| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2023/00424/И |
| Дугаар | 135/ШШ2023/00521 |
| Огноо | 2023-04-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 135/ШШ2023/00521
| 2023 оны 04 сарын 19 өдөр | Дугаар 135/ШШ2023/00521 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ** дүгээр баг, ** дугаар хороолол, ** байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 1,660,908 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б. /цахимаар/
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
/Хариуцагч Г.д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд түүний өмгөөлөгчийг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн болно/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б. гэрээний үнийн үлдэгдэл 1,031,000 төгрөг, хүү 480,413 төгрөг, алданги 149,495 төгрөг, нийт 1,660,908 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны 12 сарын 19-ний өдөр Г.тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 3,461,000 төгрөгийн барааг зээлээр худалдсан. Гэрээндээ сарын 10 хувийн хүүтогтоож, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний нийт хугацааг 45 хоногоор тохирч 2023 оны 01 сарын 08-ны өдөр 1,730,500 төгрөг, 02 дугаар сарын 02-нд 1,730,500 төгрөг төлөхөөр гэрээгээ байгуулсан. Хариуцагч 2 дахь удаагийн төлбөрийн хуваарьт өдрөөс эхлэн гэрээний үүргийн сайн дураар биелүүлэхгүй шаардахад хэл амаар доромжилж байсны эцэст утсаа блоклоод алга болсон. Өнөөдрийн байдлаар Г. нь нийт 2,430,000 төгрөгийг надад өгсөн. Үлдэгдэл мөнгийг өгөхгүй гэж гэрээний үүргээсээ татгалзаж байгаа тул шүүхэд хандсан. Иймд үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,031,000 төгрөг, гэрээ байгуулсан өдрөөс хойшхи 74 хоногийн хүү 480,413 төгрөг, алдангий 149,495 төгрөг, нийт 1,660,908 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.тай зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж, 3,461,000 төгрөгийн бараа зээлээр авсан. Б. бараагаа бөөний үнээр худалдаж байгаа гэж надад хэлж өгсөн боловч уг бараагаа жижиглэн худалдаалдаг үнээр үнэтэй өгсөн байсан. Барааны борлуулалт маш муу байсан. Гэвч би гэрээний үүргийн дагуу 2,430,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 1,031,000 төгрөгийг төлж чадаагүй бөгөөд хугацаагаа сунгаж өгөөч гэж аас хүсэхэд уурлаж хэл амаар доромжилж сошиал дээр миний зургийг тавьж миний нэр хүндэд халдсан. Үүнд нь би гомдол гаргаж цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Б. нь бараагаа үнэтэй өгөөд зогсохгүй сарын 10 хувийн хүү авна гэж гэрээндээ заасан. Барааг нь үнэтэй авчихаад дээрээс нь 10 хувийн хүү төлнө гэдэг надад маш их хохиролтой байна. Иймээс 1,031,000 төгрөгийг нь төлнө. Хүү, алдангийг төлөх болможгүй учир төлөхгүй гэжээ.
3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр талуудын хооронд иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасны дагуу гэрээний үүргийн харилцаа үүссэн байна. Хуулийн 263 дугаар зүйлд зааснаар гэрээний гол нөхцлийг талууд тохирсон байна. Хүүг гэрээнд заасан хугацаанд л авах ёстой. Гэрээний хугацаа 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дууссанаар гэрээний хүү мөн зогсох ёстой байтал нэхэмжлэлийн шаардлага дээр гэрээний хүүг хугацаа хэтрүүлсэн 99,663 төгрөгийг нэхэмжилсэн нь хуульд нийцэхгүй байна. Алданги дээр бол хуульд нийцүүлсэн байна гэж үзээд ярих зүйл алга. 10 хувийн хүү гэдэг бол өндөр байна. Шүүх 2 талын эрх ашгийг харгалзан үзэж хүүгийн хэмжээг хасах эрх нь шүүхэд байгаа учраас хүүгийн хэмжээнээс хасаж өгөөч гэж хүсэж байна гэв.
4. Нэхэмжлэгчээс зээлээр худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралтийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* 1,660,908 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 1,561,245 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсэг болох 99,663 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагчтай байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөөгүй үлдсэн төлбөр болох 1,031,000 төгрөг, гэрээнд заасны дагуу хүү, алдангийг хариуцагч тал төлөх үүрэгтэй тул нэхэмжлэл үндэслэлтэй гэж тодорхойлсон.
3. Хариуцагч тал гэрээний дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,031,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд бараагаа бөөний үнээр биш жижиглэнгийн үнээр үнэтэй худалдсан тул хүү, алдангийг төлөх боломжгүй гэж тайлбар гаргасан байна.
4. Хэрэгт 2022 оны 12 сарын 19-ний өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ авагдсан бөгөөд тус гэрээгээр Б. нь Г.д 3,461,000 төгрөгийн бэлэн хувцас зээлээр худалдахаар, үнийг 2023 оны 01 сарын 08-ны өдөр 1,730,500 төгрөг, 2023 оны 02 сарын 02-ны өдөр 1,730,500 төгрөгийг тус тус хүүгийн хамт төлөх, хүүг сарын 10 хувийн хүүтэй байхаар тус тус тохирч, талууд гэрээнд гарын үсэг зуржээ.
Мөн гэрээний хавсралтаар бараа хүлээлцсэн акт үйлдэж, 2022 оны 12 сарын 19-ний өдөр нийт 137 ширхэг, 3,461,000 төгрөгийн үнэ бүхий шинэ, 14 төрлийн нэр бүхий бэлэн хувцсыг Б.аас Г.д хүлээлгэн өгсөн байна.
Энэхүү гэрээний дагуу хариуцагч Г. нь нэхэмжлэгч Б.т барааны үнэд нийт 2,430,000 төгрөгийг төлсөн, одоо үндсэн төлбөрийн үлдэгдэлд 1,031,000 төгрөг төлөөгүй байгаа зэрэг нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй болно.
5. Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т тус гэрээнд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журмыг заавал тусгасан байхаар хуульчилжээ.
6. Талуудын байгуулсан гэрээнд дээрх хуульд заасан нөхцлүүдийг тусгасан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.
Хариуцагч барааны үлдэгдэл үнэ болох 1,031,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Харин хариуцагч хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа бөгөөд үүнийхээ үндэслэлийг барааг нь өндөр үнээр авсан тул нэмж хүү, алданги төлөх боломжгүй гэжээ.
Гэрээний 3.4-т хүүг сарын 10 хувь байхаар тохирсон байх бөгөөд гэрээний хавсралтад 1 сарын 08-нд 1,730,500 төгрөгийг хүүгийн хамт төлнө, 02 сарын 02-нд 1,730,500 төгрөгийг хүүгийн хамт төлнө гэж талууд гарын үсэг зурсан байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2023 оны 01 сарын 09-ний өдөр 1,730,000 төгрөг, 2023 оны 02 сарын 02-ны өдөр 700,000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд 2022 оны 12 сарын 19-ний өдрөөс 2023 оны 01 сарын 09-ний өдөр хүртэл нийт үнийн дүн болох 3,461,000 төгрөгийн 10 хувийн хүүг 21 хоногоор тооцож, 242,270 төгрөг, 2023 оны 01 сарын 09-ний өдрөөс 2023 оны 02 сарын 02-ны өдөр хүртэл үлдэгдэл 1,731,000 төгрөгийн 10 хувийн хүүг 24 хоногоор тооцож 138,480 төгрөг, 2023 оны 02 сарын 02-ны өдрөөс 2023 оны 03 сарын 03-ны өдрийг хүртэл үлдэгдэл 1,031,000 төгрөгийн 10 хувийн хүүг 29 хоногоор тооцож 99,663 төгрөгөөр тус тус тооцож, нийт хүүнд 480,413 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Талуудын байгуулсан гэрээний үүрэг гүйцэтгэх сүүлийн хугацаа 2023 оны 02 сарын 02-ны өдөр байх бөгөөд гэрээний хугацаа энэ өдөр дуусгавар болсон байна гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл гэрээний үндсэн үүрэг болох хүүг гэрээний хугацааны дотор тооцож шаардах эрхтэй бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд 2023 оны 02 сарын 02-ны өдрөөс хойш тооцсон хүү болох 99,663 төгрөгийг шаардах үндэслэлгүй байх тул хүүнд 380,750 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзсэн болно.
7. Хэрэгт авагдсан гэрээний 3.5-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохирчээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д: Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байна.
Нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу алдангийг 2023 оны 02 сарын 02-ны өдрөөс 2023 оны 03 сарын 03-ны өдрийг хүртэл гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдлээс 29 хоногоор тооцож, 149,495 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь дээрх хуульд заасантай нийцэж байна.
Хариуцагч алдангийг төлөх боломжгүй гэж татгалзаж байгаа боловч талуудын бичгээр байгуулсан гэрээнд алданги тооцохоор заасан бөгөөд хуульд заасан хэмжээгээр тооцож шаардаж байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.
8. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас 1,561,245 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 99,663 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,525 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 15,518 төгрөгийг Төрийн сангаас нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Г.аас улсын тэмдэгтийн хураамжид 39,930 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.т олгож шийдвэрлэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлийн 262.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Г.аас 1,561,245 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 99,663 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,043 төгрөгөөс 41,525 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 15,518 төгрөгийг нэхэмжлэгчид Төрийн сангаас буцаан олгож, хариуцагч Г.аас улсын тэмдэгтийн хураамжид 39,930 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ