| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2023/00230/И |
| Дугаар | 135/ШШ2023/00505 |
| Огноо | 2023-04-18 |
| Маргааны төрөл | Ноогдол ашигын хувиргалтын маргаан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 135/ШШ2023/00505
| 2023 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 135/ШШ2023/00505 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 142/2023/00230/и
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *** дугаар баг, ******* ******* ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ** дугаар баг, *** айлын байрны ** тоотод оршин суух, овогт ******* ******* холбогдох,
"4,660,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Хариуцагч Г.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Г.гээс нийт 4,660,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр манай хүү Б. насанд хүрээгүй байхдаа гар утсаа ломбардад тавиад койн өсгөж өгнө гээд 2,400,000 төгрөг аваад Г.******* өгсөн байсан. Койн гээд тоглоом байдаг, чамайг оруулж өгнө гэсэн байсан. Яг тэр өдөр нь би хүнд өгөхөөр түр хүү Б.аагийн дансанд хийсэн байсан 2,900,000 төгрөгийг гялс өгчих гэж дарамталж нэмж аваад нийт 5,300,000 төгрөгийг Г. өөртөө шилжүүлж авсан байсан. Тэгээд койн өссөн гээд өдөрт 20,000-30,000 төгрөгөөр нийт 640,000 төгрөг буцааж өгсөн, өөр мөнгө өгөөгүй. Иймд 4,660,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анх Б.тай 2022 оны 06 дугаар сарын үед н. гэж найзтайгаа явж байгаад танилцаж байсан. Би тэр үед dogex.red гэх сайт дээр койнд хөрөнгө оруулж мөнгөө өсгөдөг байсан. Би тухайн үед 700,000 төгрөгөөр хөрөнгө оруулж мөнгөө өсгөж байсан. Түүнийг Б. мэдээд хаанаас ингэж мөнгө олоод байгаа юм бэ надад заагаад өгөөч гээд би зааж өгсөн. Тэр үед Б. би ааваасаа мөнгө гуйгаад хөрөнгө оруулмаар байна гэж хэлсэн. Б. аавтайгаа уулзсан ч аав нь зөвшөөрөөгүй гэсэн. Тэгээд утсаа ломбардад 2,500,000 төгрөгт тавьж миний данс руу 2,400,000 төгрөг хийж миний хөрөнгө оруулах койн данс руу хийгээд өгөөч гэж гуйж байсан. Утсаа ломбардад тавихад нь би хамт явсан. Б. насанд хүрээгүй болохоор CoinHub дээр данс нээлгэх боломжгүй, тийм учраас миний дансаар дамжуулж CoinHub дээр арилжаа хийх зорилготой, миний Хаан банкны дугаартай данс руу мөнгийг нь авч, би мөнгийг нь CoinHub руу шилжүүлсэн. Мөн 2022 оны 06 сарын 24-ний өдөр ээжээсээ мөнгө авчихлаа гээд 2,900,000 төгрөгийг мөн миний дансруу шилжүүлж, би цааш нь койн авахаар шилжүүлсэн. Би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй түүний дэргэд шилжүүлсэн. Б. өдөрт ашгаа авч байгаа гэж байсан бөгөөд буцаан авч байгаа мөнгө нь Б. өөрөө авч байсан, би түүнийг мэдэхгүй. Тэгээд хэд хоногийн дараа Б. надруу яриад мөнгө орж ирэхээ больчихлоо гэж ярьсан. Би ч бас 700,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байсан. Бас мөнгө орж ирэхгүй байсан бөгөөд хүмүүсээс асуухад луйврын сайт байсан. Тэгээд Б. намайг утсаа зарчих, компьютерээ зарчих, ээжийн мөнгийг олж өгөх ёстой гэж хэлж байсан бөгөөд би зөвшөөрөөгүй. Би Б.******* мөнгийг аваагүй, түүний хүсэлтээр койн авахаар шилжүүлсэн.Мөн би өөрөө ч бас хохирогч болоод явж байгаа. Иймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ******* аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 474 дугаратай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Б.******* Худалдаа хөгжлийн банкны дугаартай дансны хуулга зэргийг гаргаж өгсөн.
4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн захирамжын дагуу нотлох баримтаар Г.******* холбогдох дугаартай хэргийн материалыг эх хувиар нь ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Г.******* холбогдуулан 4,660,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Шүүхэд анх З. тус нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар түүнийг жинхэнэ нэхэмжлэгч болох Б.аар сольсон болно. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 5,300,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр Б.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч 640,000 төгрөгийг хүлээн авсан гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаас энэ дүнг хасаж, 4,660,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодруулсан болно.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З. шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ... миний хүү Б.аас койн худалдан авч, мөнгийг нь өсгөж өгнө гэж хэлээд нийт 5,300,000 төгрөг өөрийн дансандаа шилжүүлэн авсан бөгөөд үүнээс 640,000 төгрөгийг буцаан өгсөн тул үлдэх 4,660,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ... Б.******* хүсэлтээр нийт 5,300,000 төгрөгийг миний дансруу шилжүүлснийг би түүний хажууд койн худалдан авч мөнгийг нь холбогдох дансанд шилжүүлсэн. Түүнээс би мөнгийг нь өөртөө аваагүй тул төлөх үндэслэлгүй. Би ч өөрөө мөнгөө койнд оруулаад алдаж, хохирсон явж байна гэж маргадаг болно.
4. Хэрэгт авагдсан Б.******* худалдаа хөгжлийн банкны дугаартай дансны хуулга, талуудын тайлбараар нэхэмжлэгч Б. нь хариуцагч Г.******* өөрийн өмчлөлийн гар утсаа барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан авсан мөнгөнөөсөө 2022 оны 06 сарын 22-ны өдөр 2,400,000 төгрөг, мөн өөрийн ээж З.ын бусдад өгөхөөр шилжүүлсэн 2,900,000 төгрөгийг 2022 оны 06 сарын 24-ний өдөр тус тус койн авах зорилгоор Г.гийн Хаан банкны дугаарын дансанд шилжүүлсэн, 640,000 төгрөг буцаан авсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З. ******* аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасны дагуу мөрдөгчийн 2022 оны 08 сарын 22-ны өдрийн дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, ажиллагаа явуулаад ******* аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 474 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор Б. нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд Г. рүү койн худалдан авахаар 5,300,000 төгрөгийг шилжүүлж залилуулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн байна.
6. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа Dogex.red гэх сайтад хөрөнгө оруулахын тулд оруулж байгаа мөнгөө Doge койн болгон хөрвүүлж, койноо шилжүүлэх шаардлагатай бөгөөд ингэхийн тулд насанд хүрээгүй хүүхэд данс нээх боломжгүй тул би өөрийн дансаар мөнгийг авч шилжүүлсэн гэх тайлбар, хэрэгт авагдсан Б.******* иргэний үнэмлэхээр тухайн үед буюу дээрх хэлцэл хийгдэх үед нэхэмжлэгч Б. нь 18 насанд хүрээгүй байсан байна.
7. Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байх бөгөөд 16.2-т зааснаар хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ.
Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т зааснаар насанд хүрээгүй иргэн хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн хөдөлмөрийн хөлс, оюутны тэтгэлэг, тэдгээртэй адилтгах бусад орлого, тэдэнд өөрийн үзэмжээр захиран зарцуулахад нь зориулж шилжүүлсэн эд хөрөнгийг захиран зарцуулах, өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцэл хийх эрхээ бие даан хэрэгжүүлж болохоор байна.
8. Талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б. нь нийт 5,300,000 төгрөгийг нэмэгдүүлэх зорилгоор хариуцагч Г.гийн дансанд шилжүүлж, Г. нь Б.т койн худалдан авч өгөхөөр харилцан тохирсон байна.
Энэхүү хэлцлийг байгуулах үед нэхэмжлэгч Б. нь 18 насанд хүрээгүй буюу эрх зүйн бүрэн бус чадамжтай байсан байна.
Нэхэмжлэгч Б. нь өөрийн өмчлөлийн гар утсаа бусдад барьцаалан авсан 2,400,000 төгрөгийг Г.гийн дансанд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.1-т зааснаар түүнд өөрийн үзэмжээр захиран зарцуулахад нь зориулж шилжүүлсэн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийнхээ хүрээнд хийсэн үйлдэл байна гэж үзнэ.
Иймд гар утсаа бусдад барьцаалан авсан мөнгөө койн авах зорилгоор хариуцагчид шилжүүлсэн нь тогтоогдож байгаа бөгөөд дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч Б. сайн дураараа өөрийн эд хөрөнгөө захиран зарцуулсан тул үүнийг хариуцагчаас шаардах үндэслэлгүй байна.
9. Талуудын тайлбараар Б.******* ээж З.ын хүнд өгүүлэхээр шилжүүлсэн мөнгө болох 2,900,000 төгрөгийг Б. нь Г.******* койн авах зорилгоор 2022 оны 06 сарын 24-ний өдөр шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэхүү тохиролцоо нь дээрх хуульд заасан насанд хүрээгүй этгээдэд хуулиар зөвшөөрсөн хэлцэл биш байна.
Хариуцагч Г.гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тухайн хөрөнгө оруулан койн худалдан авч хөрвүүлдэг сайтад насанд хүрээгүй этгээд нэвтрэх, хаяг нээх, бүртгүүлэх боломжгүй, хязгаарлалттай байдаг болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэхүү шалгуурыг хариуцагч Г. мэдсэн атлаа өөрийн дансаар Б.аас шилжүүлсэн мөнгийг хүлээн авч, тухайн сайтад койн худалдан авсан байдал тогтоогдож байна.
Мөн нотлох баримтаар ******* аймгийн Прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан гэрч З.Эрдэмийн ... Койн хаб ХХК нь 2021 оны 04 сарын 07-ны өдөр үүсгэн байгуулагдаж, вертуал хөрөнгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компани. Харилцагч Ц. нь 2022 оны 05 сарын 23-ны өдрөөс эхлэн манай биржид Doge койны арилжаа хийж эхэлсэн бөгөөд Койн хаб ХХК-ийн арилжааны системд дугаартай хаан банкны дансыг холбосон байна. ... Г. нь 2022 оны 06 сарын 22-ны өдөр 22 цаг 33 минутад 2,400,000 төгрөгөөр өөрийнхөө хэтэвчийг цэнэглэж, нийт 2,399,941 төгрөгийн үнэ бүхий 12,592 Doge койн худалдан авсан ба 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шөнийн 03 цаг 20 минутад 9,806,699 Doge койныг D8xTc9WvXQ86HsqNKEeBgiyrs7e4ypVbCe хаягтай хэтэвч рүүшилжүүлсэн байна. Үүний дараа 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 17 цаг 04 минутад 2,900,000 төгрөгөөр өөрийнхөө хэтэвчийг цэнэглэж 4,898,189 төгрөгийн үнэ бүхий 22,460.59 Doge койн худалдан авсан байна.Үүнээс 10,620.06, 1,177,920 койныг дээрх хаяг руу 2 удаагийн үйлдлээр шилжүүлсэн байна. Энэхүү хаяг нь койн хаб биржэд бүртгэлгүй гадны хаяг болно. Тус хаягийн эзэмшигчийг койн хаб биржээс тодорхойлох боломжгүй гэсэн мэдүүлэг дээрх үйл баримтыг нотолж байна.
10. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх бөгөөд 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч Г. нь Б. өөрөө сайн дураараа өөрөө хүсэж мөнгөө шилжүүлэн, койн худалдан авсан, би түүнд койн худалдан авахад нь тусласан гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хоорондын тохиролцоо нь дээрх хуульд зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Г.гээс 2,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,760,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.
11. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,450 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.гээс улсын тэмдэгтийн хураамжид 61,350 төгрөг гаргуулж, Б.т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч Г.гээс 2,900,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1,760,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,450 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.гээс улсын тэмдэгтийн хураамжид 61,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ