.2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэн Н.Б, С.Э нараас дүүргийн газрын албанд хүсэлт гаргасны дагуу 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 18/329 тоот албан бичгээр Танд тус дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн *******дугаар захирамжийг үндэслэн 64262 тоот гэрчилгээ олгосон боловч манай албанд хадгалагдаж байгаа дүүргийн засаг даргын 2005 оны *******дугаар захирамжийн хавсралт, жагсаалтад таны нэр болон бүртгэл мөн эхнэр болох С.Эийн нэрээр газар олгосон захирамж шийдвэр гараагүй байна. Харин таны амьдарч байгаа хашаан дотор иргэн Т.Мт дүүргийн Засаг даргын 2004 оны 172 дугаар захирамжаар 400м2 газрыг анх эзэмшүүлсэн бөгөөд дүүргийн Засаг даргын 2019 оны дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна. Иймд таны эрх зөрчигдөж байгаа гэж үзвэл хууль хяналтын байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү. гэжээ. /х.х-н 10/

4.Мөн Нийслэлийн дүүргийн засаг даргын тамгын газрын 2022 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн тоот албан бичгийг Н.Б, С.Э нарт хүргүүлжээ. Уг хариу албан бичигт Та бүхэн дүүргийн 19 дүгээр хороо зусланд газар эзэмших эрхтэй холбоотой ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч судлав. Хүсэлтэд дурдсан асуудлаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй. гэжээ. /х.х-н 11/

5.Нэхэмжлэгч С.Эээс 2022 оны 07 дугаар сарын 07-ний өдөр дүүргийн албанд холбогдуулан Иргэн С.Эийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргахгүй байгаа дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээ гаргуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тухайн үед нөхрийн хамт газар эзэмших өргөдөл гаргаж, залгаа газрыг эзэмшсэн, гэрчилгээн дээрх нэрийг нь өөрөөр бичсэн байсан тул газрын албанд буцааж өгөөд авч чадаагүй, газар эзэмших эрхтэй гэж маргаж байна.

6.Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: С овогтой Э би Н овогтой Бтой нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд зохих хууль, журмын дагуу дүүргийн засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн *******дугаартай захирамжаар бид тус бүр 450 м2 буюу нийт хөрш залгаа 900 м2 газрыг Гүнтэд зуслангийн зориулалтаар эзэмшихээр 2007.04.25-нд газар эзэмших эрхийн Гэрчилгээ гаргуулан авч тэр үеэс хойш уг 900 м2 газрыг хашаалан байшин барьж зориулалтын дагуу эзэмшиж байгаа. Тус бүр 450 м2 буюу нийт хөрш залгаа 900 м2 газрыг зуслангийн зориулалтаар эзэмших гэрчилгээг бид хоёр дүүргийн газрын албанд очиж авах үед /2007 оны 04 сар газар эзэмших гэрчилгээ дээр С овогтой Э миний нэрийг С овогтой Э*******" гэж андуурч бичсэн байсан учир би тэр дор нь уг гэрчилгээг эх хувиар нь тухайн үед ажиллаж байсан газрын байцаагч Э.Бнд эргүүлэн өгч миний овог нэрийг залруулан шинээр гэрчилгээ гаргаж өгөхийг хүссэн. Э.Бн байцаагч нэр буруу бичигдсэн гэрчилгээг аваад үлдсэн. Бидэнд гэрчилгээг залруулга хийн буцаан өгөөгүй, бид ч нэгэнт захирамж кадастр нь байгаа учир асуудал үүсэхгүй байх гэж бодон тайвширсан. Гэтэл 2019 оноос бидэн рүү газрын албанаас ярин хашаагаа сунгаад барьчихсан байна, Т.М гэх хүний газар дээр хашаагаа сунгаад барьчихсан байна гэсэн агуулгатай зүйл хэлсэн. Бидний хувьд анх 2007 онд хашаагаа барихдаа тухайн үеийн газрын албаны хүмүүст хэмжүүлэн барьсан учир ийм зүйл байх учиргүй. дүүргийн засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн *******дугаартай захирамжаар бидэнд газар эзэмшүүлсэн бөгөөд энэ захирамжийн хавсралтад Н.Б, С.Э бидний аль алиных нь нэр байхгүй байгаа нь хачирхалтай байна. Иймд дүүргийн нутаг дэвсгэр зусланд Н.Бод дугаартай гэрчилгээгээр эзэмшүүлсэн газартай хил залгаа, хашаалсан байгаа 450 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг иргэн С.Э миний нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Миний хувьд энэ нэхэмжлэлийг өмнө нь тус шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс 2022 06.28-ны өдөр ******* дугаартай захирамж гарч нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож өгсөн. Энэ захирамжийн агуулга нь 1-т хариуцагчийг зөв тодорхойлох. 2-т нэхэмжлэлийн шаардлагад захиргааны актыг тусгаагүй талаар дурдсан. Миний хувьд ******* дугаартай захирамжид дурдсанаар Газрын тухай хуулийн 234.2-т зааснаар дүүргийн албыг дангаар хариуцагчаар татаж байгаа ба харин "... Захиргааны актыг тусгаагүй" гэдэг бүрдүүлбэрийг нь сайн ойлгохгүй байна. Нэхэмжлэлд энэ талаар тодорхой өгүүлсэн. дүүргийн засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн *******дугаартай захирамжаар миний нөхөр Н.Б болон бид хоёрт маргаж буй газрыг эзэмшүүлсэн боловч дараа нь үл мэдэгдэх шалтгаанаар миний нөхөр бид хоёрын нэр *******дугаартай захирамжийн хавсралтаас алга болсон байсан. Газар эзэмшүүлэх гэрчилгээ дээр миний нэрийг буруу бичсэнийг залруулахаар дүүргийн газрын албанд гэрчилгээг буцаан өгсөн, дараа нь энэ талаараа газрын албанд хандахад миний газрыг өөр хүн эзэмшиж байгаа гэсэн агуулгатай мэдээлэл өгөөд байгаа учраас өөрийн нэр дээр маргаж буй газрын эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулахыг шаардаж байгаа юм. Өөрөөр хэлбэл захиргааны акт гаргуулахыг даалгах шаардлага гаргаж байгаа юм. гэжээ.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Солын Э түүний нөхөр Н.Б нар нь хууль журмын дагуу 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн *******дугаартай захирамжаар тус бүр 450 м.кв буюу нийт хөрш залгаа 900 м.кв газрыг эзэмшиж газрыг тойруулан хашаа барьж байшин барьж одоог хүртэл амьдарч байгаа. 2007 онд хариуцагч дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын гэрчилгээ гарсан, ирж аваарай гэж мэдэгдсэн. дүүргийн Газар зохион байгуулалтын албанд очиж Н.Бын гэрчилгээг өгсөн харин нэхэмжлэгч С.Эийн гэрчилгээ дээрх нэрийг С.Э******* гэж буруу бичсэн байсан учраас нэхэмжлэгчийн зүгээс эх хувийг хуулбарлаж аваагүй байхдаа миний нэрийг буруу бичсэн байна, залруулж өгнө үү гэхэд газрын албанаас уучлаарай залруулж өгье гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс нэгэнт газрын кадастрын зураг гарсан асуудалгүй газраа хашаалж, байшин барин хөрөнгө оруулалтаа хийсэн байсан. Үүний дараа 2019 онд газрын албанаас холбогдож Т.Мын хашаатай газартай давхацсан байна гэдэг асуудал гарсан учраас шүүхэд хандсан. Тухайн үед холбогдох бүх материалаа гаргаж өгсөн байхад яагаад газрын албанаас гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаад гайхаж байна. /хардаж, сэжигтэй байгаа/ Тийм учраас газрын албанаас нэхэмжлэгчийн газар эзэмших гэрчилгээг гаргаж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн *******дугаар захирамжийг үндэслэн 64262 тоот гэрчилгээг Н.Бод олгосон боловч тус албаны архивд хадгалагдаж байгаа дүүргийн Засаг даргын *******дугаар захирамжийн хавсралт, жагсаалтад С.Э /С.Э*******/, Н.Б нэрээр газар олгосон захирамж шийдвэр гараагүй байна. Мөн дээрх иргэний амьдарч буй хашаан дотор иргэн Т.Мт дүүргийн Засаг даргын 2004 оны 172 дугаар захирамжаар 400 м.кв газрыг анх эзэмшүүлсэн бөгөөд дүүргийн 2019 оны дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна. гэжээ.

9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.М нь 2004 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 172 дугаар дүүргийн Засаг Даргын захирамжаар 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх авсан. 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр газар эзэмших тухай гэрчилгээ гарсан. Газрын кадастрын зураг гарсан, хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Тухайн үед газар эзэмших хугацаа дуусаж, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн захирамжаар Т.Мын эзэмшлийн газрын газар эзэмших эрхийг сунгасан. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шинэ газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмших гэрээ байгуулагдсан. Т.Мын хувьд хуульд заасан журмын дагуу газар эзэмшиж байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж байгаа үйл баримтаа одоог хүртэл нотолж чадаагүй. Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газар, дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хэд хэдэн удаа шүүхээс албан бичгээр нотлох баримт гаргуулахаар шаардахад хариу албан бичгийн хариуд манай газрын мэдээллийн санд С.Э, Н.Б нарын нэр дээр регистрийн дугаараар шүүлт хийж үзэхэд аль аль иргэний нэр дээр бүртгэлтэй лавлагаа байхгүй байна гэдэг хариу ирсэн. Харин Т.Мын газрын хувийн хэрэг шүүхэд нотлох баримтаар ирсэн байгаа. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт болзолтойгоор хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан. Мөн хуулийн 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Нэхэмжлэгч С.Э нь албан ёсны газар эзэмшигч биш учраас газар эзэмших хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх ямар ч боломжгүй. Тийм учраас анх нэхэмжлэлийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэлийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гаргасан гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Цаг хугацааны хувьд 2004 онд Т.М анх тус газар дээр газар эзэмших эрхтэй болсон. Нэхэмжлэгч нь 2007 онд газар эзэмших эрх авсан. Эдгээр үйл баримтуудыг тодруулахаар шүүхээс хэд хэдэн удаа албан тоот явуулсан хэдий ч нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхтэй болох нь нотлогдоогүй. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх рүү нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шүүгчийн захирамжийг буцаасан тухайд Э.Бныг гэрчээр асуух шаардлагатай, Н.Б, С.Э нар тухайн үедээ энэ газрыг эзэмшихээр хүсэлт өгч байсан эсэхийг тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр захирамжийг буцаасан. Давж заалдах шатны шүүхийн тогтоолын дагуу захиргааны байгууллагуудаас нотлох баримт шаардсан боловч нэхэмжлэгч нь 2005 оноос хойш газар эзэмших тухай нэг ч удаа хүсэлт гаргаж байгаагүй. Амаар ямар ч баримтгүйгээр тайлбар гаргаж байх тул нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж чадахгүй байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь ямар ч үндэслэлгүйгээр маргаж, дур мэдэн маргаан бүхий газар дээр амьдарч байна. Маргаан бүхий газрыг хууль ёсны эрхийн гэрчилгээний дагуу 2004 оноос хойш Т.М эзэмшиж байна. Энэ асуудлаар иргэний шүүхэд газрыг чөлөөлүүлэхээр гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэл гаргана. Хууль бусаар газар эзэмшсэнээр Т.М нь өөрийн эзэмшлийн газар дээрээ одоог хүртэл амьдарч чадахгүй байна. Газар эзэмшүүлэх тухай захирамжийг нэхэмжлэгч нь хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр газрын албанаас Н.Бын нэр дээр захирамж гараагүй, нэр буруу бичигдсэн гэх С.Э*******ийн нэр дээр гарсан ямар нэг захирамж, гэрчилгээ, газрын хувийн хэрэг байхгүй байна, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Н.Б, С.Э нарын дээр захирамж гараагүй, манай газрын албанд газрын хувийн хэрэг хадгалагдаагүй байна мөн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хариу албан бичгүүд тус тус ирсэн. Газрын давхцалтай эсэхийг тодруулахаар шүүхээс холбогдох захиргааны байгууллагууд руу албан тоот явуулахад давхцалгүй, газрын албан ёсны эзэмшигч нь Т.М гэсэн хариу албан бичгүүд ирсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдөөгүй байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. С.Эийн нэхэмжлэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт тулгуурлан дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Тус шүүхээс нотлох баримт цуглуулах дараах ажиллагааг хийсэн. Үүнд:

-Тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 1/8533 тоот албан бичгээр Нийслэлийн дүүргийн албанд нотлох баримт гаргуулахаар хүргүүлжээ. /х.х-н 70/

- дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18/726 тоот албан бичгээр Дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 153-р захирамжийг үндэслэн 64262 тоот гэрчилгээг Н.Бод олгосон боловч тус албаны архивт хадгалагдаж байгаа дүүргийн Засаг даргын 153-р захирамжийн хавсралт, жагсаалтад С.Э /С.Э*******/, Н.Б нарын нэрээр газар олгосон захирамж шийдвэр гараагүй тул манай албаны архивт дээрх иргэдийн хувийн хэрэг хадгалагдаагүй байна. Харин дээрх иргэний амьдарч буй хашаан дотор иргэн Т.Мт дүүргийн Засаг даргын 2004 оны 172 дугаар захирамжаар 400 м.кв газрыг анх эзэмшүүлсэн бөгөөд дүүргийн 2019 оны дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна. гэх хариуг ирүүлжээ. /х.х-н 71/

-Мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/2142 тоот албан бичгээр 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын ******* дугаар бүхий 629 м.кв талбайтай газар нь регистрийн /*******/ дугаартай иргэний нэр дээр бүртгэгдсэн байна. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн мэдээлэлд дээрх газрын нэгж талбарын дугаар ******* болж өөрчлөгдөн 629 м.кв талбайтайгаар регистрийн ******* дугаартай иргэний нэр дээр бүртгэгдсэн байна. Харин газрын кадастрын мэдээллийн сангаас регистрийн ******* дугааруудаар хайлт хийж үзэхэд тус иргэдийн нэр дээр бүртгэгдсэн газар байхгүй байна. гэжээ. /х.х-н 103-107/

-Нийслэлийн дүүргийн албанаас 2022 оны 11 дүгээр сарын 17-гий өдрийн ******* тоот Тайлбар хүргүүлэх тухай албан бичгээр Иргэн С.Э, Н.Б нар нь өнөөдрийн байдлаар тус албанд газар эзэмших тухай хүсэлт ирүүлж байгаагүй болно. Мөн С.Э, С.Э*******, Н.Б нарт газар эзэмшүүлэх тухай дүүргийн Засаг даргын захирамж шийдвэр гараагүй байна. Иргэн Н.Б нь 2006-2019 оны газрын төлбөр 81540 төгрөгийг 2019 онд төлсөн. Иргэн С.Э нь газрын төлбөр төлж байгаагүй, иргэн Т.М нь 2004-2019 оны газрын төлбөр болох 77760 төгрөгийг төлсөн байна. гэжээ. /х.х-н 117/

-Мөн тус шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр маргаан бүхий газар болон Нийслэлийн албаны байранд баримт бичигт тус тус үзлэг хийжээ.

-Тус шүүхийн үзлэгийн тэмдэглэлд 2005 онд "Өргөдөл гомдлын дэвтэр зуслан" гэсэн 3 дэвтэр тус бүрийг шүүн үзэхэд С.Э, Н.Б гэсэн иргэдээс хүсэлт гаргасан бүртгэл байхгүй, дүүргийн албаны "Газрын кадастрын систем хэсэгт нэвтрэн үзэхэд 2012-2017 оны бүртгэлийн excel файлыг үзэхэд Солын Э, Нн Б гэсэн бүртгэл байхгүй." гэжээ. /х.х-н 154-234/

-Тус шүүхээс шаардсан албан бичгийн дагуу дүүргийн албаны 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 18/132 тоот албан бичгээр "Иргэн Н.Б /*******/ нь тус албанд шинээр газар эзэмших тухай хүсэлт ирүүлж байгаагүй мөн газар эзэмшүүлэх тухай дүүргийн Засаг даргын захирамж шийдвэр гаргаагүй тул газар баталгаажилтын хувийн хэрэг үүсээгүй байна." гэх хариуг тус тус ирүүлжээ.

3. Хэрэгт авагдсан баримт, шүүхээс хийгдсэн ажиллагаа, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтуудаас үзвэл иргэн маргаан бүхий газрыг эзэмшихээр Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг аргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана гэж зааснаар нэхэмжлэгч С.Э өргөдөл гаргасан нь тогтоогдохгүй байх тул мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй.

4. Мөн нэхэмжлэгчид маргаан бүхий газартай холбогдуулан Засаг даргын захирамж гараагүй, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэл байхгүй, хувийн хэрэг үүсээгүй, өргөдөл гомдол гаргасан бүртгэл байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

5. Нэхэмжлэгч тухайн үед өргөдөл гомдлоо гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч шүүхээс захирамж, гэрчилгээ гарч байсан эсэх болон өргөдөл гаргаж байсан эсэх талаар бүхий л ажиллагааг хийсэн боловч нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

6.Иймд С.Эээс дүүргийн албанд холбогдуулан гаргасан Иргэн С.Эийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргахгүй байгаа дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээ гаргуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7.Энэхүү шийдвэр нь иргэн Н.Боос шүүхэд нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдав.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Эээс дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Иргэн С.Эийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргахгүй байгаа дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээ гаргуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ