| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 194/2025/1931/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2204 |
| Огноо | 2025-09-22 |
| Зүйл хэсэг | 11.2.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2204
2025 09 22 2025/ШЦТ/2204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, Н.Оролжмаа,
шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Ж.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б Э,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ө овогт Г.Ц нарт холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ....................... урьд ял шийтгэлгүй,
Ш овогт Б Э /РД:.........................../,
2. Монгол Улсын иргэн, .............................., урьд ял шийтгэлгүй,
Х ө овогт Г.Ц /РД:............../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ................. хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас өөрийн гарт байсан заазуураар Г.Цгийн толгойн тус газарт цохиж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Г.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр ................... Б.Этэй маргалдаж улмаар гараараа цохих, түлхэх зэргээр биед нь тархи доргилт, 2 талын чамархайн хуйх, баруун сарвуу, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн гарын долоовор хуруу, баруун гуянд цус хуралт, зүүн сарвуу, шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас: шүүгдэгч нарын гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 369 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг;
Шүүгдэгч Г.Цгийн өмгөөлөгч Ж.Ганболдоос: “Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Иймд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 41-51 дүгээр тал, хавтаст хэргийн 91-97 дугаар тал, хавтаст хэргийн 146-148 дугаар тал, хавтаст хэргийн 161 дүгээр тал, хавтаст хэргийн 162-174 дүгээр тал, хавтаст хэргийн 173 дугаар тал, хавтаст хэргийн 175 дугаар тал, хавтаст хэргийн 180 дугаар талд авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж оролцоно” гэв.
Шүүгдэгч Б.Эий өмгөөлөгч Э.Мөнхзолбоогоос: “Гэм буруу дээрээ маргахгүй. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 33 дугаар тал, хавтаст хэргийн 52-53 дугаар тал, хавтаст хэргийн 238-239 дүгээр тал, хавтаст хэргийн 97-98 дугаар тал зэрэг нотлох баримтыг шинжлэн судлуулж оролцоно гэсэн бол,
Шүүгдэгч Б.Эий өмгөөлөгч Н.Оролжмаагаас: “Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 33 дугаар тал, хавтаст хэргийн 52-53 дугаар тал, хавтаст хэргийн 238-239 дүгээр тал, хавтаст хэргийн 97-98 дугаар тал зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалж оролцсон болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Г.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Насанд хүрээгүй хохирогч Б.Эий “... Би тухайн өрөөний гол хэсэгт байх зурагтны урд талын буйдан дээр сууж байсан Ц гэх нэртэй охин нь миний хойноос түлхэж орж ирээд, намайг буйдан ширээ хоёрын завсраар газар унагаагаад, миний хөлөн дээр гарч суугаад толгой руу цохиж байтал нэг охин нь миний нүд рүү өвдөглөсөн, хэн байсныг нь харж мэдээгүй. Тэгээд толгой эргэж, нүд харанхуйлж байх үед миний биед үүссэн бусад гэмтлүүдийг миний дээр гарч суусан Ц гэх охин учруулсан гэж бодож байна. 2 талын чамархай руу Ц 2 гараараа ээлжилж цохиод байсан юм ...” гэх мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 31-33 дугаар тал/,
Насанд хүрээгүй хохирогч Г.Цгийн “...Тэгээд гэр дотор би Э гэх охин, Э, үл таних нэг охин /М зургийг харуулахад мөн байна гэж танисан/ Э бид нар үлдсэн ба Энхмарал тэдний араас гарсан юм. Тэгээд маслоны хутгаараа Э руу далайхаар нь Эг татаж хамгаалтал, Э руу хутгаар далайсныг мэдээд уурлаад бүх их хэрүүл болсон. Тэгээд Э М Э нар зууралдан зодолдож эхлэхэд миний урдаас хараад зогсож байсан Э над руу дайрч ирээд надтай барьцалдаад зурагтны өмнө буйдан дээр очоод байж байтал намайг зүүн гараараа үсдэж байгаад баруун гараараа цохиод байсан. Тэгээд намайг олон удаа цохиулж байтал толгой дээр гэнэт жирс хийх шиг болохоор нь тэр охиныг тэвэрч аваад буйдан руу түлхчихээд доошоо хартал гутлан дээр миний цус дусаад нилээн их цус гарч байсан ба толгой дээрээ дараад буйдан дээр байх Э рүү хартал гарт нь ногоон иштэй гал тогооны заазуур байсан ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 41-42 дугаар тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.Э “...Э Цгийн урдаас аймаар хашгираад байж байтал Ц Эийг үсдээд нэг нэгнийхээ бие рүү цохилцоод байсан ...” гэх мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 52-53 дугаар тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.М “...Э бид хоёр гэрийг нь хараад сууж байхад нөгөө эхний ирсэн хоёр охин болох Э нөгөө охин дээр дахиад 4 охин нэмэгдэж ирсэн хэрүүл маргаан үүсгэсэн. ...нөгөө 4 охин Э рүү дайраад буйдан дээр дарчихсан тал талаас нь цохиж байсан, ... Д тэр заазуурыг зурагтын тавиур доороос давцан дээрээс нь аваад гартаа барьчихсан буйдан дээр сууж байсан тэгээд байж байтал гаднаас тэр охидууд орж ирж таарсан ба зодоон ч эхэлсэн ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 55-56 дугаар тал/,
Насанд хүрээгүй гэрч Э.Э “...Тухайн үед хоорондоо зодолдож цохилцож нэг нэгнийгээ гэмтээсэн асуудлыг би хараагүй. Сүүлд нь Цгийн толгойноос цус гарсан, дух, баруун хацар, хамартаа зүсэгдсэн юм шиг шархтай байхыг харсан юм. Байшин дотор юу болсоныг би мэдэхгүй ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 71-73 дугаар тал/,
Гэрч М.Ч “...Тэнд 5 охин үлдээд бид нартай зөрөөд гэр лүү ороод Д М хоёртой зодолдоод поольдуулчихсан гэтэл Д гэх охин уурандаа маслоны хутга хашааны гадаа толгой руу шидсэн гэж сонссон. Бид нарыг ирэх хооронд тийм зүйл болчихсон байсан ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 75 дугаар тал/,
Гэрч Э.Эын “...тухайн үед байшинд Э, Э, Ц, М нар байсан. Э болон М нар нь хоорондоо хэрэлдэж байсан. Харин Ц Э нар нь хоорондоо ноцолдоцгоож байсан ...” гэх мэдүүлэг / 2 хавтаст хэргийн 158 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Б “... Б.Э нь 2021 оны 11 сард Гэмтэл согог судлалын үндэсний төвд 150,000 төгрөгийн гэмтлийн яаралтай тусламж, 23.800 төгрөгийн амбулаторийн үзлэг, Нийслэлийн түргэн тусламжийн төвд 45,000 төгрөгийн ойрын дуудлагын үйлчилгээ авч нийт 668.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б Э, Г.Ц нараас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 45-46 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, С.Ч 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11604 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “...Г.Цгийн биед дух ясны шугаман хугарал, дух зүүн хацар, хамарт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр, 2021.11.19-20-нд шилжих шөнө үүсэх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх дух ясны шугаман хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэжээ /1 хавтаст хэргийн 93-94 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Ч 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11608 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “...Б.Эий биед тархи доргилт, 2 талын чамархайн хуйх, баруун сарвуу, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн гарын долоовор хуруу, баруун гуянд цус хуралт, зүүн сарвуу, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, 2021.11.19- 20-нд шилжих шөнө үүсэх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ / 1 хавтаст хэргийн 97-98 дугаар тал/,
Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Ч 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Хэргийн материалаар хийсэн №245 тоот дүгнэлтэнд: “Б.Эий биед тухайн үед тархи доргилт, 2 талын чамархайн хуйх, баруун сарвуу, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн гарын долоовор хуруу, баруун гуянд цус хуралт, зүүн сарвуу, шуунд зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох, өшиглөгдөх, унах үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2021.11.20-ны өдөр 1 цаг хугацаанд үүссэн байх боломжтой, нэмэлтээр ирүүлсэн материалуудад дээрх гэмтлүүдээс өөр нэмэлт гэмтэл тогтоогдсонгүй. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно” гэжээ /1 хавтаст хэргийн 119-122 дугаар тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 451 дүгээр дүгнэлтэнд: “1.Б.Э нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.Э нь тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай байсан байна. Б.Э нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.Э нь өөрийнхөө үйлдлийг мэдэж, удирдаж чадаж байсан байна. Б.Э нь дээрх хэрэг болсноос хойш сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.Э нь хэрэг болох үед сэтгэл санаа нь цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэжээ / 2 хавтаст хэргийн 92-94 дүгээр тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1 хавтаст хэргийн 19 дүгээр тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 20-22 дугаар тал/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл / 1 хавтаст хэргийн 23 дугаар тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /1 хавтаст хэргийн 24 дүгээр тал/,
Мөрдөгчийн тэмдэглэл / 2 хавтаст хэргийн 166-167 дугаар тал/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтаст хэргийн 222-225 дугаар тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2 хавтаст хэргийн 15-19 дүгээр тал, 20-23 дугаар тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /2 хавтаст хэргийн 25 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Эий “...Би хүн зодохоор бэлдэж биедээ эсвэл гартаа болон өөртөө барьж байсан зүйл байгаагүй. Харин Ц миний дээр гараад намайг зодох үед гартаа таарсан зүйлээрээ цохисон юм. Цохих үедээ юу байсныг мэдээгүй юм ...” гэх мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 238-239 дүгээр тал/,
Шүүгдэгч Г.Цгийн гэрчээр өгсөн “...миний найз Мандахаа гэх охин мессенжерээр залгаад хурдан ирж авах боломж байна уу энд партид ирсэн чинь гаргахгүй байна гэхээр нь найз Эгийн найз залуу О бас манай найз залуу Б бид 3 Монголын үндэсний телевизийн замын эсрэг талын тэр хавьцаа нэг айлд очоод хашааны гадна талд очиход манай найз охин гүйгээд гараад ирсэн. Тэгтэл араас нь 2 охин гарч ирээд уйлаад тэгснээ өшиглөөд байсан тэгээд жижиг биетэй шар царайтай охин нь хутга бариад бас дайраад байсан аяга болон пивоны шил шидээд байсан. Тэгээд тэр жижиг шар охин хүмүүс рүү дайрч байснаа намайг О Б 2 машиндаа сууж үлдээд охидууд нь ярилцаад 2 найзаа аваад гараад ир гэсэн. Тэгээд бид ороод байж байтал миний толгой руу цохиод байхаар нь ор луу түлхэж унагаасан бөгөөд тэгсэн чинь толгой жирс гээд явсан тэгээд манай найзууд хүүе чиний толгой гэсэн чинь миний толгойноос гарч байсан. Тэгээд цусаа хараад машинтайгаа ирсэн найзууд руугаа гүйсэн. Тэгээд миний араас тэр байшинд байсан залуучууд манай найз банди болон түүний найзыг зодно гээд хөөсөн чинь манай 2 машинтайгаа зугтаасан. Би тэр 2 руу доошлоод гүйж байхад тэр 2 эргээд ирсэн. Тэгээд шууд гэмтэл орж толгойгоо боолгоод оёдол тавиулсан ...” гэх мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 49-50 дугаар тал/,
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа / 1 хавтаст хэргийн 159, 164 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2 хавтаст хэргийн 226, 227 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр .................. тоотод бусдын хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас өөрийн гарт байсан заазуураар Г.Цгийн толгойн тус газарт цохиж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Г.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр ...................... иргэн Б.Этэй маргалдаж улмаар гараараа цохих, түлхэх зэргээр биед нь тархи доргилт, 2 талын чамархайн хуйх, баруун сарвуу, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн гарын долоовор хуруу, баруун гуянд цус хуралт, зүүн сарвуу, шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн насанд хүрээгүй хохирогч Б.Эий мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 31-33 дугаар тал/, Насанд хүрээгүй хохирогч Г.Цгийн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 41-42 дугаар тал/, Насанд хүрээгүй гэрч Б.Э мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 52-53 дугаар тал/, Насанд хүрээгүй гэрч Б.М мэдүүлэг /1 хавтаст хэргийн 55-56 дугаар тал/, Насанд хүрээгүй гэрч Э.Э мэдүүлэг /1 хавтаст хэргийн 71-73 дугаар тал/, Гэрч М.Ч мэдүүлэг /1 хавтаст хэргийн 75 дугаар тал/, Гэрч Э.Эын мэдүүлэг / 2 хавтаст хэргийн 158 дугаар тал/, Иргэний нэхэмжлэгч Б.Б мэдүүлэг /1 хавтаст хэргийн 45-46 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, С.Ч 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11604 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 93-94 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Ч 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11608 дугаартай шинжээчийн дүгнэлт / 1 хавтаст хэргийн 97-98 дугаар тал/, Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Ч 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Хэргийн материалаар хийсэн №245 тоот дүгнэлт /1 хавтаст хэргийн 119-122 дугаар тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 451 дүгээр дүгнэлт / 2 хавтаст хэргийн 92-94 дүгээр тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1 хавтаст хэргийн 19 дүгээр тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 20-22 дугаар тал/, Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл / 1 хавтаст хэргийн 23 дугаар тал/, Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /1 хавтаст хэргийн 24 дүгээр тал/, Мөрдөгчийн тэмдэглэл / 2 хавтаст хэргийн 166-167 дугаар тал/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтаст хэргийн 222-225 дугаар тал/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2 хавтаст хэргийн 15-19 дүгээр тал, 20-23 дугаар тал/, Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /2 хавтаст хэргийн 25 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй тул шүүх хэргийн талаар няцаалт хийх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг,
Шүүгдэгч Г.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э нь Г.Цгийн биед дух ясны шугаман хугарал, дух зүүн хацар, хамарт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, амь биед аюултай хүнд хохирол учруулсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, С.Ч 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11604 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож, энэ тал дээр талууд маргаагүй болно.
Энэ хэргийн тохиолдолд болгоомжгүй үйлдлээс буюу анхаарал болгоомжгүйгээс хүний эрүүл мэндэд хохирол учруулсан шинж байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Э нь бусадтай маргалдах, зодолдох явцдаа шүүгдэгч Г.Цгийн толгойн тус газарт заазуураар цохисон үйлдэл нь санаатай гэмт хэргийн шинжийг хангаж байх боловч санаатай гэмт хэргийн нэмэгдэл шинж болох сэтгэл санааны гэнэтийн цочролд орсны улмаас уг үйлдлийг хийсэн үү гэдгийг нарийн дүгнэн үзэх шаардлага тавигдаж байна. Тодруулбал, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдол санаатай гэмт хэргээс дараах байдлаар ялгаж үздэг.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах буюу “аффект” гэдэг нь сэтгэцийн огцом өөрчлөлт, сэтгэлийн гэнэтийн хөдлөл, хүний сэтгэл хөдлөлийн онцгой илэрхийлэл, маш хүчтэй богино хугацааны сэтгэл хөдлөл, айдас, уур, богино хугацааны солиорол, улангасах, бухимдаж, бачимдах зэргээс болж хурдан илэрдэг сэтгэцийн богино хугацааны явц, ухамсрын ноцтой өөрчлөлт, үйл ажиллагаагаа хянах чадвараа алдах үйл явц гэж тодорхойлдог.
Эрүүгийн эрх зүйд “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” шинжийг анагаах ухааны бус харин хууль зүйн шинжлэх ухааны үнэлэмжээр тодорхойлогдох ойлголт гэж үздэг. Учир нь хэрэг учрал болсон нөхцөл байдал, хүний сэтгэхүйд сөргөөр нөлөөлөхүйц нөлөөллийн шинж чанар зэргийг тооцоолохоос гадна, дээрх нөхцөл байдалд хүн бүр нэг ижил хандлагаар хандах боломжгүй тул ердийн ухамсар, сэтгэхүйтэй хүн ийм нөхцөлд орсон бол ямар хариу үйлдэл үзүүлэх боломжтойг харгалзан тухайлсан үйл баримтад хийгддэг эрх зүйн үнэлэмж, ухагдахуун, зүй тогтол юм.
Мөн санаа сэтгэл хүчтэй цочирсон үед тухайн хүн өөрийн үйлдлийн аюулын бодит шинжийг ухамсарлах болон түүнийг удирдах чадвар нь ихэд буурсан ч сэтгэхүйн байдал бүрэн алдагдаагүй байдгаараа “хэрэг хариуцах чадваргүй байдал”-аас ялгагддаг тул ийм үед хийсэн үйлдэл нь сэтгэл зүйн хэвийн үед үйлдсэн гэмт санаа зорилгоос нийгмийн аюулаараа ямагт бага байдгийг харгалзан хууль тогтоогч Эрүүгийн хуулийг батлахдаа хүлээн зөвшөөрч тодорхойлсон байна.
Иймд “өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн” улмаас хүний сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар ихэд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь нягт нямбай тунгаан цэгнэх боломжгүй болсон үедээ хийсэн үйлдлийг ойлгохоор байна.
Тус хэргийн тохиолдолд 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ................... бусдын хүч хэрэглэсэн үйлдлийн /хоолой боох/ улмаас ухаан балартах, өвдөглөх зэрэгт нүд харанхуйлах үедээ заазуур авч шидсэн, зодолдсон, маргалдсан үйл баримт тогтоогдсон ба өөрт нь хүч хэрэглэсэн хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан, энэ нь хувь хүний сэтгэл зүйн байдал, онцлогоос хамаарч харилцан адилгүй байдлаар илэрч /насанд хүрээгүй/ болно гэж дүгнэлээ.
Тиймээс шүүгдэгч Б.Эийг хохирогчийн зүй бус хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас шалтгаалан сэтгэл зүйн гэнэтийн цочролд орж, сэтгэл санааны хэвийн байдал алдагдаж өөрийн үйлдлээ хянах чадвар багассан үедээ үйлдсэн гэж үзэв.
Мөн шүүгдэгч Г.Ц нь Б.Эий биед тархи доргилт, 2 талын чамархайн хуйх, баруун сарвуу, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн гарын долоовор хуруу, баруун гуянд цус хуралт, зүүн сарвуу, шуунд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Ч 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11608 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Ч 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Хэргийн материалаар хийсэн №245 тоот дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э нарт холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт хэлэлцэн шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ....................... бусдын хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас өөрийн гарт байсан заазуураар Г.Цгийн толгойн тус газарт цохиж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Г.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр ...................... иргэн Б.Этэй маргалдаж улмаар гараараа цохих, түлхэх зэргээр биед нь тархи доргилт, 2 талын чамархайн хуйх, баруун сарвуу, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн гарын долоовор хуруу, баруун гуянд цус хуралт, зүүн сарвуу, шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь бие биедээ учруулсан гэмтлийн улмаас учруулсан зардал мөнгийг төлсөн тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөр байхгүй. Шүүгдэгч Цгийн биед хүнд хохирол учирсан тул цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 3 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж уг ялыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, шүүгдэгч Г.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг тус тус гаргаж байна. Тухайн ялын саналыг гаргахдаа дараах байдлыг харгалзан үзсэн үүнд шүүгдэгч нарын хувьд өсвөр насан дээрээ энэ гэмт хэрэгт холбогдсон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд ялын саналаа гаргасан ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч Г.Цгийн өмгөөлөгч Ж.Ганболдоос: “Өнөөдрийн шүүх хуралдаанд Г.Цгийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж оролцлоо. Миний үйлчлүүлэгчийн хувьд нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр нь тодорхой орлоготой. Г.Цгийн хувьд хүүхдүүдээ харах, асран тэтгэх гэсэн үүргүүд байгаа. Энэ гэмт хэрэгт холбогдохоос өмнө гадагшаа сургуульд явах гэж байсан нөхцөл байдал байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд прокурорын саналаар ял оногдуулж өгнө үү. Шүүхээс эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй гэж үзвэл торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Эий өмгөөлөгч Э.Мөнхзолбоогоос: “Б.Эий өмгөөлөгч Э.Мөнхзолбоо би өнөөдрийн шүүх хуралдаанд дараах дүгнэлтийг гаргаж байна. Хэрэг болсон цаг хугацаа буюу 2021 оны 9 сарын 21-ний өдөр насны онцлог, зан байдлын онцлог, сэтгэл зүйн онцлог шалтгаалсан нөхцөл байдал байсан. Б.Эий хувьд өсвөр насан дээрээ буюу ээжийнхээ үгэнд оролгүй танихгүй хүмүүстэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж үүнээс шалтгаалж өөрийн хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг ойлгохгүй байхдаа энэ гэмт хэрэгт холбогдсон. Б.Эий хувьд энэ хэрэгт шалгагдаж эхэлснээс хойш би Цг гэмтээсэн гэдгээ удаа дараа хэлж мэдүүлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй оролцож байсан. Шүүхийн зүгээс прокурорын зүгээс энэ хэргийг маш хянамгай үзэж шүүгдэгч нарын насны онцлогийг харгалзан үзээд олон талаас нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж өнөөдрийн шүүх хуралдааныг хийж байгаад өмгөөлөгчийн зүгээс маш их талархаж байгаа. Миний үйлчлүүлэгч нь хувийн байдлын тухайд маш зөөлөн зөв хүмүүжилтэй хүүхэд ийм хүүхдийг шоронгоор амьдралыг нь эхлүүлчихгүй гэж 4 жилийг маш айдастай өнгөрөөлөө. Прокурорын зүгээс эрх байдлыг нь дээрдүүлсэн зүйлчлэл оруулж ирсэнд маш их талархаж байгаа. Эий тухайд 2 жилийн хугацаанд сургуульд суулгүй энэ хэргийг эцэслэн шийдүүлэх хүсэлтэй байсан. Одоо бол боловсролдоо анхаарч сургуульд сурна. Яллах дүгнэлтийн хавсралтанд авагдсан Эий үзүүлсэн эрүүл мэндийн даатгалын зардлыг Цгоор төлүүлэхгүй өөрөө эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулна. Ялын асуудал дээр улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна. Ялаас чөлөөлж өгнө үү. Магадгүй шүүхээс ялаас чөлөөлөхгүй гэж үзвэл торгуулийн ялыг оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Эий өмгөөлөгч Н.Оролжмаагаас: “Миний үйлчлүүлэгчийн хувьд өсвөр насандаа буюу 16 насандаа энэ гэмт хэрэгт холбогдсон одоо ямар гэмт хэрэг үйлдсэн гэдгээ ухаарч ойлгож хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж байгаа учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай Б.Эий өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, хэргийн нөхцөл байдал, хүнд хохирол учирсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шударга ёсны зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын хүрээнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Шүүх шүүгдэгч Б.Э, Г.Ц нарт тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал / өсвөр насандаа анх удаа гэмт хэрэг тус тус үйлдсэн, гэм буруугаа зөвшөөрсөн, бага насны хүүхдүүдтэй/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “... Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:
1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх ...” гэх үндэслэлээс эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгч Г.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсан болно.
Бусад асуудлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нар нь өөрт учирсан гэм хорын хохирлын баримтыг тус тус гаргаж мөрдөн шалгах ажиллагааны үед хавтаст хэрэгт хавсаргуулаагүй байх тул шүүгдэгч нарыг хохирогч /шүүгдэгч/ нарт төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:, 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр заасан байх тул шүүгдэгч Г.Цгоос хохирогч Б.Эий яаралтай тусламж үйлчилгээ авсан зардал болох 218.800 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулахаар шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч Б.Э нь хохирогч Г.Цгийн Эрүүл мэндийн даатгалаас авсан тусламж үйлчилгээний зардал болох 450.000 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн сангийн 100900020080 тоот дансанд тушаасан болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Э нь иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн иштэй гал тогооны заазуур 1 ширхэгийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х ө овогт Г.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Ш овогт Б Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Г.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Цгоос 218.800 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн иштэй гал тогооны заазуур 1 ширхэгийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Э, Г.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ