| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2023/00406/И |
| Дугаар | 135/ШШ2023/00520 |
| Огноо | 2023-04-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 135/ШШ2023/00520
| 2023 оны 04 сарын 19 өдөр | Дугаар 135/ШШ2023/00520 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2023/00406/и
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын **дугаар баг, *** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******гийн т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 268,335 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.******* /цахимаар/
Хариуцагч Х.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* гэрээний үнийн үлдэгдэл 201,000 төгрөг, хүү 42,210 төгрөг, алданги 25,125 төгрөг, нийт 268,335 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны 12 сарын 19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр 2,701,000 төгрөгийн барааг 45 хоногийн хугацаатай, зээлээр худалдсан. Х. нь 2023 оны 02 сарын 02-ны өдрийн дотор тооцоогоо дуусгахаар харилцан тохиролцон гэрээ байгуулсан. Мөн сарын 10 хувийн хүү, хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон. Х. нь 2023 оны 02 сарын 03-ны өдөр 2,500,000 төгрөг өгсөн. Иймд үндсэн төлбөрт 201,000 төгрөг, хүү 42,210 төгрөг, алданги 25,125 төгрөг нийт 268,335 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Х. нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны 12 сарын 19-ний өдөр ******* гэх хүнээс бөөний бараа гэж 2,701,000 төгрөгийн бараа авсан. Нийт 88 ширхэг бараа авсан. Тухайн үед барааг бөөний үнэ гэсэн боловч зах зээл дээр зарагдаж байсан үнэ байсан. Цаг тухайд нь гаргаж өгөх гэж худалдан авсан үнээсээ ашиг хараагүй, алдагдалд орж, хямд үнээр зарсан. Одоо үлдэгдэл 201,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн үлдсэн байгаа тул үнийн дүндээ бараагаа өгөх хүсэлтэй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс зээлээр худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралтийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******ын 268,335 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 225,120 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсэг болох 43,215 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагчтай байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөөгүй үлдсэн төлбөр болох 201,000 төгрөг, гэрээнд заасны дагуу хүү, алдангийг хариуцагч тал төлөх үүрэгтэй тул нэхэмжлэл үндэслэлтэй гэж тодорхойлсон.
3. Хариуцагч тал гэрээний дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэл 201,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү үнийн дүнд тооцож үлдэгдэл бараагаа буцаан өгнө, хүү, алдангийг төлөх боломжгүй гэж тайлбар гаргаж байна.
4. Хэрэгт 2022 оны 12 сарын 19-ний өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ авагдсан бөгөөд тус гэрээгээр Б.******* нь Х.д 2,701,000 төгрөгийн бэлэн хувцас худалдахаар, үнийг 2023 оны 02 сарын 02-ны өдөр хүүгийн хамт төлөх, хүүг сарын 10 хувийн хүүтэй байхаар тус тус тохирч, талууд гэрээнд гарын үсэг зуржээ.
Мөн гэрээний хавсралтаар бараа хүлээлцсэн акт үйлдэж, 2022 оны 12 сарын 19-ний өдөр нийт 88 ширхэг, нийт 2,701,000 төгрөгийн үнэ бүхий шинэ, 12 төрлийн нэр бүхий бэлэн хувцсыг Б.*******аас Х.д хүлээлгэн өгсөн байна.
Энэхүү гэрээний дагуу хариуцагч Х. нь нэхэмжлэгч Б.*******т барааны үнэд нийт 2,500,000 төгрөгийг төлсөн, одоо үндсэн төлбөрийн үлдэгдэлд 201,000 төгрөг төлөөгүй байгаа зэрэг нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй болно.
5. Дээрх гэрээг талууд зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний нөхцөл, талуудын тохиролцоо зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заавал тусгасан байх нөхцлийг хуульчилсан бөгөөд үүнд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журмыг заавал тусгасан байхаар хуульчилжээ.
Мөн хуулийн 263.4-т зааснаар энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол худалдан авагч хүү төлөхгүй, эд хөрөнгийн үнийг төлөхөөр заасан байна.
Гэрээнд талууд барааг гэрээ байгуулах үед хүлээлгэн өгч, үнийг тодорхой хугацааны дараа бүхэлд нь төлөх үүрэг хүлээхээр гэрээгээр тохирсон байх бөгөөд дээрх хуульд зааснаар барааны үнийг хэсэгчлэн хуваан төлөх талаар гэрээнд заагаагүй байна.
Иймд талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байна гэж үзсэн болно.
6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээнд заасан барааг хариуцагч Х.Батсуурийн өмчлөлд шилжүүлэх үүрэг биелүүлсэн, хариуцагч Х. нь үнэ төлөх үүргээс 2,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 201,000 төгрөгийг төлөөгүй буюу үнэ төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч гэрээний дагуу үлдэгдэл үнийг шаардах эрхтэй байна. Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн тул хүү шаардах эрхгүй болно.
7. Хэрэгт авагдсан гэрээний 3.5-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохирчээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д: Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байна.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар гэрээнд заасны дагуу алдангийг 2023 оны 02 сарын 03-ны өдрөөс 2023 оны 02 сарын 27-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцсон гэж 25,125 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Хэтрүүлсэн 1 хоногийн алдангийг тооцож үзэхэд 1,005 төгрөг байх бөгөөд хугацаа хэтэрсэн 24 хоногт тооцоход 24,120 төгрөг байх тул 24,120 төгрөгийг алдангид тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Хариуцагч алдангийг төлөх боломжгүй гэж татгалзаж байгаа боловч талуудын бичгээр байгуулсан гэрээнд алданги тооцохоор заасан байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.
Мөн хариуцагч үлдэгдэл үнийн дүнд зарагдаагүй үлдсэн бараагаа тооцон буцаан өгнө гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар тухайн барааг хариуцагчийн өмчлөлд 2022 оны 12 сарын 19-ний өдөр шилжүүлсэн, мөн нэхэмжлэгч энэхүү тайлбарыг хүлээн зөвшөөрөөгүй, гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг шаардаж байх тул энэхүү тайлбар үндэслэлгүй юм.
8. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас нийт 225,120 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 43,215 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,701 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х. улсын тэмдэгтийн хураамжид 7,404 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгож шийдвэрлэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Х. 225,120 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 43,215 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,701 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х. улсын тэмдэгтийн хураамжид 7,404 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ